Б.Мөнхнаран: Одоохондоо авьяас маань асгараагүй л байна
Сонгодог урлагаас дэлгэцийн бүтээлд шилжиж өдгөө хэд хэдэн киноны гол болон туслах дүрийг бүтээгээд буй жүжигчин Б.Мөнхнаранг сониныхоо энэ дугаарын зочноор урилаа.
Сонгодог урлагаас дэлгэцийн бүтээлд шилжиж өдгөө хэд хэдэн киноны гол болон туслах дүрийг бүтээгээд буй жүжигчин Б.Мөнхнаранг сониныхоо энэ дугаарын зочноор урилаа. Чин сэтгэлээсээ дурласан хүн л эрмэлздэг балетын урлагаар багаасаа хичээллэж ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн түүнийг дэлгэцийн бүтээлд хүч үзнэ чинээ хэн санах билээ. Мэргэжлийн бүжгийн жүжигчин болох карьерын эхлэлд авсан бэртлээс шалтгаалан театрын тайзнаасаа буусан ч урлагийн салбарт үлдэх шийдвэр гарган багын мөрөөдлөө биелүүлэхээр хичээж яваа тэрбээр “Тойрог”, “Цаггүй амьдрал”, “Чи өөрөө хайр”, “Амьдрах сайхан” болон “Орь дуу” зэрэг уран сайхны кинонд тоглоод байна.
-Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр бүжиглэж байсан таныг анх дэлгэцийн бүтээлд тоглоход сонирхлоороо дүр бүтээж байна гэж бодсон. Гэтэл телевизийн олон ангит кинонд тоглож найруулагч, кино зохиолчидтой ажиллаж эхлэхэд кино таны хувьд агшин зуурын сонирхол биш юм байна гэж ойлгосон юм?
-Кино урлаг миний хувьд багын мөрөөдөл минь байсан. Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Ералаш” богино хэмжээний цувралд хүүхэд байхдаа тоглож камертай ажиллах анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Үүний зэрэгцээ бүжиглэх дуртай. Ер нь урлагийн хүн болохыг гэр бүлийнхэн маань анзаарч, ажигласан байх. Бүжигчин, эсвэл жүжигчин болохоос сонголтоо хийх болсон. Энэ үед ээжийнхээ зөвлөснөөр бүжигчин болохоор шийдвэрлэж Монгол Улсын консерваторид шалгуулан элсэж байсан юм. Харамсалтай нь суралцах хугацаандаа гэмтэл авч мэргэжлээрээ ажиллах боломжгүй болсон. Хамаг бүхнээ зориулж, олон жил зарцуулан суралцсан мэргэжлээсээ холдоход амар байгаагүй. Бүх зүйл хоосон мэт санагдаж хэсэг хугацаанд бодолд дарагдсан. Ийм үедээ багын мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээгээд үзэх шийдвэр гаргаснаар одоо дэлгэцийн бүтээлүүдэд тоглоод явж байна.

-Мэргэжлийн жүжигчин биш учраас анх кинонд тоглохдоо хэн нэгнээс зөвлөгөө авсан уу. Хэдийгээр олны өмнө гарч “нүүр хагарсан ч” дэлгэцийн бүтээл бусдаас олон талаараа ялгаатай?
-Бүжигчнээр тайзан дээр гарах, жүжигчний хувьд олон нийтийн өмнө гарах мэдрэмж адилгүй юм билээ. Бүжигчин тайзан дээр гараад үзэгчидтэй шууд харьцана. Харин кино урлагийн хувьд надад төрөх мэдрэмжээс илүү үзэгчдэд үлдэх сэтгэгдэл чухал санагдсан. Хэрвээ жүжиглэлт санасан хэмжээнд хүрэхгүй бол тухайн хэсгийн зургийг дахин эхлүүлэх боломжтой.
Өөр нэг ажиглагдсан зүйл нь эзэмшсэн мэргэжил маань миний давуу тал юм байна. Мэдрэмжийн хувьд арай илүү нь кинонд тоглож эхлэхээс анзаарагдсан юм. Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг эгчтэй уран бүтээлд хамт тоглож байхад “Өөрийгөө удирдаж чаддаг хүний мэдрэмж өндөр байдаг. Тийм болохоор чи яриа, хоолойны өнгөндөө анхаарч ажиллаж чадвал дажгүй жүжигчин болох гээд байна шүү” гэж хэлж байсан. Мэдээж мэргэжлийн жүжигчин биш учраас тэдэнтэй өөрийгөө харьцуулшгүй л дээ. Сурах юм олон байна. Дэлгэцийн анхны бүтээлээс хамтран ажилласан нэр хүндтэй уран бүтээлчид болон найруулагч нараас олон зүйл сурсан. Кинонд тоглох болгондоо туршлагажиж илүү өргөн хүрээнд мэдлэгээ тэлж байна.
П.Дэлгэрбаяр найруулагч эмэгтэйчүүдийн өмнөөс нийгэмд чангаар “хашхирч” чаддаг хүн

-Хамгийн сүүлд тоглосон “Орь дуу” уран сайхны киноны дүр таныг өөр өнцгөөс харуулж чадлаа. Харин та өөрөө юу гэж дүгнэх вэ?
-Энэ кино намайг олон талаар задалж өглөө. Сэтгэл хөдлөлийн хувьд Мөнхнарангаас тэс өөр ертөнцтэй. Киноны зохиол ч гэсэн өнөөгийн Монголын нийгэм биш. Хийсвэр орон зай, хийсвэр ертөнцийг харуулсан учраас өөрөөсөө өөр нэгнийг гаргах гэж хичээсэн. “Орь дуу” киноны найруулагч П.Дэлгэрбаяр зохиолоо “Мөнхнаранд зориулж бичив” гэж онцлоод өгсөн. Харин би киноны дүр надаас тэс өөр хүн байхад яагаад надад зориулсан гэж хэлсэн тухай бодсон. Хариултыг нь кино дууссаны дараа л оллоо. Энэ дүр надаас тэс өөр хүн мөртлөө яг ухаад үзэхэд би байсан юм байна.
“Орь дуу” киног үзсэн хүмүүст маш их цус нөж гардаг, аллага ихтэй харагдаж байгаа. Гэхдээ ийм нөхцөл байдал бодит амьдрал дээр байдгийг үгүйсгэхгүй. Би хувьдаа хүмүүсийн дотор байдаг араатанлаг зан чанарыг найруулагч бүтээлээрээ ил болгоод илэрхийлсэн юм байна гэж дүгнэсэн. П.Дэлгэрбаяр найруулагч эмэгтэйчүүдийн өмнөөс нийгэмд чангаар “хашхирч” чаддаг хүн. Би найруулагчтай өмнө нь “Тойрог” кинонд хамтран ажиллаж байсан. Тэр бүтээлд ч охидын өмнөөс дуугарч чадсан. Тэдний өвдөлт, мэдрэмж ямар байдгийг олон нийтэд миний дүрээр илэрхийлж, нийгэмд, хаалттай хаалганы цаана болж байгаа зүйлийн талаар хэлэхийг зорьсон.
-Сэдэв, хөндсөн асуудлын хувьд ижил төстэй юм бүтээлүүдэд байна. Найруулагч та хоёрын санаа олон зүйл дээр огтлолцсон уу?
-Эмэгтэйчүүдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ. Эмэгтэйчүүд яагаад доромжлуулах ёстой юм бэ. Яагаад ингэж дандаа юмны золиос болох ёстой юм бэ. Яагаад эмэгтэйчүүдийг хэрэглээ мэтээр хандаад байгаа юм бэ гэсэн асуултыг найруулагч нээлттэй үлдээж байгааг киног үзвэл анзаарна. Мөн эмэгтэй хүний гайхалтай чанаруудыг бүтээлдээ шигтгэж эсрэгцэх байдлаар оруулснаараа онцлогтой болсон. Найруулагчийн эмзэглээд байгаа сэдэв надад ч адилхан мэдрэмж төрүүлсэн. Өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэм, амьдрал дээр ч ийм кэйсүүд гарч байна. Охид эмэгтэйчүүдийн эрхэнд халдсан, өсвөр насныхантай холбоотой гэмт хэргүүдийн талаар мэдээлэх болжээ. Гэтэл ярих төдийд хүмүүсийн чихэнд хүрээд замхраад байдаг. Үүний эсрэг тэмцэж, гоё, сайхан нийгмийг бүтээхийн тулд зүрх сэтгэлээ зориулж, уран бүтээлээрээ илэрхийлэх нь найруулагчийн зорилго юм уу гэж харсан. Тэр мэдрэмж нь надад маш их таалагдсан. Би ч гэсэн охид эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл, одоо охидод балетын хичээл заадаг багш шүү дээ. Тиймээс тэдний төлөө чадах чинээгээрээ оролцож, дүрээ бүтээн охидын төлөө дуугарч байгаадаа маш их баяртай байна.
-Ямартаа ч мэргэжлийн бүжигчнээс дэлгэцийн салбарт амжилттай шилжлээ. Одоо кинонд тоглож болчихоор юм байна гэсэн итгэл төрж байна уу?
-Болчихоор юм байна гэсэн бодол хэзээ ч төрөхгүй байх. Одоо ч гэсэн би мэдрэмжээрээ дүрээ бүтээж байгаа. Гэхдээ энэ мэдрэмжээ алдахыг хүсэхгүй байна.
Тоглож байгаа уран бүтээл, хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдээсээ суралцаад явъя гэж бодож байна. Мэргэжлийн жүжигчний түвшинд хүрэхгүй ч гэсэн Мөнхнаран гэдэг хүний мэдрэмжийг илүү гаргаж, өөрт төрж байгаа мэдрэмжээрээ кинонд тоглоно.

-“Амьдрах сайхан” уран сайхны кино таныг олон нийтэд таниулж, танилцуулж чадсан. Амьдрал дээрх Мөнхнарантай ойр дүр танд оногджээ гэсэн бодол төрсөн шүү?
-Олон ангит кино учраас зураг авалт удаан хугацаанд үргэлжилсэн. Амьдралд илүү ойр зохиолтой. Хүмүүсийн амьдралд тохиолддог үйл явдлууд болохоор дүртэйгээ ажиллахад надад ойр санагдсан. Би жүжигчин биш учраас өөрөөсөө өөр хэн нэгнийг илэрхийлнэ гэвэл амаргүй. Ийм үед би тухайн дүрийг өөр рүүгээ ойртуулах гэж хичээдэг. Надаас тэс өөр, эсрэг дүр байсан ч Мөнхнаран руу шингээж гаргахыг хичээдэг гэсэн үг. “Амьдрах сайхан” кино хүмүүст маш их хүрсэн. Сэдэв нь хүн бүрд тулгардаг гэр бүлийн асуудал. Ийм амьдралд ойр сэдэвт хүмүүс дуртай байдаг юм байна. Ажилласан дүр маань ч их сонирхолтой, зарим талаараа надтай төстэй.
Аавтай холбоотой асуудал дээр би эмзэг ханддаг. “Амьдрах сайхан” кинонд аавын тухай асуудал олон байсан учраас зүрхэнд маш гүн хүрч байсан. Дээр нь амьдрал дээр би хоёр ахтай. Кинонд ч гэсэн хоёр ахтай эмэгтэйн дүр бүтээсэн. Гэхдээ би ах нартайгаа тийм муухай харилцаатай биш. Их сонин нь, миний том ахыг Анхбаяр гэдэг. Кинонд ч гэсэн ах маань мөн ийм нэртэй. Том ахын охиныг бас Монголжингуа гэдэг. Кинон дээрх охин нь ч мөн Монголжин болж таарсан. Миний дүр амьдралын хувьд надаас өөр, чинээлэг эмэгтэй. Хүмүүст хөндий, хүйтэн харагдаад байна гэж сонсож байсан. Магадгүй тийм зан чанар надад байдгийг үгүйсгэхгүй. Тэр талаа харуулж чадвал Бөртэ гэдэг дүрийг илүү гаргаж чадах юм шиг санагдсан.
Би эротик кинонд тоглохгүй

-Санал тавьсан ч тоглохгүй гэсэн бодолтой жанр байгаа юу?
-“Жүжигчин хүн дүр голдоггүй, харин дүр жүжигчнээ голдог” гэдэг. Үүнийг би их багаасаа ойлгосон. Энэ зарчим сонгодог урлагт ч гэсэн адилхан. Надад дүр голох эрх байхгүй. Хэрвээ найруулагчийн төсөөлөлд Мөнхнаран энэ дүрийг гаргаж чадна гэвэл эргэлзэлгүйгээр тоглоно. Харин би эротик кинонд тоглохгүй. Үнэхээр чадахгүй юм билээ. Мэдээж кинонд хайр сэтгэлээ илэрхийлэх хэсэг таарна. Түүнийг найруулагчтайгаа ярилцаж байгаад аль болох эвтэйхэн байдлаар илэрхийлэхийг хичээдэг.
-Дараагийн киноны санал ирсэн үү?
-Ярилцаж байгаа кинонууд бий. Гэхдээ би жүжигчид шиг цаг наргүй ажиллахыг хүсдэггүй. Бүжиглэхгүй байгаа ч энэ салбараасаа хөндийрмөөргүй байна. Энэ ажилдаа маш их дуртай. Бас ирээдүйд зорьж байгаа мэргэжилтэй ойр учраас бүжгээс холдохгүй гэж боддог. Одоо би хүүхдүүдэд балетын хичээл заагаад явж байна. Багаасаа олон жил сурсан мэргэжлээ дурсамж болгон үлдээмээргүй байгаа учраас балетын урлагийн дараагийн үеийг бэлдэх, сонгодог урлаг үздэг, сонирхдог урлагийн мэдрэмжтэй үзэгчдийг бэлдэхэд хувь нэмрээ оруулаад явж байна.
Шавь нараас маань мэргэжлийн бүжигчин болохоор бэлдэж байгаа хүүхэд байгаа. Энэ нь надад маш их урам зориг өгсөн. Тэр бүжигчний мэргэжлийн анхны суурийг тавьж өгч байгаа багш нь болсондоо баяртай байдаг. Тэгэхээр кинонд тоглосон ч гэсэн энэ бүх хайртай, дуртай зүйлээ алдахыг хүсэхгүй байна. Цаашдаа цаг хугацаа, боломж бололцоогоо харж байгаад кинонд тоглоод явна. Тэгэхгүй бол киноны зураг авалт эхлэхээр амьдралаас тасарчихдаг. Хувийн амьдралаасаа бүрэн тасарч байж кинонд тоглохгүй бол хослуулаад аваад явах ямар ч боломжгүй байдаг.
Нас залуу болохоор ааг омог нь хаачих вэ дээ

-Дуурийн театрын тайзнаас холдоод хоосорсон мэдрэмжийг кино урлагт орсноор ардаа үлдээж чадсан уу?
-Би бүжиглэж болохгүй гэдгээ Оросод сурч байхдаа л мэдсэн. Суралцаж байхдаа бэртэл авчихсан юм. Эмч нар “Одооноос бүжиглэхээ боль. Нутаг руугаа буц. Одоо л бүжиглэхээ болихгүй бол суумгай болох эрсдэлтэй” гэж хэлсэн. Энэ үед би балетын жүжигчин болоход хоёрхон жил дутуу. Тийм сонголтын үед би үргэлжлүүлэн сурахыг сонгосон. Яаж ийж байгаад сургуулиа төгсөнө гээд гүрийсэн.
Сургуулиа төгсөхдөө нурууны бэхэлгээтэй төгсөж байлаа. Тэгж хичээсний үр дүнд ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд санаснаараа сургуулиа амжилттай төгсөж чадсан. Монголд ирээд эзэмшсэн мэргэжлээ орхиж чадаагүй. Болчих юм шиг санагдаад, сэтгэлд багтаад байсан болохоор хичээсээр байгаад зургаан жил тайзан дээрээ бүжиглэж чадсан. Нас залуу болохоор ааг омог нь хаачих вэ дээ. Өвдсөн ч гүрийгээд, өвчин намдаах тариа дур мэдэн өөртөө хийгээд тоглолтдоо гарсан тохиолдол надад олон. Ингэж түрхэн зуур өвчнөө намдаахад байж болох бүх аргыг ашигласан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа эмнэлэгт хандахад нурууны бэртэл өмнөхөөсөө хүндэрсэн байсан юм. Тэр үед “Би чинь эмэгтэй хүн шүү дээ. Ирээдүйд ээж болно. Амьдралын хамгийн гол утга учир л энэ. Гэтэл үүнийг мэддэг хэрнээ өөрийгөө суумгай болох хэмжээнд хүртэл бэртээж болохгүй шүү дээ” гэсэн бодол төрж бүжиглэхээ болих шийдвэр гаргасан.
-Долоо хоног бүр тоглолттой байдаг болохоор балетын ангийнхан бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хийдэг. Тийм ачааллын дараа цаг зогссон мэт болоход танд ямар сэтгэгдэл төрсөн бол?
-Надад хийж чадах зүйл олон байх ёстой гэж бодсон. Дараа нь олон тоглолтын арын албанд ажиллаж эхэлсэн. Менежер, туслах найруулагч, арын албанд хийж болох бүхий л юманд орсон. Балетаар хязгаарлагдахгүй томоохон тоглолтуудын зохион байгуулалтад оролцож чадсан. Ингэж хоёр жил цаг наргүй ажилласан. Өөрийгөө олох гээд олон ажил хийж явахдаа СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд бүжиг дэглээч, найруулагч мэргэжлээр сурч төгссөн юм. Үүний дараа кинонд тоглох санал ирж “Яагаад болохгүй гэж” гэсэн бодлыг төрүүлсэн.
Одоо энэ бүгдийг хоршуулаад амьдарч байгаа нь надад их сонирхолтой байна. Санал тавибал тайзны ард ч ажиллана. Бүжигтэй холбоотой тоглолтуудад ажиллах нь надад илүү ойр. Урлагийн менежерийн хувьд санал ирвэл ажиллачихдаг. Энэ нь нэг талаараа маш том сэтгэл ханамж юм билээ.
Бас багш байна гэдэг их том сэтгэл ханамж. Яагаад гэвэл миний сургасан хүүхэд тайзан дээр гараад гэрэлтэж байгааг харах, өөрийгөө ялан дийлж байгааг харахад миний дутууг нөхөөд байгаа юм шиг мэдрэмж авсан. Ялангуяа хүүхдүүдэд балет заах нь аз жаргалыг мэдрүүлдэг.

-Та балетмейстер болохоор зорьж байгаа юу?
-Оросод сурч байхад надад тийм авьяас байх магадлалтай гэж боддог байсан. Гэхдээ одоохондоо авьяас маань асгараагүй л байна. Найруулагч хүн сурч, судалж, амьдарч олон юм үзэж байж тэр хүний сэтгэл санаанаас бүтээлүүд хөврөн гарах байх. Үүний тулд зориг хэрэгтэй. Бүжиг дэглээч болно гээд одоохондоо зориглохгүй байна.
Бас урлаг мөнгөтэй их холбоотой. Санхүүжилтгүйгээр бүтээл хийх боломжгүй. Тэр хэмжээнд хүртлээ боловсорч, хөгжиж байгаад бүтээл рүү орно гэж боддог.
-Таны найруулагчаар ажилласан “Сүнс” модерн балетыг үзэгчид нээлттэй хүлээн авсан. Энэ нь сонгодог бүтээлийн орон зай байгааг та бүхэнд мэдрүүлсэн болов уу?
-СУИС-ийг төгсөхдөө “Сүнс” нэртэй модерн балетыг үзэгчдэд хүргэсэн. Таван найруулагчаас бүрдсэн бүтээл болохоор үзэгчид сэтгэл хангалуун хүлээж авсан гэж боддог.
Дахиад тоглоё гэсэн сэтгэл зүрх байвч санхүүжилт дээр тулаад зогсдог. Бид “Сүнс” модерн балетыг хоёр удаа тоглосон. Эхнийх нь дипломын ажил. Хоёр дахь тоглолтыг бид бүх тал дээр өөрсдөө хариуцан үзэгчдэд хүргэсэн. Үүнээс балетыг монголчууд бүрэн ойлгох хэмжээнд хүрээгүй байгаа юм байна гэж ойлгосон. Модерн балетаа киноны сэдэвтэй хослуулсан учраас хүмүүст ойлгоход илүү хялбар байсан байх. Бид хүмүүсийг балет руу илүү хөтлөх юм болов уу гэсэн зорилготойгоор уг бүтээлээ тавьсан.
Хэрвээ боломж олдвол бид “Сүнс” балетаа тоглоно. Хамтдаа илүүг хийж бүтээнэ гэсэн зорилгоо ирээдүйд гэж төлөвлөөд байна. Энэ урлагийг бид үүрэг хариуцлага гэж хүлээж авсан. Биднийг Оросод сурахад дэлхийн сонгодог урлагийг Монголдоо хөгжүүлээрэй, мэдсэн сурснаа бусдадаа түгээгээрэй гэсэн.
Миний хувьд бүжиглэж чадахгүй болохоор бусад аргаар үүргээ биелүүлэх ямар боломж байгааг эрэлхийлэх болно. Замын эхэнд тавьсан зорилго маань өөрчлөгдөөгүй. Балетын урлаг руу чиглүүлж болох юу байна. Яавал илүү олон хүнд хүргэж сурталчилж болох вэ. Илүү энгийнээр яаж хүргэх вэ. Эдгээр чиглэлийн хүрээнд ажиллаж, багшлахаа ч цаашид үргэлжлүүлэн хийсээр байх болно.
Ээж минь хайр, халамжаараа охиноо харамгүй дэмждэг

-Ээжийн халамж хайр өнөөдрийн таныг бүтээхэд ихээхэн үүрэг оролцоотой байсан байх. Таны ээж урлагийн хүн үү?
-Манай ээж урлагийн хүн биш. Бүжгийн мэдрэмж өндөртэй хүн. Би бодохдоо тухайн үеийн нийгэм өөр байсан бол магадгүй ээж маань урлагийн хүн болох байсан. Өөрөө ч гэсэн тэр тухайгаа ярьдаг. Яалт ч үгүй тухайн үеийн нийгэм үйлдвэр, аж ахуйд илүү анхаардаг байсан болохоор үйлдвэрлэлийн салбарт ажилласан хүн байдаг юм.
Ээж маань охиноо урлагийн салбарт хөтөлж оруулсандаа хамгийн их баярладаг. Хайр, халамжаараа охиноо харамгүй дэмждэг хүн дээ. Хэдийгээр би балетын жүжигчин ч идэж уухаа хорьдоггүй. Яаж идсэн ч таргалдаггүй хүмүүсийн нэг нь. Харин ээж маань миний эрүүл мэндэд анхаарал тавьж, чанартай хоол хүнс бэлдэж өгдөг. Урлагийнхан гадуур их хооллоно. Тийм үед аль болох надад гэрийн хоол хийж өгч явуулахыг хичээдэг.
-Ярилцлагын төгсгөлд урлагийн хүний хувьд таны хүссэнээрээ амьдарч чадаж байгаа эсэхийг асууя гэж бодлоо?
-Чадаж байгаа гэж бардам хэлнэ. Гэхдээ хүссэн хэмжээндээ хүртэл өөрийгөө бүрэн илэрхийлж, гаргаж чадаагүй байгаа болохоор сэтгэл ханаагүй байна. Илүү гүн рүү нь орж мэдэрмээр, суралцахын төлөө хичээх болно.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №25/24700/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу.