МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Э.Болормаа: Хөдөөг зорьж, аймгийн Засаг...

Э.Болормаа: Хөдөөг зорьж, аймгийн Засаг даргаар ажилласан маань миний амьдралын утга учир дүүрэн он жилүүд

Манай тойрог зөвхөн Ховд биш баруун  дөрвөн аймаг шүү дээ. Миний хувьд Баруун бүсийн зөвлөлийн дарга байсан учраас баруун таван аймагтаа багагүй ажилласан байсан л даа. Монгол Улсын хэмжээнд хамгийн том тойрог буюу 370 орчим мянган км квадрат газар нутагтай,  хүн  амын хувьд 430 орчим мянган иргэнтэй. Энэ утгаараа хамгийн өндөр тоон саналаар сонгогддог тойрог. Хамгийн олон сонгогдсон, хамгийн том улстөрчидтэй нэг тойрогт өрсөлдөн сонгууль болж байлаа. Ингээд хоёрдугаар тойргоосоо сонгогдсон ганц эмэгтэй нь болсон төдийгүй Увс, Ховд, Говь-Алтай аймгаас УИХ-д анх удаа сонгогдсон  эмэгтэй гишүүн болсон.

Үнэн
Админ

Миний хувьд аливаа шинэ сорилтод үргэлж бэлэн байдаг

“Монголын Үнэн” сонин шинэ цагийн, залуу манлайлагчаар Энхбатын Болормааг онцолж байна. Түүний хувьд АНУ-д Эдийн засагч, Хөгжлийн бодлогоор бакалавр, магистрын зэрэг хамгаалсан цөөн монгол залуусын нэг. Улмаар Дэлхийн банк, НҮБ, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд ажиллаж, дэлхийн хэмжээний туршлага хуримтлуулсан нэгэн. Монгол Улсын аймгийн анхны эмэгтэй Засаг дарга, УИХ-ын 2024 оны сонгуульд тойргоос сонгогдсон хамгийн залуу УИХ-ын  гишүүнтэй ийнхүү  ярилцлаа.  

 -Манай зочин ямар боловсрол, туршлагатай хүн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье. Ер нь өөрийгөө хөгжүүлэхэд хэр их цаг хугацааг зарцуулсан бэ. Гадаадад боловсрол эзэмшиж, дэлхийн хэмжээний байгууллагуудад ажиллах болсон түүхээсээ манай уншигчидтай хуваалцана уу?

-Миний хувьд ерөнхий боловсролын сургуулиа Улаанбаатар хотод дүүргээд АНУ-д бакалавр, магистрын зэргээ хамгаалсан. Бакалавраа Орегоны их сургуульд Эдийн засаг, олон улсын харилцаа, магистраа Колумбын их сургуулийн Хөгжлийн бодлого, Төрийн удирдлагаар суралцаж төгссөн. Одоо яг л өөрийн үндсэн мэргэжлээр ажиллаж байна. Аав ээж хоёр маань боловсролыг дээдэлдэг, маш их ач холбогдол өгдөг хүмүүс л дээ. Энэ ч утгаараа 14 настайдаа арван жилээ дүүргэсэн. Төгсөхөөсөө өмнө Америкийн сургалтын мэдээллийн төвд очиж, “АНУ-д сурахын тулд материалаа хэрхэн бүрдүүлэх вэ” гэдэг сургалтад сууж, мэдээлэл авснаар анкетаа бэлдэж байлаа. Цагийн зөрүүтэй учраас дандаа шөнө сууж, сургуулиуд руу уйгагүй анкетаа явуулснаар АНУ-ын Индиана муж дахь Эвансвиллийн их сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болж байв. Ингэж 15 настайдаа халаасандаа 200 ам.доллартай, 100 хувийн тэтгэлгээ өвөртлөөд АНУ-д оюутан болохоор очиж байлаа. 2007 онд ингэж хүний нутгийг зорьсноос хойш 2021 онд эргээд эх орондоо төвхнөхөөр ирж байв. Их сургуульдаа тэтгэлгээр суралцсаар төгссөн.

Эдийн засагч, олон улсын харилцааны чиглэлээр давхар мэргэжил эзэмшсэн, тэр дундаа байгаль орчин талдаа илүү анхаарч сурсан. Оюутан байхдаа маш идэвхтэй, хичээлээс гадуурх бүхий л төрлийн ажилд оролцдог байлаа. Одоо эргээд бодоход миний амьдралын хамгийн завгүй өдрүүд  оюутан байхад өнгөрсөн байдаг. Нэгдүгээр дамжаагаа төгсөөд Орегоны их сургууль гээд арай том их сургууль руу шилжиж байсан юм. Энэ сургуулиас  сургалтын төлбөрийн тэтгэлэг авахын тулд тухайн  муждаа соёлын үйлчилгээ буюу Монголынхоо талаар лекц, илтгэл тавьж явдаг байв. Ингэж гадаад оюутнуудад тэтгэлэг олгодог гэсэн үг л дээ. Байрны зардлаа тэтгэлгээр авахын тулд мөн оюутны байрныхаа ахлагчаар ажилладаг байлаа. Манай сургууль 20 орчим мянган оюутантай, 2000 орчим нь гадаад оюутан байсан юм. Ингээд сургуулийнхаа Олон улсын оюутны холбооны ерөнхийлөгч болж байлаа.

Энэ бол миний анхны сонгуульт ажил байсан. Халаасны мөнгөө олохын тулд радиод DJ хийхээс авахуулаад хэлний төвд дөрвөн жил ажилласан. Давхар мэргэжил эзэмшиж байгаа учраас хичээл ихтэй, зун бүр дадлага хийнэ гээд асар завгүй өдрүүдийг үдсэн дээ. Ингэж бакалавраа төгсөөд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр тэргүүлэх хөтөлбөртэй гэдэг утгаар Колумбын их сургуульд магистрын зэргээ хамгаалж байлаа.

-Та бол дэлхийн хэмжээний байгууллагуудад ажиллаж, дэлхийн хэмжээний туршлага хуримтлуулсан хүн. Ажлын талбарт хэрхэн гарч байв, маш өндөр шалгуур, шаардлагыг давсан байж таарна?

-Оюутан байхдаа байгаль орчны чиглэлийн байгууллагуудад судлаачаар давхар ажилладаг байсан. Харин яг үндсэн ажилтан болж орсон анхны ажлын байр маань Дэлхийн банк. Тухайн үед 14 мянган залуучуудтай өрсөлдсөнөөс 14-ийг нь ажилд авсан байдаг. Миний хувьд шигшигдэж үлдсэн 14-ийн нэг болж үндсэн ажилтнаар ажилд орж байлаа. Дэлхийн банканд үндсэн ажилтан болно гэдэг тийм амар биш. Өөрөөр хэлбэл, Дэлхийн банканд бараг 10 жил гэрээтээр явж байж үндсэн ажилтан болдог, өндөр босготой газар л даа. Харин үндсэн ажилтан болчихсон цагт халагдна гэдэг ойлголт ховор буюу нийгмийн баталгаа маш өндөртэй ажлын байр. Ингэж тэнцсэнээр Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албанд орж байв. 2015 онд Дэлхийн банк уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллах вэ гэдэг анхны группийн хэмжээний төлөвлөгөөгөө гаргаж байхад нь гар бие оролцож ажилласан. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар төсөл байна вэ гэдгийг судалж, аргачлал, тооцооллуудыг нь хийдэг байлаа.

Тухайн үед шигшигдэж орсон бидний 14-ийг ирээдүйн удирдах ажилтнуудаа бэлддэг тусгай хөтөлбөрийн дагуу ажилд авч байсан учраас бидэнд маш олон боломж гардаг байсан л даа. Энэ утгаараа явцын дунд Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албанд дэвшин ажилласан юм. Энэ үед Дэлхийн банкны  үндсэн хөрөнгийг нэмэгдүүлэх тухайд 13 тэрбум ам.доллар босгох ажилд биечлэн оролцож байлаа. Хувьцаа эзэшигчдээс үндсэн хөрөнгөө босгож байх үед хөшигний цаадахыг харсан л даа.

Өөрөөр хэлбэл, наанаа бид дэлхийн ядуурлыг бууруулах маш эерэг төсөөлөл, мөрөөдөлтэй ажил руу орж байгаа атлаа цагаа тулахаар олон улсын улс төр хэрхэн өрнөдөг вэ гэдгийг олж харах боломж тухайн цаг үед тохиосон. Олон улсын хэлэлцээр хөшигний цаана яаж явдгийг хараад дэврүүн, гэнэн бодол маань арилсан гэх үү дээ. Эндээс тухайн үед яг газар дээр нь, хөрсөн дээр бууж ажиллах ёстой юм байна гэдэг итгэл үнэмшил төрж байсан юм. Энэ үед НҮБ-ын харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн сангаас ажлын санал ирсэн л дээ. Дэлхийн банканд ажиллаж байхдаа энэ хоёр байгууллагын хоорондын харилцааг хариуцдаг байсан учраас намайг анкетаа өгөхийг санал болгодог байсан юм. Өөрийгөө олон талаар сорих  дуртай хүн учраас яагаад болохгүй гэж гэдэг үүднээс хүлээж аваад Дэлхийн банкнаас гарч байсан юм.

Ингэж Дэлхийн банканд гурван жил ажиллаад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Ногоон санд Ази, Номхон далайн бүсийг хариуцаж ажиллахаар болж байв. Миний хувьд  аливаа шинэ сорилтод үргэлж бэлэн байдаг, өөрийгөө сорих дуртай хүн л дээ. Дараа нь, БНХАУ-ын байгуулсан, Дэлхийн банктай өрсөлдөхүйц хэмжээний хөгжлийн банканд үндсэн ажилтнаар ажилд орж байлаа. Энэ бол ажлын талбарт гарснаас хойш  ажиллаж, амьдарсан гурав дахь улс, гурав дахь ажил маань болсон. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд анхны монгол, үндсэн ажилтнаар ороод удаагүй байхдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллах санал хүлээн авч байлаа.

-Дэлхийн томоохон байгууллагуудад ажиллах хугацаанд өөрийн гар бие оролцсон онцлох ажлаас дурдвал?

-Дэлхийн банканд гэхэд олон улсын хөгжлийн байгууллагуудаас урдаа барьдаг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг анхны төлөвлөгөөг нь 2015 онд гаргаж ажилласан. Дэлхийн банк групп өөрөө таван байгууллагын нэгдэл л дээ. Группийн хэмжээнд яаж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх вэ гэдэг төлөвлөгөөг боловсруулахад аргачлалаас нь авахуулаад бүх процесст гар бие оролцож ажилласан нь нэр төрийн хэрэг байсан. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг олон улсын санхүүжилтийн схем рүү оруулна гэдэг том ажил байсан л даа.

Уриа лоозонгоор биш илүү бодитоор санхүүжилтийн шийдвэр гаргахдаа үүнийг харж үздэг болж буйгаараа маш том ахиц дэвшил болж байсан. Улмаар Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албанд ажиллана гэдэг хэрийн хүнд олдохгүй том боломж. Дээр дурдсанчлан томоохон хэмжээний санхүүжилт босгох ажилд гар бие оролцохын зэрэгцээ олон улсын хэмжээний улс төр хэрхэн өрнөдөг вэ гэдгийг дэргэдээс нь, бодитоор харсан маань миний хувьд чухал ололт байсан гэж боддог. Тухайн үед улс орон, нийгмийн хөгжлийг бий болгохын тулд хөрсөн дээр буух буюу анхан шат руугаа явах нь илүү чухал, үр дүнтэй юм байна гэдэг ойлголтод хүрч байсан юм.

Дэлхийн банканд байхдаа дэлхийн хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн хийх вэ гэдэг тухайд бүх улс орныг харж байсан бол НҮБ-д очоод бүс нутгийн хэмжээнд анхаарч ажиллах болсон. Энд миний голлон хийсэн ажил бол Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын харилцааг хариуцаж ажилладаг байсан юм. Тиймээс Монгол, Вьетнам, Лаос, Мьянмарт гэх мэт улс орнуудад ямар төсөл хэрэгжих вэ гэдгээс авхуулаад бүх шатанд оролцож ажилладаг байсан. Дараа нь БНХАУ-д Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд манай хөрш орны гадагшаа чиглэсэн бодлогыг илүү ойлгох юм сан гэж бодож ажилд орсон. Эх орондоо ирээд Ерөнхий сайдын Ажлын албанаас аймаг орон нутагт ажилласан. Эргээд бодоход анхан шатанд очиж ажиллах нь зөв юм байна гэдэг итгэл үнэмшилдээ илүү ойртож, дагаж ажилласан юм болов уу.

-Таны Монголдоо буцаж ирэхэд цар тахлын үе таарсан шүү дээ. Энэ онцгой нөхцөл байдалд эх орондоо ирж ажиллах, тэр дундаа төрийн албанд ажиллах мэдрэмж ямар байсан бэ. Таны амьдралын хэмнэлд багагүй өөрчлөлт гарсан болов уу?

-Ажлын арга барилын хувьд томоохон өөрчлөлт гарсан. Миний хувьд бакалавр, магистраа англи хэлээр сурч төгссөн. Миний ажил, амьдралын орчин тэр чигтээ л англи хэл дээр байсан бол одоо 100 хувь өөрчлөгдөж байна шүү дээ. Монгол хэлээрээ ярихаас авахуулаад Монголын ажлын байрны соёлыг ойлгох, тэр дундаа улс төрд орж ажиллах нь надад томоохон өөрчлөлт байсан л даа. Өмнө нь гадаадад бүх ажил и-мэйлээр өрнөдөг байв. Гэтэл Монголд нэг бол маш албан бланктай бичгээр үгүй бол бүр албан бусаар буюу утас, мессэж, вайбераар ажил өрнөх жишээний. Хурал цуглааны арга барил ч мөн өөрчлөгдсөн. Өрнийн болон дорнын соёлын ялгаа гарч байгаа юм л даа. Цаашлаад хөдөө орон нутагт бүр өөр арга барилаар ажил өрнөдөг. Энэ бүгдийн дунд хөрвөх чадвар гэдэг зүйл асар чухал. Олон улс орны, олон хүнтэй харилцаж ажиллахад тухайн улс орны соёлыг ойлгож нийцэх нь маш чухал байдаг. Тиймээс миний хувьд ажлынхаа арга барилд хамгийн чухалчилдаг зүйл бол хөрвөх чадвар. Энэ нь улс төрд ч маш чухал чанар шүү дээ.

-Таныг Бээжинд ажиллаж, амьдарч байхад Монголоос ажлын санал тавьсан байдаг. Ерөнхий сайдын ажлын албанд ажиллах саналыг хэрхэн хүлээн авч байв. Тухайн үед эх орондоо буцах бодол, төлөвлөгөө байсан уу?

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газарт, Ажлын албанд орж ажиллах саналыг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Үүнээс өмнө би дандаа л өөрөө анкетаа бөглөж, шалгалт өгч, шалгарч байж ажилд ордог байсан. Зөвхөн Монгол биш дэлхийн бүх улс оронд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга гэдэг албан тушаалд хэзээ ч анкет өгч ажилд ордоггүй буюу улстөрч багаа бүрдүүлдэг албан тушаал. Тэгэхээр би анх удаа ийм төрлийн ажлын урилга хүлээн авч үзсэн. Хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил эзэмшээд, энэ чиглэлээрээ бусад улс оронд ажиллаад туршлага хуримтлуулчихсан ямар ч монгол хүн энэ ажлаас татгалзахгүй байсан байх. Хувь хүний хувьд Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар ажиллах нь нэр төрийн хэрэг шүү дээ.

Монгол Улсынхаа хөгжлийн төлөө сурсан, мэдсэнээ зориулах том боломж. Шулуухан хэлэхэд, аль намын хэн гэдэг Ерөнхий сайд байхаас үл хамаараад ямар ч эх оронч хүн энэ саналаас татгалзахгүй байсан болов уу. Энэ ч үүднээс миний хувьд Ерөнхий сайдын саналыг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авч байсан. Хэдийгээр эх орондоо буцах төлөвлөгөөгүй байсан ч миний үндсэн чанар бол уян хатан, хөрвөх чадвартай байхыг чухалчилдаг хүн учраас тэр даруйдаа л шийдвэр гаргаж байв. Миний хувьд КОВИД-19 цар тахлын үед Ерөнхий сайдын Ажлын албаны даргаар томилогдож байсан юм. Энэ албан тушаалд өөрийн хувийн зорилт, төлөвлөгөө гэж байхгүй буюу Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг сайн явуулахад чадах бүх дэмээ л үзүүлэх ёстой.  Ерөнхий сайдын өдөр тутмын ажил цалгардалгүй, алдаа мадаггүй, саадгүй л явах ёстой. Түүнийг л хийж ажилласан. Л.Оюун-Эрдэнэ сайдын тавьсан зорилтууд биелээсэй, түүний тулд ажил яаж явах ёстой вэ гэдэг л чухал байсан.

Монгол Улсын урт хугацаны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ийг Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа гардан боловсруулж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед батлагдаж байсан юм. Ерөнхий сайдын Ажлын албаны даргын хувьд би “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичгийг боловсруулах ажлыг гардан гүйцэтгэсэн. Энэ бол надад тохиосон том хувь заяа гэж боддог. Эдийн засагч хүний хувьд Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан нь үнэхээр нэр төрийн хэрэг байсан. Энэ ажилд  дандаа монгол залуучууд хамтран ажилласан, чадсан гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэхэд таатай байна. Үүнээс гадна бид ковидыг даван туулах том ажлын ард амжилттай гарч чадсандаа багийнхандаа баяртай явдаг. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын Засгийн газар ковидын хариу арга хэмжээг маш сайн хийж чадсан гэж би ам бардам хэлнэ. Тухайн үед дэлхий нийтээрээ маш хүнд нөхцөлд байлаа шүү дээ. Дэлхий тэр чигтээ вакцины эрэлд гарчихсан, гэтэл вакцин хар зах дээр гарчихсан байлаа. Өдөр бүр эрдэнэт хүний амь эрсдэж, бүх зүйл хаалттай байдалд шилжчихсэн зэргээс авахуулаад энэ Засгийн газар хүнд шийдвэрүүдийг гаргаж ажилласныг тэмдэглэх нь зүйтэй. Вакцинжуулалтыг амжилттай хийсэн. Тохиолдол, нас баралтын статистик харахад  манай улс дэлхийн дунджаас тав дахин бага дүнтэй гарсан. Маш хүнд үеийг Монголчууд бид хамтдаа даван гарсан.

-Монголдоо ирснээс хойших таны ажил, албаны дараагийн шат улс төрийн албан тушаал байсан. Тухайн үед Засаг даргаар ажиллах тал дээр хэрхэн хандсан бэ. Энэ бол нэгэнт улс төр рүү орох зам, эхлэл гэдгийг ойлгож байсан байх. Аймгийн анхны эмэгтэй Засаг дарга гэх зэргээр олон тодотголтойгоор орон нутагт  руу явж байсан шүү дээ?

-Орон нутгийн улс төр хэрхэн өрнөдгийг, ямар саад тотгортой учрахаа бодолгүйгээр аавынхаа нутгийг хөгжүүлчих юмсан гэсэн чин сэтгэлээр Ховд аймгийг зорьж байлаа. Миний аав Ховд аймгийн Мөст суманд төрж өссөн хүн л дээ. Өвөө, эмээ маань өнөөдөр ч Ховд аймагтаа суманд амьдардаг. Хэдий би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн ч өвөг дээдсийнхээ нутагт очиж, чадах мэдэхээ зориулъя гэсэн сэтгэл өвөртлөн “илгээлт авч”, Ховд аймгийн Засаг даргаар томилогдож байлаа. Засаг даргаар ажиллахаар шийдсэнээ одоо бодоход “тэнэг зоригтой байж дээ” гэж бодогдох үе бий. Ховдыг зорих болсон бас нэг шалтгаан нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг сэргэлт болох Хот, хөдөөгийн хөгжлийн бодлого байсан юм. Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл савнаасаа хальчихсан атлаа хөдөө эзгүйдэх маягтай, хөгжил нь орхигдчихсон  учраас хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжил чухал гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар томьёолсон, энэ бодлогын баримт бичгийг нь би Ажлын албаны даргын хувьд ахалж ажилласан. Энэ бодлого цаасан дээр битгий царцаасай гэдэг утгараа хөдөөгийн сэргэлтийн төлөө би өөрөө манлайлах ёстой гэдэг үүднээс энэ ажлын саналыг хүлээн авч Засаг даргаар ажилласан.

-Аймгийн Засаг даргаар ямар итгэл үнэмшилтэйгээр ажилласан бэ. Хэр бүтээмжтэй цаг хугацааг өнгөрүүлсэн бэ?

-Хөдөөг зорин, аймгийн Засаг даргаар ажилласан маань миний амьдралын утга учир дүүрэн он жилүүд байсан. Өвөг дээдсийнхээ нутаг усанд очиж, Ховдчуудынхаа төлөө ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байсан. Би энэ ажлыг анхнаасаа улс төрийн албан тушаал гэж огт хараагүй. Эдийн засаг, хөгжлийн бодлогын чиглэлээр өөрийн сурсан мэдсэнээ бодит байдалд хэрэгжүүлэх боломж гэж харж байсан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэйгөө маш сайхан хамтран ажилласан. “Ганц хүн айл, ганц мод гал болохгүй” гэдэгчлэн  би энд баг, хамт олноо заавал дурдах ёстой. Би ганцаараа бол тэнд юу ч хийж чадахгүй байсан. Аймгийн ИТХ-ынхан маань төсөв батлахаас авхуулаад миний дэвшүүлсэн бодлогыг маш сайн дэмжиж ажилласан. Ховдчууд маань ч ойлгож хүлээн авч дэмжсэн учраас богино хугацаанд багагүй ажлыг хийж чадсан гэж боддог. Аймгийн дарга болоод пүрэв гараг бүр иргэдээ хүлээн авч, нээлттэй уулздаг байсан юм.

Манай аймаг 90 орчим, аймгийн төв 30 орчим мянган хүн амтай. Эдгээр иргэдийн амьдралд ямар асуудал тулгамдаад байна вэ гэдгийг ямар ч филтергүйгээр иргэдээсээ сонсдог болсон юм. Ард иргэд ямар ч дамжлагагүйгээр асуудлаа ярих, дарга нараар дамжуулах хоёр асар ялгаатай шүү дээ. Ингээд иргэдээ сонсоход хамгийн өндөр хувьтайгаар гаргасан гомдол санал нь газар олголттой холбоотой байсан. Өмнөх дарга нар өөрсдөө 50-60 га газар авчихсан атлаа иргэдийн 0.7 га газар олддоггүй. Нийтдээ 5000 орчим өргөдөл хүлээгдчихсэн, газар авах хүсэлтээ өгөөд бараг 10 жил болсон  айл ч байсан. Ингээд Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд газрын төлөвлөлтөд өөрчлөлт оруулсан. Өөрийн дэвшүүлж буй бодлого, зорилтыг сум, багийн иргэдтэй уулзаж танилцуулах ажлыг ч хийж эхэлсэн.

Ингээд бид 5000 өрхөд газар олгосон. Үр дүнд нь газар олголт ямар ч хүлээгдэлгүй болсон буюу иргэн цахимаар хүсэлтээ өгөөд газраа авах боломжтой болсон. Сумын дарга нарын ажлыг үнэлэхдээ өрхийн хэрэгцээнд хэр их газар олгосноор нь дүгнэдэг болгосон. Хоёрдугаарт, эрт илрүүлгийг аймгийн хэмжээнд бүтэн хийж чадсан. Намайг ажил авахад манай аймаг эрт илрүүлгээр сүүл мушгидаг байсан бол жилийн хугацаанд бид нэгдүгээрт эрэмбэлэгдсэн. Гуравдугаарт, тоон гарын үсгээр бид мөн улсад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн.

Эдгээр ажлууд бол ямар ч нэмэлт төсөв хөрөнгө шаардаагүй буюу зохион байгуулалтын шинжтэй л ажил байсан. Үүнээс гадна аймгийн ИТХ-аар төсвөө батлуулснаар аймгийн хэмжээнд “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь аймгийн дарга байхдаа хийсэн онцлох ажил.

Эрүүл мэнд, боловсрол бол хөгжлийн суурь. Тэр дундаа шим тэжээлд оруулж буй хөрөнгө оруулалт бол хамгийн их өгөөж өгдөг хөрөнгө оруулалт гэж үздэг. Энэ ч утгаараа бид аймгийнхаа төсвөөс шим тэжээлд зориулах шийдвэрийг анх удаа гаргасан юм. Түүнчлэн Ховд аймгийг анхны “Ногоон бүс” болгосон. Өөрөөр хэлбэл, аймгийг 100 хувь камержуулсан. Хогийн менежмент хийж ажилласнаа мөн дурдах байна. Менежментийг нь сайжруулсны үр дүнд Ховд аймаг хогийн асуудлаасаа бүрэн салсан. Аймгийн төвийн Ойн бүсийн газрыг хувьчилсан байсныг чөлөөлсөн олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн болох суурь тавьсан. Энэ мэтчилэн сайхан хамт олонтойгоо хамтран олон ажлын гарч чадсанаа  дурдахад таатай байна.

-Хэдхэн жилийн өмнө гадаадад ажиллаж, амьдарч байсан хүн эх орондоо ирээд удалгүй нэр дэвшигч болсон. Харьцангуй том тойрогт, том улстөрчидтэй өрсөлдсөн. Таны хувьд  сонин, содон, онцлогтой сонгууль болсон болов уу?

-2024 оны УИХ-ын сонгуульд МАН нэр дэвшигчдийг тодруулахдаа улсын хэмжээнд маш том хэмжээний судалгаа, тандалт хийсэн. Ингэж байж нэр дэвшигчдээ тодруулсан. Дээр дурдсанчлан аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд миний санаачлан хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн судалгаагаар харагдсан учраас  сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргаснаа тухайн үед намын удирдлагууд хэлж байсан юм. Аймгийнхаа хөгжлийн төлөө хийсэн ажлууд маань ард иргэдэд үр дүнгээ өгсөн учраас миний нэр судалгаагаар өндөр гарсан юм билээ.

Түүнээс миний хувьд сонгуульд нэр дэвших ямар ч бодол, төлөвлөгөө байгаагүй. Тухайн үед сонгуулийг холимог тогтолцоогоор, томсгосон тойргоор явуулахаар болж Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгуудыг нэг тойрог болгосон шүү дээ. Энэ шинэ бүсчилсэн тойрог ямар ч улс төрчид шинэ сорилттой хүнд сонгууль байсан болов уу. Гэхдээ мэдээж нам судалгаандаа үндэслээд нэр дэвших даалгавар өгсөн учраас ухарч няцах эрх байгаагүй.

Миний үндсэн мөн чанар ч хөрвөх чадварыг чухалчилдаг учраас тал бүрээс нь тооцоолоод юмуу хүндрүүлж бодох зүйлгүйгээр л сонгуульд оролцсон.

Манай тойрог зөвхөн Ховд биш баруун  дөрвөн аймаг шүү дээ. Миний хувьд Баруун бүсийн зөвлөлийн дарга байсан учраас баруун таван аймагтаа багагүй ажилласан байсан л даа. Монгол Улсын хэмжээнд хамгийн том тойрог буюу 370 орчим мянган км квадрат газар нутагтай,  хүн  амын хувьд 430 орчим мянган иргэнтэй. Энэ утгаараа хамгийн өндөр тоон саналаар сонгогддог тойрог. Хамгийн олон сонгогдсон, хамгийн том улстөрчидтэй нэг тойрогт өрсөлдөн сонгууль болж байлаа. Ингээд хоёрдугаар тойргоосоо сонгогдсон ганц эмэгтэй нь болсон төдийгүй Увс, Ховд, Говь-Алтай аймгаас УИХ-д анх удаа сонгогдсон  эмэгтэй гишүүн болсон.

Энэ ташрамд намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн баруун бүсийнхэндээ талархаж явдгаа дахин илэрхийлье. Итгэлийг нь алдахгүйн төлөө өдөр бүр хичээж ажилладаг. Энэ бол маш том хариуцлагатай ажил. Миний хувьд мөн УИХ-д тойргоос сонгогдсон хамгийн залуу гишүүн. Энэ ч утгаараа надад өгсөн санал бол залуучуудад өгсөн маш том итгэл гэж хүлээн авч, хичээж ажилладаг.

-Иргэд, сонгогчидтойгоо хэр эргэх холбоотой ажиллаж байна вэ. Сонгогчдод амласан амлалтаа биелүүлэх том гэрийн даалгавартайгаар ажиллаж байгаа шүү дээ?

-Бүсчилсэн болон холимог хэлбэрээр сонгуулиа зохион байгуулсан ийм үед жагсаалтын болон тойргийн гишүүн бүр өөр. Энэ утгаараа УИХ-ын гишүүнээсээ хүлээж буй хүлээлт өөр байгаа болов уу. “Миний хувьд хувийн бизнестэй, их хөрөнгө мөнгөтэй хүн биш учраас бэлэг сэлт тарааж чадахгүй, муу гишүүн байж мэднэ шүү” гэж тойргийнхоо ард иргэдэд хэлдэг.

Мөн зөвхөн тойргийн төсөв хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй улсын, тогтолцооны хэмжээний асуудлуудад анхаарахыг хичээдэг. “Оюутолгой” төслийн хянан шалгах түр хороонд орж ажилласан, Нийгмийн даатгалын сангийн хянан шалгах түр хороог санаачилж яваа. Нэгдсэн татварын болон төсвийн бодлогод шүүмжлэлтэй ханддаг. Миний хувийн итгэл үнэмшил бол Монгол Улс нэгдсэн төсөвтэй байх ёстой, төсвийн захиран зарцуулалт нэгдсэн бодлоготой байх ёстой. Монгол Улсын аль аймгийн, аль сургуульд засвар хэрэгтэй вэ гэдгийг нийтээр нь эрэмбэлэх ёстой гэж үздэг. Түүнээс миний  аймаг, миний тойрог гээд яваад байж болохгүй гэж боддог хүний нэг. УИХ-ын гишүүнээр сонгогдоод анхны төсөв батлах үеэр “Гишүүний, тойргийн төсөв гэж байж болохгүй” гэж шүгэл үлээж дуугарсан гишүүдийн нэг. Энэ нь зарим ах нарын дургүйг хүргэдэг тал ч бий. Төсөв бол хязгаарлагдмал хөрөнгө нөөц учир  бодлого судалгаатай, үр өгөөжид үндэслэсэн эрэмбэтэй байх ёстой. Монгол Улсад алсдаа аль нь илүү өгөөжтэй вэ гэдгийг бодож шийдвэр гаргах ёстой шүү дээ.  

Харин яг тойрогтоо эргэх холбоотой ажиллахын хувьд бүс нутгаас сонгогдсон 10 гишүүнээс тойргийнхоо сумдаар хамгийн их олон удаа  очиж ажилласан гишүүн нь одоогоор би байгаа байх. Чуулган завсарлангуут л тойрогтоо очиж ажилладаг. УИХ-ын гишүүний ажлыг Засаг даргатай харьцуулахад өмнө нь би иргэдийнхээ асуудлыг тухай бүрт нь шийдэх үүрэгтэй болон нөөц чадамжтэй байсан. Төсвийн захиран зарцуулагч байсны хувьд. Одоо харин ард иргэдээ төлөөлөх үүрэгтэй, тэднийхээ дуу хоолойг УИХ-д төлөөлөх нь миний үүрэг. Асуудлыг нь тэр дор нь шийдэж чадахгүй нь жаахан харамсалтай. Гэхдээ нийтлэг асуудал юу байна гэдгийг ойлгож, түүний шийдлийг олох гэж Засгийн газарт шаардлага тавьж иргэдийн дуу хоолойг хүргэх нь миний нэн тэргүүний ажил.

-УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш ямар ажил амжуулав. Саяхан санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ тухайд мэдээлэл хүргэнэ үү?

 -Миний хувьд өөрөө ахалж өргөн барьсан хоёр хууль болон тогтоол байна. Эхнийх нь Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хууль. Есөн бүлэг, 27 заалттай, Монгол Улсын санхүүгийн салбарт шинэ тутам эрх зүйн тогтолцоог бий болгох зорилго бүхий анхдагч хууль. УИХ-д суудалтай таван намын төлөөллөөс бүрдсэн 18 гишүүний хамтаар энэ хуулийг санаачлан боловруулсан юм. Хуулийн гол агуулга нь манай улсад хэрэгжиж буй банк санхүүгийн салбарын хуулиуд дандаа банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын эрх ашгийг хамгаалсан талдаа байдаг бол энэ хуулиар иргэдийнхээ эрхийг хамгаалах хуультай болъё гэж байгаа юм. Тиймээс Санхүүгийн маргаан таслагч гэдэг ойлголтыг бий болгоно.

Ингэснээр иргэн танд аливаа санхүүгийн асуудал үүсвэл шийддэг мэргэжлийн, бие даасан байгуулагатай болно гэсэн үг. Энэ тухайд 2018 оноос хойш яригдаж байгаа ч УИХ-д өргөн барьж, хэлэлцэгдээгүй өдийг хүрсэн юм билээ. Энэ хууль дээр олон нийтийн саналыг авч мэргэжлийн байгууллагуудтай хамтран сүүлийн хоёр жил дагнан ажиллаж байж өргөн барилаа. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын сангийн хянан шалгах түр хороог байгуулах санаачилгыг миний бие  гаргаад, 70 гишүүн дэмжсэнээр УИХ-д өргөн бариад байна.

Нийгмийн  даатгалын сан яагаад дампуурчихав, тэнд хулгай зэлгий болсон юм уу, үгүй гэхэд цаашдаа бид яах ёстой юм бэ гэдгээ ярих ёстой.  Энэ асуудлыг бид заавал хэлэлцэж шийдэл гаргах ёстой. Үүнээс гадна хэд хэдэн хуулийг бусад гишүүдтэй хамтран өргөн бариад байна. Тухайлбал, О.Номинчимэг гишүүнтэй хамтран Тамхины тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн барилаа. Баяр наадмын тухай болон Төрийн нууцтай холбоотой хуулиудыг П.Сайнзориг гишүүнтэй хамтран өргөн барьсан. Мөн У.Отгонбаяр гишүүнтэй хамтран орон нутгийн төлөөлөгчид давхар ажил эрхэлж болох тухай хуулийг хамтран өргөн барьж батлуулсан. Үүнээс гадна Оюутолгойн хянан шалгах түр хорооны гишүүнээр ажиллалаа. 

М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонины №021/24696/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.