Энэ хавар 633 мянган га талбайд тариалалт хийнэ
Гурил, хүнс, хүнсний ногооны бүтэн жилийн нөөцөө бүрдүүлэх их ажил, хаврын тариалалт айсуй. Жил бүрийн хавар уламжлал ёсоор хөндөгддөг улс орны үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтай, гурил, хүнсний ногооны хэрэгцээгээ бэлдэх “Хаврын тариалалтад Монгол Улс бэлэн үү” гэсэн сэдвийн хүрээнд энэхүү мэдээллийг цуглуулан хүргэж байна. Газар тариалангийн салбарт 2025 онд 15 мянган өрх, 1.6 мянган ААН, байгууллага үйл ажиллагаа явуулж, улсын хэмжээнд 267.5 мянган тонн улаан буудай, 114.3 мянган тонн төмс, 239.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч, өнгөрсөн онд Монгол Улс улаан буудайнхаа 62.5 хувь, төмсний 78.5 хувийг, хүнсний ногооны 72.6 хувийг дотооддоо бэлдэж амжжээ.
Гурил, хүнс, хүнсний ногооны бүтэн жилийн нөөцөө бүрдүүлэх их ажил, хаврын тариалалт айсуй. Жил бүрийн хавар уламжлал ёсоор хөндөгддөг улс орны үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтай, гурил, хүнсний ногооны хэрэгцээгээ бэлдэх “Хаврын тариалалтад Монгол Улс бэлэн үү” гэсэн сэдвийн хүрээнд энэхүү мэдээллийг цуглуулан хүргэж байна. Газар тариалангийн салбарт 2025 онд 15 мянган өрх, 1.6 мянган ААН, байгууллага үйл ажиллагаа явуулж, улсын хэмжээнд 267.5 мянган тонн улаан буудай, 114.3 мянган тонн төмс, 239.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч, өнгөрсөн онд Монгол Улс улаан буудайнхаа 62.5 хувь, төмсний 78.5 хувийг, хүнсний ногооны 72.6 хувийг дотооддоо бэлдэж амжжээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хаврын тариалалтад бэлдэж эхэлсэн бөгөөд энэ онд 633 мянган га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариална гэж тооцож байгаа аж. Ойрх Дорнодод үүссэн зөрчил, мөргөлдөөн энэ оны хаврын тариалалтад хүндрэл үүсгэж, дизель түлшний үнэ нэмэгдэж магадгүй болсон ч Засгийн газар хүндрэлийг даван туулах тодорхой шийдэлтэй ажиллаж байна. Монгол Улс хаврын тариалалтад жил бүр 8.5 мянга орчим тонн дизель түлш хэрэглэдэг. Тариалангийн талбайн зуны арчилгаа, намрын ургац хураалт хүртэл нийтдээ 20 орчим мянган тонн дизель түлш шаардлагатай болдог байна.
Тиймээс Засгийн газар эхний ээлжид импортлогч компаниудтай хэлэлцээр хийж, 5000 тонн дизель түлшийг 3000-3500 мянган төгрөгөөр худалдан авч, тариалан эрхлэгчдэд нийлүүлэх үүргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд өгчээ. Мөн нефть импортлогч аж ахуйн нэгж, холбогдох яам, Улсын нөөцийн газрууд хамтран 10 мянган тонн түлш нөөцлөх үүрэг авч, хөрөнгийг хөнгөлөлттэй зээлийн зарчмаар шийдэхээр болжээ.
Одоогийн байдлаар хүнсний ногооны үр хангалттай. Төмсний үр дутагдалтай байгаа аж. Тиймээс ХХААХҮЯ импортоор төмсний үр оруулж ирэхэд зориулж, хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулж буй аж. Мөн бордоо, бодис зэрэг шаардлагатай бусад зүйл нөөцөд бий. Зарим дутагдалтай зүйлийг импортоор оруулж ирнэ гэж салбарын яамны хариуцлагатай албан тушаалтан мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөдөлгөөний хүрээнд 350 тэрбум, “Атар-4” аяны хүрээнд хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд олгохоор болсон. Зээлийг ХААН банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, М банк зэрэг арилжааны есөн банкаар дамжуулан олгож эхэлжээ.
Зээлийн эх үүсвэрийг арилжааны банкууд хариуцаж байна. Салбарын яам зээл олголтод оролцохгүй гэсэн боловч “Төр зээлийн хүүгийн тодорхой хувийг хариуцан, тариалан эрхлэгч иргэн, ААН-үүдээ дэмжиж байгаа. Зээлийг үндсэн зорилгоос нь өөр зориулалтаар ашиглуулахгүй. Зээл авч байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд үнэхээр газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уу. Энэ компани тус салбарт үйл ажиллагаа явуулдаг нь үнэн үү гэсэн тодорхойлолтыг ХХААХҮЯ гаргаж өгөх ёстой” гэсэн шаардлагыг арилжааны банкууд тавьжээ.
Зээл авах хүсэлтэй орон нутагт газар тариалан эрхэлж буй иргэд, ААН, байгууллагууд аймгийнхаа ЗДТГ-ын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүсэлтээ өгч байгаа аж. Аймгууд зээлийн хүсэлтийг долоо хоног тутам ХХААХҮЯ-нд илгээж, яам хүсэлтийг хянан арилжааны банкууд руу илгээж байгаа аж. Одоогоор иргэн, аж ахуйн нэгжүүд зээлээ хэвийн авч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. Энэ хүрээнд ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимжүүлээд явж байна.
Өнгөрсөн онд “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжихэд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар давхардсан тоогоор 182 үйлдвэр, аж ахуйн нэгжид 509 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Улмаар түүхий ноолуурын 70 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлдэж, самнасан ноолуурын экспорт 4.0 мянган тонн буюу 330 сая ам.долларт болж түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Мөн ээрэх хүчин чадлыг 400.0 тонноор, сүлжих хүчин чадлыг 200 мянган ширхгээр тус тус нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байна.
“Атар-4” аяны хүрээнд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр нийт 982 иргэн, аж ахуйн нэгжид 616.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэснээр өнгөрсөн онд улсын хэмжээнд 598.8 мянган га талбайд тариалалт хийж, дотоодын үйлдвэрлэлээр улаан буудайн 78 хувь, төмс, хүнсний ногооны 80 хувийг хангасан. Түүнчлэн тариалангийн талбайн хэмжээг 71.2 мянган га-аар, зоорины багтаамжийг 50.0 мянган тонноор, үтрэмийн багтаамжийг 67.0 мянган тонноор, хүлэмжийн талбайг 34.5 га-гаар тус тус нэмэгдүүлсэн байна.
Ц.Идэрбат: Энэ хавар 312 мянган га талбайд улаан буудай тариална

Хаврын тариалалттай холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.ИДЭРБАТ доорх мэдээллийг өглөө.
Тэрбээр “Салбарын яам хаврын тариалалтын үед үүсэж болзошгүй хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хаврын тариалалтыг тасралтгүй хэвийн явуулахад онцгойлон анхаарч байна. Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлж, 312 мянган га-д улаан буудайг, 16 мянган га-д төмс, 18 мянган га-д хүнсний ногоо, 100 гаруй мянган га-д тэжээл болон тосны ургамал тариалахаар төлөвлөж байна. Энэ онд нийтдээ 633 мянган га газарт үр тариа, төмс хүнсний ногоо тарина. Хаврын тариалалтын үндсэн бэлтгэл ажлыг зохион байгуулаад явж байна. Өнгөрсөн оны ургацаас 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлж авсан. Үүний 14 мянган тонныг бид Хөдөө аж ахуйн корпорацаар дамжуулан борлуулж, 12 мянган тонн үр импортоор авахын тулд аж ахуйн нэгжүүдээ зээлээр дэмжсэн.
Зарим бүс нутагт төмсний үр хомсдолтой байгаа тул нэмэлт нийлүүлэлтийн ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Бордооны тухайд арван мянга орчим тонн бордоо импортлон, тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулаад явж байгаа.
Ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг 15 аж ахуйн нэгжээр дамжуулан тасралтгүй хангахаар төлөвлөж байна. Түлш, шатахууны хангамжийн хувьд Уул уурхай, эрдэс баялгийн салбар болон нефть импортлогч 23 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, хаврын тариалалтад зориулан арван мянган тонн шатахууныг нэг литр тутмыг нь 3400 төгрөгөөр нийлүүлэхээр зохицуулалт хийлээ. Одоогийн байдлаар 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 4950 тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулсан. Мөн 240 орчим тариаланч гэрээ байгуулж, шаардлагатай шатахууны худалдан авалтаа эхлүүлээд байна.
Төв, Сэлэнгийн бүсэд үүссэн ган гачгийн улмаас зарим тариаланчид өмнөх зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс шалтгаалан хаврын тариалалтын зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь бодит хүндрэл болж байна. Үүнийг зайлшгүй шийдвэрлэнэ. Мөн 2025 оны урамшууллын асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай.
Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргалаа.
Миний бие салбарын сайдаар ажиллах хугацаандаа дунд хугацаанд газар тариалангийн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг барьж ажиллана. Бид зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын чадавхыг нэмэгдүүлж, салбарыг эдийн засгийн хувьд бэхжих ёстой юм. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллана. Мөн урт хугацаанд даатгал, газрын зохицуулалт, бордооны хангамж зэрэг суурь асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр тооцож байна” гэв.
Зээлийн үндсэн төлбөрийн хугацааг хойшлуулав
Монгол Улсын Засгийн газрын “Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны 204 дүгээр тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, мөндрийн улмаас 2025 онд ургац алдсан тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2023-2025 онд авсан Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг зургаан сар хүртэлх хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрийн хүрээнд үндсэн төлбөрөөс хойшлуулах хүсэлтэй тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд
-Аймгийн Онцгой байдлын газрын үнэлгээ, дүгнэлт,
-Аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газрын дүгнэлт,
-Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ургац алдсан эсэх тодорхойлолтыг 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлж, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг хагас жилээр хойшлуулжээ.
Товч түүх: Манай улсад 1956 онд Сангийн аж ахуй байгуулагдан, атрын анхны шангаа татаж, 2000 га талбайд үр тариа тариалж байжээ. Улмаар 1959 онд Монгол Улс эх орныхоо хэрэгцээт буудай, төмс, хүнсний ногоог дотооддоо үйлдвэрлэх, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг эзэмших анхны аяныг эхлүүлсэн байна. Харин хоёр дахь аяныг 1976 онд амжилттай зохион байгуулсны үр дүнд тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д болж, үр тариа, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрсэн байдаг. Харин эдүгээ тариалангийн салбарт 1.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 16.3 мянган өрх 880 мянган га эргэлтийн талбайд улаанбуудай, арвай, овьёос, хөх тариа, гурвалжин будаа, шар буурцаг, эрдэнэшиш, рапс, төмс, хүнсний ногоо тариалж байна. Тус салбарт өнөөгийн байдлаар 76.5 мянган хүн ажиллаж байна гэсэн статистик бий.
Д.Жаргалан
Эх сурвалж: Монголын үнэн сонины №014/24689/ дугаарыг Энд-ээс уншина уу.