МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Д.Үүрийнтуяа: Төрийн өмчит компанийн уди...

Д.Үүрийнтуяа: Төрийн өмчит компанийн удирдлагад улстөрчид очдог биш сонгон шалгаруулдаг болно

УИХ төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, бүтээмжийг сайжруулахаар хуулийн шинэчлэлийг хэлэлцэж эхэллээ.  Үүнтэй холбогдуулан Нийтийн өмчийн, төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.

Үнэн
Админ

УИХ төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, бүтээмжийг сайжруулахаар хуулийн шинэчлэлийг хэлэлцэж эхэллээ.  Үүнтэй холбогдуулан Нийтийн өмчийн, төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа. 

-Төрийн болон нийтийн, орон нутгийн өмчийн тухай хуулийн Ажлын хэсгийг нэгтгэснээс хойших анхны хэлэлцүүлэг боллоо. Хуулийг өөрчлөх гол үндэслэл, шаардлага нь юу байв. Хуульдаа өөрчлөлт оруулснаар нийтийн төдийгүй төрийн болон орон нутгийн өмчит компаниудад хэрхэн, ямар өөрчлөлт, үр дүн гарах вэ?

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай Нийтийн өмчийн хууль нэртэйгээр шинэчилсэн найруулга явж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглал, ил тод байдлыг хангах тухай хууль нь анхдагч. Төрийн болон орон нутгийн өмч ашиглаж байгааг зааглах үүднээс Компанийн тухай хуулиас ялгаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл,  өнгөрсөн оны хаврын чуулганаар Засгийн газраас өргөн барьсан хоёр том хуулийн Ажлын хэсгийг нэгтгэсэн. Ажлын хэсгүүд тус бүрдээ ажиллаад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байх явцад энэ хоёр хуулийн хоорондын уялдаа холбоог хангах, гол өөрчлөлтүүдийг уялдуулж оруулах асуудал яригдсан учраас энэ оны нэгдүгээр сард УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ингээд хаврын чуулганаас бид үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Өнгөрсөн хугацаанд сэдэвчилсэн хэлэлцүүлгийг төрийн болон орон нутгийн өмчит компанийн чиглэлээр нийтийн өмчийн хуулийн чиглэлээр гээд тус бүрд нь гурван удаа сэдэвчилсэн хэлэлцүүлэг хийсэн. Энэ удаагийн хэлэлцүүлгийн гол онцлог нь энэ хоёр хуулийн Ажлын хэсгийг нэгтгэснээс хойших анхны хэлэлцүүлэг боллоо.  Оролцогчид нь  21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг дэх төрийн болон орон нутгийн өмчийн асуудал хариуцсан байгууллагуудын удирдлагууд төдийгүй иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд, судлаачид оролцож, нээлттэй санал солилцлоо. Бидний үйл ажиллагаанд ялангуяа төрийн, нийтийн өмчийн ил тод байдлыг хангах, засаглалыг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгдөг олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхэд орон нутагт ямар асуудал тулгамдаж байна вэ, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцдаг төрийн захиргааны байгууллагуудад ямар асуудал тулгамдаж байна вэ гэдэг тухайд талуудын байр суурийг сонсох зорилготойгоор хэлэлцүүлэг өрнүүллээ.

Бид хуулийн төслийн хэлэлцүүлгийг  хийхдээ энэ хуулийн харилцаанд оролцогч бүх талын байр суурийг сонсож байна гэсэн үг. Ажлын хэсгийг 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Миний бие Ажлын хэсгийн ахлагчаар, дэд даргаар П.Сайнзориг, О.Номинчимэг нар ажиллаж байна. Ажлын хэсэг дотооддоо зохион байгуулалт хийснээр хуулийн чиглэлээр мэргэшсэн хоёр гишүүнээр хоёр хуулийн төслөө ахлуулаад техникийн ажлын хэсгийг ажиллуулж байна.  Техникийн ажлын хэсгийнхэн ирэх долоо хоногт вакумжиж ажиллаад эцэслэсэн бичвэрүүдээ гаргаад төв Ажлын хэсэгт оруулах юм. Ингэснээр бид цаашид анхны хэлэлцүүлэгт  ямар өөрчлөлтүүдийг эцэслэж оруулах вэ гэдгийг бэлэн болгоно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль бол 1996 оных. Тэр цагаас хойш энэ хуульд бодлогын шинжтэй дорвитой өөрчлөлт хийхгүй явсаар өдийг хүрсэн юм билээ. Олон удаа өөрчлөлт орсон нь дандаа бусад хуулиудын дагалдах байдлаар, эсвэл зөвхөн тухайн цаг үеийн нөхцөл байдлыг зохицуулах зайлшгүй шаардлагын үүднээс нэмэлт өөрчлөлт оруулж явсан байдаг. Ингээд олон дахин нэмэлт өөрчлөлт оруулчихаар тухайн хуулийн өөрийнх нь үндсэн гол концепц  алдагдах үндэслэл болчихдог. Тийм учраас 30 жилийн дараа энэ хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн бүрэлдэхүүнээр нь,  анхны үзэл санааг нь өөрчлөх гэж байна гэсэн үг.

-Орон нутгийнхны зүгээс ямар асуудлыг түлхүү хөндөв. Тэдэнд тулгамдаж буй асуудлыг хуулийн шинэчлэлээр нэг мөр шийдэх боломжтой юу?

-Орон нутгийн өмчийн харилцааны газрын өөрийнх нь эрх зүйн байдлын тухай асуудал байлаа. Өмчийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ, ТӨБЗГ юу хариуцах вэ, орон нутаг өөрөө юуг нь харицвал зөв бэ. Өмч дээр давхардаж буй олон давхар хяналт шалгалтыг хэрхэх вэ. Түүнчлэн өмчтэй холбоотой тусгай харилцааны тухай асуудлыг ч хөндөж байна. Ялангуяа улсын нууцад байдаг тусгай обьектуудын өмчлөлөөс гадна төрийн өмчийн бүртгэл, хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээтэй болгох ажил удааширсантай холбоотойгоор асуудал үүсэж байна. Мөн орон нутагт байгаа салбарын яамдын өмчлөл, хөрөнгүүдийг бүртгэж, шилжүүлэхэд яамдын хамтын ажиллагаа дутагдсанаас болж үйл ажиллагаа доголддог зэргээр олон чухал асуудлыг гаргаж тавьж байна. Энэ хүрээнд холбогдох газруудаас гаргаж буй дээрх саналуудыг нэгтгээд Ажлын хэсэг дээр хүлээж аваад хуульд тусгахаар боллоо.

-Энэ хуулийн хүрээнд төрийн өмчит компаниудыг цөөлөх зэрэг асуудал хөндөгдөх үү?

-Энэ хоёр хуулийн хувьд хоорондоо уялдаа холбоотой ч гэлээ хоёр тусдаа хууль эрх зүйн зохицуулалт байгаа юм.  Цаашид энэ хуулиудын нэршлийг эргэж харах нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа төрийн өмчит компанийн асуудлыг зохицуулж буй хууль дээр  ил тод байдал, бүтээмжийг дээшлүүлэх нь өөрөө засаглалын асуудал байдаг. Тийм учраас төрийн өмчит компанийн засаглалын асуудлаар нь нэрлэж оруулъя гэдэг саналтай байгаа юм. Тэртэй тэргүй компанийн хуулиар зохицуулах харилцаанаас гадна төрийн өмчийн хувьд эрх зүйн харилцаа нь өөрөөр яригдах учраас түүнд нь чиглэсэн өөрчлөлтийг оруулж явбал зүйтэй гэдэг талаас нь яригдаж байна. Ингэснээр бид орон нутгийн өмчийн газрууд болон төрийн өмчит газруудын аль нь Үндсэн хуулийнхаа хүрээнд нийтийн өмчөөс юуг хэрэглэж, ашиглаж үйл ажиллагагаа явуулж байна вэ гэдгээрээ орон нутагт компани байх юм уу төрийн өмчит үү эсвэл арилжааны ашгийн төлөө компани байх юмуу, нийгмийн үйл ажиллагаанд чиглэсэн компани байх уу гэдгээс хамаараад эрх зүйн зохицуулалт нь ялгаатай байгаа юм. Цаашдаа дуртай үедээ янз бүрийн компани байгуулдаг асуудлыг хязгаарлана. Аль болох бизнесийн салбар буюу ашиг олох чиглэлээр хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулж буй салбарт төрийн болон орон нутгийн өмч ашиглаж өрсөлддөг асуудлыг хязгаарлана.

-Төрийн өмчит компаниудын хувьд ашигт ажиллагаа алга гэдэг асуудал үргэлж хөндөгддөг. Тэгвэл төрийн өмчийн компаниуд ашиггүй, бүтээмжгүй ажиллаад байвал  яах вэ. Энэ тухайд хуульд хэрхэн тусгаж байна вэ?

-Үндсэндээ төрийн өмчит компаниудын ногдол ашиг болон ногдол ашгийн бүрдүүлэлтэд нөлөөлөхүйцээр ашигтай ажиллаж байгаа томоохон хэдхэн л компани бий шүү дээ. Ихэнх нь алдагдалтай ажиллаж байдаг ч том компаниудынхаа нөлөөгөөр яваад байдаг. Нөгөө талдаа хөрөнгийн асуудлыг бид цэгцэлж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн менежмент хийх боломжгүй хууль эрх зүйн зохицуулалттай байгаа учраас хөрөнгөө ашиглаад эдийн засгийн эргэлтэд оруулах, үр ашиг гаргах эрх нь төрийн болон орон нутгийн өмчит компаниудад хязгаарлагдмал байгаа юм. Үүнийг бид эргэж харах ёстой. Өнөөдөр орон нутгийн өмчит компани гэхэд л ХХК, ХК зэрэг орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 305-аар тоологдож байна. Энэ бол төрийн өмчит компаниас хавьгүй олон тоо. Үүн дээр нийслэлийн өмчит компаниуд ч бий. Төрийн, орон нутгийн, нийслэлийн өмчийн энэ олон компаниудыг цэгцэлж, голдрилд нь оруулах шаардлага үүссэн. Өнөөдөр төрийн өмчит компаниудыг ашиггүй, алдагдалтай ажиллаж байна гэж шахаад байдаг. Гэтэл ямар компани ашигтай ажиллах ёстой вэ, ямар нь ашиг гэхээсээ үр бүтээлтэй, бүтээмжтэй, нийгэмд хэрэгтэй ажлуудынх нь үр дүнгээр үнэлэх ёстой юм бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Ингэхгүйгээр сумын хог хаягдал хариуцаж, тэнд бараг буяны ажил хийгээд алдагдалтай ажиллаж байгаа компанийг “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулж үнэлээд алдагдалтай ажиллалаа гээд баалаад байж болохгүй биз дээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн зохицуулалтаар бид бүгдийг нь нэг цонхоор, нэг хоолойгоор шахаад байна шүү дээ. Тэгэхээр үүнийг ялгаж ангилж хуульд  оруулах гээд байгаа юм.

-Ашигтай ажиллах ёстой атлаа ашиггүй гарчихсан. Тэгсэн атлаа захирлууд нь өндөр дүнтэй урамшуулал авсан хэд хэдэн  компани байна гэж ТӨБЗГ-аас мэдээлсэн. Энэ тохиолдолд хариуцлагын механизмыг хуульд хэрхэн тусгасан бэ?

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудлыг зохицуулж буй хуульд энэ талаар нарийвчлан тусгаж байгаа. Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс “Орон нутагт энэ төрлийн компанийн  захирлаар ерөөсөө улстөрчид томилогддог боллоо” гэж ярьж байна. Тиймээс энэ хуулиар бид компанийн удирдлагуудыг сонгон шалгаруулалтаар сонгодог болно. Ингэхдээ сонгон шалгаруулалт нь ямар зарчмаар өрнөх юм бэ гэдгийг ч тодорхой гаргаж өгч байгаа юм. Ил тод, нээлттэй засаглалыг бий болгож, бүтээмжтэй ашигтай ажиллуулъя гэвэл удирдлагын буюу менежментийн баг мэргэжлийн, ур чадвартай хамт олон байх ёстой гэж үзэж байгаа юм.

Эргээд үр дүнтэй ажиллуулахын тулд тэр хүмүүсийн цалин хөлснөөс авахуулаад ахуй хангамж зэрэг ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Харин ашиггүй ажилласан тохиолдолд тухай бүр хариуцлага тооцдог, бүтээмж, үр дүн нэхдэг хариуцлагын механизм тодорхой байх ёстой. Түүнчлэн ТӨБЗГ-ын хувьд өмчийн бүртгэлийн хувьд бүртгээд байдаг. Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээ авч байж хууль ёсны хувьд хөрөнгийн баталгаа, гэрчилгээ болох тухайд учир дутагдалтай тал бий. Төрийн өмчит компаниас гадна төрийн өмчийн, төсөвт байгууллагын обьект ялгаатай шүү дээ. Хөрөнгө дээр манайх олон жилийн турш  анхнаасаа бүртгэлтэй байгаагүй, сүүлийн жилүүдэд төрийн өмчийн обьектууд хөрөнгө улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх ёстой гэж үзээд байгаа юм. Хуучны барилгууд гэхэд бүтэн үнэлэх боломжгүй болтол засвар хийчихсэн байдаг. Тиймээс үүн дээр системтэй  кампанит ажил гүйцэтгэх засаглалын хувьд ард нь үлдлээ гэж миний хувьд  хараад байгаа юм. 

М.Өнөржаргал

 Гэрэл зургийг МУСГЗ Т.Чимгээ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.