МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр БОХХААБХ:Ерөнхий хяналтын сонсгол даргал...

БОХХААБХ:Ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгож, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

Үнэн
Админ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.05.26/ хуралдаан ирвэл зохих 29 гишүүнээс 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, О.Амгаланбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, П.Батчимэг, М.Ганхүлэг, Г.Ганбаатар, Д.Жаргалсайхан, С.Замира, М.Мандхай, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, С.Одонтуяа, Ж.Чинбүрэн нар хүрэлцэн ирснээр 15 цаг 17 минутад  51.7 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

Хуралдааны эхэнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Мөнсоёл танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж санал, дүгнэлтээ танилцуулсныг дурдав.


Монгол Улсын хог хаягдлын менежмент, санхүүжилтийн тогтолцоо нь зөвхөн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлахад төвлөрсөн, хүний нөөц тогтворгүй, хариуцлагын механизм сул байгаа нь салбарын хөгжлийг хязгаарлаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байна. Нэн тэргүүнд хог хаягдлын санхүүжилтийн тогтолцоог шинэчилж үүсгэсэн хэмжээгээр төлөх зарчимд суурилсан төлбөрийн механизмыг бүрдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүрэг тогтоож байгаа эрх зүйн өнөөгийн орчныг өөрчлөн, чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй байна. Ингэснээр үйлчилгээний чанар үр ашиг дээшилж, хог хаягдал бууруулах эдийн засгийн хөшүүрэг бодитоор бий болно. Үйлдвэрлэгч импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бүрэн хэрэгжүүлж ялангуяа цахим цахилгаан хэрэгсэл, сав, баглаа боодол зэрэг бүтээгдэхүүний хаягдлыг эргүүлэн татах дахин боловсруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнтэй уялдуулан депозит, систем, урамшууллын механизмыг нэвтрүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа.


Мөн орон нутгийн түвшинд хог хаягдлын төвлөрсөн цэгүүдийн менежмент сул, хэмжилт бүртгэлийн тогтолцоо хангалтгүй байгаа тул хэмжилтийн техник хэрэгслээр бүрэн хангаж нэгдсэн бүртгэл мэдээллийн системийг хөгжүүлэх шаардлагатай байна. Төвлөрсөн цэгүүдийг байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн иж бүрэн судалгаанд үндэслэн шинэчлэх нөхөн сэргээх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэхүү цогц арга хэмжээний саналуудыг үе шаттай хэрэгжүүлснээр нийслэл, хот, орон нутгийн хэмжээнд хог хаягдлын менежментэд оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэн, хог хаягдал үүсгэж байгаа хэмжээгээр төлөх төлбөрийн шударга системд шилжиж хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ангилан ялгах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйлдвэрийг, үйлдвэрүүдийг татвар, урамшууллын бодлогоор дэмжин үйлдвэрлэгч импортлогчийн өргөтгөсөн хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадна гэж үзжээ. Иймд ажлын хэсгээс дээрх асуудлыг тусган хог хаягдлын менежментийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх хог хаягдлыг эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хог хаягдлын эрх зүйн орчныг сайжруулах талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.


Төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд “Тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжье” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжив. 


Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг батлав

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт /2008 оноос хойших хугацаанд/ төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай ахалж, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан, Р.Сэддорж, А.Ундраа, Б.Уянга, С.Замира нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгасан байв.


Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсэгт дээрх асуудлын хүрээнд зээл авч байсан болон эрх ашгийн сонирхолтой хүн бий эсэхийг лавлав. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай энэ асуудлаар гишүүдээс санал авсан. Зээл, татаас урамшуулалтай нэр холбогдож байсан гишүүд байхгүй хэмээн хариулав. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  64.7 хувь нь дэмжсэн.   

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав

Мөн өдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцав.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тус Байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2 дугаар тогтоолоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэнтэй холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, С.Ганбаатар, Н.Ганхүлэг, С.Замира, У.Отгонбаяр нар ажилласныг дурдлаа.


Тухайлбал, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсөв, Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны дамжуулан зээл болон орон нутгийн төсвөөс нийт 743.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг өнгөрсөн хугацаанд бүрдүүлж 9272 төсөлд 1,1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1294 зээлдэгчийн 218,1 тэрбум төгрөгийн зээлийн авлагатай байгаа бөгөөд 7978 зээлдэгч 938.0 тэрбум төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилтийн эх үүсвэр олгогдоогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтөөс сангийн эх үүсвэрийг бүрдүүлэн хөнгөлөлттэй зээлийг олгож, 2022 он хүртэлх зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс Хөгжлийн банкны болон Засгийн газрын бондын урт хугацаат өр төлбөрт нийт 123.0 тэрбум төгрөгийг төлж бусдад төлөх өр төлбөрийг бүрэн барагдуулсан. 2009-2025 оны хооронд 2441 иргэн, аж ахуйн нэгжийн 575,4 тэрбум төгрөгийн буюу 50,8 хувь санхүүжилтийг Улаанбаатар хотод, 6831 зээлдэгчийн 558,3 тэрбум төгрөгийн буюу 49,2 хувийн санхүүжилтийг орон нутагт олгосон бөгөөд орон нутагт 24,885 ажлын байр хадгалж, 31,027 ажлын байр шинээр нэмэгдүүлж, нийт 41,044 ажлын байр хадгалж, 56,084 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхдээ Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогын хүрээнд батлагдсан Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр зээл олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн авлага 2026 оны эхний улирлын байдлаар 265 зээлдэгчийн 97,3 тэрбум төгрөг байна. Энэ нь нийт олгосон зээлийн 2.8 хувийг эзэлж байгаа нь Хууль, тусгай активын нэгж байгуулан өр барагдуулах ажлыг боломжийн сайн гүйцэтгэсэн гэж дүгнэхээр байна. Нийт чанаргүй авлагын 92 хувь нь буюу 89,2 тэрбум төгрөгийн зээл нь 2019 оноос өмнө олгогдсон бөгөөд чанаргүй зээлийн авлагын 78 хувь буюу 75,9 тэрбум төгрөг нь шүүхийн захирамж, шийдвэрээр баталгаажсан байна. Тус санд 2020 оноос хойш улсын төсвөөс санхүүжилт хуваарилаагүй, харин сангийн өр төлбөр болох Засгийн газрын бонд болон Хөгжлийн банкны өр төлбөрийг өөрийн хөрөнгийн эх үүсвэрээс төлж дуусгажээ. Сан нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 256,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна гэж байлаа.


Мөн тэрбээр энэ асуудалд салбарын нэгдсэн бодлогын уялдаа сул, төрийн байгууллагуудын чиг үүрэг давхардсан хариуцлагын тогтолцоо тодорхой бус, санхүүжилтийн хүртээмж муу, зээлийн эх үүсвэр дутагдалтай, барьцааны шаардлага, үнэ шаардлага өндөр, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах шаардлагатай байгаа үйлчилгээ эрхлэгчдэд үзүүлэх татварын хөнгөлөлт урамшууллын эрх зүйн орчин байхгүй, экспортын нэгдсэн бодлого дутмаг,  гадаадын худалдааны эрх зүйн орчин хангалтгүй, хүний нөөцийн чадавх сул, сургалт, стандартын тогтолцоо дутмаг байгаа нь харагдаж байна гэсэн.

Мөн уг дүгнэлтийн хүрээнд бизнесийн орчныг дэмжих, жижиг дунд үйл, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч онцолж байлаа. Цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх энэ хүрээнд Монгол Улсын жижиг, дунд бизнесийн эрхлэлт, бизнесийн салбарыг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн бусад салбаруудтай ялангуяа гадаад зах зээлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг дурдсан.


Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын их Хурлын гишүүн М.Мандхай тус сангаас зээл аваад хэчнээн аж ахуйн нэгж, ямар салбарууд хэдий хэрийн үр дүн гаргасныг, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан тус сантай холбоотойгоор улсын бүртгэлд байхгүй улмаар салбарын яамнаас баталсан чиглэлд хамаардаггүй цаашлаад аж ахуйн нэгжүүдийн чиглэл нь зөрсөн байхад 3.9 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудлыг төрийн аудитын байгууллагын 2025 оны тайланд тусгасныг тодруулж, хариулт авсан.

Мөн  Улсын Их Хурлын гишүүн  М.Ганхүлэг тус санд хандсан нийт хүсэлтийн хэчнээн хувьд зээл олгож байна вэ гэдгийг нь эргэн харж, дүгнэлт хийх ёстой гэсэн бол Улсын Их Хурлын Б.Бат-Эрдэнэ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг зөвхөн хөнгөлөлттэй зээл олгох асуудал биш, харин зээлээ авч бүтээгдэхүүн үйлдвэрлээд худалдаалж чадаж байна уу гэдэг л асуудал, үүнд бид анхаарах нь чухал гэж байлаа.

Ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоолоо

Үргэлжлүүлэн Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Ганхүлэг нар асуулт асууж, үг хэлсний дараа төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь дэмжив. Уг тогтоолын төсөлд Ерөнхий хяналтын сонсголыг “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээр 2026 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдөр зохион байгуулах, сонсгол даргалагчаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгохоор тусгажээ.

Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хуралдааны төгсгөлд Ерөнхий хяналтын тов, сонсгол даргалагчийг сонгох тухай тогтоол батлагдсан тул үргэлжлүүлэн сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, С.Замира нар ажлын хэсэгт ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дараа уг төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, шийдвэр бүхий байгууллагууд түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих үнэлэх сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат- Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ Г.Ганбаатар, М.Ганхүлэг, У.Отгонбаяр, Р.Сэддорж,Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаясгалан, С.Замира нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.  


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.