МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Б.Мягмар: Арьс ширнийхэн тэргүүлэх салба...

Б.Мягмар: Арьс ширнийхэн тэргүүлэх салбар болно

Улаанбаатар хотын баруун талд “Эмээлт” дагуул хот хэмээх бүтээн байгуулалт чимээгүйхэн өрнөж байгаа билээ. Энэ талаар “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Мягмартай ярилцлаа.

Үнэн
Админ

Улаанбаатар хотын баруун талд “Эмээлт” дагуул хот хэмээх бүтээн байгуулалт чимээгүйхэн өрнөж байгаа билээ. Энэ талаар “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк ХК-ийн  гүйцэтгэх захирал Б.Мягмартай ярилцлаа.

-Монгол Улс мал аж ахуйн орон. Тийм атлаа малын гаралтай түүхий эдээ боловсруулж чадахгүй байна гэж олон жил ярилаа?

-Нэг талаар инээдтэй юм. Бид хийж чаддаг, хийсээр ирсэн зүйлээ хийж чадахгүй болсон гэхэд хэцүүхэн байгаа биз. Цоо шинэ зүйл зохиох гэсэнгүй, хуучин зүйлээ сэргээх гэж 30 гаруй жил ярилаа даа.

-Асуудал юундаа байна вэ?

-Мэдээж, төр засгийн итгэл буурсан байна. Социалист нийгмийн үед малын түүхий эд гэдэг асар том салбар байлаа шүү дээ. Аймаг сум бүр түүхий эд бэлтгэх салбартай, ноос ноолуур бэлтгэдэг дамжлага баазтай байлаа. Бүгд анхаардаг, санхүү мөнгөөр дэмждэг. Энэ салбарын  хөгжил яагаад удааширсан бэ гэхээр орлуулах бүтээгдэхүүн нэмэгдсэн, зах зээлийн орчин хумигдсантай холбоотой юм. Хонины ноос гэхэд барилгын салбарын түүхий эд болоод зүсээ хувиргачихлаа.

-Малын гаралтай түүхий эдийн салбар сэргэх үү?

-Сэргэхийн хувьд сэргэнэ.Үүнээс өөр гарц ч байхгүй. Монгол шиг өргөн уудам нутагтай мал аж ахуйн орон түүхий эдээ зуны халуунд өмхийрүүлээд хаяад байж болохгүй. Тийм учраас хүн бүр үйлдвэрлэгч гэдэг шиг иргэн бүр дэмжигч байх учиртай. Нэг арьс, нэг шийр байсан ч тушаадаг, борлуулдаг болчихвол сэргээд л ирнэ. Нэлэнхүйдээ арьс ширний үнэ ханш муу гэсэн ойлголт газар авчихаад байна. Өрсөлдөөн сул гэх үү дээ.

-Энэ салбарт ямар боловсон хүчин хэрэгтэй байна вэ?

-Мундаг залуус гадаад, дотоодын сургуульд сураад төгсөөд ирж байна. Тоног төхөөрөмж дээр ажиллах залуус олон болсон. Одоо бид тэднийг шингээх орчин нөхцөлийг сайжруулаад өгөх л хэрэгтэй байна. “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг бариад өгөхөд л бусдыг нь залуус өөрсдөө барьчихна. Арьс ширний салбарын үйлдвэрлэгч нарын онцлог нь 3-4 үе дамжиж, уламжлан ирсэн хүмүүс байдаг. Ач зээ нар нь өвөөгийнхөө мэргэжлийг өвлөөд Итали, Турк зэрэг улсад мэргэжил эзэмшээд, салбартаа ажиллаж байна.

Мэдээж зарим технологи, боловсруулах арга барил өөрчлөгдсөн. Тийм учраас гүйцэж түрүүлэх бус амдаад явчих хэрэгтэй шүү дээ. Дэлхийтэй эн тэнцэх арьс ширний боловсруулалт хийх цаг болсон. Нэг үхрийн арьсыг долоо найман удаа хуулдаг, дахин боловсруулалт хийдэг болчихсон. Цаашид энэ салбар хөгжөөд явах бүрэн боломж бий.

Манай улсын тэргүүлэх салбар гэхэд болно. Ноолуур бол дэлхийд Монгол Улсын нүүр царайг тахалж байгаа салбар шүү дээ. Хамгийн сүүлд гэхэд Итали улсын Турин хотод болсон өвлийн олимпод ноолууран хувцас илүүрхлээ. Мэдээж арьс ширний салбар хоцрогдолтой, дутагдалтай яваа нь үнэн. Түүхий эд боловсруулах, чанар чансаанд ахиц гаргах цаг болсон.

-Төр засгаас дэмжлэг хэр үзүүлж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Түүний хүчинд ноос ноолуурын салбарынхан зээл авч тоног төхөөрөмжөө сайжруулсан. Ер нь  малын гаралтай түүхий эдийн салбар орхигдоод олон жил болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Тун удахгүй нүүрс үнэд ордог шиг арьс ширнийхэн моданд орох биз дээ.

-Төр, хувийн хэвшлийн хүрээнд “Эмээлт” парк ажиллаж байгаа бил үү?

-Тийм ээ. Монголын арьс ширний үйлдвэрлэлийн мэргэжлийн холбоо болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гар бие оролцоод явж байна. Төрийн зүгээс зөвхөн дэд бүтцээ тавина. Хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, тэдэнтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулахгүй байх хуультай. Тиймээс хувийн хэвшлийнхэн маань өөрсдөө үйлдвэрээ барина.

-Танайх хэдэн ажилчинтай байгууллага вэ?

-Олон аж ахуйн нэгж бий. Бүгд энэ салбараа өндийчихөөсэй, зах зээлээ өргөжүүлэх юмсан гэх чин хүсэлтэй ажиллаж байна. Бидэнд зорилгоо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэл бүхий 20 гаруй залуус төдийгүй туршлагатай зөвлөх инженер бий шүү.

Бид 2040 он хүртэлх хөгжлийн зорилт тавиад ажиллаж байна. Монгол Улс жилдээ 10 мянган арьс шир хаядаг гэсэн тооцоо бий. Нэг үеэ бодох юм бол арьс ширээ хаях, үнэгүйдүүлэх байдал буурсан.

-Нэг зүйл сонирхоход танайх мах бэлддэг бил үү?

-Жилдээ 25 мянган тонн мах бэлдэх зорилт тавьчихаад байгаа юм. Малын түүхий эд махаа дагаж явах нь тодорхой. Цаашдаа нөөцийн мал бэлдэх, хадгалах ажлыг манай парк хариуцаад явна. Малгүй хотоос мах нэхэхийн оронд манай паркаас нэхэх хэрэгтэй болов уу. Цаашид “Эмээлт” дагуул хот байгуулах төлөвлөгөө хотод бий.

-Арьс ширний үйлдвэрүүд яаж нүүх вэ, нэг их өмхий зүйл ханхалдагсан?

-Нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд арьс ширний үйлдвэрүүд төвлөрч байгаа. Тэднийг нүүлгэн шилжүүлнэ гээд 16 жил ярьсан. Одоо цаг нь болсон. Байгаль орчны асуудал ч хүчтэй яригдаж байна. Харгиа цэвэрлэх байгууламж орчмын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Иргэдийн гомдол ч засаг төрд их ирж байна. Тиймээс нийслэл, яамны зүгээс гээд төрийн бүх шатанд энэ төсөлд ач холбогдол өгч байна. Гэхдээ энэ нь айл нүүлгэх шиг хялбар ажил биш гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа байх. Тиймээс төрийн зүгээс парк байгуулах дэд бүтцийг нь шийдэхээс гадна арьс ширний үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэлтэд “Цагаан алт” хөтөлбөр шиг тусгай нөхцөлтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Тухайлбал 2025 онд Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд бид Турк улсын “Гэрэдэ” парктай танилцах үеэр 123 арьс ширний үйлдвэрийг амжилттай нүүлгэн шилжүүлж, өндөр ашигтай парк байгуулсан туршлага судалсан. Гэхдээ тэд дотоодын үйлдвэрлэгчдээ төрийн зүгээс олон төрлийн дэмжлэг үзүүлсэн байсныг онцлох нь зөв болов уу.

-Тийм олон аж ахуйн нэгжүүд нүүгээд ирсэн хэрэг үү?

-Харахад мэдэгдэхгүй л дээ. Маш олон аж ахуйн нэгж дэд бүтцээ хүлээж байна гэсэн үг. Дэд бүтэц баригдаад дуусангуут ороод л ирнэ. Зарим аж ахуйн нэгж тоног төхөөрөмжөө авчраад тавьчихсан байгаа шүү. Нийслэлийн зүгээс цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн 225 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлэхээр зураг төсөл 75 хувийн гүйцэтгэлтэй, талбайд түр хашаа, кэмпийн ажил эхлээд байна.

Бусад дэд бүтцэд шаардлагатай 179.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн асуудлыг Засгийн газарт танилцуулж, үүрэг чиглэл авч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

 -Бараг л шинэ хот баригдах нь дээ?

-Тэгэлгүй яах вэ. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” маань 539 га газрыг хамарч байгаа том төсөл. Дээр нь 5600 ажлын байр бий болно. Дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж гээд бие даасан дэд бүтцүүдтэй.

Дээхнэ үед малчны хороо гэж байлаа шүү дээ. Тийм өнгө төрх ажиглагдаад байдаг юм. Манайх чинь сүү цагаан идээ боловсруулахад бэрхшээлтэй. Нийтдээ 30 орчим төв үйл ажиллагаа явуулаад ирэхээр гоё хот болно гэсэн төсөөлөл байдаг юм. Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр хүртэл бий. Бидэнд хийхгүй төсөл гэж байхгүй. Маш том үйлдвэр, бүтээн байгуулалт өрнөж байна. Сүүлийн жилүүдэд мал мах, арьс ширтэй холбоотой бүх урсгал “Эмээлт” парк руу чиглэсэн.

Б.Дэлгэр

"Монголын үнэн" сонины №022/24697/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.