ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ЗАГВАР РУУ ШИЛЖИХ БОЛОМЖ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд хийгдэж байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл нь Монгол Ардын Намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн хамгааллын оновчтой, хүртээмжтэй тогтолцоог бэхжүүлэх зорилтыг бодит ажил хэрэг болгож байна. Энэхүү шинэчлэл нь зөвхөн одоо тэтгэвэр авч буй хүмүүст төдийгүй залуу үеийнхэнд "Илүү их ажиллаж, шимтгэлээ шударгаар төлбөл өндөр тэтгэвэр авна" гэсэн тодорхой ирээдүйн баталгааг өгч байна.
|
|
Сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахин хүн ам зүйн гүн гүнзгий шилжилтийг туулж байна. Анагаах ухааны хөгжил, амьдралын чанар дээшилснээр дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурсан нь хүн амын хөгшрөлт гэх үзэгдлийг дэлхий нийтийн сорилт болгоод байна. Өмнө нь зөвхөн хөгжилтэй орнуудын асуудал гэж хардаг байсан энэ үзэгдэл өнөөдөр Монголын хаалгыг тогшиж эхэллээ. Гэвч бид үүнийг нийгмийн ачаа гэж хараад суух уу, эсвэл нийгмийн бүтцээ шинэчилж, эдийн засгийн шинэ загвар руу шилжих боломж болгон ашиглах уу? Монгол Ардын Намын хувьд энэ асуултын хариулт нь тодорхой бөгөөд бид Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд "Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна" гэсэн шударга тогтолцоог бүрдүүлж байна.
Хүн ам зүйн бодлого гэхээр л төрөлтийг нэмэгдүүлэх мөнгөн тэтгэмж, тэтгэврийн насыг механикаар сунгах тухай ярьдаг үе ард хоцорчээ. Япон, Өмнөд Солонгос, Европын орнуудын гашуун туршлагаас харахад зөвхөн мөнгөн дэмжлэг нь төрөлтийг шийддэггүй. Орчин үеийн залуу гэр бүлүүд санхүүгийн урамшууллаас илүүтэй ажил-амьдралын тэнцвэр, жендэрийн тэгш байдал, хүүхэд харах чанартай үйлчилгээг л хүсэж байна. Скандинавын орнуудын туршлага бидэнд "аавуудын квот" буюу эцэг эхийн чөлөөний тодорхой хэсгийг зөвхөн аавууд заавал эдлэхээр хуульчилсан нь төрөлтийн бодлогын үндэс гэдгийг харуулж байна. Энэхүү зохицуулалт нь хүүхэд асрах үүрэг зөвхөн эхчүүдийн нуруун дээр ирдэг нийгмийн хэвшмэл ойлголтыг халж, улмаар эмэгтэйчүүдийн карьер тасрах эрсдэлийг бууруулж, гэр бүлийн хариуцлагыг тэгш хуваарилж чадсан юм. Энэ бол төрөлтийн бодлогыг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж харахаа больж, нийгмийн бүтцийн өөрчлөлт, жендэрийн тэгш байдлын асуудал гэж харсан социал демократ үзлийн томоохон алхам билээ. Ийм төрлийн бодлого нь олон гэр бүлд хүүхэдтэй болох шийдвэр гаргахад сэтгэл зүйн болон эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулж, улмаар нийгмийн эв санааны нэгдлийг бэхжүүлдэг хүчирхэг хэрэгсэл болдог.
Хүн ам зүйн сорилтыг даван туулсан дэлхийн жишиг
Хүн ам зүйн энэхүү сорилтыг даван туулсан дэлхийн тэргүүлэгч улс орнуудын туршлага бидэнд үнэтэй сургамж, бодлогын томоохон жишиг болж байна. Тухайлбал, Герман улс ахмад болон залуу үеийнхний туршлага солилцох "Twinning" тогтолцоог хөгжүүлж, гэр бүл болон ахмад настан асрахуйн чөлөөг хуульчлан ажлын байрны уян хатан зохицуулалтыг төгс бүрдүүлжээ. Мөн Япон улс тэтгэвэрт гарах насыг уян хатан болгож, тэтгэврээ хойшлуулах тутамд тэтгэврийн хэмжээ нэмэгддэг "Re-employment" системийг нэвтрүүлснээр ахмадуудын нийгмийн идэвхийг өндөр түвшинд хадгалж байна. Харин Швед улс нь "Нэрийн данс"-ны системээр дамжуулан хуримтлалтай уялдуулсан тэтгэврийг олгож, эцэг эхийн чөлөөг аав, ээж тэгш эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн нь төрөлтийн бодлогын томоохон дэвшил болсон юм. Эдгээр улс орны нийтлэг шинж нь нийгмийн даатгалыг зөвхөн халамжийн сан гэж харахаа больж, иргэн бүрийн насан туршдаа хуримтлуулсан баялгийг ухаалгаар удирдах "Silver Economy" буюу "Мөнгөн эдийн засаг"-ийг хөгжүүлж буй явдал юм.
Бодлогын шинэчлэл: Монголын нийгмийн хамгааллын шинэ загвар
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд хийгдэж байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл нь Монгол Ардын Намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн хамгааллын оновчтой, хүртээмжтэй тогтолцоог бэхжүүлэх зорилтыг бодит ажил хэрэг болгож байна. Энэхүү шинэчлэл нь зөвхөн одоо тэтгэвэр авч буй хүмүүст төдийгүй залуу үеийнхэнд "Илүү их ажиллаж, шимтгэлээ шударгаар төлбөл өндөр тэтгэвэр авна" гэсэн тодорхой ирээдүйн баталгааг өгч байна.
Шинэчлэл нь хүний хөгжлийг дэмжсэн, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлсэн социал демократ үзэл санааны илэрхийлэл бөгөөд даатгуулагч бүрийн хөдөлмөр зүтгэлийг шударгаар үнэлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн авч байгаа тэтгэврийн хэмжээ, ажилласан хугацаанаас хамааран 435 мянга гаруй ахмад настанд 100,000-300,000 төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгохоор боллоо. Мөн 1979 оноос хойш төрсөн даатгуулагчийн тэтгэврийг бодохдоо насан туршдаа авсан цалингаас төлсөн шимтгэлд үндэслэдэг байсныг 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дунджаар бодохоор өөрчилж, тэтгэврийн хэмжээ огцом буурахаас сэргийлэв. Үүний зэрэгцээ даатгуулагчдад тэтгэврийн бодит мөнгөн хуримтлал хийх сонголтыг бий болгож, төрөөс нэмэлт дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн нь санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах алхам боллоо. Ахмад настныг асран халамжлуулах обьект бус, харин хуримтлуулсан туршлагаараа улс орноо урагшлуулах баялаг хэмээн үзэж буй энэ бодлого нь тэднийг нийгэмд идэвхтэй оролцоход түлхэц өгнө. Тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллахыг хүссэн ахмад настны тэтгэвэр жил тутамд дөрвөн хувиар нэмэгдэх бол эрт тэтгэвэрт гарвал дөрвөн хувиар буурах зохицуулалт хийв. Түүнчлэн тэтгэвэрт гарсан ахмад үргэлжлүүлэн ажил хийх тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, тэтгэврийн нэрийн дансан дахь хөрөнгийг гэр бүлд нь өвлүүлэх, тэтгэврийг амьжиргааны өртөгтэй уялдуулан жил бүр автомат индексжүүлэлт хийх эрх зүйн орчныг бүрдүүллээ. Тэтгэврээс гадна ахмадуудын эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны багцыг тэтгэврийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжийг судалж байна. Шинэчлэлийн хүрээнд ажил эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлж байна. Тухайлбал, сүүлийн таван жилд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 1-5 ажилтантай бизнес эрхлэгчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурав хүртэлх ажилтанд 36 хүртэлх сараар чөлөөлөх, цагийн ажил хийж байгаа оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийг 50 хувь хөнгөлөх зэрэг арга хэмжээг авлаа. Энэхүү багц хуулийн өөрчлөлт нь иргэн бүрийг тэтгэвэрт гарахдаа зөвхөн тэтгэврийн насаар хэмжигдэх бус, насан туршдаа хуримтлуулсан баялгаа захиран зарцуулах эрхтэй болгож, ирээдүйн хөгшрөлтийн эсрэг эдийн засгийн хувьд бат бөх суурийг тавьж байна. Энэхүү нийгмийн хамгааллын шинэчлэл нь зөвхөн ахмад үеийнхэнд төдийгүй, нийгмийн хамгийн их ачааллыг үүрч буй "Sandwich" үеийнхэнд ч нэн шаардлагатай юм.
"Sandwich" үеийнхний сорилт
Монголд өнөөдөр 40-55 насныхан буюу нэг талаас хүүхдүүдээ өсгөж, нөгөө талаас өтөлсөн эцэг эхээ асрах үүрэгтэй хамгийн их ачаалалтай бүлэг болж байна. Монголын сэндвич үеийнхэн өөрийн тогтмол хэрэглээ, ипотекийн зээлээс гадна хүүхдийн сургалтын төлбөр, өтөлсөн эцэг эхийн эрүүл мэндийн зардлыг бүрэн хариуцдаг. Тэд ажлын байран дээрээ бүтээмжтэй ажиллахын зэрэгцээ гэртээ хүүхэд асрах, эмнэлэгт хэвтсэн эцэг эхээ сахиж хонох зэрэг асар их ачааллыг үүрч байна. Уламжлалт соёлд эцэг эхийг асрах нь гарцаагүй үүрэг гэж үздэг учраас тэд ядарч байгаагаа нийгмээс эмээн нуух, өөрийгөө золиослох хандлагатай байдаг нь сэтгэл зүйн дарамтыг улам нэмэгдүүлдэг. Иймд тэднийг татварын хөнгөлөлт, нийгмийн халамжийн уян хатан системээр дэмжихгүйгээр тогтвортой хөгжлийн талаар ярихад бэрх юм.
Ирээдүйн Монгол орон хүн ам зүйн бүтцийнхээ өөрчлөлтөө хэрхэн ухаалгаар ашиглаж, технологийг нийгмийн үйлчилгээнд яаж нэвтрүүлснээс бидний тогтвортой хөгжлийн хувь заяа хамаарна. Монгол Улс одоогоор хүн ам зүйн цонх үедээ байгаа ч 2030-аад оны дунд үеэс хөгшрөлт эрчимтэй эхэлнэ. Иймд бид эрүүл мэндийн салбарт эмчлэх биш, урьдчилан сэргийлэх бодлогыг тэргүүнд тавьж, цахим засаглалын давуу талыг ашиглан үйлчилгээг гэрт нь хүргэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай. Хүн амын хөгшрөлт бол зайлшгүй үзэгдэл. Үүнийг зогсоох гэж хий дэмий хүч зарцуулахын оронд, хүн амын бүх бүлэгт ээлтэй, тэгш орчныг бүрдүүлэх нь л ухаалаг төрийн бодлого юм. Хүн ам зүйн оновчтой бодлого гэдэг нь иргэдээсээ хүүхэд гаргахыг шаардах тухай биш, харин хүүхэдтэй болсны дараа ч ажиллах боломжтой, өтөлсөн хойноо ч нийгэмдээ үнэ цэнтэй хэвээр байх орчныг л бүрдүүлэх явдал юм. Хэрэв бид өнөөдөр хөдөлмөрийн зах зээлээ уян хатан болгож, технологио зөв ашиглаж чадвал хөгшрөлт нь эдийн засгийн дарамт бус, харин хөгжлийн шинэ үе шат болох болно. Бид ахмад үеэ зөвхөн халамж хүртэгчид гэж хардаг өнцгөө өөрчлөх цаг болжээ. Энэ бол зөвхөн засгийн газрын асуудал биш, нийгмийн бүх түвшинд өрнөх ёстой том өөрчлөлт юм.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ
/Гишүүн төвтэй нам E-4 стратегийг хөгжүүлэх бодлогын хорооны гишүүн, судлаач/