Эцэг, эхээ ачилж элбэрэх нь ашдын заяанд тустай
Эрдэнэт хүмүүний биеийг олж төрнө гэдэг ертөнцийн агуу гайхамшиг төдийгүй, хүний хүч, ухаанаар энэ нийгэм үүсэж хөгжиж ирсэн түүхтэй.
Эрдэнэт хүмүүний биеийг олж төрнө гэдэг ертөнцийн агуу гайхамшиг төдийгүй, хүний хүч, ухаанаар энэ нийгэм үүсэж хөгжиж ирсэн түүхтэй. Хүн аав, ээжээс төрж, эргээд аав, ээж болдог. Хорвоо, биологийн хөгжлийн ийм хүчин зүйл юм. Оюун ухаант хүн бүр тээж төрүүлсэн эцэг, эхээ ачилж, элбэрэх тэр арга ухаан, ажил үйлс нь бусад амьтнаас ялгагдах гол шинж бөлгөө. Бурхан Буддагийн сургаалд “Хүн эцэг, эхдээ юугаар ч төлж баршгүй өртэй юм. Эцгээ баруун, эхээ зүүн мөрөн дээрээ зуун жилийн турш үүрч явсан ч төлж чадахгүй” гэж сургасан нь бий. Эдүгээ хүний чанар, мөслөг ухаан хомсдож, аав, ээжийн 10 цагаан буянг хүртээд, алдрай нялх балчраас, эрийн цээнд хүртлээ асруулж халамжлуулчихаад, эргээд ачлах элбэрэх тордох үе ирэхэд нь, харж хайхралгүй орхидог. Харж хайхарсан ч сэтгэлд нь саран гийж, наран цэлмэхээр бус ингэсэн, тэгсэн болоод тэтгэврийн хэдийг нь өвгөд, эмгэд, ээж, аавдаа бус, өөртөө хэрэглээд дуусдаг гэм бийг нуугаад яах вэ. Эртний нэгэн түүхэн зохиолд эцэг эхийг, элбэрлийг үзүүлснийг эш татваас ...XIII зууны агуу их хүмүүн эзэн Чингис хаан их соён гэгээрүүлэгч улсын багш Чанчунь Бумбатай ярилцсан байдаг. Чанчунь Бумба:
-Хаан эзэнд олон санаа, шинэ зүйлийг таниулсны хамгийн гол нь эцэг, эхээ ачлан элбэрэх гэдэг энэ ертөнцийн дээд гээд “Өдий болтол миний олж сонссоноор 3000 гэм нүглийн дотроос бусдад ачлал энэрэл үл үзүүлэх нь хамгийн их нүгэл хэмээдэг. Эдүгээ сонсвоос Монголын ёс сурталд эцэг эхийгээ ачилж, элбэрэхгүй нь олонтаа хэмээнэм. Тиймээс хаан та суу заль, эрх, эрдмээрээ ард иргэддээ энэ тухай сануулж, сургаж болох буй заа” хэмээн Чинис хаанд хандсан байна. Их хаан ч үүнээс санаа авч, эцэг, эхээ элбэрэн хайрлах тухай зарлиг гарган Монголын харьяат газар нутагтаа тарааж сонордуулсан түүхэн баримт байдаг гэжээ.
Бас эцэг, эхийн ачийг яаж хариулах тухайд ардын СХУ-д дурдахдаа “Хөвүүн болсон хүмүүн эцэг, эхийн ачийг түмэнтээ нягт хариулсугай хэмээвээс дотроо болбол сэтгэлээ хүчитгэн, гаднаа болбол хүчээн дуусган, чин үнэнийг зүрхнээс шамдан зүтгэхүйг хүлээж, ачлах тэжээхийг хичээвэл зохимуй. Ялангуяа насан хөгширч доройтвол эцэг эх вээр өөрийн нялх цагт хэрхэн өршөөн сувилсныг санаж, хариулан, сувилан тэжээхийг элэг зүрхэндээ шингэвээс болмуй. Хувцас хоолыг нь эрхбиш хөнгөн, зөөлнийг сонгож, идүүлэн өмсгөж, инээх царай, зөөлөн үгсээр баярлуулан “хоосон засварыг” /ор нэр болгохгүй, үнэн санаанаас гэсэн утгаар/ эрхэмлэхүй. Өчүүхэн явдалд ч омтгойлохгүй нэрийг хичээж журмыг сахиж, явбаас зохиму” гэжээ.
Ардын энэ ариун нандин сургаал эдүгээ бидний үед хэрхэн хэрэгжиж байгааг уншигч эрхэм та бүхэн бэлхнээ ил харж, далд санаж байгаа байх. Амьдралын жишээнээс харж ойлгоход аав, ээжээ ачилж элбэрэхэд хамгийн гол нь сэтгэл санааг тайван байлга. Архи дарсанд донтох, ажил албагүй, авдаг цалингүй, ажил байвч голдог, авааль нөхөр, авгай ханьтайгаа таарамж тохиромж муу, салах сарних, үр хүүхдээ өнчрөөх, хадам худаа үл хүндлэх, хулгай зэлгийд холбогдох, хууль дүрмээ зөрчих, энэ бүхэнд ээж, аавын чинь сэтгэл өвдөж, элэг эмтэрч, элдэв бодолд орж ёстой л “Дээр тэнгэр хол, доор газар хатуу” гэгч болж байгаа шүү дээ! Ажил анхиатай, ааш зан сайтай, аав, ээждээ ачтай тустай явбал хүмүүс ч сайн хэлнэ. Аав, ээж, ахан дүүс ч баярлаж, бахархана. Аав, ээжээ ачлах энэрэхийн эхлэл нь “Баярлуулах” гэдэг сэтгэлийн таашаал өгөх өглөг бий. Баярлуулах гэдэг нь хамгийн түрүүнд байнга аав, ээжтэйгээ ярьж, явсан, очсоноо хэлж, үзсэн харснаа дуулгаж байхыг хэлдэг. Настан буурал аав, ээж чинь бага юманд баярлаж, бага юманд гомддог шүү.
Таньдаг найз нар, ахмадуудыг нь хүндлэн хүлээж, найрсаг сайхан харилцах, аль болохоор аав, ээж, ахмадуудтайгаа яриа хөөрөө өрнүүлж, тэдэнд мэдээлэл өгөх, тэднээс амьдралын туршлага мэдээлэл авч байх нь чухал. Хүн бүр л аав, ээжээ өвдөж зовоохгүй, үг сургаалыг нь гээж зовоохгүй, өр ширэнд орж зовоохгүй, үглэж яншуулалгүй, амгалан тайван байлгаж чадах л учиртай.
Өглөг, өргөмж хоёр л настан аав, ээжид ер өтөл буурайд хэрэгтэйг хүмүүн бүр санах нь юунд илүүдэх аж. “Өглөг, өргөмж өөрт буян болно” гэж монгол хүн их л бэлгэшээн хүүхэд нялхас, өвгөн буурал, өвдөж зовсон хэнд ч гараа сунгаж санаагаа сонгож байдаг сайхан уламжлал бий. Их соён гэгээрүүлэгч билгийн сод хүн Данзанравжаа авгай:
“Ачлахын дээдээр ачлууштай нь
Аав, ээж, эх орон гурав
Асрахын дээдээр асрууштай нь
Өтгөс, нялхас, хань гурав” гэж ухаан цэлмэтэл сургасан. Энд ганц өөрийн аав, ээж гэлтгүй, хадам аав, ээж бас хамаатан төдийгүй нэгэн биеэ хоёр болгож, нимгэн сэтгэлээ зузаан болгон хайрт хань ижлийнхээ эцэг, эхийг яг адил ачлан асрамжлах арга ухаан зэрэг багтаж байдаг юм.
З.Цэвээнравдан /Профессор багш/
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар