Б.Энхтөр: Баярцогтын хүү, Саранцэцэгийн эрхийн балай ээждээ амласнаа биелүүлэхийн төлөө хичээж яваагаа харуулна
Дэлхийн нүцгэн гарын тулааны хамгийн том холбоо болох "Bare Knuckle Fighting Championship" (BKFC)-д Ази тивийн төлөөлөл болон тулалдаж буй монгол тулаанч Б.Энхтөрийг “Дугаарын зочин”-оор урилаа.
Дэлхийн нүцгэн гарын тулааны хамгийн том холбоо болох "Bare Knuckle Fighting Championship" (BKFC)-д Ази тивийн төлөөлөл болон тулалдаж буй монгол тулаанч Б.Энхтөрийг “Дугаарын зочин”-оор урилаа. АНУ-ын “First Round Fight” холбооны 2024 оны хөнгөн жингийн аварга тэрбээр “Алдар” спорт хороонд харьяалагдаад удаагүй байгаа юм.
-Таны тулаан, карьер, бэлтгэл сургуулилалт гээд бараг бүх зүйл Америктай салшгүй холбоотой. Ийм боломжийг бүрдүүлж тулааны жим татахад тань хэн тусалсан бэ?
-Тулааны спортын дэлхийн супер холбоод Америкт байдаг. Тэнд тулалдах боломж хэрхэн гарсныг ярих болбол багахан түүхээр эхлүүлэх нь ээ. Би тулааны спортоор 26 настайгаасаа хичээллэсэн. Бусадтай харьцуулахад хожуу л даа. Багын хөдөлгөөнтэй, спортод элэгтэй болохоор Монголдоо ганц нэг тулаанд ороод мэдрэмж авчихсан. Гудамжнаас дэвжээн дээр шууд гарсан учраас ялж, ялагдахын дэнсэн дээгүүр явж байлаа. Тийм үед Америкийн “Dragon house” холбоо, заалны эзэн Зон Луо Монголд ирсэн юм. Энэ хүн америк иргэншилтэй хятад хүн. Тухайн үед буюу 2019 онд “Zorky’s MMА” клубийг үүсгэн байгуулагч У.Зоригтын урилгаар Монголд ирэхэд танилцсан нь хожмын нөхөрлөлийн эхлэл болно гэж хэн санах билээ. Зон Луо миний талаар сайн мэдэхгүй мөртлөө “Би чамайг Америкт аваачиж аварга болгоно” гэж хэлсэн. Гэхдээ хамгийн хэцүү нь миний төрсөн ах, эгч Америкт цагаачилсан учраас виз гардаггүй. Зургаан удаа Америкийн визэнд ороод гараагүй шантарсан үед Зон Луо надад итгэл өгсөн. 2022 оны дөрөвдүгээр сард визэнд орж долоо дахь оролдлого маань бүтэмжтэй болсноор би Америк явах боломжтой болсон.
-Тулаанчдын дунд байгаа хүн гярхай, мэдрэмжтэй байх нь ойлгомжтой. Гэхдээ та өөрийгөө Зон Луод ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй бол харилцаа холбоо үүсэхгүй байсан болов уу?
-“Zorky’s MMА” клубийн У.Зоригт багш 2019 онд MFC тулааныг Монголд зохион байгуулахад би анх Зон Луотай уулзсан.
Хүнтэй шулуухан харилцдаг зан чанар маань түүнд ойр санагдсан байж магадгүй. Бид уулзаж ярилцаад нэг өдөр Улаанбаатарын түүх соёлын онцлогтой газруудаар явсан. Түүний “Dragon house”-ын бэлгэ тэмдэг нь луу байдаг болохоор би Зон Луод луутэй гинж бэлэглэж, монгол хоолоор дайлсан нь сайхан сэтгэгдэл үлдээсэн байх. Харь элгийн хүн мөртлөө надад маш сайн ханддаг. Дэлхийн нүцгэн гарын тулааны хамгийн том холбоонд ороход намайг дэмжиж, одоо бид дараагийн тулаандаа бэлдэж байна.
-Ярилцлагаа таны Америкт хийсэн анхны холимог тулаанаар үргэлжлүүлье. Америкт хийсэн эхний тулаанаас юу сурсан бэ?
-2022 оны тавдугаар сарын 22-нд би Америкт анхны тулаанаа хийсэн. Тулаанаас хэд хоногийн өмнө Монголоос хоёр сайн тулаанчтай хилийн дээс алхаж байлаа. Нөгөө хоёр маань спонсортой. Харин намайг дэмжих хэн ч байгаагүй. Машинаа 12 сая төгрөгөөр зарж бүгдийг зохицуулаад ямар ч гэсэн эхний тулаанаа хийхээр болсон.
-Бооцоондоо доллар атгах хүнд төдий хэмжээний зарлага гаргах асуудал биш байсан биз?
-Яалаа гэж дээ. Миний анхны тулааны бооцоо 500 ам.доллар байсан. Гэхдээ тулааныг мөнгөтэй дүйцүүлж болохгүй. Яагаад гэвэл, Америкт хийж байгаа миний анхны тулаан шүү дээ. Дээр нь 20-оод жил уулзаагүй эгчтэйгээ уулзах боломж надад олдсон. Тийм болохоор машинаа зарсандаа харамсаагүй. Хамгийн гол нь анхны учраа байсан Португалын тамирчныг 31 секундэд ялсан. Ковидын үе буюу 2019-2021 онд бэлтгэлээ тасралтгүй хийж өөртөө итгэлтэй байсан болохоор 2022 онд бэлтгэлийнхээ үр дүнг үзэхээр шийдсэн нь энэ тулаан байсан юм. Америкийн дэвжээ надад ээлтэй. Эхэлсэн шигээ удаах тулаанууд үргэлжилж одоо амжилтаа ахиулаад явж байна.
-Ой тойнд мартагдахааргүй үлдсэн тулаанаа хэзээ хийж байв?
-Анхны тулаанаа хийгээд Монголд ирэхэд улс, эх орныхоо нэрийг гаргасан гээд намайг хүмүүс дэмжиж эхэлсэн. Удалгүй дараагийн тулааны тов гарч, намар нь Америк явахаар болсон юм. Эхний тулааны өмнө би 102 кг жинтэй байсан. Тулалдахын тулд жингээ 90 кг хүртэл хассан. Хоёр дахь тулаанаа хийхийн тулд мөн л жингээ 77 кг болгох шаардлагатай болсон. Бэлтгэлээс бэлтгэлийн хооронд цаг өнгөрч хоёр дахь тулаанаа хийхээр Америк руу явсан. Энэ үед хэзээ ч мартахааргүй тулаанаа хийснийг тулааны спорт сонирхогчид анддаггүй. Хоёрдугаар үед би өрсөлдөгчдөө цохиулж унаад 21 удаа цохиулсан. Хүн хэцүү байдалд орохоор олон удаа давтаж байсан зүйл л хамгийн түрүүнд орж ирдэг юм билээ. Тэр давтамжаараа өрсөлдөгчөө цохиж унагасны дараа хэдэн цохилт хийж тулаанаа дуусгасан. Хүүхэд байхдаа дүрсгүйтэж байгаад ус залгиад амьсгалж чадахгүй болохоор хүндхэн нөхцөл байдалд ордог шүү дээ. Яг л тийм зүйл дараалан нүдүүлээд хэвтэж байхад бодогддог юм билээ. Машинаа зарж анхны тулаанаа хийгээд спонсортой болоод хоёр дахь тулаандаа ялагдана гэхээр төсөөлж ч чадаагүй. Яг зодуулж байхдаа “За, Төрөө минь одоо ингээд дуусвал спонсоргүй ч болно, карьерын талаар бодоод ч хэрэггүй” гэж бодогдсон. Тэнгэр ивээсэн юм уу тэмцсээр байгаад босож тулаанаа дуусгасан даа.
-Анхны тулаанаас хойш их жин хаясны дараа сэргэлт аваагүй дэвжээн дээр гарчихаж?
-Эхний тулаандаа ялсан хүн чинь их урам авчихдаг юм билээ. Хилийн дээс алхаж, эх орныхоо туг далбааг мандуулаад, дээр нь өрсөлдөгч тамирчнаа ялчихаар жин хасах бол юу ч биш. Дараагийн тулаанаа бушуухан хийх юмсан, амжилтаа ахиулах юмсан гэж л бодогддог. Товчхондоо, тулаан хүнийг донтуулдаг. Гэхдээ үүнийг байх ёстой зүйл гэж бодсон. Яагаад гэвэл, хүн хийж байгаа зүйлдээ орж, донтож байж амжилт гаргана уу гэхээс “Оролдоод үзье” гэвэл спорт биш болчихно. Тулааны спорт экстрим бас эрсдэлтэй. Гэсэн ч дуртай зүйлээ хийж байгаа болохоор ухрах тухай бодол огтхон ч төрдөггүй.
Итгэл, зориг бөхөөгүй цагт ухрах бодол төрөхгүй
-Хөгжөөн дэмжигчдийн нүргээн, дуу хөгжим, заалны хурц тод гэрэл гээд тулаан эхлэхээс өмнөх халгиулсан мэдрэмж заримдаа тамирчны итгэлийг бадраадаг. Гэтэл тулалдаад удаагүй танд спонсороос эхлээд дутуу дулимаг зүйл байсан. Тэр дутуу бүхнийг юугаар дүүргэж байж та дэвжээн дээр итгэлтэй зогсдог байсан юм бэ?
-Холимог тулаанаар амжилт гаргахаас өмнө 2020, 2021 онд долоон сарын зайтай би аав, ээжийгээ алдаж байсан. Ээж минь сэхээнд орохын өмнө өндөр хэмтэй халуурч байхдаа “Миний хүү хэзээ нэгэн өдөр аварга болоод “Ээж ээ” гэж орилно, тийм ээ” гэж хэлсэн нь санаанаас хэзээ ч гардаггүй. Эцсийн захиас шиг намайг дэрлэж сууж байгаад хэлсэн тэр үг зүрхэнд хадагдах шиг л болсон. Бодвол ээж минь их халуундаа санаж бодож явсан зүйлээ хэлсэн юм байлгүй. Тэр өдрөөс хойш би “Ээждээ амласандаа заавал хүрнэ” гэж бодсон. Амьд сэрүүн байхад нь тулаандаа хэрхэн амжилттай оролцож байгаагаа харуулж чадаагүй. Гэхдээ одоо ч гэсэн намайг олон хүн харж байгаа. Баярцогтын хүү, Саранцэцэгийн эрхийн балай ээждээ амласнаа биелүүлж байгаагаа харуулахын төлөө хичээнэ. Тулалдаж эхлээ ч үгүй байхад зарим хүн намайг “Чадах уу” гэж чамлаж байсныг санаж байна. Итгэл, зориг бөхөөгүй цагт ухрах бодол төрөхгүй. Бэлтгэлээ илүү сайн хийнэ. Зорилгодоо хүрэх хаа ч байсан юм. Би долоо хоног бүр 10 километр гүйдэг. Амьдралын сорилт тулаад ирэхээр зорилгоо бодож өөрийгөө хурцалдаг. Ер нь хүрэх газар тодорхой, зорилгоо тодорхойлсон болохоор хазайхгүйг хичээнэ. Бас хамгийн хайртай, эрхэм хүндээ амласан болохоор сэтгэл зүйн хувьд ч дэмжих шиг болдог юм. Дээрээс нь би их шүтлэгтэй. Тулааны өмнө алгаа дэлгэн аав ээж, тэнгэр бурхандаа залбирдаг. Ээж минь их шүтлэгтэй хүн байсан. Намайг өөр шигээ шүтлэгтэй болгосон учраас тэнгэр шүтлэг, байгаль дэлхийгээсээ маш их хүч авдаг.
-Тулаанд ялахын хэрээр урам орно, бяр амтагдана. Гэхдээ чиглүүлэх багш дасгалжуулагчгүй бол дов тойрохоос хэтрэхгүй?
-Би 2017 оноос тулаанаар хичээллэж эхэлсэн ч 2018 онд түр завсарласан. Миний хийх зүйл биш юм байна гэж бодсон. Тэр үед У.Зоригт ах надаас “Чамд тулаанч болох хүсэл байна уу” гэж асуухад нь бодлоо хэлж тэр цагаас багштай хамт бэлтгэлээ хийсэн. Энэ хүн миний амжилтын салшгүй нэг хэсэг. Харин намайг тулааны чиглэлээр бэлдсэн хүн бол Монголын боксын шигшээ багийг олон жил ахалсан Д.Ганзориг багш. Миний амьдралд олон сайхан хүн тохиолдлоор таарч тус болсон удаа олон. Тэдний нэг Н.Отгонбаатар ах маань намайг Д.Ганзориг багштай уулзуулсан. Багшийн шавь нараас тив, дэлхийд данстай тамирчин олон төрсөн. Спортоор хожуу хичээллэсэн намайг Д.Ганзориг багш бүдүүн хөшүүн гэж бодохгүйгээр сэтгэл гаргаж өнөөдрийн миний тулааны арга барил, цохилтын техник, хүч гээд бүх зүйлийг суулгасан. Би найм дахь тулаанаа хийхдээ багштайгаа Америк руу явсан. Тухайн үед би боксынхоо багштай очоод өрсөлдөгчөө боож ялж байсан. Багштайгаа хийсэн тулаандаа ялалт байгуулж Америкт аваргын бүсний төлөө тулалдах эрхээ авч байлаа.
-Та бокс суурьтай учраас нүцгэн гарын тулаанаар карьераа үргэлжлүүлсэн байх нь?
-Энэ шийдвэрийг гаргахдаа “Миний давуу тал юу вэ” гэж бодсон. Үргэлжлүүлэн тулалдаж чадах байсан учраас Дэлхийн нүцгэн гарын хамгийн шилдэг холбоотой Зон Луо менежер маань холбож өгсөн. Уг нь тэр намайг “Холимог тулаанаа үргэлжлүүл, ялагдсан ч чамд дахин боломж гарч ирнэ” гэж хэлж байсан. Гэхдээ тэр үед би ямар ч сэтгэлгүй болчихсон байсан учраас карьерынхаа хувьд чухал шийдвэрийг гаргасан. Би барилдах дургүй, зодолдох дуртай. Тийм учраас Дэлхийн нүцгэн гарын тулааны холбооны тамирчин болсон. Энэ бол маш эрсдэлтэй спорт. Нүцгэн гараараа зодолддог болохоор менежер маань намайг хайрлаад байсан байх л даа. Гэхдээ би “Энэ холбоонд орохыг үнэхээр хүсэж байна, чадна” гэж гуйсаар байгаад BKFC –д үзээд алдахаар болсон.
-Холбооны сонгон шалгаруулалтад тэнцэхийн тулд ямар даваануудыг давсан бэ?
-Энэ холбооны сонгон шалгаруулалт АНУ-ын Аризона мужид болох гэж байна. Намайг тэнд очоод үз гэж Зон Луо хэлсэн. Тухайн үед BKFC-ны сонгон шалгаруулалтад 198 тамирчин бүртгүүлснээс тавыг нь л авна гэсэн. Нэмэх 45 хэмийн халуун, цементнээс нь төөнөдөг газар гадаа дөрвөн цагийн турш гүйлгэж, бэлтгэл хийлгэж, тамирчдын ур чадварыг харахын тулд хооронд нь тулалдуулсан. Ерөнхийдөө Аризонад очоод удаагүй болохоор цагийн зөрүү ч гараагүй. Санасандаа хүртэл өөрийгөө харуулж чадаагүй. Сэтгэл дундуурхан дэвжээнээс буугаад ирэхэд UFC-д тулалдаж байсан Жо Риггс намайг дуудаад “Чи аравдугаар сард тулалдана шүү” гээд тулааны эрх шууд өгч байсан юм. Ингэж би 198 тамирчнаас хамгийн түрүүнд тулааны эрхээ авсан. Монголд ирээд бэлтгэлээ чамбайруулаад байж байтал тулаан арваннэгдүгээр сар хүртэл хойшилсон мэдээ авч хэдэн сарын дараа хамгийн олон үзэгчтэй тулаанаа Райан Петерсоны эсрэг хийж байв. Өрсөлдөгч маань нүцгэн гарын тулааны төрлөөр дөрөв тулалдсанаас гуравд нь ялалт байгуулсан. Бодвол намайг сураггүй нэг ази залуу гэж бодсон байх. Харин би түүнийг тулаан эхэлснээс хойш 22 секундэд буулгаж авсан байдаг юм.
-Тулаанаа эхлүүлэхээс өмнө гэр бүлийн хүнтэйгээ зөвлөлдсөн үү?
-Би хүүхэд байхын сахилгагүй талдаа. Ер нь захын хорооллын хүүхдүүд ноцолдож өсдөг дөө. Өөрөө зодолдож, ноцолдохдоо дуртай байсан болохоор нүцгэн гарын тулаан надад хол санагдаагүй. Анх тэгээс эхэлж байсныг бодоход одоо алдаж онохоо гадарлахтайгаа. Тодорхой хэмжээнд аварга болоод үзсэн, холимог тулаанаар өрсөлдөгчөө дандаа цохиж унагаж байсан болохоор хоёр гартаа итгэдэг. Харин гэр бүлийн хүн маань нүцгэн гараараа зодолдоод эхэлбэл үзэж чадахгүй байх гэж хэлж байсан. Гэхдээ ялаад ирсэн чинь хийсэн сонголтыг маань хүлээн зөвшөөрсөн. Манай тулаан сонирхогчид, багш нар “Чиний төрөл юм байна” гээд хүлээн зөвшөөрч байгаа юм шиг надад итгэл төрсөн.
-Эхний тулааны өмнө айдас байсан уу?
-Багахан айдас байлгүй яах вэ. Гэхдээ тулаан эхлэхийн өмнө өрсөлдөгчөө хараад “Америкчууд хэзээ гудамжинд зодолддог байсан юм бэ” гэж бодсон. Зориг байвал бүхнийг давна гэдэг шиг цаанаасаа ялахын төлөө яарсан. Өөрөө эхэлье, давшиж тулалдъя гэж бодсон. Нүцгэн гарын тулаан учраас түрүүлж тоншуулаад байвал их бага гэмтэл авна. Тийм болохоор ажиглаж байгаад түрүүлж цохиё, араас нь нэмнэ гэсэн тактиктай. Яг түүгээрээ ажиллаж тулаанаа өндөрлүүлж чадсан.
Дэлхийн нүцгэн гарын тулааны холбоонд орсон анхны ази тулаанч нь би

-BKFC-д танаас өөр ази тамирчин байгаа юу. Монголын хувьд анхдагч нь та байх?
-Дэлхийн нүцгэн гарын тулааны холбоонд орсон анхны ази тулаанч нь би. Түүнээс биш Америк, Тайландад болдог нүцгэн гарын тулаанд Монголоос хоёр залуу оролцсон байдаг. Муай-тай боксоор хичээллэдэг Мягмарсүрэн Тайландад зодолдсон. Б.Азжавхлан АНУ-ын Денверт нүцгэн гарын тулаан хийсэн байдаг.
-Ази тамирчин гээд өдөх, тулааны өмнө чамлаж басамжлах тохиолдол гардаг уу?
-Ер нь арьс өнгөний үзэл байгаа нь мэдрэгддэг. Ази тулаанч гэхээр намайг бассан ч байж магадгүй. Гэхдээ монгол хүний ген нь хаачих вэ дээ. Гараараа зодолдоод сурсан юм чинь тэднээс айна гэж юу байх вэ. Бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй. Би нүцгэн гарын ээлжит тулаанаа тавдугаар сарын 22-нд бразил тамирчинтай хийх байсан ч өрсөлдөгч маань надтай тулалдахаас татгалзсан. Мэргэжлийн тамирчинд рекорд чухал болохоор аль болох ялагдахгүй байхыг хичээнэ. Ялагдах нь тодорхой тамирчинтай таарахаас татгалздаг гэсэн үг. Бэртэл гэмтэлгүй мөртлөө тулаанаас татгалзсан болохоор ялагдахаас эмээсэн байх гэж бодож байна.
-Та ч гэсэн тэдний нэгэн адил өрсөлдөгчтэйгөө судалгаатай үзэж байгаа юу?
-BKFC-ны топ тамирчдын мэдээлэл Гүүгл-д байдаг. Тэдний тулааныг л байнга үздэг дээ. Бас дээд жингийн топ тулаанчдынхаа бичлэгийг үзнэ. Тулааных нь бичлэгүүдийг үзсээр байгаад сүүлдээ алинтай нь ч тулалдсан яах вэ дээ гэсэн бодолтой болсон (инээв).
-Тулалдахад их ухаан шаарддаг. Бяраар эсвэл азаар ялдаг амархан тоглоом биш. Та өрсөлдөгчийнхөө хийх мэх, хөдөлгөөнийг түрүүлж мэдэхийн тулд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?
-Би бодлын хүчинд итгэдэг. Хүн байгалийн амьтан. Тиймээс байгалиас энерги авах дуртай. Миний зорьж очдог овоо, хайрхан байдаг. Тэнд очихоороо дотроо дэвжээгээ төсөөлж өрсөлдөгчөө ялж байна хэмээн төсөөлж “Ялна” гэсэн бодлыг толгойдоо суулгадаг. Энэ нь нэг талаараа сэтгэлзүйгээ бэлдэж байгаагийн шинж. Дээр нь мэргэжлийн боксчдын тулааны бичлэгийг орой болгон үздэг. Хүний бие организм их ухаалаг. Юмыг харсаар байгаад бэлтгэл дээрээ очоод хийгээд үзэхээр хэнээр ч заалгахгүйгээр цэгцтэй хийж чаддаг үе байдаг. Цохилтууд шулуун, хажуу болон доороос хийж байгаа юм шиг мөртлөө тухайн үеийн байдлаас шалтгаалж өөрчлөгддөг. Энэ утгаараа мэргэжлийн тулаанчдын бичлэгийг дахин давтан үздэг. Эхлээд гарын цохилтыг харна. Ташаа нь яаж хөдөлж байна. Хөдөлгөөнийг хэрхэн шингээж байна. Дараа нь зөвхөн хөлийн хөдөлгөөнийг үзнэ. Ингэж бүгдийг нь хэсэгчлэн харахаар бичлэгийг илүү үр дүнтэй, үзсэн болдог. Гэхдээ хүн хүний бодол өөр. Миний хувьд тулааны спортод донтчихсон учраас бүхий л зүйлдээ ач холбогдол өгдөг.
-Та нараас асуумаар санагдаад байдаг юм. Цохиулахаар манардаггүй юм уу, цус асгараад байхад өвддөггүй юм уу?
-Мэдээж өвдөнө шүү дээ. Тэвчээрийн хязгаарыг шалгаж байгаа л хэрэг. Нэг удаа би мексик тамирчинтай тулалдахдаа хоёрдугаар раундад цохиж унагасан. Миний гэдэс рүү өшиглөсөн нь оновчтой болсон. Амьсгалахад эвгүй болж царайндаа хувирал үзүүлэх гээд болохгүй байхаар нь багахан жүжиглэж өвчнөө намдааж байсан удаа бий. Давтсан өшиглөлтийн дараа “Ямар хэцүү юм бэ” гэж бодно. Гэсэн ч ялахын төлөө тэвчинэ. Бүр нам дуусахгүй бол хазганаад ч болсон ялъя гэсэн бодолтой. Толгойдоо цохилт авсан ч нам уначихгүй л бол хөхрөх, хавдах дайны цохилт төдийлөн мэдрэгддэггүй. Өөрийгөө хамгаалахаар хийж байгаа өдөр бүрийн давтамжтай бэлтгэлүүдээ хийгээд байхаар хараа хүртэл ажиллана. Эд эсээрээ мэдэрч, хамгаалах систем ажиллана. Хүний бие их ухаалаг. Өвдөлтийг дааж авах, дасах мэдрэмжийг бэлтгэлээс авдаг. Байнгын давталтаар хүний биед суудаг спортын төрөл болохоор давталт, тэвчээр тийм бүх юмнаас бий болдог байх.
Өөртөө үнэнч байсан хүн л ялна

-Дэвжээн дээрх тулаан хэр үнэн, бодитой болж чаддаг вэ?
-Миний бодлоор бүхий л зүйл сэтгэлтэй холбоотой. Юманд дурлаад сэтгэлээрээ хандаад түүнийгээ хайрлаж зорилго болгох. Өдөр бүр бэлтгэлээ ганцаараа хийсэн ч гэсэн өөртөө үнэнч байж хийх ёстойгоо хийх хэрэгтэй. Тухайн өдөр хийнэ гэж бодсон зүйлээ цаг тухайд нь хийж амрах ёстой үедээ амрах ёстой. Тамирчин болохоор бүх юм нэг тойрогт орчихдог. Залуу нас юм чинь найзууд залгана. Заримдаа ажил гарч бэлтгэлээ хойшлуулмаар болно. Гэхдээ тэр үедээ өөртөө үнэнч байх хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлэхээр нэгэнт зорилго тавьсан бол өөрийгөө хуурч болохгүй. Хүмүүст “Үгүй” гэж хэлж сурах ёстой. Бүгдийг хослуулаад амжилтад хүрнэ гэдэгт би эргэлздэг. Тэгэхээр өөртөө үнэнч байсан хүн л ялна. Хүмүүс “Энэ гавьяат болсон тамирчнаас тэр нь илүү байсан” гэж ярьдаг. Хүн илүү хичээж байгаа учраас харсан тэнгэр нь түшнэ. Түүн шиг сахилга баттай байх нь их чухал. Сэтгэл зүрхээ зориулаад мөрөөдөлдөө үнэнч байж чадвал хүн амжилтаас атгах байх гэж бодож байна.
Би 26 наснаасаа спортоор хичээллэж эхэлсэн. Өнөөдөр зарим залуус хий хоосон мөрөөдөлд автаж, гэнэт баяжихыг хүсдэг болсон. Гэтэл спортод нас бол тоо. Хэрвээ өөрийгөө хөгширсөн гэж бодож байгаа бол залхуу байгаагийн илрэл. Түүнээс биш хэрвээ өгөгдөл байгаа бол 30 настай байсан ч спортоор хичээллэхэд оройтохгүй. Тэгэхээр энэ талаар бусдад мотивац өгч явах юмсан гэж хүсдэг. Би 26 нас хүртлээ аав, ээжийнхээ “чихнээс хонх уядаг” байсан. Спортоор хичээллэж, хичээж эхэлснээр найз нөхдийн хүрээллээ тэлж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд, ээждээ амласандаа хүрээд явж байгаагаа спортын буян гэж бодож, маш их баярладаг.
-Тулаанчдаас спортын хороонд данстай болсон анхны тамирчин нь бараг та байх. Одоо та 80 жилийн түүхтэй “Алдар”-аар овоглож байна уу?
-Би саяхныг хүртэл бүх зүйлийг хувиасаа хариуцаж явдаг байсан. Одооноос “Алдар” спорт хорооны тамирчин гэж дуудуулна. Аль нэг хүчний байгууллагад харьяалагдаад тулааны спортоор хичээллэж байгаа залуус бий. Харин цэрэг, цагдаагийн аль нэг байгууллагад дансгүй мөртлөө энэ хороонд харьяалагдсан тамирчин байгаагүй. Одоо надаас гадна Д.Батгэрэл ах, Т.Нямжаргал нар маань “Алдар” спорт хорооны тамирчин боллоо. “Алдар”-ын тамирчид төрийн их хар сүлдэндээ залбирч мөргөдөг. Одоо би харьяалагдах спорт хороотой, төрдөө үнсүүлж байгаа юм шиг цалин мөнгөнд хүрлээ. Ийм хамт олны нэг гэж нэрлүүлэх болсондоо маш их баяртай байна. Их үүрэг хариуцлага гэж хүлээж авсан. Тиймээс ногоон малгайгаа өмсөөд “Монгол Улсын төлөө зүтгэе” гээд явна даа.
-Эрсдэлтэй нүүдэл хийсэн болохоор илүү их бэлтгэлтэй байх шаардлагатай. Бэлтгэлээ хэрхэн баяжуулъя гэж бодож байна даа?
-Муай-тай боксын шилдэлцдэг арга барилаас суралцаж байна. Би арван жилийн сургуульдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. “Бизнесийн чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Давааням гэж Монголын дээд лигт олон түрүү үзсэн сайн багшийн шавь болж арван жилдээ олон сайхан амжилт гаргасан. Ер нь чөлөөт цагаараа аль болох сагсан бөмбөг тоглох дуртай. Байнгын боксын бэлтгэлийн дараа сагс тоглож сэргэдэг. Энэ нь нэг талаараа надад бэлтгэл болдог.
Монгол хүний генд нь бууж өгөх дургүй ой санамж суусан байдаг
-Монгол тулаанчдын онцлог нь юундаа байдаг вэ. Миний анзаарснаар цохиулах тусам урагшаа давшдаг юм уу даа?
-Монгол хүн шартай юм болов уу. Генд нь бууж өгөх дургүй ой санамж суусан байдаг байх. Миний ажигласнаар хамгийн том давуу тал нь дасан зохицох чадвар. Дээр нь дайчин удам нь хаачих вэ дээ.
-Спортод үе гэж юм байдаг. Таны нас 30 гарсан болохоор үүндээ санаа зовох үе байх юм уу?
-Дэлхийн нүцгэн гарын тулааны холбоонд 47 настай ч аварга байна. Тэгэхээр хүн сахилга баттай, бэлтгэл сургуулилалтаа таслахгүй хийгээд явбал хүний бие тийм айхавтар хөгширдөггүй юм шиг санагдсан.
-BKFC-ны хувьд таны зорьж буй ямар тулаан байна вэ?
-BKFC-ны захирал нь Конор Макгрегор гэж дэлхийн хамгийн их мөнгөтэй, хамгийн алдартай тамирчин. Тэр хүн хамгийн их буюу 25 сая ам.долларын шагналын сантай тулааныг зохион байгуулах гэж байна. Тэнд нь 32 тамирчин орно. Ялсан нь 15 сая ам.долларын шагналын сантай. Тулаанаас тулааны хооронд явж байгаад чансаа дээгүүр орж ирвэл энэ тулаанд орох боломжтой гэсэн бодлыг дотроо битүүхэн тээж яваа. Би BKFC чансаанд дэлхийн 216 тамирчнаас 33 дээр ороод ирсэн. Америкийн 40-өөд тамирчнаас долдугаарт эрэмбэлэгдэж байна. Дараагийн тулааны дараа эхний хоёр, гурав руу ороод ирэх байх. Тэгэхээр одоо надад чанартай хоёр тулаан л хэрэгтэй байна. Түүний дараа тэр тулаан эхэлбэл Монголын хувь заяа түших байлгүй дээ. Энэ жил болоогүй юм чинь дараа жилээс тулаан бараг эхэлчих болов уу. Тэр хүртэл ганц хоёр тулаан хийж чансаагаа ахиулаад бэлэн байж байя гэсэн бодолтой байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
"Монголын үнэн" сонины №022/24697/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.