Б.Дорж: Миний мэдэх атрын аян бүр онцлогтой
Ургац бол тариаланч хүний хөдөлмөр, бүтээл, мэдлэгийн хэмжүүр юм. Бид сая хэлсэн их ургацтай намар ургацаа хураахаар дуу шуугиантай Бороо голын адагт очоод байтал хүрээлэнгийн захирлаас яаралтай дуудлага ирлээ. Захирал маань чамайг маргааш өглөө есөн цагт Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэс дээр бэлэн байлга гэсэн. Одоо ороод боловсон хүчнээс томилолтоо ав гэлээ. Дуудсан газарт нь ирээд Элдэв-Очир агрономичоос ойрын үед болох арваннэгдүгээр бүгд хуралд Н.Жагварал даргын тавих илтгэлийг бичих ажлын хэсэгт орсныг мэдлээ. Тэнд Элдэв-Очироос гадна Төв Хорооны хөдөө аж ахуйн хэлтсийн орлогч эрхлэгч Я.Цэгмэд, Хөдөө аж ахуйн яамны ерөнхий агрономич Ц.Өөлд нар сууж байна. Намайг ормогц “За ажлын хэсэг бүрдлээ. Одоо оръё” гэсээр босоцгоов. Н.Жагварал дарга бидэнд жилд нэг сая тонн тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний тэжээл үйлдвэрлэх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэжээлийн аж ахуй арвыг шинээр байгуулах, бас одоо эхлээд байгаа хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах арга хэмжээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлын явц удааширч буйг анхааруулаад илтгэлд орох гол асуудлууд, тэдгээрийн дарааллыг хэлж өглөө. Н.Жагварал гуай бол Намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, хөдөө аж ахуй болон бусад хэд хэдэн салбарыг хариуцсан нарийн бичгийн дарга, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич хүн. Төв хороонд очихоосоо өмнө Хөдөө аж ахуйн яамны сайд байсан, салбараа сайн мэддэг удирдагч гэлцдэг байсан. Он гарсны дараа арваннэгдүгээр бүгд хурал болж уг илтгэлийг хэлэлцэн атрын хоёрдугаар аяныг эхлүүллээ.
Монгол Улсын Гавьяат агрономич, Шинжлэх ухааны доктор, профессор Бэгзийн Доржтой Монгол Улсад газар тариалан анх үүссэнээс эхлэн өнөөг хүртэл хэрхэн үргэлжлэн хөгжиж ирсэн талаар ярилцлаа.
-Та хэдийнээс газар тариалантай холбогдсон бэ?
-Би анхны намрын дурсамжаар яриагаа эхэлье. Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэж, оюутан Бэгзийн Дорж гэсэн үнэмлэх аваад баяр хөөртэй гарч ирэхдээ арван жилийн турш дуудуулсан сурагч гэдэг нэрээ бүрмөсөн орхиж байгааг яахан мэдэх билээ.Тэр өдрөөс хойших 65 хавар тариан талбайд тракторын тоосонд булуулан, цасан ба шороон шуурганд нүдүүлж, өглөө оройн хүйтэн жаварт жиндүүлэхийн аль алиныг цөөнгүй үзлээ. Тэгэхдээ би хавар хэцүү, намар сайхан гэж хэлэх гээгүй, тариаланч хүний ажлын өрөө байр нь талбай, бидний үзэх мэдэх юм бүхэн тэнд л байдаг билээ.
1959 оны долдугаар сарын эцсээр бид ургац хураалтын ажилд анх гарч Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд очихоор явлаа. Тэр үед цардмал зам байгаагүй болохоор үдээс өмнө Зайсангаас гарсан машин шөнө аж ахуйн төв орж, тэндээсээ ажиллах газар буюу айл амьтангүй толгодын дунд босгосон гурван майхны гадаа ирлээ. Түрүүлж буусан хүмүүсийн ярилцаж байгаагаар майхнуудад дүүрэн хүмүүс унтаж байна гэнэ. Тэнгэр цэлмэг, одод яралзсан салхигүй сайхан шөнө байсан болохоор Говь-Алтайгаас ирсэн бидний хэдэн нөхөд гадаа унтлаа. Өглөө босоход хувцас хунар, хөнжил дэвсгэр шалба норсон байлаа. Өндөр өтгөн өвс ногоотой нутагт ийм их шүүдэр буудаг аж. Эндхийн нэг шөнө буусан чийг манай тэндхийн хагас өдөр орсон шиврээ бороотой тэнцэх юм байна гэж бид хоорондоо ярилцаж байлаа. Шөнө бүдэгхэн үзэгдэж байсан гурван майхны хоёрт нь бидний адил Хөдөө аж ахуйн дээд сургуульд шинээр элссэн оюутнууд, харин тракторчдын гэх гурав дахь майхнаас ямар нэгэн содон үнэр үнэртэж байна.
-Шинэхэн оюутнуудын эхний ажил юу байсан бэ?
-Бид өдөржин кузевээ дэлгэсэн “ЗИС-150” машинуудад бухал ачлаа. Орой эцэж сульдсан хэдэн амьтан буцаж ирэхэд тракторчид байхгүй болж хоосон майханд нь биднийг оруулав. Өглөөний үнэр танар хэвээрээ байгаа ч тэр талаар ярих тэнхэлтэй хүн алга. Орж ирэнгүүт л гулдайцгаагаад унаад өглөө. Ийм байдлаар хэд хонож байтал комбайн дагах ажилд дөрвөн оюутан хуваарилсны нэгэнд би орлоо. Бидний очиж буй газарт байгаа хоёр гэрийн нэгэнд хоёр орос комбайнч, нөгөөхөд нь монгол комбайнч Гантогоо, Хасбазар, Дугарсүрэн нар ба тогооч өвгөн, майхан нь бид дөрвийнх. Би Алексей Максимович Трышкины комбайныг дагаж хамагчид авагдаагүй хаягдсан түрүүтэй ишнүүдийг түүж, зэргэлдээх цайруулаагүй мөрөн дээр тавих ажилд оногдлоо. Өдөржин талбайд гүйх газар гүйж, алхахдаа алхсан боловч төдийлөн ядарсангүй. Нөгөө бухал ачихад гулдайж унаж байсан маань хатуужуулсан хэрэг биз. Үүнийг ургац хураалт дуустал үргэлжлүүлсэн. Нэг орой талбайгаас ирэхэд майхан маань салхинд урагдаж тасраад хоёр хэсэг болчихсон, уранхай даавуу дэрвэлзсээр байв. Бригадын дарга Батнасан биднийг загнаад үүнээс хойш өглөө ажилд явахдаа майхнаа буулгаад баганаар нь дараад чулуу тавьж хийсгэхгүй болгож бай гэлээ.
Намрын шөнийн хүйтэн хоног хоногоор чангарч орон дотроо эргэж хөрөвсөөр өглөө хүргэдэг боллоо. Хоёр орос, гэрээс солома дулаахан гэж хэлээд өдрийн хураасан талбайдаа очин бухал дотор унтаж, бид дөрөв тэдний гэрт зуухыг нь улайдтал гал түлчхээд нэг хэсэг сайхан унтах боловч өглөө эрүү өвдгөө нийлтэл чичирсэн амьтад босож ирнэ. Харин оросууд дааралгүй хоносон, нойр ханасныгаа яриад хар цайгаа ууж талх иднэ. Энэ тухай нэг удаа Батнасан даргаас асуувал “Цаадуул чинь эх орны дайнд яваад үхэхээс бусдыг үзэж хад чулуу шиг хатуужсан хүмүүс, тийм болохоороо барагтай бэршээлийг тоохгүй” гэлээ.
Бид эргэн тойрныхоо талбайнуудын тариаг хураачихлаа. Ер нь ч аж ахуйн хэмжээгээр энэ ажил дуусаж байсан байх. Орос монгол комбайнчид ч хөнжил дэвсгэрээ боож баглаад эндээс явах нь ойлгомжтой болж байтал Батнасан дарга ирлээ. Энэ удаа тэр их сайхан зантай инээмсэглэсээр аж ахуйн хэмжээнд тариагаа хурааж дууссаныг зарлахад комбайнчид инээцгээсээр алга ташиж байна. Харин оюутнууд эндээ үлдэж талбайгаас сүрэл гаргана гэлээ. Бид түүнээс анх хамт ирж хадлан дээр ажиллаж байсан нөхдийгөө асуувал “Ойрын үед цас орж тэнгэр хүйтрэхийг зарласан учраас бүх оюутан төмс ногооны бригад дээр ирсэн, тэд өдөр шөнөгүй ажиллаж байгаа” гэлээ. Түүний ярьснаар хэд хоногоос бидэн дээр завь хагалгааны тракторууд ирж газар хагалах гэнэ. Тэднийг ирэхэд бид талбайд байгаа сүрлэн бухлуудыг ачиж зайлуулсан байх шаардлагатай. Сүрэл ачих чиргүүлтэй трактор ирнэ, та нар төмс ногоон дээр байгаа оюутнууд шиг өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй гэсэн үүрэг өглөө.
Хоёр чиргүүлтэй кабингүй “МТЗ-5” трактор ирмэгц бидний ажил эхэлж, жолооч нь хоорондоо ойролцоо байгаа бухлуудын дунд чиргүүлүүдээ нэг нэгээр салгаж тавиад “Би эмнэлэгт үзүүлж яваад хоёр өдөр алдчихлаа, одоо сайн ажиллаж завь хагалгааныхныг ирэх хүртэл сүрлээ гаргаж дуусгана даа” гэж байна. Гуч гаруй насны тэр хүнийг Мишигдорж гэх бөгөөд цаг зав л гарвал трактортаа юм хийж байдаг ажилсаг нэгэн. Заримдаа бидний хэн нэгний сэрээг авч бухал ачилцан гар амраана. Нэг удаа бид дэргэд нь зогсон бухлуудаа аччихаад дараачийн зогсох газарт очих гэтэл жолооч маань нэлээд хол талбайн захад явж байна. Трактор асаалттай байсан болохоор би хөдөлгөөд товлосон газартаа очсон хойно харвал тэр ухаан жолоогүй гүйсээр ирж явна. Жолоочид хэлэлгүй бас үнэмлэхгүй байж трактор хөдөлгөсөн буруутан нь би өөрөө шүү дээ. Айж балмагдсан амьтан яахыгаа мэдэхгүй зогсож байтал жолооч амьсгаадсаар ирж “Чиний араа залгаж байхыг харангуут л ухасхийлгээд унтраачихна гэж ухаан алдах шахлаа шүү” гэж байна. Үүнээс хойш боолт тайлж чангалах, жижиг моторын банканд бензин хийх, шатахуунаар цэнэглэх гэх мэтийн туслах чанартай ажлууд миний гүйцэтгэх үүрэг боллоо.
Тэгэхдээ Мишигдоржийн албадлагаар биш, би дуртайдаа л тэгж байгаа хэрэг. Эдгээрийн дотроос хамгийн хэцүү нь трактораа шатахуунаар цэнэглэх ажил. Морин тэргээр хүргэж ирсэн бочкитой шатахуунаас шланкаар соруулж цэнэглэнэ. Уг нь боломжийн өндөрт гаргасан савнаас сорж байгаа боловч сураагүй хүнд амаргүй ажил байсан. Олон ч удаа шатахуун залгисан даа. Өмссөн хувцас ч дизель түлшний толбогүй газар байхгүй болсон. Анх хадлан дээр ирээд тракторчдын майханд ороход ханхалж байсан “танил” үнэртээ ч одоогийн хэллэгээр бол дасан зохицлоо. Ингэж ажилласны үр дүнд ч бид завь хагалгаа хийх тракторуудыг ирэхээс өмнө сүрлээ талбайгаас гаргаж дууссан билээ. Атарт ажиллаж эхэлсэн анхны жилийн ажил ингэж л эхэлж байлаа.
-Таны хувьд атрын анхны аян хэрхэн яаж өрнөж байсан дурсамж тод үлдсэн байх. Тэр тухай яривал сонирхолтой байх болов уу?
-Атрын анхдугаар аян эхэлснийг анх сонссоноо хэлье. Шар хоолойд зуны турш атар газар хагалсан тракторууд ачаатай тэмээ шиг цуварсаар ирлээ. Тэнд үр тарианы бригад шинээр байгуулах шийдвэр гарсныг Сангийн аж ахуйн дарга зориуд очиж атар газрыг эзэмших аян эхэллээ гэж хэлснийг тэдний ярианаас сонслоо.
Хагалгаа эхлэхийн өмнө шинэхэн улаан “ЯВА”-тай (мотоцикль) хүн ирж бүх тракторын анжсыг 22 см гүнд суухаар тохируулаад тэднийг талбай руу оруулахыг бид харлаа. Энэ хүн Чойбалсанд (одоогийн Дорнод) Хөдөө аж ахуйн техникумыг саяхан төгсөж ирсэн агротехникч Сономжамц байсныг сүүлд мэдэж билээ. Завь хагалгаа эхэлсний орой Мишигдорж бид дөрвийг хөнжил дэвсгэрээ аваад чиргүүл дээр суу гэлээ. Ногооны бригадад байцаа хураах гэнэ. Бид ч “их сүрэгтэйгээ” нийлэхэд дуртай байлгүй яахав. Мал эмнэлгийн нэгдүгээр курсынхны майханд орууллаа. Тэд шөнө их даардаг. Харин өнөө шөнө тэнгэр бүүдгэр боловч арай дулаавтар байна гэж ярилаа. Орондоо ороход нэлээд жиндүү байсан ч нойрондоо дийлдээд унтчихжээ. Шөнө дулаахан хоноод өглөө хөлөө жийж толгойгоо гаргах гэтэл цасан доор байгаагаа мэдэрлээ. Үүнээс хойш хүйтний эрч улам чангарсаар өдөр ажиллахад даардаг болсон ч бид ажлаа дуусгаад буцсан даа. Атар газрыг эзэмших анхны аян эхлэх жилд бидний оролцсон ажил ингэж дууслаа. Хоёр дахь жилд нь хаврын тариалалтын дадлагад гарч Жаргалантын сангийн аж ахуйн Сүмбэрийн тавдугаар тасаг буюу одоогийн Сүмбэр суманд үрлүүр машин дээр ажиллаж буудай, арвай, хошуу будаа тарилаа.
Би цуг очсон хоёр оюутантай Мажаа (эмэгтэй ) гэдэг тракторчны угсраанд үрлүүр дээр ажиллах болж бид гурав цэвэрлэгээ тослогоо хийгээд дуусаж байтал агрономич ирж үрийн норм, тарих гүнийг тохируулаад тарилтаа эхэллээ. Тракторчин маань ажилд хайнга хандах, дутуу дулимаг хийхэд ёстой л нэг яснаасаа дургүй. Катушикны эргэлт суулгуурын (сощникны ) цан хоёрыг нүд цавчилгүй хянаж явахыг, үрлүүрт будаа хийхдээ ширхгийг ч газарт унагахгүй байхыг шаардана. Үүнийг өөрөө ч байнга шалгаж үздэг байлаа. Харин үдэш ажлаас бууж ирээд хувцсаа сольж хоол ундаа идэж уусны дараа бидний гэрт орж ирээд эмэгтэйчүүдээс “За охидууд минь ядарч байна уу, ажил хэр хүнд байна даа” гэж асуугаад маргааш ямар талбайд ажиллахыг хэлж өгдөг байлаа. Нэг орой орж ирээд “За хүүхдүүд минь маргааш Угалзын хоолойг үрэлнэ, тоос шороонд ч булуулна даа” гэж анхааруулаад гарлаа. Угаасаа өдөр бүр л нүд шүд хоёроос өөр ил харагдах юмгүй болтлоо шороонд дарагддаг болохоор бид нэг их тоосонгүй. Гэтэл Өмнөговиос ирсэн нөхөр маань “Угалз болохыг мэдэж байгаа юм бол ажилд гараад яах юм” хэмээн зэвүүцэнгүй хэллээ. Их хүчтэй элсэн шуургыг говийнхон тэгж хэлдэг юм байна. Маргааш нь нөгөө талбайдаа очиход яах аргагүй л элсэн шуурга шуурч, түрүүчийн явсан мөрийг мэдэгдэхгүй болгочихоод байсхийгээд л зогсож харах шаардлага гарч явуулахгүй зогсоогоод ёстой л үйлээ үзлээ дээ. Тэгж байтал катушикны гол эргүүлдэг гинж хаягдаж бүр ч болохоо байлаа. Бригад руу хэн нэг нь, хэн нэгэнсэх ч юу байхав нөгөө хоёр эмэгтэйчүүд учраас би л явж таарлаа. Салхинд дээлийн хормой хөл тушаад алхаж болдоггүй, урд хормойгоо дээш нь сөхөж бүсэндээ хавчуулчхаад алхсан чинь арай гайгүй болчих шиг санагдаад нэлээд явлаа. Бригад дээр ирээд харсан чинь урд хормой маань салхинд тасраад байхгүй болжээ. Мажаа гуайн зааж өгснөөр төмрийн хог ухаж байтал ашгүй өнөөх гинжийг нь оллоо. Түүнээс хойш би Баруунхараа, Сүмбэр хоёрын хооронд явахдаа хаяа зориуд замаас гарч Угалзын хоолойгоор дайран өнгөрдөг юм. Ноднин очиход мод тарьчихсан харагдсан, түүнийгээ тогтмол арчилж тордоод Угалзын хоолой биш жимстийн хонхор болгоход ойрхон болж дээ гэх бодол төрж байлаа.
Хормойгоо салхинд тасдуулж алдсанаас хойш хоёр жилийн дараа төгсөлтийн өмнөх уртын дадлага хийхээр дахиад Жаргалантын сангийн аж ахуйд очиход намайг мөн л тавдугаар тасагт, тэгэхдээ сарын зургаан зуун төгрөгийн цалинтай агротехникчээр ажиллуулах тушаал гарч би мөн ч их баярлаж билээ. Тэгэхэд “Жаргалантын сангийн аж ахуйн хүрэн хөрсний үржил шим” сэдвээр дипломын ажил хийх судалгааны арга зүйг батлуулж аваад очсон учраас түүнийгээ хийх боломж гарч байгаа юм. Харин мэргэжилтний хувьд бол хаврын тариалалтыг арготехникийн өндөр түвшинд хийж технологийн картанд тусгагдсанаар тасгийн хэмжээнд 12 ц/га-аас доошгүй ургац авах албан ёсны үүрэгтэйгээс гадна, Долдугаар бригадын Өлийн аманд атар газар хагалж талбайгаа өргөтгөх ажил байлаа. Тасгийн дарга нь Чойндондорж гэж хөдөөд захиргааны хариуцлагатай алба хашиж байсан дадлага туршлагатай ноён нуруутай ахмад хүн, маргааш хаана ямар ажил дээр очвол зохистойг хэлж өгнө.
Байнга хянах ажил бол үрлүүр машины тохируулга, тарилтын чанар, хугацаа, үрийн норм,үр суултын гүн гэсэн технологийн үзүүлэлтүүд байдаг. Эдгээрээс гадна үрлэгээний тракторуудыг өглөө эрт ажилд гаргаж орой бүрэнхий эхлэхээс өмнө буулгах гэх мэт хөдөлмөр зохион байгуулалтын асуудалд хошуу нэмнэ. Ийм байдаар тарилтыг дуусгаад хэд хоног амарсны дараа атар хагалгаа эхлэхэд ногоо цагаа сэргэхтэй зэрэгцээд их сайхан, түрүүчийн тарьсан талбайнуудад будаа соёолсон нь бүр ч харууштай болдог юм байна.
-Тарилтын үед агротехникийн ч юм уу ямар нэг зөрчил, дутагдал гарч байсан уу?
-Атар хагалгаагаа эхэлснээс хойш хоёр хоноод очвол нэг тракторчны хагалгаа бусдынхаас нимгэн яваад байхаар нь шалгалаа. Гарцаагүй нимгэн хагалж байна. Анх эхлэхэд нь хийсэн миний тохируулгыг хөдөлгөсөн байна. Хэргийн эзэн Батааг зогсоогоод технологийн шаардлага хангаагүй талбайд зарцуулсан шатахууны үнийг төлж дахин хагалах шаардлага тавилаа, хэрэлдлээ. Угаасаа дахин хагалаад сайн засагддаггүйг хэн хэн нь мэдэх боловч би хашраах зорилгоор л хэлснээрээ зүтгээд өнгөрлөө. Түүнээс хойш жаран жил өнгөрөхөд бид хоёр уулзаж л байсан. Гэтэл саяхан уулзахдаа мань хүн “Тэгэхэд миний трактор бусдаасаа хүч муутай байсан учраас л хагалгаагаа нимгэлсэн” гэдэг байна шүү. Үүнд тракторчны буруу юу байхав дээ. Тэгэхдээ газар тариаланд хэрүүл тэмцэлгүй бүтдэг ажил ч тун ховор л доо.
- Та хэдэн онд сургуулиа төгсөв. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Сургуулиа төгсөөд 1964 онд Зүүнхараагийн сангийн аж ахуйд ажиллах боллоо. Одоо Дарханд байгаа Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн Зүүнхараад байсан нь надад аз болсон юм. Сангийн аж ахуй маань хүрээлэнгийн бааз, өөрөөр хэлбэл тус тусдаа санхүүтэй нэг байгууллага гэсэн үг. Нам, эвлэл, үйлдвэрчний болон бусад олон нийтийн байгууллагууд цөм нэг удирдлагатай. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын олонх нь миний үеийн залуучууд. Хоорондоо оросоор ярьцгаана. Би тэд нар шиг болохыг хэчнээн хүсэвч гадаад хэл байхгүй, судалгаа хийх боломжгүй. Хоёр жил ажиллаад Хөдөө аж ахуйн яаманд өргөдөл бичиж хүрээлэнд шилжүүлж өгөхийг хүслээ. Хотод ирэх болгондоо боловсон хүчний хэлтсээр орж гуйсаар жил гаруй явлаа бүтсэнгүй. 1967 оны хавар Сангийн аж ахуйн нам, захиргаа уламжлал ёсоороо тариалалтад ажиллах хүмүүст семинар (сургалт) зохион байгуулж, би тарих хугацааг талбай бүрээр үзүүлж нэгээс нөгөөд очих чиглэлийг зураг дээр сумаар заагаад эхлэх дуусгах өдрийг бичсэнийгээ тайлбарлаж байхад аймгийн намын хорооны дарга Ш.Хасбазар гуай тохиолдлоор орж ирж таарсан юм. Үйлдвэрлэлд олон жил ажилласан туршлагатай агрономич тэр хүн манай аж ахуйн удирдлагуудтай түр уулзахдаа миний үзүүлж буй зургийг зэрвэсхэн хараад өнгөрснийг хойно арай дэлгэрэнгүй хэлье.
Намар тийшээ хураалт эхлэх ойртож миний хүрээлэнд шилжих асуудал бага зэрэг нааштай болж байтал ургац тогтоолтоор Зүүнхараа улсад дээгүүр орж “Үнэн” сонины сурвалжлагч ирээд аж ахуйн даргын зураг авах гэтэл дарга маань агрономичтойгоо цуг тариан дунд зургаа даруулах санал хэлжээ. Би гэдэг хүн дараа нь юу болохыг мэдэхгүй баярласаар зургаа авахуулсан маань хүрээлэнд шилжихийг хойшлуулав. Үүний учир нь Сангийн аж ахуйн дарга Д.Дарамжав гуай намайг хүрээлэнд шилжүүлэхийг зөвшөөрөөгүй юм билээ. Халх голын байлдаанд хороо командлан тулалдаж гавьяа байгуулснаар барахгүй дараа нь Батсүмбэрийн сангийн аж ахуйн даргаар олон жил үр бүтээлтэй ажиллаж Хөдөлмөрийн баатар болсон тэр их нэр хүндтэй хүний үг үнэтэй байлгүй яах вэ. Гэхдээ бид хоёр үг хэлээ ололцож 1968 онд би хүссэн ажилдаа очиж чадсаны дээр 1970 онд аспирантурын шалгалт өгч тэнцээд судалгаа шинжилгээ хийх цаашдын зам маань шулуудаж билээ. Хүрээлэнд ирсний намар эрдэмтэн нарийн бичгийн дарга Жамц (нэрийг бага зэрэг өөрчилж бичив) бааз аж ахуйнхаа хураалтын ажлыг шалгаж хаягдлын хэмжээг тодорхойлох зорилгоор очихдоо тэдний хадаж мөрлүүлсэн тариан дээгүүр машинтайгаа гараад явчихсан нь хэрдээ л шуугиан тарилаа. Хүрээлэнгийн захирал Л.Бадарч байгууллагын нэр төрд муу юм боллоо гэж Жамцыг зэмлээд, үүнээс хойш сангийн аж ахуйнуудын ажилд хяналт тавих, зөвлөгөө өгөхөд үйлдвэрлэл мэддэг хүн явуулж байх болсноор барахгүй бүр над дээр буусан юм.
Голдуу хавар намар Сэлэнгийн сангийн аж ахуйнуудаар хүрээлэн, Хөдөө аж ахуйн яамны томилолтоор явж тарилт, хураалтын ажилд нь зөвлөгөө өгч ирээд баахан илтгэх хуудас бичдэг байлаа. Энэ нь тухайн үедээ судалгааны ажилд маань саад болдог нэмэлт ачаалал байсан болохоор би аль болохоор явахгүйг бодно. Үүнийгээ Бадарч захиралд хэллээ. Гэтэл тэрбээр “Цаадуулын чинь ихэнх нь жилд 500 мм-ээс дээш тунадас буудаг хар шороон хөрстэй бүс нутгийн тариалангаар хичээл заалгасан агрономууд. Тэднийг одоохондоо үйлдвэрлэлд явуулмааргүй байна. Жамц ноднин бааз аж ахуйдаа хураалтын хаягдлыг тодорхойлох гэж очоод юу болсныг чи мэднэ шүү дээ” гэхэд нь би ганц ч үг хэлж чадалгүй гарсан билээ. Бадарч захирал өөрөө Ташкентэд дээд сургууль төгссөн агрохимич хүн болохоор хуурай халуун уур амьсгалтай нутгийн тариаланг сайн мэдэхээс гадна шинжлэх ухааны байгууллагын чадвартай удирдагч байсан юм.
-Хэдийнээс эрдэм судлалын ажлаа эрхлэх боломж олдсон бэ?
-1971-1974 онд Казахстаны Алма-Ата хотод аспирантурт, 1988-1990 онд Омск хотод докторантурт суралцахдаа хавар ирж Зүүнхараа, Дарханд туршлагаа тавьж, зун ажиглалт судалгаа хийгээд намар буцдаг ажилтай, бодол санаа ганцхан чиглэлд төвлөрөөд мөн ч сайхан байжээ. Одоо эргээд бодоход миний амьдралд хамгийн сайхан он жилүүд тэр үед л өнгөрчээ. Намайг аспирантурт суралцаж байхад Монголын парламентын төлөөлөгчид Казахстанд айлчилж бүрэлдэхүүнд нь Сэлэнгэ аймгийн Намын хорооны дарга Ш.Хасбазар гуай явж байхыг хараад очиж уулзлаа. Тэд хэдийгээр цаг зав багатай байсан ч нэлээд зүйлийг ярилцаж амжлаа. Эцэст нь хэдэн жилийн өмнө Зүүнхараагийн сангийн аж ахуйн тариаланчдын семинар дээр миний ярьж байсныг сануулж “Энэ хавар аймгийн зөвлөгөөн дээр чи хаврын тариалалт хийх технологийн зөвлөмж хэлэлцүүлэх хэрэгтэй. Мөн Казахстаны эрдэмтдийн судалгааны үр дүнгээс сонирхуулах маягаар хэлж өгвөл зүгээр. Эднийх чинь хөрсийг салхинаас хамгаалах талаар Зөвлөлт холбоот улсад тэргүүлж яваа биз дээ” гэлээ.
-Хасбазар даргынхаа зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлсэн үү?
-Хавар ирээд туршлага тавих бэлтгэлээ ч хийж амжаагүй байхад захирал Бадарч гуайн дуудсанаар орвол эрдмийн зөвлөлийн гишүүдийн ихэнх нь ирсэн байна. Захирал хаврын тариалалтад баримтлах технологийн зөвлөмж боловсруулах, түүнд ямар асуудлуудыг тусгах талаар өөрийнхөө санаа бодлыг танилцуулсны дараа бидний саналыг асууж ярилцлаа. Эцэст нь надад шөнийн суудлаар яваад өглөө буумагц намын хороон дээр оч гэхэд нь би өнөөх Алма-Атад Ш.Хасбазар даргын ярьсан асуудал гэдгийг ойлголоо. Манай орны хавар тариачин хүнийг ингэж л цаг наргүй зүтгүүлдэг болохоор захирлын хэлснээс гажих арга байхгүй. Энд миний хэлэх гэсэн санаа бол Сэлэнгэ аймаг тариа ургуулах технологийн бодлогоо анх удаа судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулах оролдлого хийсэнд оршино.
Зөвлөгөөнд урилгаар ирж оролцсон Буриадын эрдэмтэн В.Б.Бохиев зөвлөмжийг судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан нь шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хамгийн дөт зам гэдгийг онцолж хэллээ. Үг хэлсэн хүмүүсийн зарим нь түүний хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлж байлаа. Тэр жил буюу 1975 оны зун цаг агаарын нөхцөл сайхан байсан учраас их ургац авч, хураасан тариагаа багтаах агуулах савгүй Улаанбаатар, Дархан, Сүхбаатар хотуудад засмал зам дээр овоолж байсныг олон хүн мэднэ. Гэхдээ үүнийг ганцхан зөвлөмжтэй холбож хэлэх гээгүй, цаг агаар голлож нөлөөлсөн юм. Атрын анхдугаар аян иймэрхүү өнгө аястай өрнөж байлаа.
-Хоёр дахь аяны өрнөл ажил үйлсийг та бас сайн мэдэх хүн. Энэ аян яаж эхэлсэн бэ?
-Атрын хоёрдугаар аяныг ихэвчлэн хуучин аж ахуйнуудын тасаг юм уу бригадуудын талбайг атар хагалж өргөтгөх замаар хэрэгжүүлсэн учраас тракторч, комбайнчид өөрсдийнхөө гэрт гэр бүлээрээ амьдарч, гаднаас шинээр ирсэн залуучууд нэг талдаа тогооч, гал тогоотой нийтийн вагонд суун шөнө даарахын зовлонгүй амардаг байлаа. Байр үргэлж дулаахан, үдэш орой ажлаас буугаад ирэхэд нүүр гар угаах ус бүлээн, хоол унд халуун, трактор комбайны аль нь ч нар салхинаас халхлах бүхээгтэй болсон үед хоёрдугаар аяныг хэрэгжүүлсэн билээ.
Ургац бол тариаланч хүний хөдөлмөр, бүтээл, мэдлэгийн хэмжүүр юм. Бид сая хэлсэн их ургацтай намар ургацаа хураахаар дуу шуугиантай Бороо голын адагт очоод байтал хүрээлэнгийн захирлаас яаралтай дуудлага ирлээ. Захирал маань чамайг маргааш өглөө есөн цагт Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтэс дээр бэлэн байлга гэсэн. Одоо ороод боловсон хүчнээс томилолтоо ав гэлээ. Дуудсан газарт нь ирээд Элдэв-Очир агрономичоос ойрын үед болох арваннэгдүгээр бүгд хуралд Н.Жагварал даргын тавих илтгэлийг бичих ажлын хэсэгт орсныг мэдлээ. Тэнд Элдэв-Очироос гадна Төв Хорооны хөдөө аж ахуйн хэлтсийн орлогч эрхлэгч Я.Цэгмэд, Хөдөө аж ахуйн яамны ерөнхий агрономич Ц.Өөлд нар сууж байна. Намайг ормогц “За ажлын хэсэг бүрдлээ. Одоо оръё” гэсээр босоцгоов.
Н.Жагварал дарга бидэнд жилд нэг сая тонн тэжээлийн нэгжтэй тэнцэх хэмжээний тэжээл үйлдвэрлэх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тэжээлийн аж ахуй арвыг шинээр байгуулах, бас одоо эхлээд байгаа хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах арга хэмжээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлын явц удааширч буйг анхааруулаад илтгэлд орох гол асуудлууд, тэдгээрийн дарааллыг хэлж өглөө. Н.Жагварал гуай бол Намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, хөдөө аж ахуй болон бусад хэд хэдэн салбарыг хариуцсан нарийн бичгийн дарга, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, академич хүн. Төв хороонд очихоосоо өмнө Хөдөө аж ахуйн яамны сайд байсан, салбараа сайн мэддэг удирдагч гэлцдэг байсан. Он гарсны дараа арваннэгдүгээр бүгд хурал болж уг илтгэлийг хэлэлцэн атрын хоёрдугаар аяныг эхлүүллээ.
-Аяны ажил чухам яаж, ямар ажлаас эхэлснийг тодруулаач?
-1977 онд шиг санагдаж байна. Сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуйнуудыг Хөдөө аж ахуйн яамнаас салган Сангийн аж ахуйн яам болгож сайдаар нь Х.Банзрагч, нэгдүгээр орлогч сайдад Ш.Гунгаадорж томилогдсон сураг гараад удаагүй байтал хаврын тариалалт хийх технологийн зөвлөмж боловсруулж яамны коллегиор хэлэлцүүл гэсэн Гунгаадоржийн гарын үсэгтэй албан бичиг хүрээлэнд иржээ. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг миний хариуцдаг нэгж буюу газар тариалангийн секторт ногдох нь тодорхой. Ингээд хөрсийг элэгдлээс хамгаалах талаар нэлээд дэлгэрэнгүй тусгасан зөвлөмж бичиж хэлэлцүүллээ. Хурлыг Ш.Гунгаадорж удирдаж тэд намайг нэлээд хөлсөллөө. Тариалангийн талбайн хөрс элэгдэл эвдрэлд нэрвэгдэж байна. Ялангуяа уриншлах хугацаанд энэ процесс маш эрчимтэй явагдаж байхад та нар өдий хүртэл түүнтэй тэмцэх дорвитой арга технологи боловсруулаагүй байна гэж үг хэлсэн хүн болгон л биднийг буруутгалаа. Хурлын төгсгөлд Ш.Гунгаадорж талбайг уриншлахдаа гадаргуу дээрх гуурсыг нь устгахгүй байх арга байна уу гэж асуухад нь “Одоогоор тийм арга байхгүй. Зурваслахад зэргэлдээх гуурстай хэсэг нь салхины хурдыг бууруулж уриншлийг хамгаалдаг” болохыг хэллээ. Мөн Казахстанд талбайг уриншлахдаа гуурс сүрлийг нь устгадаггүй машинууд үйлдвэрлэж эхэлж байгаа ч 40 сая га эргэлтийн талбайтай улс эхний ээлжид өөрийнхөө хэрэгцээг хангана байх гэдгийг ч хэллээ. Тэр үүнийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа ч ямар учраас асуусныг би одоо хүртэл ойлгоогүй явна. Коллегийн хурал зөвлөмжийг батлахдаа зурваслан тариалах аргыг үйлдвэрлэлд яаралтай нэвтрүүлэх асуудал гол заалт болж орсон юм.
Миний хувьд дэд эрдэмтний зэрэг хамгаалсан сэдвийнхээ дагуу хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах аргуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудал байлаа. Тэр үед энэ талаар бидний хийж чадах ажил нь зурваслан тариалах байсан болохоор Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Номгон, Орхонт, Туул, Дархан, Төв аймгийн Архустай, Борнуур, Хөвсгөлийн Тариаланд талбайг зурваслах ажлыг эхэллээ. Манайх шиг тариалангийн талбай нь толгод, хотгор гүдгэр дамжсан газарт ихэнхдээ зурваслаж болохгүй талбай байдаг юм байна. Зурвас нь салхины чиглэл, усны урсгалын аль алиныг хааж байх ёстой. Гэтэл тийм байрлалтай талбай ховор тааралдана.
Гэхдээ бид зогсолтгүй зүтгэсний хүчинд зурвасласан талбайн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр л байлаа. Эцэст нь зурвасанд шилжүүлэхэд тохиромжгүй гэж үлдээгээд байгаа тэр олон талбайн хөрсийг яаж хамгаалах вэ гэдэг дээр ярилцаад, хэдийгээр бэрхшээл ихтэй ч тойроглон зурваслах аргыг сонгож авсан аж ахуйнууддаа ядаж нэг нэг талбайд хийхээр шийдлээ. Зүүнхараад 119 га, Дарханд 86 га талбайг тойроглон зурваслаад цааш нь ахиулж чадалгүй түр саатаж байтал Алтанбулагт нэг боломжийн талбай таараад ажлаа эхэлсэн боловч дуусгаж чадалгүй орхисон. Хөрс хамгаалах тойроглосон зурвас нь хөрсийг салхи усны аль алиных нь хөнөөлөөс хамгаалж чаддаг, бас салхины чиглэл, усны урсгалын зүг чиг яаж ч өөрчлөгдөж байсан ч ач холбогдол нь буурдаггүйгээрээ онцлогтой арга юм. Манайд одоохондоо ашиглагдахгүй байгаа хазгай налуу газруудыг ирээдүйд тариаланд ашиглахад тойроглон зурваслах, шатлах арга гол үүрэг гүйцэтгэнэ байх.
Манай орон шиг цаг агаарын нөхцөл нь жил жилээр байтугай сар өдрөөр өөрчлөгдөн хувирч байдаг бүс нутгуудад улирлын эхэнд Ус цаг уур орчны шинжилгээ, мэдээллийн хүрээлэнгээс гаргадаг дулааны улирлын цаг агаарын төлөв ба урьдчилсан мэдээнд тулгуурлан тариалангийн технологийг боловсруулах явдал чухал юм. Үүнийг бид Сэлэнгэ аймагт 1975 оноос, улсын хэмжээнд 1977 оноос эхлэн хийснээр хөрсний хийсэлтийг мэдэгдэхүйц багасгасан боловч бүр зогсоож чадаагүй юм.
-Энэ аяны өгөөж, үр дүн юу байсан бэ?
-Атрын хоёрдугаар аяны сүүлчийн жилүүдэд манай үр тарианы хураасан нийт ургацын хэмжээ 839.1 мянган тонн, үүнээс буудай 686.9 мянган тонн, малын тэжээл үйлдвэрлэл нэгжид шилжүүлснээр нэг сая тонноос давж, төмс 155531 тонн, хүнсний ногоо 59473.6 тонныг хурааж байлаа. Ийм үр дүнд хүрэхэд Хөдөө аж ахуйн яамыг удирдаж байсан Ш.Гунгаадоржийн нөлөө их болохыг дурдах ёстой. Гэвч эдгээр үзүүлэлтүүд, үүнээс буудайн ургац 1990 оноос эхлэн буурсаар 2005 онд ердөө 73.5 мянган тонн хүртлээ унасан юм. Энэ бол нийгмийн системийн өөрчлөлтөөс болж учирсан, нэг ёсондоо тойрч болохгүй зовлон байсан байх. Гэвч Казахстан, Киргиз зэрэг байгалийн нөхцөл болон нийгэм-эдийн засгийн хөгжлөөр манайтай ойролцоо Дундад Азийн орнуудад ургац ингэтлээ буураагүй өнгөрсөн л юм билээ.
-Манайх атрын гуравдугаар аяныг өрнүүлснээр ямар үр дүнд хүрсэн бэ?
-Засгийн газраас 2008 онд Атрын гуравдугаар аяныг хэрэгжүүлэх шийдвэр гаргахын тулд Сэлэнгэ, Төв болон бусад газруудад хурал цуглаан зохион байгуулж хэлэлцүүлэг хийсэн. Газар тариалангийн үйлдвэрлэлийн уналтыг зогсоох талаар олон хүн санаа бодлоо хэлсэн байх. Ингээд С.Баярын тэргүүлж байсан Засгийн газар шийдвэрээ гаргаж атрын гуравдугаар аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш буудай, төмсний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнсний ногоогоор хангах босгон дээр ирээд байна. Уурын халаагууртай, халуун хүйтэн устай байранд сууж, Жийп машинаар ажилдаа очдог болсон үед энэ аян хэрэгжиж байна.
Манай ахмад тариаланчид уг аяныг Монголын газар тариаланг сүйрлээс аварсан гуравдугаар аян гэж нэрлэдэг юм. Гэхдээ одоо хүртэл дал, наяад оны түвшинд хүрч чадаагүй байна. Ийм учраас газар тариалангийн үйлдвэрлэлийг шинжлэх ухаанжуулах нь энэ салбарын хойшлуулж болохгүй зорилго юм.
Дуусаагүй ярианы төгсгөл
Эрдэмтэн зохиолч Л.Түдэв 1956 онд Алтай нутагтаа очин багшлах болжээ. Тэрбээр аймгийн төвийн 10 жилийн сургуульд 1956-1959 онуудад багшилж байх үед анхны шавь нарынх нь нэг Б.Дорж байжээ. Дунд сургуулиа дүүргэж, эрдмийн аянд мордсон ангийнх нь шавь нараас анхлан цол хүртэж эрдэмтэн, газар тариалангийн нэртэй том зүтгэлтэн болсон нь Бэгзийн Дорж юм. Эрин зууныг эзэлсэн их соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуайгаар хичээл заалгаж, эрдэм номын их аянд мордсоноос хойш энэ эрхэм хаврын хавсарга, намрын хурц нарыг үл ажран, хаяа хязгаар нь харагдамгүй тариан талбайд цаг нартай уралдан хоёр зууныг дамнуулан ажиллахдаа судалгаа шинжилгээний ажлаа ч хамт хийсээр өдгөө хүрчээ. Хавар болохоор атар газар түүнийг дуудаж, намрын намарт халиуран найгах их тариа түүнийг даллан дуудсаар байдаг аж. Тарьсан тариа соёолон ургах, намар алтан шаргал тариа халиуран угтахыг харан нүүр дүүрэн баясал тодруулан зогсох нь түүний энэ насны жаргал юм. Саяхан тариан талбайгаа эргэж, Дархан, Жаргалант, Борнуураар ороод ирснээ баяр баясалтайгаар өгүүлж “Газар сайхан чийгтэй, хөрс үр суулгах гүндээ 20 хэмийн дулаантай байна. Эхэлж тариалсан талбайн үр соёолж эхэлжээ. Манайх өнөө жил арвин ургац авах боломж бүрджээ” хэмээн сэтгэл нэн хангалуун яриагаа ер дуусгах янзгүй хөврүүллээ.
-Ярилцсан танд баярлалаа.
СГЗ, сэтгүүлч Н.Бөхдамбий
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар