МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Б.Дөлгөөн 33 жилийн дараа “БАЛЕТЫН ОЛИМ...

Б.Дөлгөөн 33 жилийн дараа “БАЛЕТЫН ОЛИМП”-оос хүрэл медаль хүртлээ

Энэ цагийн сонгодог урлагийн оддоос авьяас, ур чадвараараа ялгаран Монгол хэмээх нэрийг дэлхийн тавцанд тодоор бичүүлж яваа эрхмүүдийг өртөөлсөн үйл явдал болсон нь Улсын их баяр наадамтай давхцан тохиож амжилтын чимээ цуурайтсангүй. Харин тухайн цаг мөчид Монголоос тодорсон ирээдүйн балетын оддын талаар олон улсад онцолсон мөр нь бүдгэрээгүй байна. “Балетын олимп” хэмээгддэг Москвагийн олон улсын балетын уралдаанд дэлхийн 30 гаруй улс орноос 362 бүжигчин оролцох хүсэлтээ ирүүлснээс 158 нь удаах шатанд шалгарч, түүний дотор Монголоос дөрвөн балетын жүжигчин тунан үлдсэн нь аз тохиол бус. Одоо цагт алдраа дуудуулан буй дэлхийн ододтой тэд эн тэнцүүхэн өрсөлдөгч болохоо мэдрүүлсэн нь юутай бахдалтай.

Үнэн
Админ

Энэ цагийн сонгодог урлагийн оддоос авьяас, ур чадвараараа ялгаран Монгол хэмээх нэрийг дэлхийн тавцанд тодоор бичүүлж яваа эрхмүүдийг өртөөлсөн үйл явдал болсон нь Улсын их баяр наадамтай давхцан тохиож амжилтын чимээ цуурайтсангүй. Харин тухайн цаг мөчид Монголоос тодорсон ирээдүйн балетын оддын талаар олон улсад онцолсон мөр нь бүдгэрээгүй байна. “Балетын олимп” хэмээгддэг Москвагийн олон улсын балетын уралдаанд дэлхийн 30 гаруй улс орноос 362 бүжигчин оролцох хүсэлтээ ирүүлснээс 158 нь удаах шатанд шалгарч, түүний дотор Монголоос дөрвөн балетын жүжигчин тунан үлдсэн нь аз тохиол бус. Одоо цагт алдраа дуудуулан буй дэлхийн ододтой тэд эн тэнцүүхэн өрсөлдөгч болохоо мэдрүүлсэн нь юутай бахдалтай. Монгол Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Л.Энхжин, балетын жүжигчин Б.Дөлгөөн, Б.Буянтогтох, мөн Монгол Улсын консерваторийн Сонгодог бүжгийн тэнхимийн сурагч Ү.Анар, Д.Бөртэ-Үжин нар эх орноо төлөөлөн Большой театрын тайзнаа гарсан юм. Монгол Улсын багийг Ардын жүжигчин, УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Х.Гэрэлчимэг ахлан оролцсон бөгөөд Гавьяат жүжигчин Б.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, С.Есөнзаяа, Ц.Мөнхдэлгэр нарын багш, дасгалжуулагчид уралдаанд оролцогчдод зөвлөн тусалжээ. Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг “Балетын олимп”-д амжилт гаргахын төлөө зорьж бэлдсэн ч санаснаар болохгүй. Авьяас чадвараа хэн сайн өнгөлж чадсан, хэн бусдаас илүү бэлтгэлээ хийсэн нь медаль энгэртээ гялалзуулан байх нь олон хүнд заяахгүй хувь тавилан.  Москвагийн олон улсын балетын XV уралдаанд өрсөлдсөн монгол оролцогчдоос УДБЭТ-ын балетын жүжигчин Б.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн нь 33 жилийн дараа дахин тохиосон Монголын сонгодог урлагийн баярын өдөр болов. Ийн тодотгохын учир нь 1981 онд Монгол  Улсын Ардын жүжигчин Ю.Оюун хүрэл медалийн эзэн болж тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм. Тухайн үед эрхэм хүмүүнтэй хамт УДБЭТ-ын балетын гоцлооч О.Батсайхан оролцож дипломант болж, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Жамьяндагва “Шилдэг бүжиг дэглээч”-ийн шагнал гардаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш 1993 онд Соёлын тэргүүний ажилтан У.Бат-Эрдэнэ мөнгөн медаль, 2022 онд балетын жүжигчин Ө.Мөнхжин дипломант болсон юм. Тэдний амжилтыг буухиалан Москвагийн олон улсын балетын энэ удаагийн уралдаанаас УДБЭТ-ын балетын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Л.Энхжин дипломант болж, Ү.Анар, Б.Буянтогтох нар сертификат авлаа. Энэ удаагийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд ОХУ, Беларусь, Унгар, БНХАУ, БНСУ, Серби зэрэг улсын  нэрт уран бүтээлчид багтсан бөгөөд шүүгчдийн зөвлөлийн даргаар ОХУ-ын Ардын жүжигчин Светлана Захарова ажиллав. Улс орнуудын чухал үзүүлэлтийн нэг хүний хөгжил дэлхийн балетын урлагт энэ цагт ямар зураглалаар урагшилж байгааг “Балетын олимп” тодоос тод харууллаа. Уралдаанд оролцсон Монголын балетын жүжигчдээс энэ дугаартаа Соёлын тэргүүний ажилтан Б.Дөлгөөнийг урьж, ярилцлаа

"Балетын бүжигчний амьдрал ассан гал шиг дүрэлздэг"

-Балетын жүжигчин бүрийн мөрөөдөл болсон Москвагийн олон улсын балетын уралдаанд оролцохын тулд хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

-Монгол Улсын консерваторийн Сонгодог бүжгийн тэнхимийн сурагч болсон цагаасаа Москвагийн олон улсын балетын уралдаанд оролцох зорилготой болсон. Аав ээж хоёр маань мэргэжлийн бүжигчид. Багаасаа тэдний бүжиглэхийг харж, урлагийн орчинд өссөн. Ээж гэртээ сонгодог, монгол, олон үндэстний бүжгийн нэвтрүүлэг үзэх дуртай. Тийм нэгэн тохиолдлоор П.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг гарахад нь би хөдөлгөөнийг эвлэгхэн дуурайж хийснийг ээж олж хараад өөрийн хэмжээнд шалгаснаар  хүүгээ бүжгийн эвсэлтэй гэж бодож л дээ. Балетын ангид шалгуулахаар болоход танил нь утсаар  холбогдож таараад Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг үндэсний балетад хүүхдүүдийг сонгон шалгаруулж байгааг мэдсэн гэсэн. Маргааш нь намайг сургуулиас аваад Монголын балетын хөгжил санд дагуулан очтол шалгаруулалт дуусаж байхтай нь таарч. Азаар багш нараас эрэгтэй хүүхэд шалгуулахаар ирснийг мэдээд тухайн үед Америкт байсан Д.Алтанхуяг багштай холбогдон шалгаж үзэхээр болсон.  Багш нар ч эрэгтэй хүүхэд болохоор шалгаад үзье гэж бодсон байх. Ингэж би үндэсний балетад бүжиглэх хүүхдүүдийн нэг болж С.Ганбат, Ц.Жаргалан багш нараараа хичээл заалгуулж эхэлсэн. Удалгүй С.Ганбат багш  “G-River” балетын студийг үүсгэн байгуулснаар би ч тийшээ шилжсэн. Тэндээ хоёр жил орчим суралцаж байгаад Монгол Улсын консерваторид шалгуулан элсэж 12 дугаар анги төгстөлөө балетаар хичээллэсэн юм. Манай ангийн анхны багш Н.Энхтуяа, дараа нь УДБЭТ-ын балетын гоцлооч А.Өлзий-Орших бидэнд багшилсан.  Харин манай ангийг төгсгөсөн багш бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг юм. 

-Мэргэжлийн бүжигчин болоход ээжийн оруулсан хувь нэмэр их байжээ. Өөрөө бүжигчин учраас хүүдээ юу хэрэгтэй болохыг сайн мэдэж байсан болов уу?

-Би айлын бага нь, нэг ахтай. Багаасаа л балетын жүжигчин болно гэж бодож, зорьсон. Гэр бүлийнхэн маань бүгд намайг дэмждэг. Өнөөдрийг хүртэл явахад бүжиглэхээс өөр зүйлд санаа зовоохгүй байлгахын төлөө бүхий л зүйлээ зориулж байна. Ялангуяа ээж маань миний хоол унд, амрах цагт санаа тавьж уралдаанд оролцох болгонд надтай хамт байдаг. Хэдийгээр Москвагийн олон улсын балетын уралдаанд хамт яваагүй ч бэлтгэлийг нь сайн хийж өгсний хүчинд би уралдаандаа амжилттай оролцож чадсан.

-Балет залуу насны урлаг. Цаг хугацаатай уралдахгүй бол бүх зүйл ард хоцордог?

-Тийм учраас зорилгоо эртнээс тодорхойлж оролцохыг хүссэн уралдаанууддаа өрсөлдөөд явж байна. Бас бүжиглэхийг хүссэн тайзан дээрээ гарсан. Таны хэлсэн шиг балетын жүжигчний амьдрал ассан гал шиг дүрэлздэг ч би санаа зовохгүй байна. Яагаад гэвэл балетдаа дэндүү хайртай. Намайг өвтгөж, ядраадаг ч гэсэн би хэзээ ч бүжиглэхээ зогсоож байгаагүй. Энэ урлагийн бүх зүйл миний сэтгэлийг  татдаг учраас өнгөрсөн хугацаанд хойш ухраагүй. Бас тайзан дээр гарах мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Бүжиглэж дууссаны дараа баяр хүргэх үзэгчдийн алга ташилт хамгийн гоё нь.

-УДБЭТ-ын бүжигчин болоод удаж байна уу?

-Би Монгол Улсын консерваторийг 2025 онд төгссөн. Улсын дуурь, бүжгийн театрын жүжигчнээр бүжиглээд нэг жил болж байна.

-Мэргэжлийн театрын тайзан дээр гараад удаагүй Москвагийн олон улсын уралдаанаас хүрэл медаль авчээ. Уралдаан шат ахих тусам шалгуур нь өндөрссөн байх?

-Эртнээс зорьж бэлдсэн болохоор бэргэж ухраагүй. Уралдааны эхний шатанд бичлэг явуулаад тэнцвэл Москвад болох удаах шалгаруулалтад оролцох байсан. Эхний шатанд Л.Минкусын “Дон Кихот”, А.Аданы “Жизель” бүжгийн жүжгийг бүжиглэсэн. Дараа нь УДБЭТ-ын балетын гоцлооч Л.Энхжинтэй Г.Левенскольдын “Сильфида”, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Э.Эрдэнэжаргалын дэглэлт “Халуун бороо” контемпорари бүжгээр оролцсон. Гуравдугаар шатанд Риккардо Дригогийн “Талесман” бүжгийн па-де-де  амжилттай бүжиглэснээр хүрэл медалийн эзэн болсон. Ингэж амжилт гаргахад партнер болон багш нарын нөлөө маш их. Монголоос уралдаанд оролцохоор явахдаа “түрүүлнэ” гэсэн итгэл дүүрэн байсан. Уралдааны шалгаруулалт болох газраа хүрэхэд миний бүжгийг нь үздэг гадаадын шилдэг бүжигчин олон. Тэдэнтэй нэг тайзан дээр гарна гэж бодоод бага зэрэг сүрдсэн тал бий. Гэхдээ сайн партнер байсан учраас эхний бүжгийн дараа надад бусдаас дутах зүйл байхгүйг ойлгосон. Өөрийгөө зоригжуулж итгэл үнэмшилтэй болж хамгийн сайнаараа бүжиглэхийг хичээсэн юм.

-Ойролцоо насны гэхээр дэлхийн томоохон тайзнаа ид гялалзаж яваа бүжигчид байсан нь лавтай?

-Уралдааны оролцогчид дунд 17-19 насныхан давамгайлж байсан нь энэ ангилалд өрсөлдөөн ямар байсныг илтгэх байх. Европчууд азиудаас илүү өндөр, биеэр том. Уралдаанд оролцогч дунд  Маринский театрын 19 настай тэргүүн гоцлооч байсан. Оросоос гаралтай, тэр сургалтаар хичээллэж эхэлсэн америк бүжигчин ч энэ удаагийн уралдаанд оролцлоо. Дэлхийн олон улсын шилдэг бүжигчид дөрвөн жилд нэг удаа болдог Москвагийн олон улсын балетын уралдааныг зорьж ирдэг.  Учир нь, энэ уралдаанд амжилттай оролцсоноор ирээдүйн карьер өсөн дэвших боломж нээгддэг. Миний хувьд бүжигчин болгонд олддоггүй Большой театрын тайзан дээр гала тоглолтод оролцож, олон хүний өмнө ёсолж, үзэгчдийн алга ташихыг хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж, баярын нулимс унагасан.

-Москвагаас ирээд удаагүй олон улсын фестивальд оролцсон гэсэн. Хаана, ямар фестивальд оролцоод ирэв?

-Бид Москвагаас ирээд Улсын баяр наадмын хүндэтгэлийн концертод оролцон тоглосон. Үүний зэрэгцээ “Байгаль нуур дахь балет” олон улсын фестивальд оролцлоо. Монголын уран бүтээлчид Байгаль нуурын үзэсгэлэнт эрэгт болсон гала тоглолтуудад ОХУ-ын Большой театр, Мариинский театр, Кремлийн балет болон бусад нэр хүндтэй уран бүтээлийн байгууллагын гоцлол бүжигчдийн хамт оролцож, авьяас чадвар, мэргэжлийн ур ухаанаа үзэгчдэд толилуулаад ирсэн.

-Одоо ямар уралдаанд оролцохоор зорьж байна вэ?

- USA International Ballet Competition буюу Жексоны балетын уралдаан ирэх жил болно. Энэ уралдааныг мөн адил дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Залуу балетчдын ур чадварыг сорих зорилготой энэ уралдаанд оролцохоор эртнээс бэлдсэн.    

-Уралдаанд амжилттай оролцож байгаа бүжигчдэд гаднын бүжгийн байгууллагатай хамтран ажиллах боломж гардаг. Өнгөрсөн хугацаанд танд санал тавьсан газар байгаа юу?

-Цөөнгүй газраас санал ирсэн ч хүлээж аваагүй. Яагаад гэвэл, энэ цаг үед Монголдоо бүжиглэж өөрийгөө харуулмаар байна. Мэдээж бүх зүйл цаг хугацаатай. Тэр үед балетчны хувьд дараагийн алхмаа хийнэ. Балетмейстер болохын төлөө хичээнгүйлэн суралцана гэж боддог.

Л.Мөнгөнчимэг: Хүүгээ олон улсын уралдаанд амжилттай оролцсонд туйлын их баяртай байна

/Балетын жүжигчин Б.Дөлгөөний ээж/

-Би Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга буюу Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ахмад бүжигчин. Б.Дөлгөөний аав М.Батболд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан ахмад бүжигчин. Одоо бид хоёр тэтгэвэртээ гараад хувиараа ажил эрхэлж байна. Дөлгөөн бидний бага хүү. Багаасаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Тиймээс Монгол Улсын консерваторийн бүжгийн ангид шалгуулж хүүгээ хүссэн мэргэжлээрээ сурахыг дэмжсэн. Өнгөрсөн хугацаанд бид балетын нэлээд хэдэн уралдаанд оролцож авьяас чадвараа сорьсон. Дотооддоо зохион байгуулсан уралдаануудад ч амжилттай оролцоод байна. Ээжийн хувьд хүүгээ ядрахаар нь чадахаараа хурцлах гэж хичээдэг. Дөлгөөн өнгөрсөн жил сургуулиа төгсөөд УДБЭТ-т албан ёсоор бүжигчнээр орсон. Мөн эртнээс зорьсон тэмцээндээ амжилттай оролцлоо. Ардын жүжигчин Ю.Оюун 1981 онд Москвагийн олон улсын уралдаанд оролцож хүрэл медалийг эх орондоо анх авчирсан. 1993 онд балетын жүжигчин У.Бат-Эрдэнэ Дуурийн театрт бүжиглэж байхдаа энэхүү уралдаанд оролцож мөнгөн медаль хүртэж байв. Түүнээс хойш 33 жилийн дараа хүү маань энэ нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцож хүрэл медальтай эх орондоо ирлээ. Олон хүүхэд хүчтэй өрсөлдөөнийг даван гарч энэ уралдаанаас тодрон гардаг. Тиймээс л “Балетын олимп” хэмээн нэрлэдэг байх. Большой театрын тайз налуу байдаг. Хүү маань тэнд хоёр, гурван цаг л бэлтгэл хийсэн. Хэдийгээр Большой театрын тайз бүжигчин бүрийн мөрөөдөл ч гэсэн олон бүжигчин энэ тайзнаас унаж алдаж байсан. Бүжигчний ур чадвар, ухаан бүх зүйл зэрэг ажиллаж байж энэ том давааны ард гардаг. Тиймээс Ардын жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн удирдлага дор олон улсын уралдаанд амжилттай оролцоод ирсэн хүүдээ болон Монголоос оролцсон бүжигчдэдээ баяр хүргэе.  

 Б.СЭЛЭНГЭ 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.