Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллагатай болно
Дэлхий даяар хиймэл оюуны хөгжлийн төлөөх өрсөлдөөн шинэ шатанд гарч буй энэ үед БНХАУ олон улсын анхаарлыг Шанхай хотод төвлөрүүлэв.
Дэлхий даяар хиймэл оюуны хөгжлийн төлөөх өрсөлдөөн шинэ шатанд гарч буй энэ үед БНХАУ олон улсын анхаарлыг Шанхай хотод төвлөрүүлэв. Долдугаар сарын 17-20-ны өдрүүдэд болсон Дэлхийн хиймэл оюуны бага хурал (WAIC 2026) болон Хиймэл оюуны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалт нь технологийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ төдий бус, ирээдүйн дэлхийн технологийн дэг журмыг хэн тодорхойлох вэ гэсэн стратегийн өрсөлдөөний индэр болж өнгөрлөө.
100 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид, дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын судлаачид, технологийн компаниудын удирдлагууд оролцсон энэ удаагийн чуулганд хиймэл оюуны хамгийн сүүлийн үеийн 3000 гаруй бүтээгдэхүүн, шийдлийг танилцуулсан бөгөөд тэдгээрийн 300 гаруйг нь дэлхийд анх удаа олон нийтэд дэлгэсэн байна.
Энэ жилийн хурлын гол сэдэв нь "Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа" байв. Гэвч илтгэл, хэлэлцүүлгүүдийн агуулгыг ажиглавал хамгийн их давтагдсан үг нь "хамтын ажиллагаа" бус, "засаглал" байсан юм. Учир нь, хиймэл оюун ухааны технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед түүнийг ямар дүрэм журмаар хөгжүүлэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах, хөгжиж буй орнуудыг энэ хувьсгалаас хоцроохгүй байх асуудал дэлхийн улс төрийн шинэ сэдэв болжээ.
Хурлын хамгийн онцлох илтгэлийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин тавив. Тэрбээр хиймэл оюуныг цөөн орны өмч болгож болохгүй, хүн төрөлхтний хамтын баялаг байх ёстойг онцлоод, нээлттэй эхийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгдэв. Мөн үндэсний аюулгүй байдлыг шалтаг болгон дэвшилтэт технологийн экспорт, хамтын ажиллагааг хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж байна гэж шууд шүүмжилсэн нь АНУ-ын сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй өндөр технологийн экспортын хязгаарлалтын бодлогыг чиглэсэн байр суурь гэж ажиглагчид дүгнэжээ.

Шанхайн хурлын хамгийн том үр дүн нь хиймэл оюуны олон улсын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах санаачилга байлаа. Хурлын үеэр 29 улс Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурж, уг байгууллагын төвийг Шанхай хотод байгуулахаар тохиролцов. Энэхүү байгууллага нь хиймэл оюуны стандарт боловсруулах, улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжиж буй орнуудад технологи, хүний нөөцийн дэмжлэг үзүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа ч олон улсын шинжээчид үүнийг Бээжин дэлхийн хиймэл оюуны засаглалд илүү том үүрэг гүйцэтгэх стратегийн эхлэл гэж үзэж байна.
БНХАУ мөн ойрын таван жилд хөгжиж буй орнуудаас 5000 мэргэжилтэн бэлдэх, хиймэл оюуны сургалтын төвүүд байгуулах, Африк, Латин Америк, Зүүн өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ зарлав. Энэ нь зөвхөн технологийн хамтын ажиллагаа бус, дэлхийн өмнөд бүсийн орнуудтай улс төр, эдийн засгийн нөлөөллөө бэхжүүлэх бодлогын нэг хэсэг гэж үзэх үндэслэлтэй.
Хиймэл оюуны хөгжлийн бодит дүр зураг ч Шанхайд тод харагдав. Huawei, Alibaba, Tencent, Baidu, SenseTime, Moonshot AI зэрэг Хятадын тэргүүлэх компаниуд хамгийн сүүлийн үеийн том хэлний загварууд, супер тооцооллын платформ, үйлдвэрлэлийн автоматжуулалт, хүн дүрст робот, эмнэлгийн хиймэл оюуны системүүдээ танилцуулсан юм. Ялангуяа нээлттэй эхийн том хэлний загваруудын хөгжил эрчимжиж байгаа нь АНУ-ын OpenAI, Google, Anthropic зэрэг компанийн хаалттай хөгжүүлэлтийн загварт өөр хувилбар бий болж байгааг харуулж байна.
Нөгөөтэйгүүр, хурлын үеэр хиймэл оюуны эрсдэлийн асуудлыг ч онцгойлон авч хэлэлцэв. Худал мэдээлэл түгээх, кибер халдлага, хувийн мэдээллийн хамгаалалт, хуурамч дүрс бичлэгийн хэрэглээ, цэргийн зориулалтаар ашиглах боломж зэрэг нь дэлхийн улс орнуудын санааг хамгийн их зовоож буй асуудал хэвээр байгааг илтгэгчид тэмдэглэсэн. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд асар их боломж авчрах ч түүнийг олон улсын нийтлэг дүрэмгүйгээр хөгжүүлэх нь эрсдэлийг улам нэмэгдүүлнэ гэдэг дээр оролцогчид бараг санал нэгджээ.
Шанхайн бага хурлаас гарсан хамгийн чухал дохио нь хиймэл оюуны өрсөлдөөн зөвхөн технологийн компаниудын хоорондын тэмцэл биш болсон явдал юм. Өнөөдөр хиймэл оюуны хөгжлийн асуудал нь их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн, олон улсын байгууллагуудын нөлөө, нийлүүлэлтийн сүлжээ, стандарт тогтоох эрх мэдэлтэй шууд холбогдох болжээ.
Өөрөөр хэлбэл, XXI зууны хамгийн үнэ цэнтэй баялаг газрын тос биш, мэдээлэл ч биш, хиймэл оюуны технологи болж байна. Харин энэ технологийг хэн хөгжүүлэхээс илүүтэйгээр түүний хөгжлийн дүрэм, стандарт, ёс зүйн зарчмыг хэн тодорхойлох вэ гэдэг нь дэлхийн шинэ өрсөлдөөний төв асуудал болон хувирчээ. 2026 оны Шанхайн Дэлхийн хиймэл оюуны бага хурал энэ өрсөлдөөн хэдийнэ эхэлснийг, цаашид улам ширүүсэхийг тодхон харуулсан чуулган болсон юм.
М.Алтаннар
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар