Г.Дамдинням: Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний үнэ, ханган нийлүүлэлтийг тогтвортой барих бодлого баримталж байна
Газрын тосны салбар өнөөдрийн байдлаар “Түүхэнд байгаагүй хамгийн том хэмжээний хямралт цаг үе”-ээ туулж байна. Энэ бол Дэлхийн эрчим хүчний агентлагаас бодит нөхцөл байдлыг дүгнэсэн тодорхойлолт. Хэдийгээр дэлхий нийтийн нөхцөл байдал туйлын тогтворгүй, таамаглашгүй байгаа ч УИХ, Засгийн газар ойрын хугацаанд үүссэн шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох вэ, улмаар түлш шатахууны үнийг нэмэгдүүлэхгүйгээр ард иргэдийн амьдралын чанарт нөлөөлөхгүйгээр өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байгаа бол дунд хугацаандаа шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, урт хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажлаа эрчимүүлж, ашиглалтад оруулснаар хараат байдлаас гарах бодлого төлөвлөгөөтэй ажиллаж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.
Газрын тосны салбар өнөөдрийн байдлаар “Түүхэнд байгаагүй хамгийн том хэмжээний хямралт цаг үе”-ээ туулж байна. Энэ бол Дэлхийн эрчим хүчний агентлагаас бодит нөхцөл байдлыг дүгнэсэн тодорхойлолт. Хэдийгээр дэлхий нийтийн нөхцөл байдал туйлын тогтворгүй, таамаглашгүй байгаа ч УИХ, Засгийн газар ойрын хугацаанд үүссэн шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох вэ, улмаар түлш шатахууны үнийг нэмэгдүүлэхгүйгээр ард иргэдийн амьдралын чанарт нөлөөлөхгүйгээр өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байгаа бол дунд хугацаандаа шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, урт хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажлаа эрчимүүлж, ашиглалтад оруулснаар хараат байдлаас гарах бодлого төлөвлөгөөтэй ажиллаж буйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ.

Тэрбээр МАН-ын дэргэдэх СДАХ-ноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэдээ зориулан Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь хүргэх зорилгоор 14 хоног тутамд зохион байгуулдаг уулзалтын зочноор оролцож, дээрх мэдээллийг өглөө. Энэ нь СДАХ-ноос зохион байгуулж буй 28 дахь удаагийн уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцож түлш шатахууны импортын өнөөгийн байдал, нөөц, хангамж, агуулах сав, үнэ, тусгай зөвшөөрөл, хэрэглээний талаарх мэдээллийг ахмадуудад өгсөн бол тус яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай ахмадуудын сонирхсон асуултад хариулт өглөө. МӨн МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг болон СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, Нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар тус уулзалтад оролцсон юм.
Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2021 онд 1.8 сая тонн байсан бол 2025 оны гүйцэтгэлээр бараг гурван сая тоннд хүрч өссөн байна. Энэ нь эдийн засгийн өсөлттэй уялдаж хэрэглээ өссөний бодит жишээ гэдгийг салбарын сайд танилцуулсан. Түүний мэдээлснээр уул уурхай дагаж буюу говийн бүсэд хэрэглээ илүү өндөр хувийн өсөлттэй гарчээ. Цаашид манай улс түлш, шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, эрсдэлийн үед шуурхай арга хэмжээ авах, нөөцийг нэмэгдүүлэх, шатахуун хадгалах сав, агуулахын хүчин чадлыг өсгөх нь чухал байгааг салбарын сайд тодотгож байлаа. Өнөөдрийн байдлаар манай улс өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний 42, дизель түлшний 30, АИ-95 авто бензиний 71, онгоцны түлшний 33, газны 44 хоногийн нөөцтэй байгаа аж.
Монгол Улсын хувьд түлш шатахууны хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь БНХАУ-аас татан авдаг. Үндсэндээ шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор авдаг тул гадаад зах зээл, хөрш орнуудын нөхцөл байдлаас ихээхэн хамааралтай байдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тодотгосон. Иймд тэрбээр ОХУ-тай шатахууны нийлүүлэлтийн талаарх хэлэлцээг олон удаа хийж, үнэ огцом өсөхөөс сэргийлэх, ханган нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэлээр тасралтгүй ажиллаж буйгаа хэллээ. Энэ тухайд тэрбээр өнгөрсөн сард ОХУ болон Бүгд найрамдах Казахстан улсад ажилласан бөгөөд ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтран ажиллах санамж бичгийг байгуулаад ирсэн юм.
Түүнчлэн тэрбээр ОХУ-ын Засгийн газрын тэргүүн болон холбогдох хүмүүст Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын албан захидлыг уламжилсан бөгөөд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев, “Роснефть” компанийн захирал Игорь Сечин, “Газфромнефть” компанийн захирал А.Дюков нартай уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарах чиглэлээр ярилцсаны үр дүнд зарчмын тохиролцоонд хүрээд ирснээ ахмадуудад дуулгасан. Энэ уулзалтын үр дүнд ОХУ манай улсад дотоодын зах зээлийн үнээрээ түлш нийлүүлэхээ илэрхийлсэн юм. Ингэснээр тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй байх нөхцөл бүрдүүлсэн гэдгээ мэдээлж байв. Мөн Казахстан улс манай улсад жилд нэг сая тонн түүхий нефть нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, санамж бичиг байгуулсан байдаг. Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын идэвхтэй хэлэлцээр, салбарын сайдын айлчлалын үр дүнд ОХУ-ын дотоодын үнэд суурилсан үнээр түлш шатахуунаа авахаар болсон төдийгүй зөвхөн энэ тавдугаар сард л гэхэд дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан бол 4300 орчим байх нөхцөл бүрдүүлсэн сайн мэдээгээ хуваалсан. ОХУ-тай хийсэн энэхүү түр тохиролцоо 2026 оныг дуустал мөрдөгдөнө гэдгийг Г.Дамдинням сайд онцолж байлаа. Түүнчлэн тэрбээр энэ Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний үнэ, ханган нийлүүлэлтийг тогтвортой барих бодлого баримтлан ажиллаж буйг ч онцолж байсан юм.

Тэрбээр ”Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай байдаг. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлж буй "Чөлөөлье" санаачилгын хүрээнд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, тусгай зөвшөөрлийг чөлөөлж байгааг дуулгая. Энэ бодлогын хүрээнд гадаадаас газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, шатахуун, дизель түлш оруулж ирэх нөхцөлийг чөлөөлсөн. Улмаар бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг ч импорт хийх боломжоор хангаж байгаа бөгөөд хүсэлт гаргасан бүхэнд нь боломж олгож байна. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацааны сургамжаас үүдэн Засгийн газраас Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийг батлуулсан. Түүнчлэн бид нэг сарын нөөц хадгалах сав барих ажлыг эхлүүлсэн.
Ирэх жилийн өдийд манай улс шатахуун хадгалах хоёр сарын нөөцтэй болох боломж бүрдэнэ. Газрын тосны бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог орнуудын хувьд дунджаар зургаан сар орчмын нөөцийн савтай байдаг. Гэтэл манай улс хадгалах нөөц сав хангалтгүй явж ирсэн учраас манай Засгийн газар үүнд онцгойлон анхаарч ажиллаж байна. Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил идэвхтэй өрнөж байна. Газрын тос боловсруулах үйлдвэр бол эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд маш чухал” хэмээн онцолсон. Түүнчлэн түүний мэдээлснээр уул уурхайн салбарын олборлолтын үйл ажиллагаа эрс өссөн үзүүлэлттэй гарч байгаа аж. Тухайлбал, 2024 оны эцсийн байдлаар манай улс 85 орчим сая тонн нүүрс экспортолж байсан бол 2025 оны эцэс гэхэд 90 гаруй сая тоннд хүрээд байна.
Энэ онд дээрх тоог 100 саяд хүргэхээр ажиллаж байгааг сайд онцлоод уул уурхайн олборлолт ийнхүү байнгын өсөлттэй байгаа цан үед шатах тослох материалын хэрэгцээ шаардлага ч улам бүр өсөн нэмэгдэх нь гарцаагүй гэдгийг хэлж байв. Тийм ч учраас бүх талаасаа эдийн засагт томоохон жин дардаг газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханшийг зохист түвшинд барих, үнийн огцом өсөлт үүсгэхгүй байхад Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар гол бодлогоо чиглүүлэн ажиллаж байгааг тодотгож байлаа. Уулзалтад оролцсон ахмадуудын зүгээс түлш шатахууны үнийг тогтвортой байлгааас гадна нефтийн үйлдвэрийг барьж байгуулах ажлыг түргэвчлэх шаардлагатайг тодотгож байсан юм. Ийнхүү дэлхийн геополитикийн тодорхойгүй энэ цаг үед шатахууны импорт болон үнэтэй холбоотой Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явц, шатахуун нөөцлөх савны талаар уулзалтад хүрэлцэн ирсэн ахмадуудад танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өглөө.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №019/24694/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу.