МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Д.Бум-Очир: Бүх монголчуудыг нэгтгэх хам...

Д.Бум-Очир: Бүх монголчуудыг нэгтгэх хамгийн гол хүчин зүйл бол ЧИНГИС ХААН

Үе үеийн Ерөнхийлөгчид Чингис хаантай холбоотой олон зүйлийг хийж бүтээж ирсэн. Тэдгээрээс Чингис хааны эш хөргийг залсан нь маш зөв зүйтэй, цаг үеэ олсон ажил болсон. Оюун санааны маш том алхмыг хийсэн. Хойч үеийнхэн, хүүхэд залуучуудад сайн хүрсэн. Хүүхдүүд “Чингис хаан бол Монголын бахархал” гэж бичээд зургийг нь зурчихсан байх жишээний. Өмнө нь хэзээ хүүхдүүд санаачилгаараа Чингис хааны хөргийг зурж байв. Энэ ажлыг хариуцаж явсан учраас би илүү мэдрэг ханддаг байж магад. Гэхдээ энд тэнд явахад, ер хаа сайгүй Чингис хааныхаа хөргийг залсан, хүүхэд залуучуудад ч маш их түгсэн юм байна гэдэг нь харагддаг.

Үнэн
Админ

УИХ-ын гишүүн Д.Бум-Очиртой ярилцлаа.

 -УИХ-ын гишүүн болох хүртэлх таны түүхийг уншигчидтайгаа хуваалцахыг зорилоо. Та бол эрдэмтэн, судлаач хүн. Хэл бичгийн ухааны болон Антропологийн доктор, профессор болтлоо суралцах эхлэл суурь хэрхэн тавигдсан байдаг юм. Ямар итгэл үнэмшлээр анх мэргэжил сонголтоо хийж байв?

-Мэргэжил сонголтод хүний өссөн орчин маш их нөлөөлдөг. Миний хувьд монгол хэл, соёл, монгол судлалын чиглэлийн судлаачийн гэр бүлд өссөн хүн. Тиймээс аавынхаа ажил мэргэжлийг өвлөж авсан. 17, 18 настайдаа аавыг дагаад хээрийн шинжилгээ судалгааны ажилд хамт явах боломж гарч байсан юм. Ингэж хөдөөх сум, орон нутгаар явж, алив ёс заншил, шүтлэг, бөө мөргөл, тахилга зэрэг монголчуудын уламжлалт итгэл үнэмшлийн зан үйлийг анх судалж байлаа. Тухайн үеэс л судлаачийн ажил сонирхол татаж эхэлсэн дээ.

 Энэ сонирхолдоо хөтлөгдөж явсаар эхлээд монгол, англи хэлний багшаар төгсөөд дараа нь МУИС-д эх бичиг, сан тахилгын судрыг судалж эхэлсэн юм. МУИС-ийн магистрын судалгааны ажил бол “Мөнх тэнгэрийн шүтлэг тахилгын судруудын эх бичгийн судалгаа” нэртэй байсан. Гол санаа нь монголчууд Хүннүгийн үеэс тэнгэр, газрыг шүтдэг байлаа. Чингис хааны үед буюу “Нууц товчоо”-нд мөнх тэнгэрийн шүтлэг маш тодорхой бий шүү дээ. Тэгвэл яг юуг шүтээд байдаг байв, мөнх тэнгэр гэж ямар шүтээн юм гэдгийг ойлгохыг хичээсэн, одоо ч хичээж л явна.

Мөнх тэнгэрийг тахихад уншдаг сан тахилгын судрууд бий. 17, 18 дугаар зууны үеэс бичмэл, дармал янз бүрийн байдлаар уламжлагдаад ирчихсэн судруудын агуулгыг харьцуулж уншаад латин галигийг нь хийсэн л дээ. Ингэж мөнх тэнгэрийн талаарх судалгааны ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш нэгэнт тэнгэр шүтлэг рүү орсон учраас үргэлжлүүлээд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд “Бөөгийн аман яруу найргийн төрөл зүйлийн онцлог” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Бөө нар дуудлага, тамлага гээд олон янз хэллэгтэй. Түүнийг нь утга агуулга, зорилгоор нь ангилсан юм. Түүнчлэн онгод дуудахаас эхлээд төгсгөл хүртэл олон шат дамжлагатай. 

Янз бүрийн зан үйлүүд нь ая дан буюу дуудлагатай байдаг. Эдгээрийг нэгбүрчлэн жагсааж гаргаж ирэх ажлыг хийсэн гэсэн үг. Хөдөө явж, бөө нартай уулзана. Дуудлагыг нь бичиж тэмдэглэж авна. Энэ тухайд Б.Ринчен гуай жишээлбэл, бөөгийн зан тахилгын судрын талаар судлаад хэвлүүлсэн байдаг. Тэдгээрийг олж уншиж, харьцуулна. Цаашлаад Өвөрмонгол, Буриадын бөө нараас ч судалгаандаа оруулсан. Хүний итгэл үнэмшил, шүтлэг бишрэл, зан үйлтэй холбоотой судалгааг өөрийн анхны мэргэжил болох хэл бичиг, тэр дундаа аман зохиол талдаа судалсан гэсэн үг л дээ. Үүнийг судалдаг бас нэг шинжлэх ухааны хоорондоо ойрхон салбар нь антропологи буюу хүн судал.

Антропологи дотроо хэд хэдэн хэсэгтэй бөгөөд зан үйл, шүтлэг мөргөлийг судлаад байгаа нь нийгэм соёлын антропологи. Ингээд өөрийн эрхгүй нийгэм, соёлын антропологитой холбогдсон байдаг. Тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг судалсан гаднын эрдэмтдийн ихэнх нь антропологичид байдаг. Ингэж явсаар Кембрижийн их сургуульд  тэнцээд тэндээ бөөгийн зан үйлээр А үнэлгээтэйгээр магистрын зэргээ хамгаалаад докторт тэнцэн суралцсан юм.  Кембрижид докторт суралцахдаа бөө мөргөлөөсөө илүү антропологи талруугаа судалсан.

БНХАУ-ын Хөх нуурын эргэн тойрон дахь дээд монголчууд буюу хуучнаар манай баруун Монголын дөрвөн ойрдын хошууд голлодог цайдмын хотгор дахь монголчуудын тухай судалгаа хийсэн. Тэндээ нийтдээ 18 сарын хугацаанд хээрийн судалгаа шинжилгээний ажил хийсэн байдаг юм. Тэндэхийн хөдөөд, малчин айлд 12 сард нь амьдран суусан. Ингээд дээд монголчуудын хүндэтгэлийн ёсны тухай судалсан юм. Хятад дахь 56 үндэстэн угсаатан хоорондын зөрчлийн асуудлыг энэ судалгаанд оруулсан хэрэг л дээ. Үүнтэй холбоотойгоор “Монгол бол хятад үндэстэн” гэж намайг хэлсэн гээд л нэг хэсэг шуугив даа. Яалаа гэж тийм зүйл ярих билээ.

Харин ч эсрэгээрээ Монгол бол Хятадын нэг хэсэг биш шүү гэдэг байр суурийг л барьж ирсэн хүн. Ямар ч ул үндэсгүй зүйл явдаг учраас тайлбар хийж байгаа юм шүү.  Миний хувь судлаачийн сонирхол бол дэлхийн улс орнуудад суугаа монголчуудаа тодруулах. Тэдний талаарх мэдлэг, мэдээллийг монголчууддаа илүү түгээх. Дэлхий дээр байгаа монгол үндэстэн бие биеэ мэддэг байх ёстой. Антропологичийн энэ сонирхол маань сүүлдээ төв Азийн болон эргэн тойрны улс оронд байгаа монголчууд, монгол угсааныхнаа илүү их судлах ёстой юм байна, нэгэнтээ бидний өвөг дээдээс ЕвроАзийн өргөн уудам нутагт улсаа байгуулаад явсан учраас эргээд үүнийг судлахаар дэлхийн хэмжээний л судалгаа хийгдэж таардаг. Тиймээс монгол судлалыг бид илүү өргөн хүрээнд харах ёстой гэж үздэг. Энэ тухайд “Заншлын хэлхээ” нэвтрүүлгийг хийсэн.

Дээд монголчуудын тухай 10 дугаар гарсан. Үүний дараа Киргизстанд байгаа сарт халимагуудын тухай бас 10 дугаар хийсэн байдаг. Ер нь миний тухайн үеийн хүсэл эрмэлзэл бол Төв Азийн хэдэн орныг тойроод тэнд байгаа монголчуудтайгаа холбогдож уулзах, судалгааны эргэлтэд ороогүй энд тэнд монгол уламжлал, ёс заншлаа тээж яваа хүмүүсээ тодруулах, бусад монголчууддаа танилцуулах ёстой юм байна гэдэг үүднээс нэлээд шимтэж ажилласан юм. 2015 оноос Лондоны их сургуулийн бүтцэд багтдаг Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимд пост докторын судалгаа хийсэн.

Тэнд  судлаачийн сонирхлоо жаахан өргөжүүлээд байгаль орчин, уул уурхайн засаглалын асуудлыг судалсан юм. 1990-ээд оноос хойш уул уурхай, малчид хоёрын дунд маргаан тасарсангүй шүү дээ. Эргээд нөгөө талдаа төр үүнийг нь зохицуулж чадсан чадаагүйн тухай маргаан өнөөдөр ч бий. Энэ тухайд судалгааны ажлаа хийж, ном хэвлүүлээд ирсэн. Эдгээр он жилүүдэд МУИС-даа багшлаад явсан ч үе бий.  

 

Д.Бум-Очир: Антропологийн шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь миний хамгийн чухал үйл хэрэг 

-Суралцахад, судлахад хэчнээн жилийг зарцуулсан бэ. Багшилсан, судлаачаар ажилласан цаг хугацаагаа өнөөдөр та хэрхэн дүгнэх вэ. Тухайн цаг хугацаанд өөрийн гэсэн легаси үлдээж чадсан эсэх тухайд та юу хэлэх вэ?

-Нэгдүгээрт, Чингис хааны болон Алтан ургийнхны гол шүтээн мөнх тэнгэртэй холбоотой ойлголт бол монголчуудын язгуур итгэл үнэмшил, шүтээн шүү дээ. Энэ тухайд тэнгэр үзэл, бөө мөргөл судлал талдаа тодорхой хэмжээнд өөрийн хувь нэмрээ оруулсан гэж боддог. Монголд энэ талын судлаач төдийлөн олон биш.  Хоёрдугаарт, антропологийн салбарт хойч үеэ бэлдэх тухай асуудал байгаа юм. Миний хувьд МУИС-ийн Антропологийн тэнхимийн эрхлэгчээр хэд хэдэн удаа ажилласан. Бид дараачийн үеийн судлаачдаа бэлдэх нь чухал. Тиймээс нэлээд олон шавь бэлдсэн. Тэд маань одоо дэлхийн нэр хүндтэй сургуульд сурч төгсөөд эхнээсээ Америк, Япон, Герман, Шотланд зэрэг дэлхийн олон оронд ажиллаж, амьдарч байна. Дараачийн үеийн антропологичдыг дэлхийн түвшинд хүргэж бэлтгэх ажилд чухал хувь нэмэр оруулсан гэж боддог.

Нөгөө талаас Монголын антропологичид цөөхөн боловч тэднийг дэлхийд таниулах тухайд миний, бидний оруулсан хувь нэмэр багагагүй гэж хэлнэ. Монголын антропологийг судлахад бидний судалгаагүйгээр тэдний судалгаа явахад хэцүү. Монголын антропологийн шинжлэх ухаан ийм түвшинд хүрсэн. Миний, шавь нарын маань хийсэн судалгаа дандаа олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Ямар ч байсан бүс нутаг, олон улсын түвшинд Монголын антропологийн салбар бол хоёр хөршийнхөө дунд өндөр чанар чансаатайд тооцогддог, үнэлэгддэг болсон. Би, бидний хэдэн нөхөд энэ түвшинд хүргэсэн.  1990-ээд оны үед судлаач болоод МУИС-д багшаар орж байлаа. Тухайн үед шинжлэх ухааны салбарын залгамж халаа тасалдчих, дараачийн үе бэлтгэгдэх боломжгүй нөхцөлд хүрсэн байсан. Миний хувьд  залгамж холбоог тасалж болохгүй, дараачийн үеэ заавал бэлдэх ёстой гэдгийг маш сайн ойлгосон учраас шавь нараа бэлтгэж эхэлсэн.

Өнөөдөр Монголын антропологийн холбоо гэж бий болсон, манай залуучууд аваад явж байна. Ямар ч байсан энэ салбараа өндийлгөсөн, үүнд хувь нэмрээ оруулсан.  Барууны маягийн онол, арга зүй манай антропологийн салбарт нэлээд сайн тавигдсан. Шавь нарынхаа бүтээлээс харсан ч манайх хаана ч дутахааргүй болсон. Кембриж, Оксфордод сурч байгаа зарим шавь нар маань ч “Таны зааж байсныг л энд зааж байна. МУИС-ийн антропологийн хөтөлбөр маш сайн юм байна шүү” гэдэг. Энэ бол бидний хийж чадсан хамгийн том зүйл гэж боддог. Миний ам бардам хэлж чадах зүйл бол антропологийн шинжлэх ухааныг Монголд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүмүүсийн тоонд Д.Бум-Очир зүй ёсоор бичигдэж таарна гэдгийг хэлэх байна. Энэ бол миний төдийгөөс өдийг хүртэл хийж хэрэгжүүлсэн хамгийн чухал  үйл хэрэг. Монгол үндэстэн, монгол хэл соёл, үүх түүхтэй холбоотой асуудлыг олон нийтэд хүргэхэд  өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан,  одоо ч оруулж явна.

-Дэлхий даяар тархан суурьшсан монголчуудаа нэгтэх, судлах, таниулахад өөрийн гэсэн хувь нэмэр оруулсан хүний хувьд монголчуудын ондоошил, ялгарах онцлог нь юу юм, юу байх ёстой вэ. Монголчуудын ондоошил, бахархлын талаарх таны байр суурь, үгийг сонсъё?

-Манай шинжлэх ухааны салбар маш олон сэдвийг судалдаг. Үүний нэг чухал хэсэг нь үндэстний онцлог. Сүүлийн үед энэ сэдэв Монголд төдийгүй олон улсад нэлээд чухал болж байна. Даяаршлын давлагаанд үндэстний зарим онцлог хаягдаж, гээгдчих гээд байна, үүнийг бид авч үлдэх ёстой юм байна гэдэг асуудал ялангуяа хүн ам цөөтэй улс оронд тулгамдах маягтай болж ирлээ. Ингээд энэ асуудал чухлаар тавигдаад эхлэхээр бидний судлаачид үндэсний онцлогийнхоо асуудал руу нэлээд орж байна. Би ч гэсэн энэ хэрэгцээ шаардлагын дагуу монгол үндэстний соёлынх нь онцлог руу орж байна.

Монголчуудын үнэт зүйл, зан төлөвийн онцлог нь юу юм гэдэг тухайд зарим судалгааг хийгээд явж байна. Үндэстний онцлог гэдэг зүйлийг  зарчмын хувьд шинжлэх ухааны үүднээс тодорхой тоонд ерөөсөө хязгаарлаж барьж болдоггүй. Хэчнээн ч онцлог гарч ирж магадгүй учраас тэр. Яахав хамгийн чухлыг нь тоолж байгаа нь буруу биш. Гэхдээ энэ тоонд хязгаар байхгүй гэдгийг ойлгох ёстой. Нийгэм, соёлын юмуу аливаа учир шалтгаан, нөхцөлөөр үндэстний онцлог гэнэт илэрч болно. Өнөөдөр анзаарагдахгүй ч нэг үед чухлаар тавигдаад гараад ирэх боломжтой. Тиймээс үндэстний онцлогийг байнга нээлттэй байлгаж, өргөн хүрээнд анхаарч судлах учиртай. Гэхдээ “Энэ онцлог маш чухал. Гэтэл энэ онцлог устах, алдагдах гээд байна, үүнийг бодлогоор авч үлдэх, хамгаалах ёстой” гэдгийг судлаачид үргэлж сануулж байх учиртай.

Гагцхүү үндэстний онцлог гэдэг нь өөрөө маш өргөн хүрээтэй ойлголт. Үүнд бид юу юуг оруулах вэ гэдэг ч өргөн хүрээний асуудал болно. Үндэстний онцлогт монгол хүний бие физилоги талаас нь оруулъя гэвэл биологийн асуудал болчихно. Энэ тухайд нэг зүйлийг онцолж хэлэхэд “Монгол цус гэж байхгүй” гээд Д.Бум-Очир хэлчихлээ гээд нэг хэсэг шүүмжилсэн. Би тэгж хэлээгүй. Харин хэвлэлд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Цуснаас гадна орчин, соёл их чухал байна” гэж хэлснийг мушгиад явчихсан юм. Миний хэлэх гэсэн санаа бол орчин, соёл чухал. Тийм учраас монгол хүүхдүүдээ монгол болгохын тулд зөвхөн төрүүлээд орхих нь хангалттай бус байна.  Зөвхөн цус хангалтгүй, орчин чухал шүү гэдэг мессежийг өгөхийн тулд тэр нийтлэлийг бичсэн байдаг. Үндсэн сэдэв рүүгээ ороход үндэсний онцлогийг ангилбал хэдэн арван онцлог ч гарч ирэх боломжтой. 

Монголчуудын газар нутгийн онцлог гэж юу байгаа юм, цаг агаар, түүх, соёл, ухамсар сэтгэлгээ, үзэл санаа, сэтгэлзүй, зан харилцаа, төрт улсын онцлог гээд олон талаас нь ярьж болно. Эдгээрийг салбар бүрийн судлаачид гаргаж ирэх ёстой, судлаад ч явж байгаа. 

-Багшийн ажлаас төрд орох сонголтыг хэрхэн хийж байв. Соёлын сайдын зөвлөхөөс Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөх болсон. Тухайн үед өөртөө ямар үүрэг, хариуцлага хүлээлгэж байв. Монгол Улсын соёл, шашны бодлогод одоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломж гарлаа шүү дээ?

-Миний хувьд улс төрд орох бодол хэзээ ч төрж байгаагүй. Хүний хувь тавилан юм байлгүй, явсаар байгаад өнөөдөр УИХ-ын гишүүн болчихсон сууж байна. Би бол шинжлэх ухаандаа их хайртай хүн. Миний хувьд шинжлэх ухаанч байр суурь, зарчим, арга ухаан, эрдэм мэдлэгээ аль болох хамгаалж явдаг. Хүн болсоор хийж чадах олон зүйл байхгүй. Сурсан мэдсэн нь антропологийн судалгаа шинжилгээнээс авахуулаад хичээлээ заах л юм. Хичээлээ бол хэнээр ч  хэлүүлэлтгүй чанартай заачихна,  шавь нар маань ч хэлэх байх. Энэ бол миний төдийгөөс өдийг хүртэл хийсэн, сурсан ажил. За тэгээд эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүдээ дотоод гадаадад хэвлүүлэх, магадгүй  хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэх ажилдаа дуртай бахтай хүн байгаа юм. Өөр ажил хийх бодол, амбийц огт байгаагүй. Соёлын сайдын ахлах зөвлөхөөр ажиллах санал анх ирэхэд мэдээж бодож үзсэн. Хэрвээ хүн багагүй зүйл сурч мэдсэн бол түүнийгөө төр, түмнийхээ төлөө зориулах хэрэгтэй шаардлагатай цаг үе ирвэл татгалзаж болохгүй байх. Энэ нь чиний үүрэг байж болно шүү дээ. Бодлого боловсруулах хэмжээнд, өөрийн үгээ дуулгах боломж бүрдвэл Монгол Улсын иргэний үүрэг гэдэг өнцгөөс харах ёстой болов уу.

Мэддэг чаддагаа улс эх орныхоо төлөө зориулах ёстой гэдэг үүднээс тухайн саналыг хүлээн авч байлаа.  Бидний эрдэм шинжилгээ, судалгааны ажлаас их өөр ажил байсан. Бодлогын баримт бичиг боловрсруулах, түүнээ үр дүнд хүргэх зэрэг нь шал ондоо, амаргүй ажил байдаг юм билээ. Соёлын сайдын зөвлөхөөр дөрвөн сар гаруйн хугацаанд л ажилласан. Ингээд 2021 оны долдугаар сарын эхээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас надад Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллах саналыг тавьж байсан юм. Би бол У.Хүрэлсүх гэдэг хүнтэй огт уулзаж байгаагүй.  Ерөөсөө улс төрөөс хол хүн байлаа шүү дээ. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах саналыг ер нь цочирдож хүлээж авсан. Үнэнийг хэлэхэд, улс төрийн аливаа томилгоо танилын хүрээнд явагддаг гэдэг ойлголтой л байсан хүн. Гэтэл надад ийм санал тавьсанд талархсан. Шинжлэх ухааны салбарт ямар эрдэмтэн судлаач, залуучууд байна вэ гэдгийг судалж, харсан шиг байгаа юм.

Ингээд  манай МУИС-аас гэхэд надаас гадна хэд хэдэн хүнд санал тавьсан байсан. Энэ зарчимд нь баярласан. Ингэж биднийг татан оролцуулаагүй бол бид хэзээ ч улстөрд орж ирэхгүй шүү дээ. Манай шинжлэх ухааны салбарынхан чинь ер нь амбийцгүй улс. Улс төрд орох боломж ч хомс. Харин салбар бүрд хийх ёстойгоо хийгээд явж байгаа, аливаа ашиг сонирхолгүй ийм залуучуудаа төрийн ажилд дайчилж оролцуулах санаачилгыг нь зарчмын хувьд зөв гэж үзсэн. Нөгөө талдаа миний хувьд гэхэд төрт ёс, монгол уламжлалаа илүү их анхаардаг хайрлаж, хамгаалдаг хувийн итгэл үнэмшилтэй хүн учраас миний хувьд төр төмбөгөр шүү дээ.

 Төрд ямар хүн, хэн гарч ажиллаж байгаа нь тусдаа хэрэг. Гагцхүү төрөө хүндэтгэх үүднээс энэ асуудалд хандсан, хүлээж авсан. Чингис хааны мөнх тэнгэрийн хүчинд байгуулсан төр намайг чадах мэдэхээ зориулаач гэдэг хүсэлт тавьсан учраас татгалзаж болохгүй шүү дээ. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллах нь нэр төрийн хэрэг. Чингис хааны үүсгэн байгуулсан төрөөс надад санал тавьж байгаа хэрэг гэдэг утгаар төрт ёсондоо хүндэтгэлтэй хандах үүднээс, огт санамсаргүй байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхаар ажиллах болсон доо. 

-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан цаг хугацаагаа хэр бүтээмжтэй өнгөрүүлсэн бэ. Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаанд  шашин, соёл талаасаа ямар бодлогыг түлхүү тусгаж, түгээн дэлгэрүүлэхийг зорьж ажилласан бэ?

-2021-2024 он хүртэл Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажилласан. Мэдээж зөвлөхөөр ажилласан цаг хугацаан дахь ажлууд бол дандаа л Ерөнхийлөгчийн ажил шүү дээ, гол автор, санаачлагч, манлайлагч нь Төрийн тэргүүн. Тийм учраас тухайн хугацааны ажлуудыг минийх гэж хэлэхэд учир дутагдалтай юм.  Гэхдээ мэдээж миний хувь нэмэр оруулсан цөөнгүй ажил байлгүй яах вэ. Хамгийн онцлох нь намайг үүрэг гүйцэтгэж байх үед Чингис хааны эш хөргийг залсан явдал. Энэ бол оюун санааны маш том санаачилга, ажил гэж ам бардам хэлнэ.

Үе үеийн Ерөнхийлөгчид Чингис хаантай холбоотой олон зүйлийг хийж бүтээж ирсэн. Тэдгээрээс Чингис хааны эш хөргийг залсан нь маш зөв зүйтэй, цаг үеэ олсон ажил болсон. Оюун санааны маш том алхмыг хийсэн. Хойч үеийнхэн, хүүхэд залуучуудад сайн хүрсэн. Хүүхдүүд “Чингис хаан бол Монголын бахархал” гэж бичээд зургийг нь зурчихсан байх жишээний. Өмнө нь хэзээ хүүхдүүд санаачилгаараа Чингис хааны хөргийг зурж байв. Энэ ажлыг хариуцаж явсан учраас би илүү мэдрэг ханддаг байж магад. Гэхдээ энд тэнд явахад, ер хаа сайгүй Чингис хааныхаа хөргийг залсан, хүүхэд залуучуудад ч маш их түгсэн юм байна гэдэг нь харагддаг.

Монгол Улсын иргэдийг, цаашлаад бүх монголчуудыг түүх, соёл, оюун санаа, итгэл үнэмшлийнх нь хувьд нэгтгэх хамгийн том хүчин зүйл бол Чингис хаан шүү дээ. Ардчилсан нийгэмд хэн, ямар шашин шүтлэгтэй байх нь нээлттэй. Гагцхүү “Монгол хүнийхээ хувьд та Чингис хаанаа шүтнэ шүү” гэдэг мессежийг л бага багаар өгч, төлөвшүүлж байгаа юм. Хүний эрхийн асуудал учраас бид үүнийг хүчээр хийж болохгүй. Хүүхдүүд, залуу хойч үедээ энэ  мессежийг өгөх нь маш чухал. Та хэн байхаас, ямар шашин шүтлэгтэй байхаас үл хамаараад Чингис хаан дээрээ нэгддэг байх ёстой шүү л гээд байгаа юм. Ерөөсөө үндэстнийг нэгтгэх нь Ерөнхийлөгчийн өөрийнх нь чиг үүрэг л дээ. Энэ тухайд монгол үндэстний эв нэгдлийг бататгахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Энэ чухал, эрхэм хүндтэй ажилд хувь нэмрээ оруулах боломж тохиосонд баяртай байдаг.

Цаашлаад Чингис хаан музейтэй болсон ажлыг дурдмаар байна. АНУ-ын “National Geographic” сэтгүүл  "Чингис хаан" музейг заавал очиж үзэх шилдэг 20 газар, соёлын өвийн нэгээр нэрлэж, зарласан байдаг. Ийм музей нээгдсэнээс хойш Монголд музейн соёл шинээр бий боллоо шүү дээ. Гадаад дотоодынхонд Монголынхоо түүх, соёлыг сурталчлахад маш том үүрэг гүйцэтгэсэн ажил. Цаашлаад морин хуураа залахаас авахуулаад “Нууц товчоо”-г дэлгэрэнгүй тайлбартайгаар анх удаа хэвлэж гаргасан.

Энэ номыг хамгийн олон буюу 3000 гаруй тайлбартайгаар хэвлэсэн юм. Энэ тухайд Ерөнхийлөгчийн хүсэл юу байсан гэхээр “Нууц товчоо”-г ерөөсөө найман настай балчраас наян настай буурал  ч уншаад ойлгох хэмжээний энгийн, ойлгомжтой байдлаар хэвлэж гаргахыг л зорьсон. “Нууц товчоо” бол хүн уншаад ойлгодоггүй ном байж болохгүй шүү дээ. Энэ номыг бүтээхэд маш олон эрдэмтэн оролцсон, би өөрөө Ажлын хэсгийг нь ахалсан. Ингээд түүх, соёл, ёс заншил, хүмүүс, газар орон бүгдийг нь нарийвчлан тайлбарласан.

Одоо байгаа “Нууц товчоо” дундаас хамгийн олон, дэлгэрэнгүй тайлбартай номыг хэвлэж гаргаад  esan.mn  дээр үнэ төлбөргүйгээр байршуулсан. Үүний дараа жил “Нууц товчоо”-г Монголоос албан ёсоор англи хэл рүү орчуулсан. Хувь хүмүүсийн орчуулга байдаг ч яг Монголын төрөөс, албан ёсоор орчуулсан хувилбар байгаагүй. Энэ ажилд олон орчуулагч оролцсон, би өөрөө  ч энэ багт орж ажилласан. Энэ орчуулгыг хийхийн тулд бид “Нууц товчоо”-ны хамгийн шилдэг гэгдэх орчуулгуудыг харьцуулж үзсэн. Тийм учраас маш сайн бүтээл болсон.   Хэдийгээр эдгээр ажлыг би ганцаар хийгээгүй ч Ерөнхийлөгчийн зөвлөхийн хувиар хувь нэмрээ оруулсан. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, уул усны тахилгыг олон нийт буруугаар, мухар сүсэг мэтээр ойлгоод байдаг.

 Гэтэл энэ чинь байгаль хамгаалах монгол уламжлал юм шүү дээ. 13 дугаар зуунд, Хүннүгийн үед шинжлэх ухаан гэж байсан биш, өөрсдийнхөө арга барил, ёс заншлаар итгэж шүтэж ирсэн нь тэр шүү дээ. Үүнийг өнөөдөр сонсохоор уул усны тахилга гэж сонсогдоод шашин, эсвэл мухар сүсэг мэтээр ойлгоод байх шиг байгаа юм. “Ерөнхийлөгч хийх ажилгүй, уул ус тахиж явна” гэж шүүмжлээд байдаг. Гэтэл Төрийн тэргүүн байгалиа хамгаалах гээд яваад байна шүү дээ. Байгаль хамгааллын уламжлалт хувилбар, үзэл санаа нь зан үйлийн шүтлэг бишрэлийн зарчмаар бидэнд уламжлагдаад ирсэн. Үүний цаад агуулга нь байгаль дэлхийгээ амьтай гэж үзэж байгаагийнх юм шүү дээ. Амьтай гэдэг нь хөл гар нь хөдөлдөг бус ургаж төлждөг амьд организмыг хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ бол амьд организмдаа хүндэтгэлтэй хандах тухай л асуудал. Ерөөсөө монголчууд бид  амьтай бүхний эрхийг ярьдаг, хүндэтгэдэг ард түмэн.  Бидний гүн ухааны, ертөнцийг үзэх үзлийн онцлог нь бүх амьд организмын оршихуйд, түүний эрхэд хүндэтгэлтэй ханддаг ард түмэн. Уул усаа тахиад яваагийн цаана ерөөсөө л энэ үзэл санаа, уламжлалаа хойч үедээ үлдээх гэснийх юм шүү дээ. Тэгэхээр үүнийг зөвхөн нэг уулын тахилга, мухар сүсэг, элэрсэн баларсан  юм гэж харж болохгүй гэдгийг тодотгоё.

-УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-ын жагсаалтад багтах саналыг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-УИХ-ын 2024 оны сонгуулиар МАН жагсаалт гаргахдаа хэд хэдэн сайн санаачилга, жишиг тогтоосон гэж би хувьдаа боддог. Гэхдээ энэ бол зөвхөн Д.Бум-Очир гэдэг хүний тухай ойлголт биш шүү. Нэгдүгээрт, яг тухайн салбартаа мэргэшсэн, мэддэг хүмүүст санал тавьж, оруулж ирсэн. Эрчим хүч, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөллийг тухай бүрчлэн оруулж ирсэн нь сайн хэрэг. Яагаад гэвэл тухайн салбар бүрийг төлөөлж, манлайлж, дуу хоолой нь болж чадах потенциальтай хүн болгон тэр бүр УИХ-ын гишүүн болох хүсэл сонирхол, боломжгүй шүү дээ. Энэ үүднээсээ тэдэнд боломж олгож, үнэхээр тухайн салбарын асуудлыг тэр хүнээр дамжуулж шийдье гэдэг санаачилга гаргасанд талархалтай хандсан.

Нөгөө талдаа ингэж салбар төлөөлж орж ирсэн хүмүүс хэрвээ нам нь буруу зөрүү шийдвэр гаргавал “Уучлаарай, би үүнийг дэмжиж чадахгүй” гэж хэлж чадна. Тийм учраас МАН-ын жагсаалт бол нүдээ олсон, зөв сонголт, зөв жишиг байсан. Нөгөө талдаа өөрийгөө МАН-ын жагсаалтад орох боломжтой гэдэг төсөөлөлтэй байсан л даа. Ингээд олон нийтэд зарлагдахад “Жагсаалтад оржээ” гэдгээ мэдсэн. Энэ бол цэвэр намын шийдвэр. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаад эхлэхээр хийж бүтээж байгаа нь олны нүдэнд ил харагдаад, танигдаад эхэлж таарна. Энэ утгаараа салбар бүрийн төлөөллийг цуглуулахдаа аль салбараас, хэн байх вэ гэдгийг харж, судалсны үндсэн дээр, олон талаас нь харж байж жагсаалтаа гаргасан гэж ойлгодог.

Дээр дурдсанчлан би хэрвээ жагсаалтаар УИХ-ын гишүүн болоогүй хэзээ ч биш байсан. Надад жишээ нь улс төрийн туршлагаас гадна ямар ч амбийц байхгүй учраас хэзээ ч биш гэж итгэлтэй хэлээд байгаа юм. Ямар ч байсан нам итгэл хүлээлгэснээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Одоо харин мэдэх чадах зүйлээ бүгдийг нь зориулаад ажиллах ёстой гэдэг зарчмаар ажил үргэлжилж байна. УИХ-ын гишүүний ажил гэдэг амаргүй. Би жишээлбэл, гадна талд байхдаа  “76 тэнэг, ухна” гэдэг л байлаа. Гэтэл өнөөдөр тэднийхээ нэг нь болчихсон сууж  байна. Одоо би нэг зүйлийг хэлмээр байна. “УИХ-ын гишүүний ажил амаргүй шүү”.

Ялангуяа чи өөрийнхөө үүргийг зөвөөр, хариуцлагатайгаар ухамсарлаад гүйцэтгэе гэвэл амар биш. Энэ цаг хугацааг үр бүтээлтэй, гүйцэтгэл өндөртэйгөөр өнгөрөөе гэвэл энэ бол хэцүү ажил.  Маш олон салбарын хууль, асуудал УИХ-д орж ирдэг. Бүгдийг нь  мэдэх ямар ч боломжгүй. Гишүүдийн тоог 126 болгоно гэхэд нь “Монголд хулгайчийн тоо дутаа юу” гэж явсан хүн өнөөдөр тэднийхээ нэг болчихсон явна. Дотор нь орохоор  юм өөр. “Эд бүгд хулгайч биш шүү”. Би жишээлбэл,  зүв зүгээр багшаа хийж явсан хүн өнөөдөр хулгайчаараа дуудуулаад явж байх жишээний. Энэ дотор улс орноо хөгжүүлье,  урдах ажлаа сайн хийе, нэг хууль батлуулчихъя гээд зүтгэж яваа хүн олон бий.

 Хоёрдугаарт, эд бүгд баян биш. Над шиг бүх насаараа багшаар ажилласан хүн яаж баян байх вэ. Тэгэхээр дотор нь ороод таньж мэдэж яваа хүний хувьд хэлэхэд худлаа хэлж, хулгай хийхгүй, зарчмаа бариад явдаг хүн олон бий шүү  гэдгийг хэлмээр байна.  Яг үнэндээ УИХ дээр өдөр тутмын ажил өрнөхөд 126 гишүүнтэй болсны давуу тал их бий. 

-Шинжлэх ухааны салбарын төлөөлөл болж, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Парламентын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон энэ үед гишүүний ажлынхаа үр дүнгээс бидэнтэй хуваалцана уу? 

-Ажлын хэсгээс авахуулаад бие даан санаачилсан болон бусад гишүүдтэй хамтарсан цөөнгүй ажил бий. Тэдгээрээс онцолбол одоогоор есөн хуулийн төсөл дээр ажиллаж байна. Үүнээс дөрвийг нь бие даан санаачилсан, хоёр хуулийн төслөө  өргөн барьчихааад байна. Гурав дахийг нь хаврын чуулган завсарлахаас өмнө өргөн барихаар төлөвлөж байна. Дөрөв дэхийг намрын чуулган эхлэхэд өргөн барина. Өөрийн  санаачлаад өргөн барьсан нь Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль.

Монгол Улсын нийт 2.2 сая сонгогчийн 10 орчим хувь буюу сонгуулийн насны 240  орчим  мянган иргэн  Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх боломж хязгаарлагдмал байна. Тиймээс эдгээр хүмүүст саналаа өгөх боломж олгох ёстой гэдэг агуулгатай хууль байгаа юм. Байгаа газраасаа санал өгөхдөө оршин сууж байгаа бүртгэлтэй хаягнаасаа санал өгдөг болно гэсэн үг. Жишээлбэл, та Завханд байгаа бол тухайн газраа саналаа өгнө, таны санал үндсэн хаягийн  саналаар бүртгэгдэнэ. Одоогийн хуулиар жишээлбэл, хотод сурдаг ч орон нутагтаа харьяалалтай 20 орчим мянган оюутан хөдөө явах шаардлага үүсдэг. Тиймээс үүнийг болиулъя, тухайн байгаа газраасаа саналаа өгөх боломжийг бүрдүүлье гэж байгаа юм.

Дараагийн нэг хууль нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт. Энэ хуулиа өргөн барьсан, энэ чуулганаар батлагдчих болов уу. Хуулийн гол зохицуулалт нь ИТХ-ын төлөөлөгч байсан хүн тайлан тавиад байдаг. Гэтэл үүнийг сонгуулийн сурталчилгаанд тооцдоггүй. Гэсэн атлаа ИТХ-ын төлөөлөгч биш хүн орон нутгийн сонгуульд нэр дэвшээд тайлан тавихаар сурталчилгаа болчихдог. Тэгэхээр энэ заагийг арилгая, эрхийг нь адил тэгш болгож өгье гэдэг агуулгатай. Төлөөлөгч хүн тайлан тавьж болдог атлаа эмч юмуу багшаар ажиллаж байсан хүн хийж явсан ажлаа яриад тайлагнахаар сурталчилгаа гэж үздэг байж болохгүй шүү дээ. Энэ заалтыг УИХ-ын сонгуулийн хуульд оруулаад мөрдөж яваа. Гэсэн атлаа Орон нутгийн сонгуулийн хуульд тусгаагүй юм билээ. Тиймээс хууль адил тэгш үйлчилдэг байх ёстой гэдэг үүднээс дээрх хуулийн төслийг өргөн бариад байна. Дараагийнх нь битүүний өдрийг нийтээр амрах өдөр болгох тухай юм.Энэ хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байна.

Дөрөв дэх нь Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөл. Дээр дурдсан хуулиуд нэмэлт, өөрчлөлт байсан бол энэ нь анхдагч хуулийн төсөл. Энэ хуультай төстэй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай гэж хууль бий. Гэтэл  энэ хуульд нийгмийн үнэлгээг дагуулах байдлаар оруулсан буюу гуравхан заалттай байдаг. Энэ нь нийгмийн үнэлгээг хийхэд бүрэн цогц эрх зүйн орчин болж чаддаггүй. Дэлхий, олон улсын түвшинд нийгмийн үнэлгээг бие даасан байдлаар буюу байгаль орчны үнэлгээтэй ижил түвшинд, ижил хэмжээнд хийдэг. Нийгэм гэдэг чинь тусдаа бие даасан салбар шүү дээ. Тиймээс байгаль орчин дотор дагуулж оруулж болохгүй.

Сүүлийн жил орчмын хугацаанд энэ хууль дээр төвлөрч ажиллаж байна. Нийгмийн олон бүлэг, салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний  дуу хоолой, саналыг тусгаж байгаа юм. Энэ бол миний судлаач байхдаа хийж байсан ажил л даа. Пост доктортоо хийсэн судалгааны ажлын маань үндсэн сэдэв гэсэн үг. Сая жишээлбэл, Туулын хурдны зам дээр тэр олон иргэд гарч ирээд зогсчихож байгаа нь нийгмийн үнэлгээгээ дутуу харсан хэрэг шүү дээ. “Туулын бургасыг цавчаад эхэлбэл Улаанбаатарчууд босоод ирнэ шүү” гэдгийг нийгмийн үнэлгээгээр хэлж байдаг юм. Гэтэл үүнд ач холбогдол өгөлгүй хаячихаар төсөл гацах хэмжээнд хүрч байх жишээний. Тэгэхээр нийгмийн үнэлгээ гэдэг бол мега болон дэд бүтцийн төслүүд гацахгүй цааш явах, нийгмийн зөвшилцөл бий болоход маш чухал үүрэгтэй хууль болох юм.    

М.Өнөржаргал

Гэрэл зургуудыг МУСГЗ Т.Чимгээ 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.