Гарцаагүй тулсан сорилтыг давахад дэлхийн улс орнуудын хамтрал чухал нөлөөтэй
Дэлхий нийт өдгөө хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй экосистемийн хамгийн хүнд, оршин тогтнохуйн сорилтуудтай нүүр тулж байна.
Дэлхий нийт өдгөө хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй экосистемийн хамгийн хүнд, оршин тогтнохуйн сорилтуудтай нүүр тулж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь аль хэдийнэ алс ирээдүйн таамаглал, цаасан дээрх анхааруулга байхаа больж, өдөр тутмын амьдрал, улс орнуудын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж буй бодит байдал болон хувиржээ. Аж үйлдвэржилт эрчимжсэнээс хойш агаар мандлын хэм тасралтгүй нэмэгдэж, дэлхийн цаг уурын уламжлалт тогтолцоо бүхэлдээ гажсаны улмаас мөсөн голууд хурдацтайгаар хайлж, эх дэлхий өдөр өдрөөр хувьсан өөрчлөгдөж байна. НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага болон Их Британийн Цаг уурын албаны гаргасан шинэчилсэн тайланд дэлхийн дундаж температур рекордын хэмжээнд эсвэл түүнээс давсан өндөр түвшинд тогтвортой хадгалагдах нь нэгэнт тодорхой болсныг хатуу анхааруулжээ. Тухайлбал, ойрын жилүүдэд дэлхийн дундаж температур Парисын хэлэлцээрийн гол хязгаар болох 1.5 хэмийн босгыг давах боломжгүй байгааг судлаачид онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн дэлхийн агаарын хэмийг улам бүр өдөөгч хүчин зүйлүүд болон Хойд туйлын Арктикийн бүс нутаг дэлхийн бусад хэсгээс хамаагүй хурдацтай хайлж байгаа нь далайн усны түвшнийг аюултай хэмжээнд хүргэж, цаг агаарын тогтолцоонд урьдчилан таамаглахын аргагүй эвдрэл, гамшиг тохиох боллоо.

Энэхүү хэт халалт болон уур амьсгалын хурдацтай өөрчлөлт нь зөвхөн хоёр туйлын мөсөн бүрхүүлээр хязгаарлагдахгүй, дэлхийн өнцөг булан бүрд бодит тоо баримтуудаар илэрч, ялангуяа Европ тивийн орнуудад урьд өмнө үзэгдээгүй эрс тэс хямралыг дагуулж байна. Франц улсын зарим бүс нутагт зуны улирлын халалт дээд цэгтээ хүрч, агаарын температур түүхэн дээд хэмжээ буюу 44 хэмээс давсан нь тус улсын түүхэнд гарч байгаагүй үзэгдэл юм. Нийслэл Парис хотноо зуны саруудад бүртгэгдсэн хамгийн өндөр халалтын шинэ рекорд тогтоогдож, цаг уурын албанаас хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс хамгийн өндөр буюу улаан түвшний түгшүүрийн зарлал гаргахад хүргэжээ. Хэт халалт болон үргэлжилсэн хуурайшилт нь Франц улсад ойн түймрийн аюулыг эрс нэмэгдүүлж, эрчим хүчний хэрэглээг хөргөлтийн системүүдийн улмаас дээд цэгт нь хүргэсэн байна.
Үүнтэй ижил түвшний хямрал Их Британийн Цаг уурын албаны хувьд ч тулгарч, урьд өмнө гарч байгаагүй хэт халалтын улмаас үндэсний хэмжээнд “Улаан” анхааруулга гаргасан бөгөөд өмнөд Англи болон бусад бүс нутагт температур 37 хэмээс давж, дэд бүтцийн хэвийн үйл ажиллагаанд томоохон саад учирсан юм. Нидерланд улсад ч мөн үндэсний хэмжээнд түүхэн дэх хамгийн өндөр хэмийн шинэ рекорд бүртгэгдэж, төмөр замын шугам гажих, эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй болих зэрэг хүндхэн сорилтууд үүссэн байна. Герман улсын олон арван цаг уурын станцуудад агаарын хэм 40-өөс давж, олон жилийн дундаж үзүүлэлтүүдийг эвдсэн бол Испани, Итали улсын газар тариалангийн үндсэн бүс нутаг хэт хуурайшиж, усны нөөц эрс хомсдон, орон нутгийн иргэдийн амьжиргаа болон үндэсний эдийн засагт томоохон дарамт учруулж эхэлжээ. Европ тивийн “шатаж” буй энэ дүр зураг бол дэлхий нийт ямар аюулын ирмэг дээр ирснийг харуулах тод анхааруулга юм.
Агаар мандлын халалт, хэт халалтын цуврал давлагаанаас гадна дэлхийн хэмжээнд анхаарал татаж буй өөр нэгэн чимээгүй атлаа аймшигтай хямрал бол газрын доройтол болон цөлжилт. Дэлхийн нийт газар нутгийн бараг 40 хүртэлх хувь нь аль хэдийнэ доройтолд орж, хөрсний үржил шим бүрэн алдагдан, гүний болон гадаргын усны нөөц шавхагдаж байна. Хуурай болон хагас хуурай бүс нутагт орших улс орнуудын хувьд энэхүү байгалийн өөрчлөлт нь ган гачиг, усны хомсдол хэлбэрээр илэрч, хөдөө аж ахуй, газар тариалан болон мал аж ахуйн салбарт нөхөж баршгүй хохирол учруулж байна. Бэлчээрийн даац хэтэрч, хөрс сийрэгшин тоосон шуурга дэгдэх нь зөвхөн тухайн орон нутгийн асуудал бус, бүс нутгийн болон дэлхийн хэмжээний хүнсний аюулгүй байдал, экосистемийн тэнцвэрт байдалд нөлөөлж байгаа юм. Малчин, тариаланчдын амьжиргаагаа залгуулдаг бэлчээрийн нутаг нь санхүүгийн эх үүсвэрээ алдан, суурьшсан газраасаа шилжин нүүхэд хүрч байгаа нь үндэсний болон олон улсын түвшинд нийгэм, эдийн засгийн хүндхэн хямралыг араасаа дагуулж байна. Европын хотуудад хэт халалт болж байхад Ази болон Африкийн хуурай бүс нутагт хөрс хуурайшиж, өлсгөлөн ядуурлын аюул нүүрлэж буй нь энэ бүхэн нэгдмэл нэг цогц хямрал болохыг харуулж байна.
Ийм цаг үед дэлхий нийтээрээ хүчээ нэгтгэж, бодит үр дүнд хүрэх шийдэл эрэлхийлж буйн хамгийн тод илрэл нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохиож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал юм. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд өмнө нь зохион байгуулсан 16 удаагийн бага хурлаар улс орнууд газрын доройтлыг тэглэх стратеги зорилтыг дэвшүүлж, шинжлэх ухаан-бодлогын уялдааг хангах замын зургийг амжилттай тогтоож ирсэн. Тухайлбал,
“COP13” (2017 он): Газрын доройтлыг тэглэх зорилтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эрх зүйн болон стратеги төлөвлөлтийн суурийг албан ёсоор тавьж, улс орнуудад өөрийн гэсэн зорилтоо тодорхойлох боломжийг олгосон.
COP16 (2024 он, Эр-Рияд): Усны хомсдол, ган гачигтай тэмцэх зорилгоор "Риядын дэлхийн ган гачигт тэсвэртэй байдлын түншлэл"-ийг байгуулж олон тэрбум ам.долларын санхүүжилтийн бодит амлалтуудыг гаргаснаас гадна дэлхийн гадаргын 50-аас илүү хувийг эзэлдэг бэлчээрийн экосистем болон уламжлалт мал аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах шийдвэрүүдийг анх удаа бодлогын төвд авчирсан юм.
Гэвч өдгөө уур амьсгалын хурдацтай өөрчлөлт, хэт халалтын гамшиг нь өмнөх 16 хурлаар гарсан эдгээр амлалт, тунхаглалыг зөвхөн цаасан дээр бус, харин илүү түргэвчилсэн хэрэгжилт, бодит санхүүжилтийн бодит дэмжлэг болон технологийн цоо шинэ шийдэлд яаралтай шилжүүлж, үр дүнд хүрэхийг шаардаж байна. "Эх байгалиа сэргээж, Итгэл найдвараа бадраая" уриан дор явагдаж буй энэхүү түүхэн хуралд уг конвенцын гишүүн 197 орны төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагууд, эрдэмтэд, иргэний нийгмийн төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнээр оролцож, өмнөх хурлуудын ололт амжилт, ган гачгийн түншлэлүүдийг үргэлжлүүлэн газрын доройтлыг тэглэх, экосистемийг богино хугацаанд нөхөн сэргээх, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийн чухал шийдвэрүүдийг хэлэлцэх гэж байна.
Нийт газар нутгийнхаа дийлэнх хэсэгт цөлжилт, газрын доройтолд өртөөд буй Монгол Улсын хувьд энэхүү дэлхийн хэмжээний томоохон хурлыг эх орондоо зохион байгуулж буй нь үндэсний болон бүс нутгийн хэмжээнд бэлчээрийн менежментийг цоо шинэ түвшинд сайжруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон бусад ногоон санаачилгаараа дамжуулан дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулах түүхэн боломж болох юм.
Түүнчлэн 2026 он нь НҮБ-ын албан ёсоор зарласан "Бэлчээр ба малчдын олон улсын жил"-тэй давхцаж байгаагаараа туйлын онцлог бөгөөд бэлчээрийн эмзэг экосистемийг хамгаалах, уламжлалт арга ухаанаар байгаль орчноо хайрлан хамгаалж ирсэн малчин түмний амьжиргааг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах асуудал энэ удаагийн хурлын анхаарлын төвд оршиж байгаа юм. Улаанбаатар хотноо чуулах энэхүү конвенцын үр дүнгээс гарах бодит шийдвэрүүд, өмнөх амлалтуудыг ажил хэрэг болгох санхүүжилтийн оновчтой дэмжлэг болон шинэлэг технологийн шийдлүүд нь энэхүү улаан шугамтай тэмцэх цорын ганц түлхүүр мөн. Байгаль эхийн бидэнд тавьж буй хатуу сануулгыг ухаалгаар хүлээн авч, газрын хэвлий, бэлчээр ус, экосистемийг хайрлан хамгаалж, хүн төрөлхтний оршин тогтнохуйн улаан шугам дээр хамтдаа зогсох нь өнөөдрийн бидний хойч үедээ үлдээх хамгийн том хөрөнгө оруулалт болох юм.
Б.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №028/24703/ дахь дугаар