БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /20206.09.08/ хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Мандхай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.8-д заасны дагуу хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр нь танилцууллаа. Эл хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Т.Мөнхсайхан, С.Лүндэг, М.Ганхүлэг, Ц.Мөнхбат, Б.Уянга, Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, С.Замира, М.Мандхай, П.Батчимэг, Н.Наранбаатар, Ж.Чинбүрэн, А.Ундраа, Р.Сэддорж нар хүрэлцэн ирж, ирц 51.7 хувьд хүрснээр хуралдаан эхлэсэн юм.
Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Н.Алтаншагай, Н.Наранбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга, Ц.Туваан, Г.Ганбаатар, М.Мандхай, С.Замира, Б.Жаргалан, О.Алтангэрэл нар асуулт асууж, үг хэлэв.
Гишүүд төсвийн тодотголын төсөлд стратегийн зарим бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг тусгасан нь хэдий хугацааны нөөц болохыг, энэ нь эргээд инфляцид хэр нөлөөлөхийг, Малчны тухай хуулийг хэрэгжүүлэх, ялангуяа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд төсвийн тодотгол болон 2027 оны төсөвт хөрөнгө суулгахад Засгийн газар ямар байр суурь баримталсан талаар тодруулж байлаа.
Мөн байгаль орчин болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвөөс хэмнэлтийн жагсаалтад багтаж хасагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд суулгасан эсэх, малын эрүүл мэндийг сайжруулах хүрээнд вакцины төсвийг танасан эсэх талаар лавлаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас хариулт, мэдээлэл авлаа.
Ингээд Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.