Б.Мажинбуу Дөрөвхөн жилийн дотор үйлдвэр дагасан хот байгуулсан жишээ цөөн
Хотын гудамж, үйлдвэр, орон сууц бүрийн цаана түүнийг бүтээсэн мянга мянган хүний хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, залуу насны мөр үлджээ.
Хотын гудамж, үйлдвэр, орон сууц бүрийн цаана түүнийг бүтээсэн мянга мянган хүний хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, залуу насны мөр үлджээ. 1970-аад оны залуусын хөдөлмөр, зүтгэлээр сүндэрлэсэн хотын ойн өдрийг эрдэнэтчүүд жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-нд тэмдэглэдэг байна. Энэ өдрөөр Эрдэнэтийг барьж байгуулсан анхдагч, илгээлтийн эзэд, ахмад үеийнхний хөдөлмөр зүтгэлийг алдаршуулах, тэдний түүхэн гавьяаг залуу хойчдоо таниулан сурталчлах, төрөлх хотынхоо үнэт зүйл, хөгжил дэвшлээр бахархан бахдах утга агуулга бүхий олон хэлбэрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг болжээ. Тиймээс хотын 50 жилийн ойн өдрүүдийн хамгийн хүндтэй зочид нь илгээлтийн эзэд байсан юм.
-Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. 1951 онд төрсөн. Үеийн нөхдийнхөө нэгэн адил сургуульд орж, шат ахин суралцсаар, тухайн үеийнхний жишгээр амьдралынхаа замаа сонгосон хүн. ЗХУ-д баяжуулалтын инженер мэргэжил эзэмшиж төгссөн. Инженерийн дипломоо 1976 оны зургадугаар сард хамгаалж, эх орондоо буцах замд гарлаа. ЗХУ-аас хөдөлсөн галт тэргээр долдугаар сарын 1-нд Улаанбаатарт бууж, маргааш нь Геологи, уул уурхайн яамны томилолтоор Эрдэнэт хотод ирж байсан юм. Намайг Эрдэнэтэд ирэхэд их бүтээн байгуулалт аль хэдийнэ өрнөж, уулын баяжуулах үйлдвэрийн анхны обьектуудын суурь тавигдаж эхэлсэн байсан. Эрдэнэт хот ч Булган аймгийн Эрдэнэт хороо гэсэн статусаас салж, бие даасан хот болсон байв.
Төмөр зам шинээр тавьж, барилга байгууламжууд сүндэрлэж, эрчим хүчний дэд бүтэц бий болж байлаа. Анхны сургууль, соёлын байгууллага, олон нийтийн зориулалттай барилгуудын суурь ч тавигдаж эхэлсэн. Би 1976 оны наймдугаар сарын 3-наас “Эрдэнэт үйлдвэр”-ийн сургалтын төвд багшаар ажиллаж, дөнгөж байгуулагдах гэж буй үйлдвэрийнхээ анхны мэргэжилтнүүдийг бэлдэх, ажиллах хүчийг сургаж дадлагажуулах үйлсэд оролцсон юм. Тэр үеийг өнөөдрийн Эрдэнэттэй харьцуулах аргагүй. Одоо энэ хотод олон мянган хүн ажиллаж, амьдарч, сурч боловсрон, Эрдэнэт өөрийн гэсэн өнгө төрхтэй том хот болсон. Бид бэлэн хот хүлээж аваагүй, өөрсдөө бүтээсэн гэдэг нь хамгийн сайхан.
“Эрдэнэт үйлдвэр” байгуулагдахаасаа өмнө боловсон хүчнээ бэлдэж байсан юм. 1974 оноос Эвлэлийн илгээлтээр ирсэн залуучуудыг Зөвлөлтийн барилгачид, уул уурхайн мэргэжилтнүүд сургаж эхэлсэн бөгөөд заримыг нь ЗХУ-д явуулж, ижил төрлийн үйлдвэр, байгууллагуудад дадлагажуулан ажиллуулж, мэргэжил эзэмшүүлсэн. Үүний зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх сургалтын төв, барилгын мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалт, курсээр ажиллах хүчээ бэлдсэн.
Эрдэнэт хотын байршлыг сонгосон түүх бас сонирхолтой. Тухайн үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд үйлдвэрийг дагасан хотыг одоогийн Говил орчимд байгуулах саналтай байсан гэдэг. Харин монголчууд үйлдвэрийн салхины дээд талд, баруун хэсэгт нь хот байгуулах нь зүйтэй гэж үзэж, байрлалын талаар нэлээд маргалджээ. Эцэст нь, Баяжуулах фабрикийн ерөнхий төслийн удирдагч, үйлдвэрийн дагасан хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн Леонич Борис Павлович гэдэг мэргэжилтнээс санал авсан гэдэг юм. Тэр хүн үйлдвэрийн дэргэд хот байгуулах нь ямар эрсдэлтэйг тайлбарлаад, үйлдвэрээс тодорхой зайтай газар байгуулахыг санал болгосон байдаг. Дэлхийн олон орны түүхэнд үйлдвэртэйгээ хэт ойрхон баригдсан хотууд үйлдвэрийн тоос, бусад нөлөөлөлд өртөж, хотын хэвийн амьдралд хүндрэл учирч, бүтэлгүйтэж байсан юм билээ.
Тэгээд Эрдэнэт хотын шавыг тухайн үеийн засаг захиргааны удирдлагын нэг н.Чойндон гуайгаар цэг тавиулж байсан түүхтэй. Одоо тэр цэг дээр “Здесь будет построен социалистический город” хэмээх бичигтэй самбар байрлаж байдаг. Энэ бүхнийг эргэн дурсахад Эрдэнэтэд ирж, үйлдвэрээ бүтээн байгуулах, боловсон хүчнийг нь бэлтгэх ажилд оролцсон минь миний амьдралын хамгийн азтай тохиолуудын нэг гэж боддог. Намайг ЗХУ-ын Уул уурхайн сургуульд сурч байх үед Эрдэнэт үйлдвэрийн тухай их, бага хэмжээгээр ярьдаг. Хэзээ ашиглалтад орох, хэзээнээс хот баригдах нь тодорхойгүй байсан ч би хүсэж, зүтгэж байж Эрдэнэтэд томилогдон ирсэн юм.
1976 онд сургуулиа төгсөж эх орондоо ирэхэд Сургалтын төв байгуулагдаад нэг жил болсон байв. 1978 оны арванхоёрдугаар сард үйлдвэрийн Баяжуулах фабрик, конвейерийн машинуудын анхны товчлуурыг, шинэ түүхийн эхний хонхыг 1976–1978 онд манай Сургалтын төвд сурч, мэргэжил эзэмшсэн залуус дарж байлаа. Бидний үеийнхэн үнэхээр азтай хүмүүс. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг муу хэлэх хүн Монголд байхгүй. Энэ үйлдвэр улс орны эдийн засгийн ачааг хагас зуун жил үүрч, үе үеийн монголчуудын амьдралтай холбогдож ирлээ. Дэлхийн түүхэнд дөрөвхөн жилийн дотор үйлдвэрээ дагасан хот байгуулсан жишээ цөөн байдаг байх. Эрдэнэт хотыг 1974-1978 оны хооронд дөрөвхөн жилийн дотор байгуулсан юм.