МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Дундговь аймагт луу унжих үзэгдэл боллоо

Дундговь аймагт луу унжих үзэгдэл боллоо

Үнэн
Админ

Шинэ он гарсаар дэлхийн өнцөг булан бүрд байгалийн гамшигт үзэгдлүүд болох их цас, бороо, тэдгээрээс үүдэлтэй үер ус, том ширхэгтэй мөндөр, аянга цахилгаан, догшин хуй болон хар салхи олонтаа ажиглагдаж, улс орнуудад зуу зуун хүний эрдэнэт амь нас сүйдэж, эдийн засгийн их хохирол учирсныг тоочивч баршгүй. Энэ талаар дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр цацагдаж, манай иргэд байнга сонсож, сонирхон уншиж, сайн мэдэж байгаа билээ.

Энэ зуны улирлын онцлог бол дэлхий нийтийг хамарсан их халуун болж, ялангуяа Европын олон оронд агаарын температур хэвийн хэмжээнээс давж, цаг агаарын гаж үзэгдэл болж байна. Тухайлбал, агаарын температур Чехэд 40.8, Германд 41.7, Францад 44.0 хэмд хүрч нийгэм, хүн ардад их гамшиг учруулж байна. ДЭМБ-ын мэдээлснээр Европ тивд зургадугаар сарын 21-нээс хойш хэт халалттай холбоотой 1300 гаруй нас баралт бүртгэгджээ. Энэ хэт халалтын байдал цаашид үргэлжлэх төлөвтэй байна.   

Харин манай орны хувьд хаврын улирал дуусаж, зуны эхэн сар гараад байхад буюу  тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд 14 аймгийн 76 сумын нутгаар нойтон цас, хүйтэн бороо, мөндөр орж, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга болж зам, даваа хаагдаж, авто тээврийн хөдөлгөөн саатсан. Ялангуяа мал аж ахуйн ажил, малчдын амьдралд нэлээд хүндрэл учирч байсан.

Тавдугаар сарын 26-нд Монгол орны өмнөд нутгаар, бүр тодруулбал Дундговь аймгийн Сайханцагаан сумын нутагт хүчтэй аадар, мөндөр орж, аянга цахилгаан, догшин хуй (манайхан луу унжих гэдэг) ажиглагдаж, сумын албан байгууллага, айл өрхөд багагүй хохирол учируулж, азаар хүний амь нас хохирохгүй өнгөрсөн юм. Энэ нь юуны өмнө догшин хуйн үзэгдэлтэй шууд холбоотой байлаа. Ер нь догшин гэх үзэгдэл манай орны хувьд маш цөөн ажиглагддаг боловч бас тохиолдож багагүй гамшиг тарьж, арилшгүй ул мөр үлдээдэг. Догшин хуй салхи нь борооны бөөн үүлэнд бий болдог, газрын гадаргад эгц босоо, хааяа тахирласан тэнхлэгийг тойрон эргэж байгаа юүлүүр маягийн хуйлраа үүсгэдэг хуй салхи юм. Хуйлралын голч 10-1500 м, бараан өнгийн үүлэн багана байдалтай, оршин тогтнох хугацаа нь борооны бөөн үүлний хөгжлийн байдлаас хамаарч хэдэн минутаас цагаар ч үргэлжилж, шилжилтийн хурд нь 18-142 км/ц хүрдэг байна. Харин 142 км/ц-аас давсан хурдтай догшин хуй тохиолдсон мэдээлэл хараахан тэмдэглэгдээгүй.

Догшин хуйн төв хэсэг 150 м хүртэл өргөнтэй цөм байх агаад түүнд 60-80 м/сек хурдтай уруудах, харин цөмийн эргэн тойронд 70-90 м/сек хурдтай өгсөх хөдөлгөөн ажиглагддаг. Энэ өгсөх хөдөлгөөн нь усны уурыг өтгөрүүлж, элс шороо, заримдаа бүр асар хүнд биетүүдийг дээш хөөргөх хүчтэй байна. Цаг уурын мэргэжлийн үүднээс авч үзвэл догшин хуй нь дулаан улиралд голчлон хийн мандлын доод үе давхаргын төлөв байдлын хэт тогтворгүй болсон нөхцөлтэй холбоотой үүсдэг.

Монгол оронд үүнээс өмнө догшин хуй ажиглагдаж, цаг уурын байгууллагад албан ёсоор бүртгэгдсэн гурван тохиолдол байдаг бөгөөд анх 1974 оны долдугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд, хоёр дахь нь 2007 онд Өвөрхангай аймгийн Хархоринд, гурав дахь нь Архангай аймгийн Хашаат суманд 2014 оны долдугаар сарын 26-нд ажиглагдсан.

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны ярьснаар тавдугаар сарын 26-ны өдөр орсон бороо, мөндрийн үеэр Сайнцагаан сумын Мандал багийн 20 орчим айлын хашаа, гэрийг нураасан хүчтэй хуй явж өнгөрсөн, борооны бөөн үүлний дор үүссэн энэ догшин хуйн нөлөөгөөр, хуй дайрч өнгөрсөн  хэсгүүдэд их хохирол учирсан, эгц босоо хөдөлгөөнд асар их хүчтэй сорох хөдөлгөөн ажиглагдсан. Гэр, хашаа нурсан айл өрхүүдийн нөхцөл байдалд аймгийн Онцгой комиссын шуурхай штаб, Сайнцагаан сумын онцгой комисс дүгнэлт гаргаж, хохирлын үнэлгээ хийсэн бөгөөд шаардлагатай айлд онцгой комиссын мэргэжлийн анги бүлгүүд очиж хашаа, гэрийг сэргээн засварлах, зохих тусламж үзүүлжээ.

Тухайн өдөр ажиглагдсан догшин хуйн бодит байдлын бичлэгийг явуулын иргэд хийж интернэтэд байршуулсан нь бий. Бичлэгийг мэргэжлийн биш хүмүүс хийсэн учраас уг догшин хуй яаж эхлээд хэдий хугацаанд үргэлжилж дууссаныг бүрэн бичиглээгүй боловч цаг агаарын ийм онцгой аюултай үзэгдлийн судалгаанд үнэтэй мэдээ материал үйлдэж үлдээснээр ач тустай юм. Уг нь ийм үзэгдлийн бичлэгийг эхлэхээс нь төгсөх хүртэл тасралтгүй хийж үлдээвэл цаг агаарын онц аюултай үзэгдлийн судалгаанд нэн чухал болохыг өгүүлэх юун. Уг догшин хуйн байдлыг мэргэжлийн үүднээс дүгнэхэд  EF1 төрөлд тохирч буй бөгөөд салхины хурд 38-49 м/сек хүрсэн ажээ. Харин догшин хуй ажиглагдах болсон синоптик нөхцөлийг тухайн өдрийн үүлний байдлаар авч үзвэл циклон дахь идэвхтэй фронт дайрч өнгөрсөнтэй холбоотой байна.

Манай орны нөхцөлд зуны улирал одоо оргил үедээ явж байна. Зуны халуун найм, есдүгээр сард ч үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд цаг агаарын циклонлог процесс, түүний идэвхтэй фронт, орон нутгийн чанартай конвекцын улмаас хүчтэй хөгжсөн борооны бөөн үүлтэй холбоотой хүчтэй аадар, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи цөөнгүй ажиглагдаж, мөнөөх догшин хуй ч бас тохиолдохыг үгүйсгэхгүй. Ялангуяа дэлхий нийтийг хамарч буй хэт халалт нь наймдугаар сард манай оронд ч олон хоногоор ажиглагдах төлөвтэй байгааг анзаарахгүй байж болохгүй юм.

Иймд энэ хугацаанд аялал, зугаалгаар хөдөө хээр яваа иргэд, нэн ялангуяа орон нутагт мал аж ахуйн цаг наргүй хөдөлмөр эрхэлдэг малчид Ус, цаг уурын мэргэжлийн байгууллагаас гаргадаг өдөр тутам, арав хоног, сарын цаг агаарын мэдээ мэдээллийг сайн ашиглаж, ажил амьдралаа төлөвлөж зохицуулах нь зөв зүйтэй.

Энэ ташрамд сонирхуулж хэлэхэд, өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй Эль-Ниньо гэх сонин үзэгдэл дэлхий нийтийн анхаарлыг ихэд татах болов. Эль-Ниньо гэдэг нь бөмбөрцгийн өмнөд хагасын цаг агаарын байдалд үлэмж нөлөөтэй, далайн гадаргуугийн усны температур тропик орчмын төв Номхон далайн гадаргуун усны температураас 0.5оС-аас илүү хэмжээгээр халах хэвийн бус нөхцөлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь алс холын газарт нутагт шууд бус ч дам байдлаар нөлөөлж, хэт их халж, түүнээс үүдэлтэй гамшигт үзэгдлүүдийн үүсэх шалтгаан болдог байна. Эль-Ниньо үзэгдэл урьд нь 1982-1983, 1997-1998, 2015-2016 онд ажиглагдаж, нэлээд асуудал дагуулж байсан бол энэ онд түүний нөлөө бас их байх ажээ.

Х.Хангайсайхан /Газарзүйн ухааны доктор (Ph.D)/

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.