МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Хиймэл оюуныг нэвтрүүлсэн  “Enam 3.0” на...

Хиймэл оюуныг нэвтрүүлсэн  “Enam 3.0” намын гишүүдийн эргэх холбоог сайжруулна

МАН-ын гишүүд “Enam 3.0” платформоор нэгдэн,  үзэл санаагаа илэрхийлж, сонирхлын бүлгээрээ цуглан, мэдээлэл солилцон, хэлэлцэж буй хууль тогтоомжид үзэл бодлоо тусгаж  байна. “Enam 3.0” платформ бол намын гишүүдийн  нээлттэй индэр, мэтгэлцээний талбар байх юм. Ийнхүү даяаршлыг дагасан технологийн хөгжлийг МАН нэвтрүүллээ.  МАН 2019 онд “Enam 1.0” платформыг нэвтрүүлж,  гишүүдийнхээ бүртгэлийг сэргээж, цахим бүртгэлээр нэгтгэж чадсан юм. Тэгвэл  2023 онд “Enam 2.0” платформыг нэвтрүүлсний  үр дүнд намын бүх шатны гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд, намынхаа үүрийн хуралд суусан, намаасаа зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож, татвар хураамжаа төлснийг  бүртгэж, үнэлэх боломжийг бүрдүүлсэн. “Enam 2.0” платформыг нэвтрүүлснээр намын Их, Бага хурал, бүх шатны хурал дээр гишүүд QR код уншуулж бүртгэлээ баталгаажуулан, идэвхтэй оролцоог хангаж чадсан байна. Харин шинээр нэвтрүүлж байгаа “Enam 3.0” платформын  хамгийн том дэвшил нь  анх удаа хиймэл оюуныг хэрэглэж эхэлснээрээ онцлогтой.

Үнэн
Админ

МАН-ын гишүүд “Enam 3.0” платформоор нэгдэн,  үзэл санаагаа илэрхийлж, сонирхлын бүлгээрээ цуглан, мэдээлэл солилцон, хэлэлцэж буй хууль тогтоомжид үзэл бодлоо тусгаж  байна. “Enam 3.0” платформ бол намын гишүүдийн  нээлттэй индэр, мэтгэлцээний талбар байх юм. Ийнхүү даяаршлыг дагасан технологийн хөгжлийг МАН нэвтрүүллээ.  МАН 2019 онд “Enam 1.0” платформыг нэвтрүүлж,  гишүүдийнхээ бүртгэлийг сэргээж, цахим бүртгэлээр нэгтгэж чадсан юм. Тэгвэл  2023 онд “Enam 2.0” платформыг нэвтрүүлсний  үр дүнд намын бүх шатны гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд, намынхаа үүрийн хуралд суусан, намаасаа зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож, татвар хураамжаа төлснийг  бүртгэж, үнэлэх боломжийг бүрдүүлсэн. “Enam 2.0” платформыг нэвтрүүлснээр намын Их, Бага хурал, бүх шатны хурал дээр гишүүд QR код уншуулж бүртгэлээ баталгаажуулан, идэвхтэй оролцоог хангаж чадсан байна. Харин шинээр нэвтрүүлж байгаа “Enam 3.0” платформын  хамгийн том дэвшил нь  анх удаа хиймэл оюуныг хэрэглэж эхэлснээрээ онцлогтой.

 

Н.Учрал: Монгол Улсын цахимжилт манай Засгийн газрын үед хоёр дахь шатанд гарна 

Тусгаар тогтнолын ордны Их танхимд энэ сарын 1-нд болсон “Enam 3.0” платформын нээлтийн арга хэмжээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга нар болон бусад удирдлагууд, зөвлөхүүд, дэргэдэх байгууллага, нийслэл, дүүргийн намын хорооны төлөөлөл, гишүүд дэмжигчид олноор оролцлоо. Дэлгэцнээ AI технологиор бүтсэн  их жанжин Д.Сүхбаатарын мэндчилгээг хүргэв.  “Enam 3.0” платформыг нээж МАН-ын дарга Н.Учрал үг хэллээ. “Хөдөлмөрлөе, хийе, бүтээе гэсэн хүн бүрийг дэмжихийн төлөө Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллаж байна. МАН-ын Бага хурлаас дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” хэмээх энэхүү бодлогыг хэрэгжүүлж ажиллахад нийгмийн хэрэгцээ, шаардлагыг мэдрэх нь чухал. Тийм ч учраас МАН-ын Их хурлаар дэвшүүлсэн бодлого, зорилтуудаа намын даргын хувьд хэрэгжүүлэхээр зорьсон.

Өнгөрсөн хугацаанд намын шинэ удирдлага, бүтэц, бүрэлдэхүүний хамтаар олон үйл ажиллагааг хийж, хэрэгжүүлсний үр дүн өнөөдөр гарч байгаад сэтгэл хангалуун байна. “Enam 3.0” платформыг хамгийн том дэвшил нь  анх удаа хиймэл оюуныг хэрэглэж эхэлснээрээ онцлогтой. Хиймэл оюун гэдэг нь их өгөгдлийн тусламжтайгаар ажилладаг. Цаашдаа хиймэл оюуныг хэрэглэхгүйгээр салбаруудад бүтээмж нэмэгдэхгүй. Энэ бүтээмжийг нэмэгдүүлснээр эдийн засаг төрөлжиж, бүтэц өөрчлөгдөх бололцоо бүрдэнэ. Тийм учраас Монгол Улсын цахимжилт манай Засгийн газрын үед хоёр дахь шатанд гарна гэдэг бодлогыг дэвшүүлсэн.  Монгол Улс цахим засаглалын индексээр дэлхийд 28 байр урагшилжээ. Төрийн үйлчилгээг иргэддээ цахимаар үзүүлж, E-Mongolia-гийн тусламжтайгаар 1480 үйлчилгээг иргэддээ өгч байна.  Өнгөрсөн хугацаанд “Шилэн” ажиллагааг явуулж, shilen.gov.mn дээр төр өөртөө байгаа үйлчилгээг олон нийтэд мэдээлж 820 мянган үнэт  мэдээллийг нээлттэй болголоо.   Цаашдаа төрийн бодлого, шийдвэр их өгөгдөл дээр суурилна. Тиймээс төрийг бүрдүүлж байгаа улс төрийн нам, эвслүүд өгөгдлийг нэгтгэж чадсанаар шийдвэр гаргалт илүү ухаалаг байна. 

Шат шатны сонгуульд мөрийн хөтөлбөр дэвшүүлэхдээ өнгөрсөн цаг хугацааныхаа алдаа, оноог шүүж, их өгөгдөл дээр суурилан боловсруулснаар байгаа ононо. Үүнийг би “Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ” гэсэн. “Ард түмэндээ эргэж ирнэ” гэдэг нь ард түмнийхээ амьдрал дунд орж, тэдний хэрэгцээ, шаардлагыг мэдэрч, шийдвэр гаргадаг ухаалаг нам болох ёстой. Үүнийг хамгийн зөв шийдвэрлэх ухаалаг технологи бол “Enam 3.0” платформ. “Enam 3.0” ажиллаж эхэлснээр Ардын нам ард түмэндээ эргэж ирсэн байна, гишүүд, дэмжигчдийнхээ дуу хоолойг сонсдог болж, шийдвэр гаргалт нь олон санал бодол дээр тулгуурлан байгаа онож байна гэдгийг тун удахгүй манай намын гишүүн бүр мэдэрдэг болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм учраас “Enam 3.0” гол зорилго бол AI нэвтрүүлж, ажиллаж эхэлснээр  хоорондоо эргэх холбоотой ажиллах бололцоо бүрдэж байна. “Enam 3.0” бол намын даргын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Түүнчлэн “Монголын үнэн” сонин бүрэн автомат захиалга руу шилжлээ. Намын татвар, хандив бүгд цахимаар төлөгдөнө. Намайг МАН-ын даргаар ажиллаж байх үеийн цаг үе бол хиймэл оюун ухаан, их өгөгдөл дээр суурилсан, намын гишүүдийн идэвх, оролцоог хангуулж, санал санаачилгыг шударгаар үнэлж чаддаг болох юм. “Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ” гэдэг бодлого таны гар утсан дээр байгаа аппликейшн дээр суурилж байна. 

Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ 

Дараагаар нь  “Enam 3.0” плат­формыг нээж,  танилцуулга хийлээ. Нээлтийн арга хэмжээнд оролцогчид гар утсандаа “Enam 3.0” аппликейшнийг татаж, суулгалаа. Үргэлжлүүлэн “Enam 3.0”  дахь  10 ангилал, 50 орчим асуулгыг бөглөснөөр  сонирхлын бүлгээ тодорхойлуулж, автоматаар бүлгүүдэд хуваагдан орж байлаа.

“Enam 3.0” платформын нээлтийн үеэр МАН-ын  Удирдах зөвлөлийн дэргэдэх Технологи, инновацын бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Анар цахим ертөнц, хиймэл оюуны талаар танилцуулга хийсэн юм.   “Enam 3.0” платформ дараах функцуудыг нэгтгэжээ. Үүнд:

AI нь намын мэдээллээр хязгаар­лагдахгүй бүхий л асуултад хариулах чадвартай дижитал туслах

“Enam 3.0” нь өмнөх хувилбараасаа бүрэн шинэчлэгдэж, гишүүдийн харилцаа, мэдээлэл, боломжийг нэг дор төвлөрүүлсэн шинэ үеийн ухаалаг платформ болж хөгжжээ. Энэ платформд ухаалаг AI туслахыг нэвтрүүлсэн байна. Энэхүү AI нь намын дүрэм, мөрийн хөтөлбөр болон бүх төрлийн мэдээллийг нэгтгэн, гишүүдэд хурдан, ойлгомжтой, шууд хариулах боломжийг бүрдүүлжээ. Энэ нь зөвхөн намын мэдээллээр хязгаарлагдахгүй бүхий л асуултад хариулах чадвартай дижитал туслах юм. 

“Бизнесийн эко систем” МАН-ын 300 гаруй мянган гишүүний бизнесийг бодит зах зээл рүү шууд холбоно 

“Enam 3.0” платформ нь намын гишүүдийн бизнесийг дэмжих, хэрэглэгчдэд хямд үнээр худалдан авах боломжийг бий болгожээ. Намын бизнес эрхлэгч гишүүдийн үйл ажиллагаанд суурилсан  “Бизнесийн эко систем”-ийг нэвтрүүлснээр гишүүд хоорондоо үйлчилгээ, бүтээгдэхүүнээ шууд санал болгох юм. Ингэснээр МАН-ын 300 гаруй мянган гишүүний бизнесийг бодит зах зээл рүү шууд холбож буй хамгийн том давуу тал. 

Нэгдсэн чат системээр мэдээлэл солилцох орчин бүрджээ 

“Enam 3.0” д 1:1 болон групп чат бүрэн нэвтэрч, гишүүд хоорондоо мэдээлэл солилцох шинэ орчин бүрдлээ. Намын гишүүд нэмэлт чат, аппликейшн хэрэглэх  шаардлагагүй, бүхий л харилцаа “Enam 3.0” дотор явагдана. Мөн сервер нь дотооддоо байрлаж байгаа тул аюулгүй байдал бүрэн хангагджээ. 

Шинэ гишүүнийг  сонирхлынх нь дагуу бүлэгт хуваарилна 

Шинээр нэвтэрсэн гишүүн бүр сонирхлын дагуу автоматаар бүлэгт хуваарилагдах юм байна. Учир нь “Enam 3.0”-д анх нэвтрэх үед 18-50 орчим асуултаар гишүүний сонирхлыг тодорхойлж, тохирох групп, чатад автоматаар холбох аж. Ингэснээр үзэл бодол, үнэт зүйл нэгтэй хүмүүстэй үзэл бодлоо хуваалцах боломжийг бий болгожээ.  УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдийн санаачлан боловсруулж буй хуулийн төслийг  “Enam 3.0”-д байршуулснаар гишүүдийн саналыг авах боломж бүрджээ. Ингэснээр намын гишүүдийн төрийн бодлогод оролцох эрхийг нээж байгаа юм. 

“Монголын үнэн” сониныг “Enam 3.0”-аар захиална 

1920 оноос тасралтгүй хэвлэгдэн гарч буй, 106 жилийн түүхтэй  цор ганц хэвлэл “Монголын үнэн” сониныг “Enam 3.0” аппликейшнээр дамжуулан захиалж, өөрийн хаягаар хүргүүлэн авах боломжийг олгож байна. “Монголын үнэн” сониныг захиалахдаа утга хэсэгт захиалагчийн нэр, утасны дугаар, хүргүүлэх хаягаа тодорхой бичихийг анхаарна уу.  МАН-ын гишүүдийн татвар төлөлтийн систем бүрэн автомат системд шилжлээ. Ингэснээр татвар төлөлтийг хялбар, хурдан төлөх нөхцөл бүрдэж байгаа юм. Түүнчлэн “Enam 3.0”-д подкаст контент нэвтрүүлжээ. Гишүүд цаг үеийн мэдээ, бодлого, ярилцлагыг хэзээ ч, хаанаас ч сонсох боломжтой юм. Тэгвэл nam.mn сайтын онцлох мэдээ мэдээллүүд аппликейшн рүү шууд орж ирдэг болжээ. Иймээс гишүүд мэдээллийг цаг алдалгүй авах юм. Цаашлаад гишүүд өөрсдийн санал, хүсэлтийг аппликейшнээр дамжуулан илгээхээс гадна явцыг нь хянаж, хаана ямар шатандаа явж байгааг харах боломжтой ил тод, хариуцлагатай систем бүрджээ.

“Enam 3.0”-д онлайн сургалтын платформыг нэвтрүүлж, гишүүд мэдлэг, мэдээллээ  тасралтгүй хөгжүүлэх боломж бүрджээ. Намын бодлого, хөтөлбөрт, сургалт, чиглүүлэг бүхий контентуудыг нэг дороос хүссэн үедээ суралцах боломжтой.  Ийнхүү “Enam 3.0” нь өмнөх платформын төвөгтэй, нүсэр хэрэглээг халж, илүү хөнгөн, ойлгомжтой, хэрэглэгч төвтэй дизайн руу шилжсэнээрээ онцлогтой юм. 2026 оны шинэ чиг хандлагыг бүрэн нэвтрүүлж, орчин үеийн мэдрэмжтэй хэрэглээг бий болгосон байна.  Судалгааны систем, датад суурилсан шийдвэрийн цэс зэргийг  энэ платформд нэвтрүүлжээ. Энэ системээр дамжуулан “Стратеги академи” намын дэргэдэх судалгааны байгууллага  нь орон зай, байршлаас үл хамааран улсын хэмжээнд гишүүдээс бодит, шууд, өргөн хүрээний судалгааг явуулах юм. Ялангуяа хөдөө, орон нутагт суугаа гишүүдийн санал бодлыг төвлөрүүлж, шийдвэр гаргахад намын гишүүдийн оролцоог бүрэн хангасан платформ болж төгөлдөршжээ. 

Ч.Номин: Намын гишүүдийн саналд тулгуурласан шийдвэр гаргана 

ЦХИХХ-ны сайд Ч.Номин “ “Enam 3.0” нь намын гишүүдтэй шууд харилцах боломжийг нээж байгаа. Намын гишүүд, дэмжигчдийнхээ санал бодолд тулгуурласан, их өгөгдөл дээр суурилсан шийдвэр гаргах боломж бүрдлээ. “МАН гишүүддээ эргэн ирлээ” гэдэг бодлогын хүрээнд гишүүдийнхээ саналд тулгуурласан шийдвэрийг гаргана” хэмээв.

Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн МАН-ын ХЭГ-ын дарга Д.Дашпүрэв “Хиймэл оюуныг нэвтрүүлсэн “Enam 3.0”-д байгаа  туслах өгөгдөл нь дараагийн түвшиндээ гарч, цаг алдалгүй мэдээллийг боловсруулж өгөх хамгийн зөв гарц юм. Ямар ч үр дүнгүй уулзалтууд болох үе байдаг. Тэгвэл “Enam 3.0”-ийг сонгосноор сонирхлын бүлэгт орж, байгаа оносон шийдвэрүүдийг гаргаж чадна” гэсэн бол тус дүүргийн СДМЗХ-ны тэргүүн Б.Болортунгалаг “Гишүүд “Enam 3.0” дээр сонирхлын бүлгээрээ нэгдэхээс гадна санал, хүсэлтээ бичих боломжтой нь давуу тал. Мөн залуучуудад зориулсан аппликейшн гаргаж өгснөөрөө илүү сонирхолтой байна. “Enam 3.0”  аппликейшн өмнөх жилүүдийнхээс илүү сайжирчээ” хэмээн тус тус байр сууриа илэрхийлэв. 

Ийнхүү  гишүүдийн оролцоо, идэвхийг хангахад чиглэсэн “Enam 3.0” платформоор дамжуулан цахим чөлөөлөлтийг нэвтрүүлжээ.

Н.Энхбат

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №018/24693/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.