МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Д.Ананд-Очир: Эх орондоо дадлагажих хөтө...

Д.Ананд-Очир: Эх орондоо дадлагажих хөтөлбөрт хамрагдаад илүү ихийг бүтээх урам зоригтой боллоо

Монгол Ардын Намын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцохдоо тэдэнд эх орондоо ирж дадлагажих, ажиллах боломж хомс болохыг сонссоноор намын дэргэдэх оюутнуудын байгууллагаас хэрэгжүүлэхээр танилцуулсан хөтөлбөрийг дэмжин эхлүүлсэн. Эх орондоо, эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийх боломжийг бүрдүүлэх “100×100” хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан Бээжингийн Технологийн их сургуулийн төгсөх курсийн оюутан Дугаржавын Ананд-Очиртой ярилцлаа.

Үнэн
Админ

Монгол Ардын Намын дарга Н.Учрал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсад суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцохдоо тэдэнд эх орондоо ирж дадлагажих, ажиллах боломж хомс болохыг сонссоноор намын дэргэдэх оюутнуудын байгууллагаас хэрэгжүүлэхээр танилцуулсан хөтөлбөрийг дэмжин эхлүүлсэн. Эх орондоо, эзэмшиж буй мэргэжлийнхээ чиглэлээр дадлага хийх боломжийг бүрдүүлэх “100×100” хөтөлбөрт хамрагдахаар шалгарсан Бээжингийн Технологийн их сургуулийн төгсөх курсийн оюутан Дугаржавын Ананд-Очиртой ярилцлаа.  
  
-Хятад улсдаа эхний тавд эрэмбэлэгддэг Бээжингийн Технологийн их сургуульд элсэхийн тулд ерөнхий эрдэм болон гадаад хэлээ хэрхэн бэлдсэн бэ?


-Хятадад бизнес, эдийн засгийн чиглэлээр сурах зорилгоо бүр эртнээс тодорхойлсон. Багаасаа гадаад хэлний мэдлэгтээ анхаарч, хэрэглээний орчин бүрдүүлэхийн төлөө хичээх болсон нь өсвөр наснаас эхлэлтэй. Хүүхэд байхдаа хятад, англи хэлийг сонирхон судалж эхэлснээс яривал багагүй хугацаа зарцуулсан. Хятад хэлээ эрчимтэй судалсан үе гэвэл ахлах ангид юм байна. “Шинэ Монгол Харүмафүжи” сургуульд шилжин суралцахын зэрэгцээ хятад хэлээ сайжруулахын тулд давхар сургалтад хамрагдаж эхэлсэн. Суурь мэдлэгтэй байсан болохоор хэлнийхээ түвшнийг богино хугацаанд сайжруулж чадсанаар зорьсон хятад сургуульдаа хүсэлтээ явуулахад асуудалгүй болсон. 


-Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө хятад хэлний түвшин тогтоох шалгалтын хэддүгээр түвшинтэй байв?


-HSK 5-тай болсон. Гэхдээ намайг ерөнхий боловсролын сургуулиа төгсдөг жил дэлхийн улс орнуудад коронавируст цар тахал дэгдсэнээр Хятад руу сургуульд явахаа хойшлуулах шаардлага тулгарсан. Гадаад руу сургуульд явахаар төлөвлөсөн болохоор Монголд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө гэж бодоогүй. Тухайн үед сурах төлөвлөгөөгөө өөрчилж богино хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх шаардлагатай болсон. Эдийн засгийн чиглэлээр суралцана гэж бодсон учраас тоондоо гайгүй. Элсэлтийн шалгалт өгөхдөө үүндээ төвлөрч бэлдсэн нь намайг Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутан болгосон юм. 


-Хэддүгээр курсэд байхдаа Хятадад сурах эхлэлээ тавьсан юм бэ?


 -Хоёрдугаар курсэд байхдаа... Тухайн үед Хятадын гурван ч сургуульд суралцах хүсэлтээ явуулснаас Бээжингийн Технологийн их сургуулиас “тэнцсэн” хариу ирсэн. Энэ сургууль Хятаддаа эхний байруудад эрэмбэлэгддэг. Сайн сургууль чадварлаг боловсон хүчин бэлддэг. Дотооддоо ч энэ сургуульд элсэхэд өрсөлдөөн ихтэй байдаг зэрэг нь намайг Технологийн их сургуульд суралцахад нөлөөлсөн. Мэдээж технологийн чиглэлийн мэргэжилтнүүд бэлддэг сургуульд яагаад эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа юм бэ гэх байх. Технологи, эдийн засаг хамтдаа байж хөгжинө, урагшилна. Эдийн засаггүйгээр энэ салбарыг төсөөлөхөд бэрх. Тиймээс дэлхийн эдийн засгийн хурдасгуур болж байгаа улсын нийслэлд нэр хүндтэй сургуулиудынх нь нэгд эдийн засгаар мэргэшье гэж бодсон юм. 


-Хятадын Технологийн их сургууль таны гурван сонголтын нэг байсан. Эхнийх нь ямар сургууль байсан юм бэ?


-Хятадын Ардын их сургууль байсан. Бээжин хотод байрладаг, нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр улсдаа тэргүүлдэг энэ сургуульд сурах зорилготой байсан ч санаснаар болоогүй. Гэхдээ одоо бол энэ нэг их чухал биш. Сургуулиа төгсөхөд, мэргэжлээрээ ажиллаж эхлэхэд нэг жил үлдээд байна. 


-Коронавируст цар тахал улс орнуудад дахин шинэчлэгдэх боломж өгч халдвар хамгаалалт намжсаны дараа илүү дэг журамтай орчин нөхцөл биднийг угтсан. Цар тахлын дараахан Хятадад очиж суралцсан танд энэ байдал илүү их мэдрэгдсэн байх?


-Айхавтар нарийн дэг журам баримтлаагүй. Манай сургууль нийслэлээс зайдуухан, Фаншан дүүрэгт байдаг. Нийслэлийн төв хэсэгтэй харьцуулахад амьдрах өртөг багатай. Платформууд сайн хөгжсөн нь хүссэн зүйлээ захиалахад цаг хугацаа зарцуулахгүй авах боломжийг бүрдүүлсэн. Түгжрэл байдаггүй зэрэг нь бараа бүтээгдэхүүн захиаллаа гэхэд ердөө цагийн дотор хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. 


-Технологийн их сургуульд ямар мэргэжлээр сурч байгаагаас шалтгаалан салбар сургуульд харьяалагддаг уу. Ингэж асууж байгаагийн учир нь би танай сургуулийг Бээжингийн төвд байдаг гэж бодсон юм?


-Манай сургууль Бээжинд хоёр салбартай.  Нийслэлийн төвд байдаг сургуульд төгсөх курсийнхэн байдаг. Фаншан дүүрэгт өөр нэг салбартай. Тэнд бусад курсийн оюутнууд суралцдаг юм. Манай сургууль 20 гаруй монгол оюутантай. Танилцаад ярилцахад багаасаа хятад хэл судалсан хүүхдүүд голдуу байсан. Хичээлээ ихэвчлэн хятад хэлээр судалж байгаа болохоор зав төдийлөн гараад байдаггүй. Монголоос очсон эхний жилүүдэд орчиндоо дасахад хугацаа зарцуулсан. Хятад оюутнуудтай нэг танхимд эх хэлээр нь суралцах хялбар байгаагүй. Сургууль, орчиндоо дасаад хоёр дахь хичээлийн жилээс байдал өөрчлөгдсөн. Гэхдээ хятадаар мэдэхгүй зүйл одоо ч гардаг. Тэр үед англи хэлдээ л найддаг юм. 


-Хятад хүн ч хятад хэлээ насан туршдаа сурдаг гэдэг. Гэхдээ энэ бүхэн гадаад хэлээ сайжруулах боломжийг танд бий болгосон байна?


-Тийм ээ. Зарим үгээ мэдэхгүй тохиолдолд англиас хятад руу буулгахад илүү оновчтой. Монголоос хятад руу хөрвүүлэхэд утга нь алдагдах гээд байдаг тал бий. Энэ шалтгаанаар одоо миний англи хэл илүү сайжирч байна. Гадаад хэлнийхээ мэдлэгийг сайжруулахаар зорьж байгаа бол тухайн хэлээр кино үзэх үр дүнтэй санагддаг. Дээр нь боломж гарвал хятадаар харилцаж байх нь хэлээ сайжруулах, үгийн баялгаа нэмэх давуу талыг бий болгодог. Ер нь аль болох хэрэглээтэй байснаар гадаад хэл илүү сайжирдаг юм байна.


-Хятадад эдийн засгийн чиглэлээр суралцахын онцлогийг юу гэж харж байна вэ?


-Үнэнийг хэлэхэд, эхэндээ учраа олоогүй. “Яагаад” гэсэн асуултууд толгойд эргэлдээстэй. Харин хугацааны явцад энэ улсын бизнесийн орчны талаар багахан ойлголттой болж, одоо ч үргэлжлүүлэн судалж байна. Эдийн засгийн хувьд Америктай харьцуулах үзэгдэл түгээмэл. Биднийг хичээлийн явцад багт хуваарилан ажиллуулахдаа ч мөн тодорхой сэдвүүдийн хүрээнд судлуулдаг. Миний хувьд Хятадын мөнгөний бодлого, бизнесийн орчныг сайтар ажиглах нь цаашдын ажил, зорилгоо биелүүлэхэд хэрэгтэй болохоор сонирхлыг маань илүү татаж байгаа. 


-Суралцах хугацаандаа бизнесээ эхлүүлсэн юм уу. Яагаад заавал Хятад гэж?


-Аавынхаа ажлыг үргэлжлүүлэх хүн нь би учраас тэр л дээ. Бизнесийн орчин, худалдааны бодлого  улс орнуудын харилцаанаас шалтгаалан өөрчлөгдөж байгаа энэ үед хурд хэрэгтэй, мэдрэмж шаардлагатай. Тиймээс л илүү судалж, орчныг нь мэдрэхийн тулд Хятадад эдийн засгийн чиглэлээр сурч байна.  


-Өнгөрсөн хугацаанд мэргэжлээрээ дадлага хийж байсан уу?


-Хятадад дадлага хийх боломж байдаггүй. Харин эх орондоо дадлагажих хөтөлбөрийн хүрээнд Монголд мэргэжлээрээ анх удаа дадлага хийлээ.  


-Эх орондоо дадлагажих хөтөлбөрийн тухай анх хаанаас мэдээлэл авсан бэ?


-Би Социал демократ Монголын оюутны холбоонд харьяалагддаг. Монгол Ардын Намын дарга  Хятадад айлчлал хийсний дараа эх орондоо дадлагажих хөтөлбөрийн тухай мэдсэн. Дадлага хийх хүсэлтэй байсан учраас үеийнхэнтэйгээ өрсөлдөөд үзье гэж бодсон хэрэг. Улмаар дадлага хийх боломжтой оюутнуудын нэг болж Монголбанканд  хуваарилагдсан. Дадлагын эхний хугацаанд алдаа мадаг гаргахвий гэж эмээж байсан. Тэндэхийн хүмүүс намайг элгэмсгээр хүлээн авсан нь дадлагаа амжилттай хийхэд нөлөөлсөн гэж бодож байна. Аль болох надад зааж зөвлөж, миний хувьд ч сонирхсон сэдвээ монгол хэлээрээ уншиж судлах боломжтой байсан.  


-Монголбанкны аль нэгжид харьяалагдан дадлага хийсэн бэ?


-Эдийн засгийн сургалт, судалгааны хүрээлэнд дадлага хийлээ. Яг л тэндэхийн ажилтнуудтай адил цагаар ажиллаж, орчинтойгоо танилцсан. Одоо бол сургуулиа төгсөөд Монголбанкны үндсэн ажилтан нь болно гэсэн зорилготой болсон.  


-Социал демократ Монголын оюутны холбоонд хэзээ элссэн бэ?


-Үеийн залуус хамтраад ийм нэгдэл байгуулсантай танилцаад удаагүй байна. Хятадад сурдаг болохоор зохион байгуулж байгаа арга хэмжээнд нь төдийлөн оролцох боломж олддоггүй. Мэргэжлээ дадлага хийхээр Монголд ирэхдээ холбооноос эхлүүлсэн ажилтай танилцлаа. Одоо үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа SDSCAMP оюутнуудын уулзалт, өдөрлөгт оролцсон. Энэ уулзалтаас үеийнхнийхээ юу бодож, сэтгэж, сэтгэл зовж байгаа талаар сонссон. Бас цаашдаа юу хийхээр зорьж байгааг мэдэж өөрийн хэмжээнд мэдээлэлтэй болоод байна. Миний хувьд цаашдаа залуучуудтайгаа нэгдэн ажиллана гэсэн бодолтой болсон. Их сургуулиа төгсөж ирээд үйл ажиллагаандаа илүү идэвхтэй оролцоно доо.   


-Хятадад сурдаг монгол оюутан олон. Та бүхэн сурч байгаа мэргэжил, эсвэл сонирхлоороо нэгдэн мэдээлэл солилцдог цахим групптэй юү?


-Их сургуулиа төгсөхөөсөө өмнө холбооныхонтойгоо хамтран энэ чиглэлээр ажил зохион байгуулна гэж бодож байгаа. Шинэ оюутнууддаа мэдээлэл өгөх болон хүний нутагт шаардлагатай үедээ нэг нэгнээ мэддэг байхад буруудах зүйлгүй. Бид “Дэм дэмэндээ...” гэж хэлдэг. Мэдлэг, туршлагатай болоод эх орондоо эргэн ирж ажиллахаар зорьж шамдан суралцаж байгаа залуустаа ярилцлагын төгсгөлд амжилт хүсье. 


-Ярилцсанд баярлалаа. 

Б.Сэлэнгэ
“Монголын үнэн” сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.