МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Гурван улсын залуучуудыг нэгтгэсэн Чэндү...

Гурван улсын залуучуудыг нэгтгэсэн Чэндүгийн соёлын зам

Зуны сараас урьтаж эхлүүлсэн урт бодлын аян биеллээ олж Хятадын өмнөд нутгийг зорихоор хөлгийн жолоо заллаа. Бага үдэд эхэлсэн хөдөлгөөн нар буухтай зэрэгцэхэд зорьсон газраа хүрэв. Будантай угтсан энэ их хотыг зорин ирэх хүн олон. Эртний уламжлалаа орчин цагийн хөгжилтэй хослуулахдаа газар нутгийн онцлогтой ондоошлоо тодруулан яваа энэ мегаполис бол Чэндү хот юм. Сычуань мужийн төв болсон энэ хот дэлхийн урт чацтай хотуудын адил хөгжлөөр бусдыгаа түүчээлж яваа. 20 гаруй сая хүн амтай ч тух алдах их дуу чимээ, нүд халтирах бараан зүйлгүй амар тайван хот гэдгийг гудамжинд алхах залуус, задгай цайны асарт ярилцан суух хүмүүс илтгэх мэт. Нар жаргаад хэдэн цаг өнгөрсөн ч үүнийг үл санагдуулах гэрэлт гудамж, байшин барилгууд нүднээ тодорно.

Үнэн
Админ

Зуны сараас урьтаж эхлүүлсэн урт бодлын аян биеллээ олж Хятадын өмнөд нутгийг зорихоор хөлгийн жолоо заллаа. Бага үдэд эхэлсэн хөдөлгөөн нар буухтай зэрэгцэхэд зорьсон газраа хүрэв. Будантай угтсан энэ их хотыг зорин ирэх хүн олон. Эртний уламжлалаа орчин цагийн хөгжилтэй хослуулахдаа газар нутгийн онцлогтой ондоошлоо тодруулан яваа энэ мегаполис бол Чэндү хот юм. Сычуань мужийн төв болсон энэ хот дэлхийн урт чацтай хотуудын адил хөгжлөөр бусдыгаа түүчээлж яваа. 20 гаруй сая хүн амтай ч тух алдах их дуу чимээ, нүд халтирах бараан зүйлгүй амар тайван хот гэдгийг гудамжинд алхах залуус, задгай цайны асарт ярилцан суух хүмүүс илтгэх мэт. Нар жаргаад хэдэн цаг өнгөрсөн ч үүнийг үл санагдуулах гэрэлт гудамж, байшин барилгууд нүднээ тодорно.

Хэдэн саяар тоологдох оршин суугчидтайн дээр аялж жуулчлахаар ирэх хүмүүсийн цуваа тасардаггүйг нисэх буудлаас нь харсан. Гэсэн ч эмх цэгцтэй, цэвэрхнийг нь магтаж болох хот Чэндү юм байна. Олон соёлын уулзвар болсон энэ хотод “анхны” тодотголтой зүйл олон. Мөн анх удаа Монгол, хятад, орос залуучуудын дижитал соёлын солилцоог зохион байгуулахаар болсон нь миний энд ирэх болсон шалтгаан. Айлсан оршиж, хамтдаа хөгжиж байгаа орнуудын залуучууд соёлоор нэгдэн Чэндү хотын түүх соёл, уламжлал, газар орны онцлогтой бүтээн байгуулалт, хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг дэргэдээс нь харж биеэр туршин үзэх бүтээлч өдрүүдийг хамтдаа өнгөрүүлнэ.

Өвөрмонголын “Өдрийн сонин”-оос санаачлан Сычуань мужийн Олон улсын мэдээллийн агентлаг хамтран хэрэгжүүлсэн залуучуудын соёлын солилцоонд Өвөрмонголын Хөх хот, Эрээн хот, Манжуурт сурлагаараа тэргүүлж, авьяас чадвараараа бусдыгаа манлайлсан оюутан залуус оролцохоор ирсэн байв. Тэдний сонгон суралцаж буй салбар, мэргэжил харилцан адилгүй. Орос залуус геологи, олон улсын бизнесийн удирдлага, дизайнер зэрэг мэргэжлийг сонгон суралцаж байгаа бөгөөд зарим нь цаашид хятад хэлийг гүнзгийрүүлэн судалж багш болохоор зорьж байгаа талаараа ярьж байлаа. Монголоос ирсэн оюутнууд төрийн удирдлага, хүнсний технологи, анагаах ухаан, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг мэргэжил эзэмшихээр энд иржээ. Залуучууд бүгд өмнөө тавьсан зорилготой, бас “суусан газраасаа шороо атгаж” хятад, англи хэлийг эзэмшиж өмнөд нутгийн соёлоос суралцаж явна. 

 

 

 

Монголд наршихаас сэргийлж сүүдэр барааддаг бол эндхийн иргэд нар гарахаар ойролцоох мөнх цаст оргилуудаа харахаар явдаг. Чэндүд жилийн ихэнх үед бүүдгэр байх агаад энэ нь хотын ногоон байгууламжийг хөгжүүлэхэд таатай нөхцөл болжээ. Гэхдээ наргүй гээд сэрүүн болчихгүй. Хаврын хүйтэн бороонд шавшуулаад очсон надад Чэндү бүгчим, халуун санагдсан. Өмнөд нутагт идээшин амьдарч буй залууст цаг агаар тийм ч сонин биш бололтой. Халууныг үл ажран Чэндү хотын онцлог болсон хоолны соёлтой танилцахаар товлосон цагтаа цуглажээ. Олон төрлийн амттай хоолоор угтан золгодог нь энэ газрын соёл. Олон газраас Чэндүд цугласан хүмүүс хоолны соёлоороо ондоошин энэ нутгийг “Амттаны нийслэл” болтол нэрд гаргажээ. 

НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага болох ЮНЕСКО-гоос Чэндү хотыг албан ёсоор амттаны нийслэл болохыг зарлаж энэ нутгийн идээ ундааны соёл одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Гаднаас  зочин ирэх, олон улсын арга хэмжээний үеэр Чэндүгийн онцлогтой олон төрлийн амттанаа танилцуулан өдөрлөг зохион байгуулж, энэ газарт хоолны бизнесээ эхлүүлж байсан хүмүүс өдгөө идээ ундааныхаа дээжийг гадаад оронд гаргажээ. Өнгөрсөнгүй өнөөдөр гэж байдаггүй. Амттаны нийслэл болох эхлэл цэг болсон газар Сычуаний хоолны музей аж. Музей 6000 гаруй эд зүйлийн цуглуулгатайгаас гадна хоолны гол орцуудын тухай сонирхолтой мэдээллийг эндээс мэднэ. Халуун газар мөртлөө хоол хүнсэндээ халуун ногоо ихээр хэрэглэх нь хий хурахаас хамгаална. Олдцоос шалтгаалж хоолондоо зөвхөн худгийн давс хэрэглэдэг байсан. Галын бурхан гэдэг шиг тэдний хувьд ч “Зуухны бурхан” байдаг хэмээн итгэдэг байснаас хүмүүс тус музейд одоо ч гэсэн очихдоо цаасан дээр хүслээ бичиж үлдээдэг гээд сонирхолтой зүйлсийг тоочвол дуусахгүй.

Сычуаний хоолны музейгээр зочилсон гурван улсын залуучууд өөрсдийн биеэр панданы дүрстэй амттан хийж зоогийн ширээгээ чимсэн юм. Амттан хийсэн оюутнуудаас онцлон Э.Хоролгаравын сэтгэгдлийг сонслоо. Өвөрмонголын тариалангийн их сургуульд хүнсний технологичоор сурч байгаа тэрбээр магистрын ангийн нэгдүгээр курсийн оюутан. Э.Хоролгарав “Мэргэжилтэй маань ойр учраас Сычуаний хоолны музейтэй танилцах надад их сонирхолтой байна. Хоолыг соёл болтол хөгжүүлж байгаа энэ газарт ирж музейтэй нь танилцаад илүү олон зүйлийг мэдэж авлаа. Манай улс эрс тэс уур амьсгалтай учраас хүнсэндээ мах, махан бүтээгдэхүүн илүү хэрэглэж, голдуу халуун, шөлтэй хоол иддэг. Харин энд их халуун учраас биен дэх хийгээ гадагшлуулахын тулд халуун ногоотой хоол түлхүү сонгодог юм байна. Хоолны ийм соёлтой орчинд өөрийн биеэр амттан хийж үзлээ. Панданы дүрстэй хийх ёстой байсан ч санаснаар цэвэрхэн хийж чадсангүй. Дараа нь заавал дахин хийнэ гэж бодлоо. Хоол хүнс хүний эрүүл аж төрөхтэй салшгүй холбоотой. Хамгийн гол нь эрүүл зөв хооллож байж урт насалж, эрүүл амьдарна. Тийм болохоор хүнсний технологийг илүү дэвшилтэд хүргэж, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээнд ч байсан улс орондоо хэрэгтэй мэргэжилтэн болохоор хичээнгүйлэн сурч байна.  Миний хувьд сургуулиа амжилттай төгсөж, эх орондоо хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй хамтарч ажиллах хүсэлтэй” хэмээн ярилаа.

 

Технологийн соёлын шинэ орчин “Роботын ертөнц” студи

 

Дэлхийн улс орнууд олон зүйлийн сорилттой нүүр тулж байна. Үүний нэгэн адил Хятад улс хүн ам зүйн хувьд томоохон сорилттой тулгарч байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар тус улсад 65 болон түүнээс дээш насны иргэд 220 саяыг давсан. Төрөлт багасаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирснаар дундаж наслалт уртассанаар нийт хүн амын дунд ахмад настнуудын эзлэх хувь өссөнийг мэдээлсэн. Нийгмийн энэ мэт сорилт зарим салбарынхныг хамрах хүрээгээ өөрчлөхөд хүргэж өмнө нь бүтээсэн бүтээгдэхүүнийхээ үзүүлэлтийг шинэчлэхэд хүргэжээ.

Гурван улсын залуус Чэндү хотын “Роботын ертөнц” студиэр зочилж, хэрэглээнд нэвтрүүлсэн болон нэвтрүүлэхээр зорьж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа. Жиньжян дүүрэгт байрлах студид зочилсон залуусыг Хятадын хиймэл оюун ухаант робот угтав. Роботын бэлдсэн зайрмагийг амталж хамтдаа зураг авахуулангаа хөдөлгөөн дэмжих технологийг биеэр туршиж цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Интерактив үзүүлбэр, шинжлэх ухааны танин мэдэхүйн сургалтыг гол онцлогоо болгосон энэхүү студид байгаа тулгуур эрхтнийг дэмжих зориулалттай бүтээгдэхүүнийг орос оюутнууд зүүж туршлаа. “Роботын ертөнц”-д эдгээрээс гадна хүний хөдөлгөөнийг дэмжих, ахмад настнуудад тохиромжтой бүтээгдэхүүн цөөнгүй байв.

Мөн яаралтай үед олон үйлдэл хийхгүйгээр хүний эрүүл мэндийг тодорхойлох боломжтой төхөөрөмж бүтээснийг залуус туршин сонирхлоо. Монгол оюутнуудаас Өвөрмонголын их сургуульд мэдээлэл технологийн чиглэлээр суралцаж байгаа Б.Азбилэгтэй энэ үеэр ярилцахад “Хүний ажил, цаг хугацааг хэмнэсэн робот, төхөөрөмжүүдийг бүтээж зах зээлд хэрхэн нэвтрүүлж байгаатай танилцахад надад маш сонирхолтой байлаа. Мэдээлэл технологийн салбар цаг хугацаатай уралдан хөгжиж байна. Энэ чиглэлээр суралцаж байгаа бидний хувьд ч мөн адил сурангаа өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал хандуулах шаардлага үүсдэг. Энэ студийн ахмад настай, тулгуур эрхтний асуудалтай хүмүүст зориулан бүтээсэн төхөөрөмж миний сонирхлыг ихэд татлаа. Өвөөдөө авч өгөх юмсан гэсэн бодол төрсөн. Энэ хөгжүүлэлтийг Монголдоо нэвтрүүлбэл олон хүнд туслах боломжтой юм байна гэж бодлоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 

Залуучууд Пандагийн хөндийгөөр зочиллоо

Чэндү хотын төвөөс хэдхэн километрийн зайд Сычуаний алдарт Пандагийн хөндий байдаг. Энэ нутгийн бэлгэ тэмдэг болсон энэ өхөөрдөм амьтан соёлын илэрхийлэл болон дэлхий дахинд танигдсан. Ер нь Чэндүд пандагүй газар гэж үгүй. Учир нь, пандатай холбогдох зүйл дэндүү олон. Чихмэл тоглоом, хоол, амттан, барилга байгууламж гээд хаанаас ч пандаг харж болно. Залуучуудын дижитал соёлын солилцоонд оролцож байгаа оюутнууд Пандагийн хөндийг зорих нь соёлын наадмын нэг хэсэг байв. Дотоодын аялал жуулчлалаа дэмжин хөгжүүлж байгаа урд хөршид аялал жуулчлалын цэгүүд хүнгүй байна гэж үгүй. Гэр бүл, найз нөхдөөрөө аялж дурсамжаа гэрэл зураг болгон үлдээх ажээ. Гадаа нэмэх 27 хэмийг зааж байна. Харин панда тусгайлан бэлдсэн сэрүүн орчинд идэх, унтахаас өөрийг хийдэггүй.

Энэ хөндийд одоогоор 12 аварга панда байгаа бөгөөд унтаж байхтай таарах нь түгээмэл. Насанд хүрсэн панда өдөрт есөн килограмм хулс иддэг. 180 килограмм жинд хүрдэг энэ аварга амьтан 100 грамм жинтэй төрдөг. Уг нь панда гурван зулзага гаргадаг ч зөвхөн нэгийг нь л үрчилдэг. Энэ нь энэ амьтны ховордох болсон шалтгаан бөгөөд үлдсэн хоёр зулзагыг халамжлан, өсгөж тэжээх зайлшгүй шаардлага үүсдэг байна. Хөтчийн хэлснээр одоо 800 гаруй аварга панда байгаа гэнэ. Гэхдээ хүний тусламжтайгаар халамжлан өсгөхгүй бол энэ амьтан өсөхөд бэрх болно. Пандаг байгальд дасган нутагшуулах энэ хөндийд амьдрах өөр нэг амьтан бол улаан панда. Аварга пандаг бодоход “ааш муутай”.

Том жижгээрээ үнэг, хярсархуу биетэй энэ амьтан Пандагийн хөндийд ердөө 20 байгаа гэнэ. Төдийлөн ил харагдаад байдаггүй улаан пандаг залуучууд гэрэл зурагт буулгаад амжлаа. Зарим нь улаан пандаг харж чадаагүй болохоор дараа заавал ирэх зорилго тавин дараагийн газар руугаа хөдөллөө. Цагтаа “Улаан ном”-д орсон энэ амьтныг Дэлхийн байгаль хамгаалах сан бэлгэ тэмдгээ болгож байжээ. Үндэсний хэмжээнд анхаарал хандуулан өсгөн хамгаалснаар “Улаан ном”-ын жагсаалтаас гарч одоо тусгайлан бэлдсэн хөндийд тэд эрх дураараа амьдарч байна.

Үргэлжлэл бий...  

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонины №021/24696/ дэх дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.