МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр ЭЗБХ: “Монгол Улсын хөгжлийн 2027 оны тө...

ЭЗБХ: “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Үнэн
Админ


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд өнөөдөр /2026.05.27/ Ч.Анар, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг, Ш.Бямбасүрэн, Х.Булгантуяа, Б.Заяабал, Ж.Ганбаатар, Ц.Баатархүү, Б.Жаргалан, М.Мандхай, Г.Лувсанжамц, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, М.Энхцэцэг, С.Цэнгүүн, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа нарын гишүүд хүрэлцэн ирснээр, ирц 59.4 хувь бүрдэж, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн энэхүү төслийг Байнгын хороо дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 



Мөн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын Ажлын хэсгийн танилцуулгыг Г.Лувсанжамц гишүүн илтгэв. Ажлын хэсэг 43 саналыг нэг бүрчлэн хэлэлцээд, зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын төлөөлөл бүрэн хүрэлцэн ирээгүйг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал онцолж, парламентад хүндэтгэлтэй хандах, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж байгаа асуудалд хамаарах холбогдох яамдын төлөөлөл, ялангуяа төрийн нарийн бичгийн дарга нар хуралдаанд ирж, оролцох ёстой, гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй хэмээн сануулж байв. Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын төлөөлөл хүрэлцэн ирснээр цааш үргэлжлэн хуралдсан. 



Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц, С.Цэнгүүн, Р.Батболд, Ц.Баатархүү нар асууж, үг хэлэв. Нийт гишүүдээс ирүүлсэн 200-гаад саналаас 115-ыг нь хэлэлцэх боломжгүй гэж Ажлын хэсэг тооцжээ. Ийн хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулж, дэмжих эсэхийг шийдвэрлэлээ. Энэ үеэр гишүүд өөрсдийн гаргасан саналыг хамгаалж, тайлбарласан. Харин Сангийн яам болон холбогдох яамдаас санал бүрээр хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлж хариулж байв. 




Байнгын хороо энэ өдөр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газарт хандсан асуулгын хариуг хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.





Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.