МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Домог

Домог

Өлөгчин чоно эргэж, хоёр дахь анчныг олж харлаа. Зэвхий даасан анч эр буугаа алдаж, арагш аяархан ухарч эхлэв. Өлөгчин ч алхам алхмаар дөхөж, аймшигтай архирсаар харайхад бэлдэнэ...

Үнэн
Админ

Өлөгчин чоно эргэж, хоёр дахь анчныг олж харлаа. Зэвхий даасан анч эр буугаа алдаж, арагш аяархан ухарч эхлэв. Өлөгчин ч алхам алхмаар дөхөж, аймшигтай архирсаар харайхад бэлдэнэ...

***

Нарлаг хотын цагаан гарт бүсгүй би алс бөглүү тосгонд хэрхэн очсон нь тусдаа түүх болно. Тийш яаж очсон минь бус, тэнд юу болсон нь чухал билээ...

Нутгийн анчин Матвейн гэрт би түр суусан юм. Хуучны дүнзэн байшин нь яг үлгэрт гардаг шиг, харин Матвей өвөө шидтэн шиг харагдана. Өвөө гэж дуудахад эвгүй ч юм шиг, нуруулаг, ханхар, толигор, ойн цөөрөм шиг номин нүдтэй. Нүдээ тойрсон хэдэн үрчлээ, улаа бутарсан хацартай. Нинжин сэтгэл, мэргэн ухаантай, дуу цөөтэй энэ хүн юуны учир дулаан бүсийн хотоос энэ холыг зорьж ирснийг минь асуудаггүй.

Нэгэнтээ тэрээр надад Цагаан өлөгчний домог ярьж өгөв. Амьсгал даран чагнаж суухад эл домог намайг улам соронздон татсаар, би ч уусан шингэсэн билээ.

***

Эндхийн тайгад урьд цагт нэгэн өвгөн гөрөөчин амьдардаг байжээ. Хүний хөл хүрэхгүй аглаг буйдад, газрын хөрсөнд шигдэж ургасан гэмээр жайжгар бяцхан сууцанд аж төрнө. Өвгөний хамт ач охин Ульяна, бас хөгшин нохой нь сууна. Тарчиг боловч эвтэй амьдарцгааж, гаднаас хүн ирэх нь ховор ч зочин айлчилбал баяртайяа угтаж авдаг байв гэнэ. Угтан аваад хоймортоо суулгаж, тайгын өгөөж хишгээр дайлан, үлгэр домог ярьж өгдөг байжээ. Ульяна 15 нас хүрч, сайхан охин болж өсөв.

Өндөр гоолиг нуруутай, тариан түрүү шиг хүрэн шаргал гэзгэндээ цэнхэр тууз зүүдэг охин. Ой тайгыг андахгүй сайн мэднэ, араатан жигүүртэн ч охинд дасаж, дууч шувууд нь уянгалан жиргээд, зараа бөөдий нь мөөг хүргэж ирнэ. Охин ойдоо их хайртай болохоор ой мод ч адилхан хариу барина. 15 нас хүртлээ охин бүдүүлэг муухай үг сонсолгүй, муу хүн хараагүй явжээ...

Гэтэл нэгэн өдөр гэрийн гадаа хүний чанга дуу гарч, хаалга үүдийг нь балбав. Байшингийн үүдэнд гурван эр зогсоно. Ядарч өлссөн хүмүүс ажээ.

- Өвөө, гэртээ оруулаач, төөрөөд явж байна, - гэж нэг нь гуйв.

- Сайн санаат хүмүүс минь, дотогш орцгоо. Зочин ирэхэд бид дуртай, - гэж өвгөн хариулаад, - Ульянка минь, энэ улсад угаал хийх ус өг, ширээ зас, - гэжээ.

Нөгөө эрчүүд ойн горхины цэв хүйтэн усаар нүүр гараа дуу шуу болон угаасанд охин гараар оёсон цасан цагаан алчуураа аваачиж өглөө. Өндөр нуруутай нэгэн анчин алчуурыг аваад, гүн цэнхэр нүд рүү нь ширтсэнээ:

- Гоё охин байна шүү, - гээд алчуур аван гараа арчжээ.

Охин ичиж зовоод юм хэлсэнгүй, хар гүйхээрээ гэрт ороод, ширээ засав. Өвөө нь мөөг, загасны шөл, талх, чанасан төмс гаргаж тавь гэлээ.

Гурван эр нүүрээ угааж арчин сэргээд гэрт ороход өвгөн тэднийг ширээнд урив. Тэд сандалд суухад өндөр нь:

- Охин яагаад наашаа суудаггүй билээ? – гэж асуужээ.

- Залуу охин том хүмүүстэй хамт суух хэрэггүй, - гэж өвгөн хариулаад, - Та бүхэн идэж ууцгаа. Юу байна, түүгээрээ дайлна гэдэг байх аа? Манай тайгад яаж ирэв, яагаад ингэж ядарцгаав? – гэж шалгаав.

- Анчид юм аа, өвөө. Төөрөөд замаа олдоггүй. Манай нохой санаандгүй үнэгний нүх цөмөлж орхисон, буудахаас өөр арга байсангүй ээ. Хөөрхий нохой. Өөр яах билээ? Тэгээд ан хийх мантай болж, зам асуух хүн таараасай гэж залбирч явлаа. Ашгүй танай гэрийг олж ирэв, - гэж нэг нь төмс аваад хэллээ.

- Ай зайлуул... – хэмээн өвгөн шүүрс алдаж, - Хоол идээд амарцгаа. Би зам заагаад өгье. Гэртээ мөдхөн харина, санаа зовох юмгүй, - гэв.

Анчдыг цайлах зуур Ульяна хөшигний цаана чимээ аниргүй сууна. Өвгөн тэднийг бухалдсан өвсний саравчинд амарч авна уу гэсэнд гэрээс гарцгааж, хамгийн сүүлд Өндөр нь үлдээд, хөшгийг сөхвөл охин айсандаа хөдөлж ч чадсангүй.

Удалгүй бүрий болж, анчид хоноод явъя, өглөө эрт замд гаръя гэж гуйжээ.

- Үлд дээ. Өвсний саравч зайтай, - гэж өвгөн зөвшөөрөөд гэртээ оров.

Шөнө боллоо. Мод харшиж, шар шувуу хааяа хүүглэн, шөнийн анд мордов бололтой. Ульяна бие засахаар гадагш гарахад хаалга зөөлөн чахарна. Харанхуйд байшингийн хананаас өндөр сүүдэр салж, араас нь гэтэхийг охин анзаарсангүй...

Ульяна эргэж ирэхдээ өвсний саравчийг холуур тойрон явтал гэнэт хөлийн чимээ гарч, тэр даруй нэг хүн хамж тэврээд, амыг нь дарж авчээ! Охин мурилзан тэлчилж, гарыг нь хазаж орхив. Цаад хүн цочсондоо гараа суллахад Ульяна гэрийн зүг чарлан харайлаа. Гэвч ахиад л баригдаж, саравчинд чирэгдэн оржээ.

Тэр агшинд байшингийн хаалга дэлгэгдэн, довжоон дээр өвгөн буу барьсаар харайн гарч ирээд:

- Ульяна! Чи хаана байна? – гэж бархирав.

Ямар ч хариу дуулдсангүй, гагцхүү өвстэй саравчинд сүр сархийх дуу гарч, охин уйлах, хүний алгадах чимээ сонсогджээ.

- Аа муусайн адгийн шаарнууд! – гэж өвгөн орилоод, саравч руу гүйлээ. – Хүүхэд шүү дээ! Бурхнаас эмээгээч! Охиныг минь тавь!

Өвгөн дээшээ буудахад саравчин дотор манасхийн гэрэлтээд унтрав. Дэргэд нь хуцаж ирсэн нохойдоо: “Туз! Барь!” – хэмээн тушаалаа.

Нохой ч урагш дайрч, хүн хашхирах дуу гартал, нэг эр давшин ирж өвгөний бууг булаагаад, нохойг нь буудаж орхив. Хөгшин Туз гаслаад нам болжээ.

Өнөөх эр:

- Өвгөн гуай! Эндээс зайлахгүй бол буудчихна шүү! – гэж заналтай хэлэв.

Гэтэл өвгөн халааснаас хутгаа суйлж, ач охины байх зүгт гүйн хүрээд, дээр нь дарж хэвтсэн эрийн нурууг тэмтрэн, хамаг хүчээрээ далайж, ангийн хутгаа ишинд нь тултал зоож орхижээ. Мөнөөх эр сулхан дуугараад гулдайн унав.

Охиныхоо гараас атгаж, огцом татан босгоод, биеэрээ хаасаар өвгөн амбаараас гарлаа. Тэгээд ач охиноо тайгын зүг түлхэж орхижээ. Буун дуу гарч, өвгөний: “Зугт!” – гэж хашхирахыг охин сонсов.

Ульяна ой дундуур гүйж явна. Модны мөчир хацар нүүрийг нь шавхуурдаж, харанхуй, аймшигтай боловч гүйсээр л. Ард нь хүний дуу гарч, мөрөөр нь хөөж яваа дуулдана. Анч зэрлэг совин нь сэргэсэн гэлтэй олзоо хөөн улайрцгаана. Юу ч болсон бай хамаагүй, заавал олж барих ёстой болжээ.

Хэдий хэр гүйснээ ч Ульяна мэдсэнгүй. Аажмаар орчин тойрноо ялган таньж, хаана ирснээ ойлголоо. Анчид шил даран мөшгөж явна. Охин хурдаа сааж, амьсгаа даран, юу хийхээ сандран бодож, бутан дундуур бүдчинэ. “Өвөө амь алдсан. Тузыг бас алчихсан. Одоо яах вэ? Яах вэ?”

Чингэтэл эндээс холгүй намаг бийг санажээ. Туршлагатай анчид ч тойрч гардаг, хөлгүй балчиг. Ульяна жаахан байхдаа Тузтай хамт тэр балчгийн дунд хүртэл яваад буцсан удаатай. Өвөөдөө мэдээж хэлээгүй. Үнэнч нөхөр Туз ч мэдэгдээгүй.

“Намаг руу дагуулж оръё” – гэж охин бодоод, хуурай мөчир гишгэж хугалав. Чад падхийх чимээнээр эрчүүд улам хурдлан харайлдана. Цус үзэх шунал, араатны сэрэл, нөхрийн үхэл хийдгээ хийж, тэд хүн төрхөө нэгэнт алдчихаад явлаа...

***

Матвей өвөө аягандаа ойн өвсний тослог хар цай хийв. Би энэхүү хачирхалтай ярианд нь автаад, амьсгалахаа ч мартаж орхисон санагдана. Цайгаа балгаад, цааш ярих нь:

... Удахгүй үүр тэмдэгрэх дөхжээ. Яаравчлах хэрэгтэй! Охин намгийн зүг гүйлээ. Төдөлгүй хөл доор нь шалчигнан дуугарав. Намаг байна. Охин хараа бэлчээвэл оочин цоочин усанд тэргэл саран тусаж харагдана.

Элдэн ирж яваа улсыг шамдуулахын тулд анхаарлыг нь татахаар Ульяна шийдэв. Толгойгоо гэдийлгээд сар луу ульж байгаа чоныг нэг удаа харсан юм. Охин ямар зөнд хөтлөгдсөнийг бүү мэд, саранд хандан зогсоод: “Ау-уу-уу!” – хэмээх хачин дуу цээжнээс нь эрхгүй гарчээ.

Анчид тэрхэн зуур зогтусан хартал сарны гэрэлд намгийн наахна охин зогсож байлаа.

- Тэнд байна! Араас нь! – гэж Өндөр хэлэв. Тэгээд хоёул намаг чиглэн гүйж гарлаа.

Охин хөлөөр тэмтчин болгоомжтой алхана. Алдаж гишгэвэл тэр дороо амь алдахыг андахгүй. Иймд Ульяна бүх анхаарлаа зөв зам олоход чиглүүлжээ. Удаан алхаж явтал араас нь анчид гүйцээд ирэв. Хөл доор нь намаг байхыг ойлгомогц тэд ч хурдаа хасаж, сэрэмжтэй гишгэж эхэллээ.

- Аяархан шиг, мөрийг нь дагаж явъя. Одоо бидний гараас мултрахгүй, - гэж Өндөр хэлэв. – Надаас зугтаж гарсан хүн байхгүй! Ийм ан хийлгүй их уджээ...

Хамрын самсаа нь сарталзаж, олзны үнэр авсан мөрч нохой адил шиншлэн урагшилна. Нөгөө нөхөр нь даган алхав. Намаг дундуур сүлжсэн ээдрээт замаар дэгнүүл дамжиж явахад хаа сайгүй хар нүх онгойх нь зүрх алдмаар. Гэвч анчид айсангүй. Урагш ахингаа зарим үед охины барааг алдаж, өчүүхэн төдий чимээг ч алдахгүй чагнаархан зогсоно.

Сар үүлний цаагуур далд оров. Ямар ч чимээгүй. Нам жим. Охин алга болжээ...

Өндөр нь дэгнүүл дээр суугаад, шанаа тулан гайхширна.

- Зугтчихлаа гэж үү? – хэмээн хоёр дахь анчин түүнээс асуув.

Тэгтэл гэнэт хажууханд нь зүрх царцаам муухай улих дуу гарлаа.

- Тэнд байна! Миний хойноос! – гээд Өндөр ухасхийн босов. – Надаас зугтах аргагүй. Барьж аваад, тасчаад хаячихъя л даа!

Сульдаж ядраад, хөл нь урагдаж цус гарсан ч Ульяна зүтгэсээр намгийн голд хүрлээ. Өндөрхөн довцог олж зогсоод:

- Би энд байна! Наашаа ирцгээ! Айж байна! Наашаа! – гэж хашхирахад шөнийн намаг цуурайтан хүнгэнэв.

Ийнхүү хашхирах дуунаар шувууд цочин сэрж, айсандаа учир зүггүй шаагилдан, намагт ургасан цөөн хэдэн модон дээр үймэлдэн бужигнажээ. Охин дүгрэг том сарыг харж, өөрийн эрхгүй өвдөг сөгдмөөр санагдав...

Шургачиж унаад, хамаг бие нь шархиран өвдөж, ахин хашхирсанд хүний дуу гарсангүй, архиран татвалзана. Анчид замаа ч харсан юмгүй, энэ дуугаар баримжаалан гүйсээр айсуй. Ингээд довцог өөд харайн гарч иртэл саяхан л айж орилж байсан охины оронд идэрхэн цагаан өлөгчин чоно хурц соёогоо ярзайлган архирч зогсов.

- Ямар чөтгөр нь вэ? Охин хаачив? – гэж Өндөр барьц алдлаа. – Юу болоод байна? Охин хаа одов? Намгийн тэхий дунд юун цагаан чоно гараад ирэв? Яагаад хүзүүнд нь цэнхэр тууз уяатай байдаг билээ?

Өндөр гэнэт учиргүй их айв. Энэ чоно хэн болохыг тэрээр ойлгожээ. Цагаан өлөгчин эрүүгээ газарт наан хэвтсэнээ өөдөөс нь шунган дайрлаа. Араатан хүн хоёрын тулаан удсан ч үгүй. Анч эрийн багалзуурыг тасар татаж хаяад, өлөгчин эргэн харж, хоёр дахь анчныг олж үзэв. Зэвхий цайсан гөрөөчин буугаа унагаж, аяархан ухарч эхлэхэд өлөгчин ч алхам алхмаар дөхөж, амнаасаа цус дуслуулан, цагаан соёо гаргаж аймшигтай архирсаар харайхад бэлдэнэ. Өнөө хүн ахин нэг алхам ухраад, хөл алдаж, довцгийн ирмэгээс халтиран намагт унав. Пүл палхийн сорох чимээ гарч, ганц хормын дараа усны мандалд хэдэн дугуй тойрог үлдсэн нь саяхан энд юу болоод өнгөрснийг гэрчлэн мэлтийнэ...

Намаг золиосоо залгиж аваад тайвширч, тэнгэрийн хаяанд бүдэг гэгээ татахуйд шөнийн харанхуй ээлжээ өгөхөөр хумигдан, довцгийн оройд сарны наана цагаан чоно оцойн суух нь үзэгдэнэ.

Өлөгчин гэдийж байгаад, уйлах мэт уртаас урт улин гангиналаа. Алагдсан өвөө, үнэнч нохойтойгоо салах ёс хийн мэгшиж байгаа нь тэр. Хүүхэд нас нь гэнэт дуусаж, хайртай бүхнээ ийн алджээ. Одоо түүний амьдралд сар, намаг хоёр л үлдэв. Идэр өлөгчин гашуудан гаслахад намгийн цуурай ч гингэнэн түрж байв аа.

***

Матвей өвөө дуугүй болов. Би тэсгэл алдан уйлж орхиод, удаан чимээгүй суулаа. Цонхны цаана үүр гэгээрэх шинж ороход өвгөн намайг унт гэв. Өрөөндөө орохын өмнө би:

- Одоо тэр чоно хаана байдаг бол? – гэж асуулаа.

- Ойд төөрсөн хүмүүст зам зааж өгдөг, сүнс хөөдөг болсон гэлцдэг юм. Би нэг ч удаа тааралдаж байгаагүй ээ...

Өглөө нь Матвей өвөө тайга руу орж, би өдөржин элдэв эргэлзээт бодолд ээрүүлэн өнжив.

Хэдэн хоног өнгөрлөө.

Гэв гэнэт өвөл болж, цас унаж хоножээ. Ой тайга хачин гоё болчихсон байна. Модны мөчир мөнгөн гоёлоо зүүж, өдөн дэр мэт хөвсгөр цас хунгарлан тогтжээ. Матвей өвөө хажуу тосгоны хамаатан айлуудаа эргэх гэж намайг орхиод, гэртээ томоотой суухыг үүрэгдээд явав.

Өглөө сэрээд цонхоор хартал яг үлгэр! Цай ууж, ширээгээ цэвэрлээд, ном уншихаар суусан ч сэтгэл тогтдоггүй ээ. Гүн тайга намайг ер бусын гоёмсог үзэмжээрээ даллан дуудаж, гайхалтай сонин юм үзүүлэхээ амлах шиг. Би тэсэлгүй хувцаслаад, хөвөнтэй бээлий углан, гэрээс холдолгүй жаал алхахаар шийдээд гарлаа.

Ой руу ороход нар гэрэлтэж, шувуу жиргээд, үлгэрийн Берендей хааны улсад ирсэн мэт, модны цаанаас Жавар өвгөн гарч ирэх юм шиг сонихон. Би ч цас бөөрөнхийлж, гацуур өөд чулуудан, хүүхэд шиг хөхөрч явав.

Цаг хурдан өнгөрчээ. Хүйт даагаад явчихсанд хэр хол явснаа ч мэдсэнгүй. Мөрөө дагаад буцах санаатай эргэтэл замбараа алга, хаа сайгүй баахан гүйсэн гутлын ором. Тэгтэл цас ч орж эхэллээ.

Төд удалгүй төөрч орхисноо ухаарсан ч урагшаа явсаар л байв. Бүрий нөмөрч, би ч бээрч гүйцээд, харьж хоол идээд унтахын түүс болж явлаа. Гэтэл хөл доор ус шал палхийхэд намагт тулж ирснээ ойлгов. Тосгоноос их хол шүү дээ!

Тайгын гүнд цааш хөдөлье гэхээс айдас төрөвч хөдлөхгүй бол бүр аюултай. Ингэх гээд байсан юм! Гэртээ л хэвтэж байхгүй! Тайга, өвөл, ганцаар...

Шөнө боллоо. Томхон гацуурын доор хуурай газар олов. Тухтай юм. Хунгар, мөчир нь хана, дээвэр шиг жавар хаана. Шөнө намаг туучсанаас эндээ хоносон нь дээр гэж шийдлээ.

Хөл доороо хуурай хөвд ивж, зүүрмэглэн тугдайж хэвтэв. Нойрон дунд хажууд амьтан байх шиг санагдана. Халуун, үслэг, багадаа тоглодог байсан зөөлөн бамбарууш шиг, гэхдээ амьд...

Ядарч даараад унтсан болохоор хаанаас ийм мэдрэмж төрснийг ойлгож чадсангүй. Тэр дулаахан бөндгөр юмыг тэвэрч авахад бие тавирч, нам унтаж орхив.

***

Зүүдэнд хөх туузтай хүрэн шаргал үст охин ирлээ. Дэргэд нь нэг өвөө, хөгшин нохой зэрэгцэн явна. Охин гартаа сүрлэн сагсанд мөөг хийж бариад, өвгөнтэй хөөрөлдөн алхана. Нохой нь мод бут шиншилж, шувуу руу залхуутай хуцаад, сагсгар сүүлээ хөдөлгөн, нөгөө хоёрын гарыг нойтон хоншоороор хааяа шиншилнэ.

Хацрыг минь амьтан долоох шиг болоод, тэвэрт хэвтсэн бондгор амьтан алга болов. Сэрээд харвал дэргэд хоосон, харин хацар норчихсон байх юм. Гацуур доороос гарлаа. Эргэн тойрон цав цагаан. Цасанд дарагдаад миний мөр ч алга. Одоо хаачих билээ? Бүү мэд...

Гэнэт ард гөлөг хуцах дуу гарав. Эргээд хартал цасан дээр чонын мөр! Тэр мөрөөр орж алхахад модны цаагуур амьтан гялсхийн далд орох ч шиг санагдана. Ядраад зогсохоор урдхан талд гаслан хуцах чимээ сонстоно. Хурдан явах хэрэгтэйг ойлгоод, урагш алхсаар байв.

Хэдий удаан явсныг мэдэхгүй, намаг ард хоцорч, гэнэт ой мод сийрэн ярагдаад, манай тосгоны бараа харагдлаа.

Арагш эргэвэл цасан цагаан өлөгчин чоно довцог дээр саглагар сүүлээрээ хөлөө ороон оцойж суув. Хүзүүнд нь ноолорч урагдсан хөх тууз хийсэж байсан юм.

Нөгөө чоно толгой өргөж нохой шиг хуцсанд би бишрэн ширтэж: “Ульяна байна шүү дээ!” – гэх бодол харвахуйд гараар даллан:

- Баярлалаа, Ульяна! Баяртай! – гэж хашхирав.

Чоно өндийж суниагаад, модон дунд шингэж, үзэгдэхээ болилоо.

Матвей өвөө аль хэдийнээ мэдчихэлгүй яах билээ, тосгон даяар миний “гавьяа”-г ам дамжуулан ярьцгааж байв.

- Олон ч жил өнгөрч дээ, - гээд Матвей өвөө санаа алдаж, - Би насаараа түүнийг хайсан. Гэтэл надад ганц ч удаа харагдаагүй юм шүү, - гэсэн юм.

Би ч нутаг буцаж, хот газар ирээд уджээ. Хааяа зүүдэнд минь хөх туузтай цагаан чоно ирж, инээмсэглэх мэт ширтэж байгаад буцдаг билээ...

Зохиогч: Вита Сапфир

Ашигласан зураг: Интернэтээс авав.

Д.Оюунгэрэл /ЧҮНДЖ паблишинг/

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаар

#Урлаг #соёл
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.