МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм CEDAR 61 LODGE: Хамтдаа байх цагийг дур...

CEDAR 61 LODGE: Хамтдаа байх цагийг дурсамж болгоно

Монголчууд бид бүтэн жилийн ажлын ачаалал, стресс ядаргаагаа сэгсэрч хаядаг амралт, аялал зугаалгын хоёрхон улиралтай. Зуны аагим, зунгааралдсан халуунд амралтын тухай биш агаар салхи сүлэлдсэн аглаг тал, хөдөө нутаг тийш хүлгийн жолоо залах тухай л сэтгэлд төсөөлөгдөнө. Харин намрын улирал гэдэг өөр. Нас тогтсон хижээл эр шиг намрын улирал өөрөө аажуу тайвны, амралт зугаалгын бэлгэдэл ч юм шиг. Амралт гэснээс амралтын тухай яриа бумны хөлөөс зайдуу, түмний нүднээс алсдуу газрын хол, усны эхэнд хаа нэг буйдхан газарт очиж буй зураглал сэтгэлд ургуулдаг даа. Гэхдээ тэр газар нь шилмүүст хушин ойн сэнгэнэсэн үнэртэй байвал мөн ч сайхан аа.

Үнэн
Админ

Монголчууд бид бүтэн жилийн ажлын ачаалал, стресс ядаргаагаа сэгсэрч хаядаг амралт, аялал зугаалгын хоёрхон улиралтай. Зуны аагим, зунгааралдсан халуунд амралтын тухай биш агаар салхи сүлэлдсэн аглаг тал, хөдөө нутаг тийш хүлгийн жолоо залах тухай л сэтгэлд төсөөлөгдөнө. Харин намрын улирал гэдэг өөр. Нас тогтсон хижээл эр шиг намрын улирал өөрөө аажуу тайвны, амралт зугаалгын бэлгэдэл ч юм шиг. Амралт гэснээс амралтын тухай яриа бумны хөлөөс зайдуу, түмний нүднээс алсдуу газрын хол, усны эхэнд хаа нэг буйдхан газарт очиж буй зураглал сэтгэлд ургуулдаг даа. Гэхдээ тэр газар нь шилмүүст хушин ойн сэнгэнэсэн үнэртэй байвал мөн ч сайхан аа. 
Амьдралд заримдаа хамгийн их хэрэгтэй зүйл бол зүгээр л бие биедээ цаг гаргах явдал гэдгийг бид мэддэг. Орчин үеийн хурдан хэмнэлтэй амьдрал толгой эргэмээр. Энэ толгой эргэм хурдны эрчмийг гүйцэх гэж хичээх хүмүүс, гэр бүлүүд өдөр бүр нэг дороо цугладаг ч, бие биедээ сэтгэлээ хангалттай нээж чаддаггүй. Өглөө бүхэн хүн бүр өөр өөрийн ажил, сургууль руугаа яарч, орой нь ядарсан, туйлдсан хүмүүс гэрийн бараа харна. Хооллохоор нэг ширээний ард суусан ч гар утасны дэлгэц ширтэж, чимээ аниргүйхэн өнгөрөх үе ч бий. Нэг л мэдэхэд үр хүүхэд насанд хүрч, өтгөс хөгшид хаашаа юм явж одсон байх. Энэ бүхнийг харж суухдаа хэзээ нэгэн цагт таны хүүхэд том болоод таны хэдэн төгрөг олж байсныг, ямар машин унаж явсныг санахгүй. Харин хамтдаа задгай галын дэргэд, нарсан ойн үнэрийг таашаан суусан оройг, ээжтэйгээ хамт ойн дундуур инээлдэн алхсан өглөөг, гэр бүлээрээ цуглан хооллож суусан мөчүүдийг сэтгэлийнхээ хамгийн нандин хэсэгт тэмдэглэн үлдээх болно гэдгийг бодож байсан уу. Магадгүй гэр бүлд тань уйгагүй, завгүй амьдарч бүтээсэн таны баялаг, өндөр үнэтэй хаус, үйлдвэрийн тоног төхөөрөмж, брэнд, машин унаа, өв хөрөнгө биш хамтдаа бүтээсэн дурсамж хамгийн үнэтэй нь байх юм ч бил үү. Гэхдээ дурсамж бүтээхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг мартаж болохгүй. 


CEDAR 61 LODGE гэр бүл, хосын амралтыг ийм л энгийн үнэнийг сануулахын тулд цогцлоожээ. Хуш модод олон зууныг дамжин ургаж, дөрвөн улирлын өөрчлөлт, хүчит салхи шуургыг ч тэсэж үлддэг. Үндэс нь газарт гүнзгий байх тусам мод илүү бат бөх байдаг даа. Гэр бүл ч бас ялгаагүй. 
Хүн хушин ойг нүдээрээ харахаас гадна хамраараа “харж” бас болно гэдэг. Өглөөний сэрүүн тунгалаг агаарт хушин ойн давирхайлаг, чийгтэй хөрс, шилмүүс холтосны үнэр холилдон таны хамарт байгалийн ямар нэг гайхамшигтай уран зургийг толилуулна гээд төсөөл. Хөл хөдөлгөөн ихтэй хотын дасал болсон дуу чимээ, утаа, бензин тосны үнэрээс хэдхэн хоромд ч болов сална. Ийм хушин ойд амрах гэдэг гэр бүлээрээ бүтээх дурсамжаар үл хязгаарлагдах бөгөөд таны бие организм амьсгалаараа байгальтай холбогдох нэг хэлбэр болж хувирна. Таны хамраараа мэдрэх тэр үнэр бол байгалийн өөрийнх нь ароматерапи. Хуш болон бусад шилмүүст модны ид шидийн талаар өгүүлээд дуусахгүй. Ид шид гэхээр ойн дагина, шидэт тоосонцорт ууттай гүнжийн тухай өгүүлэх гээгүй юм шүү. Шилмүүст ойн агаарт дэгдэмхий органик нэгдлүүд, ялангуяа фитонцид ялгаруулдаг тухай л өгүүлэх гээд байгаа юм. Эдгээр бодис чинь л ойн тэр өвөрмөц давирхайлаг, мөч бүрд шинэхэн байдаг гайхалтай үнэрийг бий болгодог.  


Ийм үнэрийг мэдэрсэн хүн хотын утаа, бензин, халсан агаар, тоосны үнэрээс салж, илүү цэвэр, тайван орчинд байгаа мэт мэдрэх нь гарцаагүй. Ер нь л ойд яваад ороход стресс, алжаал ядаргаа үлээсэн мэт алга болж, сэтгэл санаа тайвшраад л явчихдаг. Гэхдээ яагаад юм бол. Мэдээж эрдэмтэд энэ асуултыг тавиад зүгээр орхисонгүй. Японд “shinrin-yoku” буюу “ойн усанд орох” хэмээх хачин утгаар нэрлэсэн судалгааны чиглэл бий болжээ. Судлаачид хүмүүсийг ойд болон хотод байлгаж, зүрхний цохилт, цусны даралт, стрессийн даавар зэрэг физиологийн үзүүлэлтийг харьцуулж үзэв. Ойд байх үед стрессийн хариу урвалтай холбоотой үзүүлэлтүүд буурч, хүмүүс илүү тайван байдалд ордог нь олон судалгаагаар ажиглагдсан байна. Ойд амрах гэдэг модод харж, од тоолж суухын нэр биш болж таарлаа. Бид ойг нүдээрээ үнэрлэж, чихээрээ харж, арьсаараа сонсож, хамгийн гол нь амьсгалаараа амталж авдаг. 


Аан тийм, энд бид CEDAR 61 LODGE гэр бүл, хосын амралтын талаар өгүүлж байгаа шүү дээ. Моддын салхинд найган аяархан шуугих чимээ чихнээ сонсогдон гэр бүлүүдийг задгай галын дэргэд орхичихож. Яах вэ дээ тийм үү. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа, харилцан яриа, нууцхан шивнээ, бүүвэйн дуу, нялхсын яраглан нойрсох, хүүхдүүд шуугин хөөцөлдөх, хамт инээсэн мөчүүдийг нь ирээдүйн нь гэрчлэх юм хойно. Энэ бүхэн гэр бүлийн бие биенээ зуурч, улам нягтран нийлж холбогдох үл үзэгдэх үндэс учраас тэр.
Тийм л учраас CEDAR 61 LODGE гэр бүл, хосын амралтын газрыг би амарч, хоноод буцдаг аянчдын буурчийн газар биш гэж бодож байгаа юм. Хотын амьдралын хурдан түргэн хэмнэлээс түр холдож, нэг нэгнээ сонсож, гэр бүлийн түүх хүүрнэх орон зай гэж бодно. Амралт гэдэг магадгүй анир чимээгүйд уусан үүрэглэж суух биш өөр нэгэн чимээг олж сонсох тухай ч байж болох юм.


Бас нэг чухал зүйл нь CEDAR 61 LODGE гэр бүл, хосын амралтын газарт гэр бүлээрээ л очих тухай ярьж боломжгүй санагдана. Хосуудын хувьд ч хамтдаа байх цагийг эргүүлэн авчрах, хувийн орон зайгаа нэгтгэх газар байж болох юм. Сайхан санаа байгаа биз. Хоёрхон биеэрээ алхах, өглөөний цайгаа хамтдаа уух, галын дэргэд юунд ч үл яаран биесээ ширтэн юу ч үл ярилцан сууж болох юм. Эсвэл нэг нэгнийхээ тасралтгүй үргэлжлэх яриаг юунд ч үл яаран нэг ч үг таслалгүй сонсож болно. Үл ялиг доголдсон харилцааг сэргээдэг жижигхэн, зальтай арга зам болж чадна даа.
Хүмүүс амралтаараа ихэнхдээ л хамтдаа хоол хийж, амтлах дуртай байдаг. Өглөө эртлэн  сэрээд том цонхоор ой харангаа анир чимээгүйн дунд мах шарж зогсоод эдгээр энгийн зүйлс хожим хамгийн үнэ цэнтэй дурсамж болон үлдэхийг та зөнгөөрөө л мэдэрнэ.


CEDAR 61 LODGE гэр бүл, хосын амралтын газрын байшингууд нь асар том, хэдэн давхар өндөр сүрлэг барилга байгууламж биш. Моддын дунд, оддын дэргэд, намхан байшингууд байгальдаа ууссан мэт харагдах аж. Эдгээр байшингийн налуу дээвэр, байгалийн өнгө, модон доторлогоо, том цонх, задгай террас, дээврийн сүрлэн шийдэл, дотор, гадна орон зайн холболт өвөрмөц дүр төрхийг бий болгожээ. Үүнийг “амралтын газар” гэхээсээ илүү байгальд амрах архитектур гэж тайлбарлаж болно. Энэ онцлог нь байгалиас тасарсан мэт харагдахгүй байгаад оршино. Моддын дундах намхан байшингууд том цонхоороо байгалийг дотогш оруулж, террас дээр гармагц ой модод үргэлжлэн байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Энд байшин өөрөө байгальтай өрсөлдөхгүй, байгалийг амралтын нэг хэсэг болгож өгчээ. Энэ нь амрагчдын амьсгалах, амрах, байгальтай холбогдох философитой маш сайн нийцнэ.
Өглөө нүдээ нээхэд хамгийн түрүүнд хананы өнгө биш, моддын орой харагдана. Орой орондоо орохын өмнө хөшигний цаана хотын гэрэл биш, моддын бараан дүрс үлдэнэ. Гэр бүлээрээ жил бүрийн намар энэ л газраа зориод дасчихвал ямар ч алсын аялал, харь улсын тансаг буудлаас илүү байж болно. Зарим газар нэг удаа очоод өнгөрдөг. Харин зарим газар гэр бүлийн түүхийн нэг хэсэг байж болдог. 


CEDAR 61 LODGE гэр бүл, хосын амралтын газар гэдэг утгаараа би зүгээр нэг амарч, хоноод буцах аялагчдын буурчийн газар гэж харахгүй байна. Хотын амьдралаас түр холдож, нэг нэгнээ сонсож, гэр бүлийн түүх хүүрнэх, хосууд дахин ярилцах, хүүхдүүдтэйгээ дурсамж бүтээх орон зай гэж харж байна.
Хамгийн чухал зүйл нь хэдэн одтой өрөө, ямар үнэтэй машинтай ирсэн, ямар брэндийн хувцастай ирсэн тухай биш. Хэнтэйгээ ирж, юу ярилцсан бэ. Хэдэн удаа яагаад инээсэн бэ, галын дэргэд хэр удаан суусан бэ гэдэг дурсамж л үлдэнэ. Зарим үнэтэй хором мөчийг “дараа” гэж хойшлуулах боломжгүй юм шүү. Бид утасныхаа цэнэг дуусахаас айдаг мөртлөө өөрсдийнхөө энерги, харилцаа, тэвчээр дуусаж байгааг анзаардаггүй.
Гэхдээ CEDAR 61 LODGE гэр бүл, хосын амралтын газар бол утас цэнэглэх газар биш, таны өөрийгөө, гэр бүлийн эрчмээ цэнэглэх газар юм. 

 ТРАМП ТӨМӨРӨӨ

"Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.