МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Чоно үхэж ч чаддаг, амьдарч ч чаддаг  тэ...

Чоно үхэж ч чаддаг, амьдарч ч чаддаг  тэнгэрлэг араатан

Хэдэн жилийн өмнө үнэ цэн нь хөсөрч хаягдаж байсан өнөөх гайхал чоно хаа сайгүй өсөж үржиж, анчдын аазгайг хөдөлгөж бизнест нь үнэт эрдэнэ болоо шив дээ.

Үнэн
Админ

Хэдэн жилийн өмнө үнэ цэн нь хөсөрч хаягдаж байсан өнөөх гайхал чоно хаа сайгүй өсөж үржиж, анчдын аазгайг хөдөлгөж бизнест нь үнэт эрдэнэ болоо шив дээ. Чоно ерөөс тэнгэрлэг араатан. Төрөлхийн сэргэлэн хэрнээ сэрдүү, догшин араншинтай сэрэл мэдрэмж гойд, зориг шийдмэг заль гэж бусдыг дагуулахааргүй амьтан. Чонотой чамгүй хөөцөлдөж араншинг нь мэдэж авлаж явсан анчдын яриа сониныг өгүүлдэг. Гөрөөчин отгийн зартай анчин Лу заан гэгдэх Зундуйн Лувсаншарав Жигзавын Ёндонпэрэнлэй нарын ам халаад ярих нь сониныг өгүүлдэг юм. Тэдний яриа хүмүүсийг гүр соронзон мэт татна. Бэлтрэгээ аврахын тулд тун ч зальтай санаанд оромгүй. Анчны мөр ойрхон өнгөрснийг мэдээд бэлтрэгээ хонины гүзээнд хийж бүдүүн дархины хөндийд байрлуулж байсан гэдэг. Амандаа хар юм зуусан  чонотой анчин тааралдаад хөөж давхисан боловч нэг мэдэхнээ зууж явсан өнөөх зүйл нь гэнэт цагаан  болчихдог  нь хачин юм даа гэж бодоод мөшгивөл бэлтрэгээ харганын хажуу дахь нүх рүү хийчихээд булууны цагаан яс зууж зугтаасан ажээ. Анчин бэлтрэгийг олох гэж мөрөөр нь мөшгихөөр шийдэв. Мөшгих гэж мунгинаж очтол тэр хооронд нь бэлтрэгээ аваад явчихсан байжээ. Ийм л зальтай, сэрэмжтэй амьтан, сэжиг л гарвал бэлтрэгээ яавч алдахгүй зайлуулж чаддаг. Булууны яс, хатсан арьс шир бүр цаашилбал туулай, чандага  зуун авчирч бэлтрэгээрээ тоглуулж амьтан барих сургуулилалт хийлгэдэг байна.

Нэг жолооч хээр талд явахдаа чонотой таарчээ. Сарны саруул гэрэлд орсон чоно гэрэлд орж гараад байж. Буудах тоолонд оногдохгүй байж, гэрэлд орохоо больчихож гэнэ. Уул толгод дамжаад алга болоо биз гэж бодоод машинаасаа буутал өнөөх чоно арын тэвшин дээрээс год үсрэн буугаад зугтсан аж. Ингэж чадуулсандаа жолооч өөртөө харуусаж, бас ичих шиг болжээ.

Урд хоёр хөл нь мухар чоныг нарийн шургааг дээгүүр дөрөөлүүлчихээд хоёр үзүүрээс нь хоёр чоно дамжлаад ус долоолгож байсныг харсан анчид байна. Анчдын яриагаар бол чоно арван хэд наслахдаа найман удаа зулзагалж, зарим үед арван хоёр хүртэл бэлтрэг гаргадаг аж. Гичий чоныг хээлтэй азарган чоно сүрэг толгойлдог, бүл сүргийн аюулгүй байдлыг даадаг. Бурхан багш амьтдад идэш тэжээл хуваарилахдаа чоныг мартчихаж. Чоно бурхан багшаас “Би юугаар хооллох болж байна” гэж асуухад, “Чи эр чадалтай араатан. Зуун амьтнаас нэгийг барьж идэж бай” гэснийг зуугаас нэгийг үлдээ хэмээн амласан гээд амьтныг үй олноор нь сэглэх болжээ. Чоно амьтныг оройн нар жаргахаас үдшийн бүрий тасрах хооронд, үүрийн гэгээ тэмдгэрснээс хойших агшинд л барьдаг. Шөнийн харанхуйд амьтан барьдаггүй, харин ч манаж отож хонодог. Байгалиас заяасан хувь тавилан, жам ёс нь тэр. Чонын буруу юу байх вэ гэж өмөөрөх аясаар хэлбэл хэдэн малаа байнга хариулдаг, болгоомж сэрэмжтэй байвал чонын учрах аюул үгүй. Чоно хийморилог, тэнгэртэйд нь алагдаж, дорой буурайд нь үзэгдэж явъя гэсэн домогтой гэдэг нь үнэний хувьтай буй заа.

Чоно хүнтэй тэрсэлж өшөө хонзонгоо авахын төлөө мэрийдэг ч хүнд тус болсон удаа цөөнгүй. Өнчин хүүхдийг үүрэндээ авчирч өсгөсөн түүхэн домогтой. 1930 оны үед лам хуврагуудыг хоморголон хэлмэгдүүлж байсан үе. Нэгэн хүрээний лам оргож хээрээр гэр, хэцээр дэр хийж хэдэн сар уул хаданд амьдрахдаа сэглэж хаясан малын мах идэж, булуу тойг мөлжиж туйлдан ядарч явжээ. Өвгөн лам дээр хэдэн чоно орой бүр ирж аргалын утаа, цогны гэрлээс далдирч оцойн сууж байгаад явдаг байж. Өвгөний туйлдаж ядарч байгааг мэдсэн нэг олигор хөх чоно шогшин ирж амь зогоох юм ойрмогхон хаячихаад явчихаар нь очиж үзвэл хонины гуя байжээ. Өвгөн лам тэр гуяар бага багаар шөл хийж ууж тэнхэл авсан гэдэг. Тэр олигор хөх чоно нэг ч биш хэд хэдэн удаа мах, махтай яс авчирч өгч аминд нь оржээ. Өвгөн түүнийг “Бурхны элч” гэж баярлан залбирчээ. Чоно үнэхээр амьдарч ч чаддаг, үхэж ч чаддаг араатан. Араатны жамаар хоолоо олох гэж дотоод ертөнцдөө шатаж явдаг аж.

Бэлтрэгээ борог хоолонд орохоор хол гэж түүртэхгүй амьтны тураг мах, ангийн хаа, гуя тэр ч байтугай зээр гөрөөсийг бариад ирнэ. Чонын харилцааны хэрэглүүр нь дуу авиа. Анчдын ажиглалтаар бол улих, хуцах, гаслах, гийнах, гинших нь өөр өөр санааг илэрхийлдэг. Бас зандарсан, зэмлэсэн, шаардсан, сануулсан, баярлаж хөөрсөн, эрхэлж наадсан, аюул занал зарласан, хань ижлээ дуудсан олон өнгө аясыг анчид урт хугацааны ажиглалтаараа олж мэджээ.

Ж.Гун-Аасүрэн /МЗЭ-ийн шагналт зохиолч/

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.