МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг Б.Номинтуяа: Кино бүтээгчдийн хувьд сори...

Б.Номинтуяа: Кино бүтээгчдийн хувьд сорил  болж байгаа улс орнуудын хуваагдал,  геополитикийн асуудлыг бид боломж гэж харж урагшилна

79 дэх Каннын кино наадамд монгол уран бүтээлчдийн хамт оролцсон “Киноны нүүдэл” олон улсын хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Номинтуяатай ярилцлаа.

Үнэн
Админ

79 дэх Каннын кино наадамд монгол уран бүтээлчдийн хамт оролцсон “Киноны нүүдэл” олон улсын хөтөлбөрийг үүсгэн байгуулагч Б.Номинтуяатай ярилцлаа.  

Дөрвөн тивийн 20 гаруй орноор аялан тоглож мөрөөдлөө биелүүлсэн

-Таныг хүүхэд насандаа урлагтай хэрхэн холбогдож байснаас эхлэн ярилцъя. Эрэмбэлэх боломжгүй тэр олон зүйлээс яагаад тайзыг сонгосон юм бэ?

-Би дөрвөн настай байхдаа уран нугараач охид хөлөөр шидэгч үзүүлбэр үзүүлж байгааг телевизороор анх удаа харсан юм. Тухайн үед миний харсан уран нугараачид Энхээ, Мөнхзул эгч нар байсан юм билээ. Түүнээс хойш би тэдэн шиг нугарах гэж гэртээ байнга оролдлого хийх болсон. Хичээж байгааг маань харсан аав, ээж хоёр Улсын циркэд намайг шалгуулахаар болсон нь амьдралд минь нэгэн шинэ хуудас нэмсэн гэж боддог. Циркээс тэнцсэн мэдээ авч Монгол Улсын Ардын жүжигчин, уран нугараач Т.Цэнд-Аюуш багшийн шавь болсон. Түүнээс гадна уран гулгалт, каратэ, гимнастик гэх мэт олон төрлийн спортын шалгаруулалтад оролцож байснаа санаж байна. Гэхдээ уран нугаралт л надад хамгийн ихээр таалагдсан. Дурлаж, амьдралынхаа нэг утга учир болгосноос хойш олон жил өнгөрсөн байна.

-Дэрвэж дэгдэх насандаа уран нугаралтаар хичээллэж, тоглохоос илүү бэлтгэлээ хийхдээ анх ямар зүйлийн төлөө зорьж байв?

-Уран нугараач болж, тайзан дээр гарч үзүүлбэр үзүүлэх байсан болов уу. Тэр үед Энхцэцэг, Тунгалаг эгч нарын зурагтай ил захидлууд байдаг байсан. Голдуу гадаад байхдаа зургуудыг нь авсан тэдгээр ил захидал надад сайн уран нугараач болж олон улсын циркийн тайзнаа тоглох, дэлхийгээр аялан тоглолт хийх мөрөөдөлд хөтөлсөн. Мөн зорилгынхоо төлөө хичээл зүтгэл гаргах зориг өгсөн гэж боддог. Уран нугаралт, циркийн сургуулийн бэлтгэл маш их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг урлаг.

Хэчнээн өвдөж, ядарч, унаж бэртсэн ч босоод эхнээс нь хийх чадвартай, зоригтой, тэсвэртэй байхад сургадаг. Маш нарийн мэдрэмжээр өөрийн биеэ удирдах, гар, хөл дээрээ тэнцвэртэй тогтохын тулд маш сайн төвлөрөхөөс эхлээд олон ур чадварт сургадаг юм.

Тайзны соёл, биеэ авч явах, инээх, өөрийгөө илэрхийлэх гэт мэт олон зүйлсийг сурсан нь миний амьдралд, сурлага, ажил дээр хамгийн их тус болсон гэж боддог. Мөрөөлдөө биелүүлж дэлхийн дөрвөн тивийн 20 гаруй орноор 1994-2005 хооронд аялан тоглож, дэлхийн циркчдийн олимп болох Festival Mondial Du Cirque De Demain Парис болон Монте-Карлод зохион байгуулагддаг Première Rampe" à Monaco, Monte-Carlo тэмцээнээс хос мөнгөн медаль, Итали, Унгар, Швед улсын олон улсын циркчдийн тэмцээнээс хүрэл медаль, “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг хүртэж 1998 онд 14 настайдаа тухайн үедээ хамгийн залуу Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан болж байлаа.

-Дэлхийн олон улс орноор аялан тоглохдоо дараагийн сонголтоо хийсэн нь кино урлаг байсан болов уу. Анхны алхмаа хэрхэн хийж байсан бэ?

-Намайг 10 настай байхад Францын кино найруулагч Кристофор Киркье “Ирээдүйн одод” нэртэй баримтат кино хийхээр Монголд ирсэн. Найруулагчийн зорилго нь Монголоос эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн хүсэл мөрөөдөл, тэдний ирээдүйн тухай баримтат кино хийх байв. Тэрбээр морь унаж, уралддаг эрэгтэй хүүхэд, харин эмэгтэй хүүхдийн дүрээ уран нугараач охины тухай хийх зорилгоор тухайн үеийн Улсын циркийн уран нугаралтын ангиас баримтат киноныхоо дүрийг сонгохоор ирсэн.

Мэдээж бид маш олуулаа, бэлтгэлийн үе таарсан. Тэр үед найруулагч Кристофор Киркье намайг дуудаж уулзаад хэд хэдэн асуулт асуусныг санаж байна. Ингээд би 14 хоногийн турш франц найруулагч, зураглаач, орчуулагч, жолоочийн хамт циркийн эргэн тойрон, Улаанбаатар хотоор зураг авалтад оролцож байлаа. “Ирээдүйн одод” кино Францын “Нэмэх” канал сувгаар гарсан. Тэр жил буюу 1994 онд би анх Өмнөд Африк руу аялан тоглолтоо хийхээр явсныг бодохоор цирк, кино салбарын карьер нэг жил эхэлсэн байгаа биз. Хамгийн сүүлд бид 2006 онд уран нугараачийн хувиар тоглолт хийсэн байдаг. Өөр нэгэн зүйлийг дурдахад, би кинонд тоглосон цалингаа бүх уран нугараачтайгаа хувааж байсан. Ийм шийдвэр гаргахад аав, ээж хоёр маань зөвлөсөн нь хамгийн зөв байжээ гэж одоо бодогддог. Аав, ээж маань сайхан сэтгэлтэй, зарчимч хүмүүс гэдгийг өөрөө ээж, эхнэр болоод сайн ойлгож байна даа.

Уран нугараачаас урлагийн удирдлага, менежмент рүү хийсэн шилжилт

-Зорилгоо биелүүлэхдээ алхам алхмаар урагшилж алдаа оноогоо зэрэгцүүлэн өнөөдрийн эхлэлийг тавьсан байсан. Чухам хэдий үед гаднын туршлагаас Монголдоо нэвтрүүлэхээр шийдсэн бэ?

-Багаасаа олон соёлын дунд ажиллаж, амьдарч өссөн нь соёл хоорондын харилцан ойлголцол, хамтран ажиллахын утга учир, улс орон дамжин харилцах харилцааны үнэ цэнийг ойлгоход илүү тусалсан юм болов уу. Тиймээс аливаа хийж байгаа ажилдаа Монголын соёл урлаг, уран бүтээлчдийг дэлхийтэй холбох холбоост илүү анхаардаг.

МУИС-д хоёрдугаар курсэд сурч байхдаа Соросын сангийн тэтгэлгээр Америк руу оюутан солилцоо хөтөлбөрөөр урлаг судлаач, урлагийн түүх мэргэжлээр сурсан. 2006 онд төгсөх жилээ ирээд Монголын урлагийн зөвлөл (МУЗ)-д ажиллаж эхэлсэн. Америкаас төгсөж ирэхэд Соросын сангийн тухайн оюутан солилцооны хөтөлбөр хариуцсан эгч “Чиний ажиллах газар бол МУЗ” гэж хэлж байсныг мартдаггүй. Тэр хүний зөв байсан МУЗ, Ариунаа захирлын удирдлаган дор ажиллаж маш олон зүйл сурч, төсөл хөтөлбөрүүдийг хийсэн гэж боддог. Фулбрайтын тэтгэлгээр АНУ-ын Нью-Йорк хотын Колумбын их сургуульд 2010-2012 онд урлагийн удирдлагын чиглэлээр суралцаж мастерын зэрэг хамгаалсан нь надад олон улсын соёл урлагийн салбарын маш өргөн хүрээтэй мэдлэг, салбар тус бүрийг удирдах мэдлэг олгосон. Тиймээс тэр мэдлэгээ Монголдоо нэвтрүүлэхэд анхаарч ажилладаг.

МУЗ-д 2006-2019 онд нийт 11 жил,  дунд нь хоёр жилийн чөлөө авч мастерт сурсан ба анх хөтөлбөрийн зохицуулагч, урлагийн хөтөлбөрийн захирал, урлаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байхдаа “Улаанбаатар” олон улсын кино наадмын ерөнхий зохицуулагч, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмын куратор ба захирал, “Моушин Монголиа” олон улсын орчин үеийн бүжгийн наадмын захирал, Гетё институт Зүүн болон Зүүн өмнөд Азийн есөн куратор хамтарсан “Урлаг ба нүүдэл”-ийн харилцан хамаарлын тухай сэдэвчилсэн төслийн Монголын талын куратор, “Төрөл авалт” орчин үеийн бүжгийн жүжиг болон “Усгал” орчин үеийн бүжгийн жүжгийн продюсер, Монголын үндэсний олон нийтийн телевиз, МУЗ-ийн хамтарсан “Урлагийн сүлжээ” нэвтрүүлгийн бүтээлч продюсероор ажилласан. 

Хөгжмийн чиглэлээр Монголын “Арга билэг” хамтлаг болон Швейцарын уран бүтээлчдийн хамтарсан “Агула” хөгжмийн төсөл, цомгийн продюсероор ажиллаж дэлхийн зах зээлд гаргасан. Мөн “Playtime” амьд хөгжмийн наадмын ерөнхий зохицуулагч, XMF хөгжмийн наадмын гүйцэтгэх продюсероор ажилласан. Ингэхдээ мөн л олон улсын наадмын стардартыг Монголд нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байлаа.

Би уран нугараачаас урлагийн удирдлага, менежмент рүү хийсэн шилжилтээс санаа авч XXI зуунд соёл урлагийн салбарт шинэ манлайлагчдыг бэлдэх, нийгмийн хөгжлийг даган үүсэж буй шинэ нөхцөлд шаардлагатай мэдлэгийг олгох зорилгоор хэрэгжүүлдэг МУЗ-ийн 18-25 насны уран бүтээлч, менежерүүдэд зориулсан “Урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг санаачилж “Амжилтын гарц” гарын авлага номыг удирдан гаргасан.  

Бид дэлхийн кино урлагийн салбартай хөл нийлүүлэн алхах боломжтой

-Амжилттай болсон төслүүдийн нэг нь “Киноны нүүдэл” хөтөлбөр байх. Том зорилгоо жижиг зах зээлд нутагшуулахдаа юуг илүү чухалчилж байв?

-Кино урлагийн салбарт С.Бямба найруулагчийн "Алсын удирдлага / Remote Control" уран сайхны киноны зургийн дарга, найруулагч Ш.Ихбаярын “Соүлс & Рэйндропс” богино хэмжээний киноны продюсер, мөн Ш.Ихбаярын Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрт сонгогдсон “Цөөрөм” уран сайхны киноны продюсероор ажиллаж тус хөтөлбөрт хамрагдахдаа олон улсад кино хөгжүүлэх мэдлэг, мэдээлэл, хэн, хаана, яаж гэх мэт олон зүйл ойлгож авсан.

Олон улсад кино төсөл хөгжүүлэх нь сайн зохиол хөгжүүлэлт, сайн продюсерын баг, хоорондын хамтын ажиллагаа, киног бүтээсэн хойноо биш кино үйлдвэрлэлийн шат бүхэнд олон улсын чухал тоглогчдыг татан оруулах, Локарногийн “Нээлттэй хаалга” хөтөлбөр болон бусад төсөл хөгжүүлэх хөтөлбөрүүдэд оролцоход Монголын уран бүтээлчдэд ямар бэрхшээл тулгарч байгаа асуудлууд тэр дундаа хэлний, санхүүгийн гэх асуудалд анхаарахаас гадна тус хөтөлбөрт оролцоход сайжруулж болох зүйлс тухай бодож “Киноны нүүдэл” кино хөгжүүлэлтийн лаб хөтөлбөрийг боловсруулсан. Тиймээс ч “Киноны нүүдэл” Монголын кино салбарт нэн даруй хэрэгтэй байгаа кино зохиол, кино продюсер, түгээлт гэх чухал мэргэжлийн сургалтыг дэлхийн түвшний хэмжээнд эх хэлээр нь олгох, дэлхийн кино салбарын төлөөллийг Монголд урьж, тэдэнд кино урлагийн салбар, авьяас, түүхийг танилцуулах. Өөрөөр хэлбэл, олон улсын түвшинд кино төсөл хөгжүүлэх, ингэснээр дэлхийн кино урлагийн салбартай хөл нийлүүлэн алхах боломжтой болоход анхаарч ажиллаж байна. Аливаа урлагийн бүтээлийг уран бүтээлч хүн бүтээдэг учир кино уран бүтээлчдээ чиглэсэн нэг удаагийн биш, есөн сарын хугацаанд шат дараалалтайгаар боловсрох, кино хөгжүүлэх шат тус бүрд нь дэмжин ажиллах нь чухал юм. Тиймээс төслийн санаанаас эхлээд олон улсын кино наадамд оролцох бүх шатанд нь хамтдаа байхыг зорин ажиллаж байна.

-Болж өнгөрсөн үйл явдлаас онцлох нь 79 дэх Каннын наадам. Энэ удаа танай хөтөлбөрөөс бойжсон төслүүд олон нийтийн анхаарлыг татаж монгол уран бүтээлчдээс дараагийн олон улсын наадмынхаа урилгыг авчээ. Харин “Киноны нүүдэл”-ийг үүсгэн байгуулагчийн хувьд та хэрхэн дүгнэх бол? 

-79 дэх удаагийн Каннын кино наадам үнэхээр онцгой байсан. Холливудын томоохон студийн бүтээлүүд байхгүй цөөн тооны Америкийн арт хаус кинонууд л оролцсон. 141 орны 2491 киноноос 22 нь өрсөлдсөн. Мөн энэ жил Каннын наадмын шагнал хүртэж байсан есөн найруулагч дахин авьяас чадвараа харуулж маш их өрсөлдөөнтэй жил боллоо. “Алтан навч” шагналыг хоёр дахь удаагаа найруулагч Кристиан Мунгиу “Фьорд” кино бүтээлээрээ хүртсэн нь түүний Каннын дөрөв дэх шагнал байсан. 

Азийн кино урлагаас “Алтан навч” эсвэл бусад томоохон шагнал хүртээгүйд би бага зэрэг сэтгэл дундуур байсан хэдий ч Азийн найруулагчид чамлахааргүй оролцоотой. Жишээ нь, уралдаант хэсэгт Коре-эдагийн "Хайрцаг дахь хонь", На Хон-жингийн "Найдвар", Кожи Фукадагийн Нагигийн тэмдэглэлүүд оролцсон мөн Рюсүкэ Хамагучигийн "Гэнэтийн бүх зүйл" кино нь “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртсэн Каннын шүүгчдийн ерөнхийлөгчөөр Өмнөд Солонгосын домогт кино найруулагч Пак Чан-вук ажилласан. Тэрбээр Каннын наадмын түүхэн дэх гурав дахь ази ерөнхийлөгч нь. 

-Япон улс энэ удаагийн Каннын наадамд онцлох орноор оролцсон?

-Япон онцлох орноор оролцсон нь анимейшн, хүүхэлдэйн киноны жанрыг илүү онцгойрох боломжийг олгосон гэж бодож байна. Наадмын үеэр Японы кино үйлдвэрлэлийн дээд хэмжээний уулзалтууд, Каннын наадамтай хамтран кино яармаг олон улсын хамтарсан бүтээл туурвихад чиглэсэн кино яармаг, хэлэлцүүлгүүд зохион байгуулсан.  

Бидний хувьд 2024-2025 онд хөгжүүлсэн төслүүд болох найруулагч Б.Тамирын “Жинжигийн төрсөн өдөр”, найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Шар хөвийн зэрэглээ” уран сайхны кино болон найруулагч Д.Золбаярын “Цасхан” богино хэмжээний анимейшн төслийг Монголын кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Монгол фрэйм төслийн таницуулага”-ын үеэр танилцуулснаас гадна уран бүтээлчдээ зориулан тусгай кино наадмын хөтөлбөр зохион байгууллаа.

Каннын кино наадмын тусгай хөтөлбөрт “Жинжигийн төрсөн өдөр” киноны найруулагч Б.Тамир, найруулагч Д.Золбаярын “Цасхан” богино хэмжээний анимейшны продюсер Э.Тамир нар оролцож  олон улсын салбарын хамгийн чухал хөтөлбөр болох 15 дахь Винстон Бакер олон улсын кино санхүүгийн форум, La Fabrique Cinema төслийн танилцуулга, Hubert Bals Fund танилцуулга, Open Doors of Locarno төгсөгч болон хамтрагч нарын уулзалт, Global Screen Fund UK тусгай танилцуулга болон хамтарсан бүтээлийн арга хэмжээ, TorinoFilmLab төслийн урьдчилсан төслийн танилцуулга, Cannes Animation танилцах арга хэмжээ, Next Generation Short Cannes кино хөтөлбөр, танилцах арга хэмжээ зэрэг маш олон тусгай хөтөлбөрт анх удаа хамрагдсан.

Найруулагч Д.Золбаярын “Цасхан” богино хэмжээний анимейшн төслийн хувьд онцгой жил байлаа. Учир нь, онцлох орон Япон улс байсан нь Tetsu Fujimura (Filosophia Inc.-ийн гүйцэтгэх захирал, One Piece-ийн гүйцэтгэх продюсер) илтгэл, Японы оюуны өмчийн зах зээлийн танилцуулга, “TOEI Animation” стратегийн танилцуулга, Crunchyroll/Sony Pictures-ийн анимацын хэлэлцүүлэгт оролцох боломж нээгдсэн ба төслийн олон улсын хамтын ажиллагаа эхлүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа.

Богино хэмжээний киноны уралдаанд Алтан далдуу модны мөчир шагналыг Федерико Луисын "Өрсөлдөгчдийн төлөө" кино хүртсэн.  Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” киногоороо шалгарсан Каннын "Ан Сертэн Регард" хэсэгт Непалын найруулагч Абинаш Бикрам Шахын "Манан дахь заанууд" кино нь уг төрөлд багтсан анхны непал кино болж, шүүгчдийн шагнал хүртсэн. Тус кино нь “Киноны нүүдэл”-ийн хамтарч Сандэнс институт, Берлиний Дэлхийн кино урлагийн сан, Хуберт Балс сангийн дэмжлэгийг авсан бүтээл байсан нь манай хөтөлбөрийн оролцогчдод урам хайрласан. 

Мэдээж хэрэг, энэ жил хиймэл оюун ухааны тухай яриа, хэлэлцүүлгийг олон удаа өрнүүллээ. Мөн дэлхий ертөнц дайн дажин, маш их тодорхойгүй байдлаас болж хуваагдсан байгаа нь кино санхүүжилтийн хувьд том сорилт болж байна. Тийм учраас олон улсын кино салбарын гол тоглогчид түншлэлээр дамжуулан үйл ажиллагаагаа тогтвортой байлгах арга замыг хайж байна. Бид үүнийг “Киноны нүүдэл”-ийн хувьд томоохон боломж гэж харж байгаа юм.

Кино бүтээгчдэд олон улсад хамтдаа хөгжих орон зайг бий болгоно

-Улсын баяр наадмаас урьтаж Улаанбаатарт олон улсын кино бүтээгчдийг цуглуулж форум хийхээр болсон талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

-Энэ жилийн олон улсын кино форумоо бид “Номадиа пикчерс”-ийн павильонд ирэх долдугаар сарын 1-нд зохион байгуулна. Өнгөрсөн жил бид Кино урлагийн зөвлөлийг танилцуулж, хэлэлцүүлэгтээ оролцуулсан  бол  энэ удаад Монголын кино продакшнуудыг олон улсад танилцуулахад гол анхаарлаа хандуулж байна. Энэ форум нь зөвхөн манай “Киноны нүүдэл”-ийн оролцогчдод зориулагдсан зүйл биш, харин бүх кино бүтээгчдэд дэлхийн кино салбарын боломж, замналыг ойлгох, олон улсад хамтдаа хөгжих орон зайг бий болгох зорилготой.

Манай олон улсын зочид зөвхөн зөвлөх биш, харин дэлхийн хамгийн чухал кино байгууллагуудын шууд хаалга юм.

  Никола Жоетце (“Берлинале Талентс” төслийн менежер): 60 гаруй улсаас 200 гаруй шинэ авьяастныг сонгон дэлхий кино салбартай танилцуулдаг хөтөлбөрийн менежер  тэрбээр Монголын төслүүдэд €20,000–€60,000-ийн продакшн дэмжлэг, түгээлтэд €10,000 хүртэлх санхүүжилт олгодог Берлиний Дэлхийн кино урлагийн сан бусад Германы хамтарсан бүтээлийн боломжуудыг танилцуулна.

  Мерет Ругглэ (trigon-film, Швейцар): Дэлхийн кино түгээлтийн мэргэжилтэн тэрбээр П.Лхагвадулам найруулагчийн “Сэр сэр салхи” киног  Европын орнуудад түгээсэн туршлага, Монголын кино хэрхэн зөв түгээлтийн стратеги тодорхойлох тухай танилцуулна. 

  Тоби Брукс (Сандэнс кино наадмын “Игнайт” хөтөлбөрийн захирал): Сандэнс кино наадам, институт, хөгжүүлэлтийн лаб, сангуудын хөгжүүлэлтийн тэтгэлэг $40,000 ам доллар, продакшн/пост-продакшны тэтгэлэг $100,000 ам доллар тухай танилцуулна. Манай хөтөлбөрийн 2023 оны оролцогч найруулагч Ч.Хоролдорж “Colors of White Rock” төслөөр Сандэнс баримтат кино сангаас тэтгэлэг хүртсэн бол энэ жилийн Каннын "Ан Сертэн Регард" хэсэгт Непалын найруулагч Абинаш Бикрам Шахын "Манан дахь заанууд" кино нь Сандэнс институтийн хөгжүүлэлтийн лаб хамрагдсан.

  Эмили Пианта-Эссади (La Fabrique du Cinéma, Канн): Каннын хамтарсан продакшны стратеги, Каннын кино яармаг, Францын хамтарсан кино төслүүдийн дэмжлэг болоод жилд 110 өргөдлөөс 10-ыг нь сонгож, Каннын наадмын үеэр танилцуулдаг хөгжүүлэлтийн хөтөлбөр Ла Фабрик танилцуулах ба тус хөтөлбөр нь Каннын наадамд оролцох замын зардал, байр, питч сургалтын дэмжлэгийн талаар танилцуулна.

  Жужи Банкути (Локарно “Нээлттэй хаалга”-ны хөтөлбөрийн захирал): Монголын кино найруулагч П.Лхагвадулам, П.Золжаргал, Ш.Ихбаяр, Бат-Амгалан нар сонгогдон хамрагдаж байсан тус хөтөлбөртэй “Киноны нүүдэл” хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд бид шилдэг нэг оролцогчийг тус хөтөлбөрт хамруулах эрхийг олгоно.

  Хуберт Балс Сан (Роттердам): Монголын кино бүтээгчдэд €10,000–€75,000 хүртэлх хөгжүүлэлт, продакшны дэмжлэг олдох боломжтой тус санг танилцуулга хийх ба “Киноны нүүдэл”-ийн олон улсын зочноор 2027 онд оролцоно. 

-Эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч төсөл амжилттай болоход урам авч дараагийн санхүүжилтээ босгоход илүү зоригтойгоор давшдаг байх. Магадгүй энэ нь таныг дэлхийн томоохон кино  наадамд замчилсан юм байна гэсэн бодлыг надад төрүүллээ?

-“Киноны нүүдэл” нь Монголын бүтээлч салбарт хийж байгаа олон улсын соёл, эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт гэж би итгэж байна. Манай төсөл хөтөлбөрт оруулсан хөрөнгө оруулалт нь кино салбарын техникийн чадавхыг дээшлүүлэх, кино үйлдвэрлэлийн стандартыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөтгөх, дэлхийн түгээлтийн сүлжээнд нэвтрэх, Монголын соёлын экспортыг нэмэгдүүлэх, Монголын олон улсын нэр хүндийг дээшлүүлэх маш чухал үүрэгтэйгээс гадна оруулсан хөрөнгө оруулалт нь эргээд эдийн засагт шууд нөлөө үзүүлэх боломжтой. Жишээ нь, есөн сарын хугацаанд тоног төхөөрөмжийн түрээс, зочид буудал, ресторан, хоолны үйлчилгээ, такси үйлчилгээ, машин түрээс, логистик, талбайн түрээс, шууд ба шууд бус байдлаар 30 гаруй ажлын байр бий болгож түүгээр ч зогсохгүй олон улсаас вальютын хөрөнгө оруулалтын тогтвортойгоор татаж байна. Цаашид манай хөтөлбөрөөр дамжин хөгжсөн кино төслүүд нь олон улсын хамтарсан кино төслөөр дамжуулан 500 мянган ам.доллар хүртэлх эдийн засгийн хөрөнгө оруулалтыг авчрах боломжтой. Тиймээс хийж байгаа ажилдаа хамтран ажилладаг байгууллага, уран бүтээлчид, эрхэм зорилгодоо итгэлтэйгээр зорилго тавин ажиллаж байна. Энэ ташрамд, итгэж найдаж хамтран ажилласан, ажиллаж байгаа бүх хүнд талархал илэрхийлье.

-Та урлагийн салбарт 30 гаруй жил ажиллахдаа өөрийгөө цөөнгүй зүйлд туршиж ажлынхаа ард гарч байсан. Ингэж шамдахын туйлын зорилго нь юу вэ?

-Урлаг надад маш их тэсвэр тэвчээр суулгасан. Бас олон соёл, үзэл санаа, итгэл үнэмшил нэг дор хамтдаа орших боломжтойг ойлгуулсан оюун санааны хөтөч гэж боддог. Би багаасаа циркэд 100 өөр хэл соёлтой, итгэл үнэмшилтэй хүмүүс нэг гэр бүр болж, олон жил хамтдаа байж мэдэхгүй улс орноор аялан тоглож жаргал зовлонгоо хуваалцан, өөр өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлан хамт орших боломжтойг харж өссөн. Миний хамгийн дуртай баяр бол төрсөн өдөр. Яагаад гэвэл, энэ өдөр 2000 үзэгч надад төрсөн өдрийн дуу дуулж, ийм олуулаа төрсөн өдрийг минь хамт тэмдэглэдэг байлаа. Нэгэн удаа  найз маань надад төрсөн өдрийн бэлэг өгөхдөө ил захидалдаа “Төрсөн өдрийн мэндийг зөвхөн өөрөөсөө биш, сурган тоглуулдаг 20 нохойны нэрийн өмнөөс бичиж байна” гэж хэлж билээ.

Дэлхий дахин маш их мөргөлдөөн дунд оршиж байна. Бид ч бас магадгүй нэгнээ хүлээн зөвшөөрөх, биднийг юу нэгтгэж, бас бид юугаараа өөр гэдгээ ойлгосон. Монгол хүнийг төлөвшүүлэхэд соёл урлаг маш чухал үүрэгтэй гэдэгт би итгэдэг. Тиймээс энэ салбартаа ажиллаж байгаадаа баяртай байдаг юм.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №024/24699/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.