Г.Золжаргал: Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт
Сэтгүүл зүйн салбарын нэрт төлөөлөл, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЗОЛЖАРГАЛ -тай ярилцлаа.
Сэтгүүл зүйн салбарын нэрт төлөөлөл, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.ЗОЛЖАРГАЛ -тай ярилцлаа.
-Хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан хүний хувьд нийгмээ эерэг зүгт өөрчлөх бодол төрдөг байх. Нийгмийн уур амьсгал, хүмүүсийн сэтгэл зүйг ажиж байхад юу таны сэтгэлийг хамгийн их эмзэглүүлдэг вэ?
-Хааяа тийм бодол төрнө. Би нэгэн жарныг насалсан. Түүнийхээ 40 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулсан байна. Өсөх нас, бүтээх нас, өтлөх нас бол байгалийн жам. Гэхдээ хүн хамгийн идэвхтэй насандаа хийж бүтээх ёстойгоо хийсэн байх хэрэгтэй. Ахмад насанд хүрсэн хойноо залуустайгаа өрсөлдөөд байхгүй мэдлэг туршлагаа өвлүүлж, зөв үлгэр дуурайл үзүүлэх нь илүү чухал. Өнөөдөр би тэр насан дээрээ ирчихээд байна.
Өнгөрсөн амьдралаа эргээд харахад сэтгэл тайван байдаг. Учир нь, хийх ёстой цагтаа бүтээх ёстойгоо бүтээсэн. Хэвлэл мэдээллийн салбарт ажилласан 40 жилд хоёр мянга гаруй нэвтрүүлэг хийжээ. Энэ бол 2-3 хүний амьдралдаа хийж амжуулах нэвтрүүлэг. Тийм учраас сэтгэл амгалан байдаг.
Би зөвхөн нэг л чиглэлийн нэвтрүүлэг хийсэнгүй. Залуучуудын нэвтрүүлэг, Нийгмийн редакцын нэвтрүүлэг, соёл урлагийн нэвтрүүлгүүд дээр ажилласан. Мөн 1990-ээд онд "Баярын мишээл" цэнгээнт нэвтрүүлгийн зохиолыг найман жил дараалан бичиж, зохион байгуулалт, зураг авалтыг нь хариуцаж байлаа. Үүнээс гадна цэнгээнт, хүүхдийн олон нэвтрүүлэг хийсэн. Тэр үеийн урлаг, спортын олон уран бүтээлч, тамирчин өнөөдрийнх шиг алдартай болоогүй. Бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтдаа уран бүтээлээ хийж явсан байна.
-Тэтгэвэрт гарсан ч та ажлаа зогсоосонгүй. Одоо АШУҮИС-ийн баримтат кинон дээр ажиллаж байгаа. Мөн МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй аналоги соронзон хальсыг дижитал хэлбэрт шилжүүлэх ажлыг ч хийж байгаа байх. Энэ бүхнийг амжуулах эрч хүчийг та юунаас авдаг юм бэ?
-Миний аав баримтат киноны найруулагчаар 40 жил ажилласан хүн. Тийм болохоор Монголын баримтат киноны уламжлалыг хэн нэгэн үргэлжлүүлж, авч явах ёстой гэж боддог учраас энэ сэдвээс холддоггүй. Эргээд бодоход би үнэхээр завгүй амьдарчээ. Өглөө найман цагт ажлаа эхлээд, үд хүртэл телевиздээ ажиллана. Дараа нь Радио, телевизийн дээд сургуулийн оюутнуудад хичээл заана. Орой нь дахин телевизийнхээ ажил руу орж, шөнө хүртэл суух үе олон байсан. Ийм хэмнэлээр олон жил явсан. Радио, телевизийн дээд сургуульд 20 жил багшилсан. Мөн МҮОНРТ, "Тэргэнцэр" сан болон төрийн бус зарим байгууллагад зөвлөх хийж, хэд хэдэн ажил зэрэг амжуулж явсан болохоор цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч үл анзаардаг юм байна.
Кино хальсны ажил бол миний хийсэн ажлын өчүүхэн л хувь. Харин хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажилласан цаг хугацаандаа илүү хайртай. Тэр бол Франц, Швейцар, АНУ зэрэг орноос нарийн мэргэжлийн эмч нарыг Монголд урьж авчран, 21 аймагт ажилласан цаг хугацаа. Гэхдээ энэ ажлыг би ганцаараа хийгээгүй. Тавуулаа хамтарч хийсэн. Яагаад энэ ажилд ингэтлээ сэтгэл гаргасан бэ гэвэл миний хүү АНУ-д эмчлүүлж, эрүүл саруул болж, сургууль соёлоо төгссөн. Тийм учраас “Миний хүүхэд шиг тусламж хэрэгтэй өөр хэчнээн хүүхэд, хэчнээн гэр бүл байгаа бол” гэж боддог байсан. Тэр бодлоос л энэ ажил эхэлсэн хэрэг. Монголд хөгжлийн бэрхшээлтэй, тулгуур эрхтний согогтой олон хүн бий. Тэдэнд, тэдний ар гэрийнхэнд зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэх тогтолцоо бараг байхгүй. Тийм учраас гадаадын туршлагатай эмч нарыг Монголд урьж авчран, үзлэг оношилгоо хийж, асран хамгаалагчдад нь сургалт зохион байгуулж эхэлсэн. 1999-2011 он хүртэл жил бүрийн есдүгээр сард орон нутгийг зорьж, 21 аймагт хүрч ажилласан үе маань хамгийн утга учиртай ажлуудын нэг гэж боддог.
-Тэр он жилүүд танд юу ойлгуулсан бэ?
-Хэдийгээр жил бүрийн есдүгээр сард орон нутгийг зорьдог байсан ч бидний аяллын гол бэлтгэл бүтэн жил үргэлжилдэг байсан. Манайд бидний нүдэнд харагддаггүй ч хаалттай хаалганы цаана амьдардаг олон хүүхэд, ахмад бий шүү дээ. Тэднийг агаар салхинд гаргах, хорвоо ертөнцтэй ойртуулах хэрэгтэй. Тийм учраас Америкийн сайн санааны байгууллагаас хамтран ажиллаж, хэрэгцээтэй хүмүүст нь яг тохирсон таяг, тэргэнцэр, тусгай тоног төхөөрөмжийг захиална. Тусламжийг зөв хүнд хүргэхийн тулд айл бүрээр орж, хэмжээ авна. Энэ хүүхэд хэдэн кг жинтэй вэ, өндөр нь хэд вэ, ямар онцлог хэрэгцээтэй вэ гэдгийг нэг бүрчлэн тодорхойлж, мэдээллийг нь АНУ руу илгээнэ.
Үүнийгээ хүлээлгэж өгөхөөр явахдаа хүмүүсийн амьдрал ямархуу байна вэ, хүмүүс амьдралд хэрхэн хандаж байна вэ гэдгийг маш ойроос харсан. Заримдаа баярлаж, заримдаа гутарч, тэдэнд хэлж ярих маш их зүйл байгааг бие сэтгэлээрээ мэдэрч явсан. Маш хүнд амьдралтай, зовлон бэрхшээлтэй олон айлын хаалгыг тогшиж орно. Тэдний гараас атгаж, гэр бүлийнхэнтэй нь ярилцаж, хамт ирсэн эмч нартайгаа ханцуй шамлан ажиллаж, зөвлөгөө өгч явсан. Цастай, бороотой, шуургатай өдрүүдийг туулж, хооллох, байрлах нөхцөл ч хэцүү байсан үед биднийг “Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүрэх” гэсэн зорилго нэгтгэж байсан юм. Манай МҮОНТ-ийн захирал Энхбат “Та сэтгүүлчийн ажлаа хийх юм уу, эсвэл энэ олон нийтийн ажлаа хийх юм уу. Нэгийг нь сонгох хэрэгтэй биш үү” гэж хэлэх шахдаг байсан. Тиймээс би энэ ажлаа сэтгүүлчийн ажлаасаа ч илүү үнэлдэг.
Өнөөдрийн нийгмийг туулсан зам, шилжилтийн үеийн шарх сорвитой нь хамт хар
-Нийгмийн сүлжээ нийгмийн өөрчлөлтийг яг толины тусгал шиг харуулж байна. Энэ цаг үеийн түүхийг сурвалжилж, нийгмийн олон давхаргын амьдралыг харж явсан сэтгүүлч хүний хувьд өнөөдрийн Монголын нийгэмд гарч буй өөрчлөлт, шалтгааны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Намайг сэтгүүлчийн сургуульд байхад багш нар маань “Аливаа асуудлыг дүгнэхдээ цаг хугацааны гурван шалгуураар харж бай” гэж хэлдэг байсан. Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн энэ гурван цаг хугацааны огтлолцол дээр аливаа үзэгдэлд өсөлт хөгжил ч гарна, доройтол бууралт ч байна. Энэ бол зөвхөн мэргэжлийн арга барил биш, амьдралыг ойлгох нэгэн зарчим. Тэгэхээр өнөөдрийн нийгмийг бүрдүүлж буй олонх хэсэг гэнэтхэн хаанаас ч юм бий болоод гараад ирээгүй. Тодорхой нэг цаг үеийн бүтээгдэхүүн тийм үү. Өнөөдөр ид ажиллаж, төр засаг, яам агентлаг, нийгмийн олон салбарт гол ачааг үүрч яваа 35-45 насныхны төлөвшсөн үеийг харвал 1990-ээд онтой шууд холбогдоно. Би тэр үеийн, 1990 оны нийгмийн гэрч хүн. Тэр цаг үед амьдарч, үзэж харж явсан хүний хувьд хэлэхэд, Монголын нийгэм нэг тогтолцооноос нөгөөд шилжихдээ маш хүнд хямралыг туулсан. Тэр хямрал зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжигдэхгүй. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд хамгийн наад захын зүйлс болох идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орчин, цаашлаад “Юуны төлөө амьдрах вэ” гэсэн итгэл үнэмшил нь ганхахад нөлөөлсөн байдаг.
Үр хүүхдээ хоолтой, хувцастай, боловсролтой болгож өсгөх социализмын үеийн ижил тогтолцоонд амьдарч байсан нийгэм задарч, 1990-ээд онд улсын мэдлийн маш олон үйлдвэр, байгууллага хаалгаа барьсан. Олон хүн ажилгүй болсон. Ажилгүйдэл нэмэгдэхэд орлого тасарна. Энэ нь гэр бүлийн харилцаа, хүний сэтгэл зүй, нийгмийн дэг журамд хүртэл нөлөөлдөг юм байна. Олон гэр бүл салж сарниж, зарим эрчүүд ажилгүйдэл, амьдралын дарамтаас болж архинд орсон. Зарим эмэгтэйчүүд гэр бүлээ авч үлдэхийн тулд ганзагын наймаанд явсан.
Монгол даяараа л амьдралаа залгуулахын төлөө ганзагын наймаа хийж, хил давж, боломж хайсан. Энэ хямрал олон айл, гэр бүлийн амьдралыг золиосолж, үндсэндээ нийгмээрээ үүнд маш их үнэ төлсөн. Тиймээс өнөөдрийн нийгмийн сэтгэл зүйг өнөөдрөөр хэмжиж болохгүй. Өмнөх үеийн түүх, туулсан зам, нийгмийн шилжилтийн шарх сорвитой нь хамт харж байж ойлгоно.
-1990 оны хямралын үеийн хүүхдүүд нийгмээ хэрхэн харж, нийгэмтэй яаж танилцаж байсан бол гэдэг энэ мэдрэмжийг сонирхож байсангүй. Судалгаа хийвэл сонин дүр зураг гарч ирж мэдэх юм?
-Хүний төлөвшлийн хамгийн чухал үе болох хүүхэд насандаа тэд цэцэрлэгээс хамт олны дунд хэрхэн харилцах, бусдыг сонсох, хуваалцах, өөрийгөө зөв авч явах, нийгэмших анхны дадлаа олж авдаг. Гэтэл 1990-ээд онд олон цэцэрлэг хаагдаж, хүүхдүүдийн нийгэмших орчин тасалдсан. Ээж аавууд нь амьдралаа залгуулахын тулд ажил хайж, наймаанд явж, азтай нь эмээ, өвөөгийн асрамжид үлдсэн байх. Тэдний харах, үзэх өнцөг гайгүй байж магадгүй. Боловсролын тогтолцоо ч 1990-ээд онд хүнд байдалд орсон. Багш нарын хүрэлцээ муу, нэг багш олон хичээл заах тохиолдол гарч, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд анхаарах боломж хумигдсан. Анхаарах сөхөөтэй хүн байгаагүй. Гэхдээ энэ бол зөвхөн нэг үеийн хүүхдүүдийн асуудал биш. Монголын нийгэм бүхэлдээ нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу огцом шилжсэн үе.
Зах зээлийн нийгэм гэж юу вэ, өмч гэж юу юм. Тэр зах зээлийн нийгэм ямар зарчмаар хөдөлдөг вэ. Иргэн хүн ямар байр суурьтай байх ёстой юм. Өмчийг дээрэмдэж, хулгай хийж, луйвардаж авдаг уу, эсвэл чин хөдөлмөрөөр олж авдаг юм уу гэх мэт асуулт тавьж мэдэхгүйгээр ойлгомжгүй цаг үе рүү яваад орчихсон. Гэнэт авчраад тавьсан юм шүү дээ. Тиймээс өнөөдрийн нийгмийн зарим асуудлын үндсийг зөвхөн өнөөдрөөс хайх биш, тухайн шилжилтийн үеийн нөхцөл байдлаас бас харах хэрэгтэй гэж боддог. Тэр үед өссөн хүүхдүүд ямар орчинд хүмүүжсэн бэ, ямар үнэт зүйл авч үлдсэн бэ гэдэг бол өнөөдрийн нийгмийг ойлгох нэг түлхүүр юм.
-Өнөөдөр хүүхдийн хүмүүжил, хүний төлөвшлийн талаар ингэж ярьж, чиглүүлж өгөх сурган хүмүүжүүлэгчид цөөрсөн байх юм?
-Хүний төлөвшил гэж юу вэ, хүүхдийн төлөвшилд гэр бүл ямар үүрэгтэй вэ, хүүхэд ямар орчинд өсөж хүмүүжих ёстой вэ гэдэг асуудал бол нийгмийн суурь үндэс нь юм шүү дээ. Миний бага насны орчин өөр байсан юм болов уу. Манай ээж сурган хүмүүжүүлэгч хүн байсан. Улсын багшийн дээд сургуулийн сурганы ангийг төгсөөд дунд сургуульд олон жил багшаар ажилласан хүн. Манай гэрт хүний хүмүүжил, хүүхдийн төлөвшил, ёс суртахууны тухай ном олон байдаг байлаа. Тэр номууд гар дор байсан учраас би багаасаа унших дадалтай болсон. Дөрөв, тавдугаар ангид байхад манай сургуульд “Сайн номын нөхөр” гэдэг тэмдэг өгдөг байсан. Түүнийг авахын тулд жилдээ 200-300 ном уншина. Сургуулийн номын сангийн, гэрийн ном, найз нөхдөөсөө авсан ном гээд уншиж болох бүхнээ л уншдаг байсан.
Тэр үеийн сурган хүмүүжүүлэгчдийн бүтээлүүд ч их нөлөөлсөн. Б.Бор, Д.Санжжав зэрэг Монголын нэртэй сурган хүмүүжүүлэгчдийн ном, хүний ёс суртахуун, хүүхэд хүмүүжлийн тухай бүтээлүүдийг уншсан. Мөн өнөөдөр зарим хүн шүүмжилдэг ч В.А.Сухомлинский, А.С.Макаренко зэрэг дэлхийн нэртэй сурган хүмүүжүүлэгчдийн бүтээлүүдийг уншиж байлаа. Тэндээс хүний ирээдүй, нийгмийн өнгө төрх гэдэг хамгийн түрүүнд хүүхэд наснаас эхэлдэг юм байна гэдгийг тод ойлгож авч байв. Тэгэхээр нийгмийг зөвхөн том дарга нар, сайн менежмент, шинэ бодлого өөрчилнө гэж ойлгож болохгүй. Тэр бүхний үндэс нь ерөөсөө л хүүхэд насны зөв төлөвшил. Хэрвээ зөв хүмүүжил, зөв үнэт зүйлтэй болж өсөөгүй бол дараа нь хэчнээн сайхан үг яриад нэмэргүй. Тиймээс нийгмийн гэрэл гэгээ 4-6 настай хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн орчин, багшийн нөлөөнөөс эхэлдэг гэж ойлгох хэрэгтэй.
-Олон нийтийн сүлжээний бухимдал, хараал, зэрлэгдүү хандлага ерөнхийдөө далд байсан нийгмийн эмгэгийг ил гаргаад байна уу, эсвэл цаг үеийн өөрчлөлтөөс үүдсэн сэтгэл зүйн хямралууд ингэж тод илэрч байна уу?
-Нийгэм яагаад ийм байдалд хүрсэн бэ гэдэг асуудлыг нэг өгүүлбэрээр хэлэхэд хэцүү. Гэхдээ хамгийн гол нь оюун санаандаа авч явах ёстой эрхэм зүйлс буюу ёс суртахууны асуудал гэж би хардаг. Жишээ нь, 1993-1994 онд NES кофе, жинс өнөөдрийнх шиг энгийн хэрэглээ биш, бараг л гайхамшиг байсан. Өнөөдөр бидний энгийн хэрэглээ болсон зүйлс тухайн үед хүний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг байв. Гэтэл тэр мөрөөдлийн зүйлс нь гэнэт, маш их олдоцтойгоор хурдан орж ирэхэд хүн аливаа зүйлд амархан дасдаг жишгээр дасчихаж байгаа юм. Дасахын өмнө зөв, буруугаа ялгах, юуг эрхэмлэх вэ гэдгээ ойлгох хэрэгтэй.
Ийм шүүлтүүр сул байснаас зарим хүн "хөл алдсан". Амьдралын утга учрыг зөвхөн мөнгө, хөрөнгө, хэрэглээгээр хэмжиж эхэлсэн. Аз жаргал гэдэг их мөнгөтэй, баян чинээлэг, бусдаас дээгүүр амьдрах явдал гэсэн ойлголт хүчтэй болсон. Тэгж яваад 2009 оноос монголчууд ухаалаг гар утас хэрэглэж, олон нийтийн сүлжээгээр дэлхийтэй шууд холбогдож, нийгмийн харилцааны бас нэг цоо шинэ эрин рүү яваад орсон. Энэ шинэ орчин руу бид бас ямар ч бэлтгэлгүй орсон. Хүнд мэдээлэл хэрэгтэй юү гэвэл тийм. Гэхдээ мэдээлэл, мэдлэг хоёр чинь тэс ондоо зүйл. Мэдээллийг зөв ойлгож, ялгаж, дүгнэж чаддаг болохын тулд боловсрол, танин мэдэхүйн суурь хэрэгтэй. Гэтэл өдөр бүр хэдэн зуу, мянган мэдээлэл орж ирж байгаа энэ үед тэдгээр мэдээллийг хэн хүлээж авч байна вэ. Нийгэм, боловсролын салбарын хамгийн эмзэг үед өссөн, шилжилтийн үеийн боловсролын системийн доголдолд өртчихсөн, шүүн тунгаах чадвар хангалттай хөгжөөгүй олонхтой байна.
Уг нь монголчууд олон мянган жилийн түүх, төрийн уламжлал, соёлтой ард түмэн. Нүүдэлчин ахуйд бичиг үсэг хязгаарлагдмал байсан ч ёс суртахуун, ах захын хүндлэл, хүний мөс, шударга ёсны ойлголтоо аман уламжлалаар дамжуулж авч явж ирсэн. Тэр үнэт зүйлс бол бидний нийгмийн дархлаа байсан. Дэлхий нээлттэй болж, гаднын соёл, хэрэглээ, мэдээлэл асар хурдтай орж ирэх үед бид заримдаа гаднах өнгө үзэмжийг нь түрүүлж авч, дотоод үнэт зүйлээ орхигдуулсан тал бий.
Одоо бол үнэнч шударга байх, эх орон, хүн чанараа эрхэмлэх, юуг бахархах вэ, юуг цээрлэх вэ гэдэг ялгаа бүдгэрсэн байна. Гялгар, өнгөн талын зүйлд амархан хууртаж, жинхэнэ үнэ цэнтэй зүйлээ таних чадвар суларсан. Монгол Улс бол өөрийн гэсэн төрт ёс, соёл иргэншлийн уламжлалтай улс. Тэр уламжлал, үнэт зүйлсийг орчин цагийн хөгжилтэй зөв хослуулах ёстой болохоос гаднын өнгөц хэрэглээгээр солих учиргүй юм.
Хүүхдийн сэтгэлд ямар үр суулгаж байгаагаас бидний маргааш шалтгаална

-Ингэтлээ дордох байсан юм бол ардчилал хэнд, юунд хэрэгтэй байсан бэ гэсэн асуултыг өнөөдөр олон хүн тавьдаг, хариу хайдаг болсон байна?
-1990-ээд онд бидэнд ардчиллаас илүү хэрэгтэй зүйл байсангүй. Яагаад гэвэл хүн эрх чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, сонголт хийх боломжтой болохыг хүсэж байсан. Гэхдээ тэр үед бид “ардчилал” гэдэг ойлголтынхоо мөн чанарыг бүрэн ойлгож амжаагүй. Ардчилал гэдэг зөвхөн сонгууль, улс төрийн тогтолцоо биш. Энэ бол хүний боловсрол, ухамсар, хариуцлага, ёс суртахуун дээр тогтдог ойлголт.
Дэлхийтэй харилцах мэдлэг, мэдээллийн хувьд маш хязгаарлагдмал орчноос гарч ирсэн монголчууд гадаад ертөнцийг таних гол цонх болж байсан орос хэлээ англи, герман, франц хэлээр сольсон. Хэл сурсан хүмүүс маань энэ боломжоо улс орны хөгжилд зориулахын оронд зөвхөн хувийн амьдралаа сайжруулах гарц болгон ашигласан тал бий.
Бид хамгийн гол нь өөрсдийн үнэ цэнээ ойлгож амжаагүй. Сайхан амьдрал гэдгийг зөвхөн эд зүйлтэй болох, хөрөнгөтэй болох гэж ойлгосон. Тэр хооронд шударга хөдөлмөрөөс илүү амархан ашиг олох гэсэн сэтгэлгээ газар авч эхэлсэн.
Би 2008-2010 оны үед хийсэн нэвтрүүлгүүдээрээ энэ асуудлыг хөндөж байсан. Тэр үед томоохон төрийн өмчит 11 компани, арилжааны 11 банк дампуурч байсан. Зах зээлийн орнуудад банк, компани дампуурах нь эдийн засгийн нэг процесс гэж тайлбарлаж болох ч манайд бол зах зээлийн жам ёсны дампуурал биш хүмүүсийн итгэл, хуримтлалыг хохироосон үйл явц болж өнгөрсөн.
Ялангуяа арилжааны банкны дампуурлууд олон хүний амьдралд хүнд цохилт өгсөн. Хүмүүсийн хуримтлал үгүй болж, амьдралын баталгаа алдагдахад нийгмийн бухимдал, цөхрөл нэмэгдсэн. Тэр орчноос залилан, хуурч мэхлэх, бусдын хохироосон аргаар ашиг олох үзэгдэл олширсон. Нийгмийн ёс суртахуун гэдэг дан ганц хувь хүний асуудал биш. Төрийн байгууллага, хууль хяналтын тогтолцоо шударга ажиллаж чадахгүй бол хүмүүсийн итгэл алдардаг. Итгэл алдагдсан нийгэмд зөв буруу гэсэн хэмжүүр бүдгэрч эхэлдэг. Ардчилсан тогтолцооны хамгийн том давуу тал нь зөв хүмүүсээ сонгож, хариуцлага тооцох боломж байдаг. Гэтэл бид заримдаа амархан амлалт өгдөг, богино хугацааны ашиг хардаг хүмүүсийг сонгож ирсэн. Үүний үр дагавар өнөөдрийн нийгмийн олон асуудалтай холбоотой. Ардчилал өөрөө буруу биш. Харин ардчиллыг авч явах хүний боловсрол, ёс суртахуун, хариуцлага дутаж болохыг бид энэ хугацаанд харлаа. Хэрэв шударга ёс, хариуцлага, үнэт зүйл дээр тулгуурласан бол бид өөр замаар явж болох байсан. Өнөөдөр бидний хамгийн том асуудал бол зөвхөн эдийн засаг биш. Итгэл, ёс суртахуун, нийгмийн дархлаа суларсан явдал. Үүнийг сэргээх нь амар ажил биш ч нийгэм өөрөө үүнийг ойлгож эхлэхээс өөр замгүй.
-Өнгөрсөн үеийн алдаа, өнөөгийн нийгмийн бэрхшээлийн талаар ярилцлаа. Ер нь цаашид ямар гарц, ямар ирээдүй харагдаж байна вэ?
-Ярианыхаа эхэнд эргээд очъё. Нийгмийн сайн сайхан ирээдүй гэдэг өнөөдөр бид хоёрын тухай асуудал биш шүү дээ. Хүн хэдий их амжилтад хүрч, хөрөнгө чинээтэй болсон ч 80, 90 наснаас цааш амьдрахгүй. Тэгээд бодоод үз, өнөөдрийн ясли, цэцэрлэгийн насанд байгаа хүүхдүүд л бидний ирээдүй. Одоогийн 10 настай хүүхдүүдийг бодъё. Арав гаруйхан жилийн дараа тэд эмч болж багш, инженер, төрийн албан хаагч, нийгмийг авч явна. Бид тэднийг одоо зүгээр л хүүхэд гэж хардаг. Гэтэл яг энэ насанд нь ямар хүн болгон төлөвшүүлэх вэ гэдгийг бодож чадвал маргаашийн Монголын өнгө илүү гэгээтэй харагдах магадлалтай. Ахмадаа хүндэлдэг, бусдад тусалдаг, хөдөлмөрч, зорилготой, үнэнч шударга хүн болгон өсгөх нь хамгийн чухал.
Хүүхдээ зөв хүмүүжүүлнэ гэдэг бол сайн хооллож, гоё хувцаслаж, хамгийн сайн сургуульд оруулж, бусдаас илүү болгох тухай асуудал ерөөсөө биш. Хүний оюун ухаанд, сэтгэл зүйд байх ёстой үнэт зүйлсийг суулгах тухай л асуудал. Өнөөдөр олон эцэг эх өөрсдөө амьдралын хүнд нөхцөл, ажил хөдөлмөрийн дарамт, ядаргаанд орсон байна. Зарим айлд хүүхэдтэйгээ ярилцах цаг алга, заримд нь гэр бүлийн тогтворгүй байдал, маргаан зөрчил байна. Ийм орчинд өссөн хүүхэд сэтгэл санаа, хүмүүжлийн хувьд ямар хүн болж төлөвших вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс нийгмээ өөрчлөх тухай ярихаас өмнө хүн бүр өөрийн гэр бүлээс эхлэх хэрэгтэй. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, зөв үлгэр дуурайл үзүүлэх, хүний ёс суртахуун, хариуцлагын суурийг багаас нь тавих хэрэгтэй. Нийгмийн ирээдүй гэдэг том том уриа, лоозон шийдвэр биш л дээ. Өнөөдөр хүүхдийн сэтгэлд ямар үр суулгаж байгаагаас бидний маргааш шалтгаална. Бид зөв хүнээ бэлдэж чадвал зөв нийгэм аяндаа бий болно.
-Нийгмийн ийм хямралыг соён гэгээрүүлэх арга зам хайж байгаа үед сэтгүүл зүй, кино урлаг зэрэг оюун санааны салбарууд ямар үүрэг хүлээх ёстой гэж та харж байна вэ?
-Сэтгүүл зүйн хамгийн анхан шатны нэгж бол редакц. Тэр редакцыг ямар хүн удирдаж байна вэ гэдэг хамгийн чухал. Сонин хэвлэл, телевиз, мэдээллийн байгууллагын бодлого, чиглэлийг эрхлэгч хүн тодорхойлдог. Сайн, чадалтай эрхлэгч байвал тухайн байгууллагыг зөв авч явж чадна. Хэнийг ажилд авах вэ, ямар зорилго тавих вэ, ямар үнэт зүйл дээр үйл ажиллагаагаа чиглүүлэх вэ гэдгээ мэддэг хүн байвал редакц хүчтэй болдог. Эсрэгээрээ хаанаас мөнгө олох вэ, ямар нэгэн улс төрийн хүчний дэмжлэгт яаж наалдах вэ гэдэгт анхаардаг бол сэтгүүл зүй өөрийнхөө хамгийн чухал зүйл болох ёс суртахууны зарчмаа алдаж эхэлнэ. Зөв хүн төлөвшүүлнэ гэдэг бол нийгмийн хамгийн том бүтээн байгуулалт.
Энд бас бодит амьдралын асуудал бий. Хүмүүсийн цалинг тавих хэрэгтэй. Байгууллага оршин тогтнох хэрэгтэй. Гэхдээ түүний төлөө мэргэжлийнхээ үнэт зүйлээс ухрах уу гэдэг хамгийн том асуулт. Монголын хэвлэлийн түүхийг авч үзвэл "Үнэн" сонин шиг олон жилийн уламжлалтай, мэргэжлийн суурьтай байгууллагууд бий. Өнөөдөр олон жижиг сайт, телевиз, FM-үүд зөвхөн үйл ажиллагаагаа авч явах, санхүүгээ босгохын төлөө явж байгаа учраас зарим үед мөнгөний төлөө өөрийн эрхэмлэх зүйлээсээ ухрах эрсдэлтэй болсон. Хамгийн аюултай зүйл нь энэ.
Та гэрийн эзэгтэй хүний хувьд ойлгоно. Хувцасны хирийг савангаар угааж цэвэрлэдэг тийм үү. Үүнтэй адил мэдээлэл нь өөрөө хүний оюун санааг цэвэрлэж, зөв бодох, зөв ялгах чадварт нь туслах ёстой. Гэтэл өнөөдөр зарим мэдээлэл хүний тархийг цэвэрлэх биш, улам бохирдуулах хэрэгсэл болж хувирч байна. Үүний цаана бидний алдаж байгаа зүйл бол ёс суртахууны хэм хэмжээ. Худал хэлэхгүй, бусдын юмыг авахгүй байх, шударга үнэнийг хэлэх зоригтой байх зэрэг энгийн мэт боловч нийгмийн суурь үнэт зүйлс алдагдаж байна. Гэтэл үнэнийг зоригтой хэлдэг хүнд хэн мөнгө өгөх вэ гэдэг бас бодит асуудал. Хэрэв тухайн мөнгөтэй хүн шударга бус аргаар хөрөнгөжсөн бол өөрийгөө шүүмжлүүлэхийг хүсэхгүй. Магтуулахыг л хичээнэ. Тэгэхээр хэвлэл мэдээлэл ч, кино урлаг ч энэ дарамтыг мэдэрч байгаа. Сэтгүүл зүй, кино урлаг хоёрыг тусдаа зүйл гэж харах боломжгүй. Аль аль нь хүний оюун санаанд нөлөөлдөг. Тиймээс энэ салбаруудын хамгийн гол үүрэг бол хүнийг доройтуулах биш, харин хүн чанар, үнэн зөвийг сэргээхэд оршино.
Эрэн сурвалжлагч хэзээ ч өөрийгөө ил зарладаггүй
-Соёлын довтолгооны үе шиг нийгмийг бүхэлд нь хамарсан, тодорхой зорилготой хөдөлгөөнөөр хүмүүсийн амьдралын хэв маяг, хандлагыг өөрчлөх бололцоо бий юү. Өнөөдөр тийм нэгдмэл зорилго, хамтын ухамсар дутагдаж байгаа санагдах юм?
-Манай нийгэмд нийтээрээ уриалан дуудаж, хамтдаа зорилго тавьж, нэг чигт хөдөлгөх зүйл тодорхой хэмжээнд хэрэгтэй байдаг. Соёлын довтолгоо гэдэг бол зөвхөн ахуйн өөрчлөлт биш, тухайн үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг, хандлага, сахилга хариуцлагад нөлөөлсөн нийгмийн том хөдөлгөөн байсан. Харин өнөөдөр хүмүүс өмнөх шигээ нэгдмэл биш болсон нэг шалтгаан нь тодорхой хэмжээнд хүн бүр өөрийн амьдралаа авч явах боломжтой болсон явдал. Өөрийгөө бие даасан гэж үздэг болсон. Би унаатай, хүүхдээ гадаадад сургаж чаддаг, хэрэгцээгээ өөрөө шийддэг болсон учраас “Би өөрөө л болж байна” гэсэн ойлголт давамгайлах болсон. Гэтэл хүний амьдралын зорилго зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангахад оршдоггүй. Та тэрбум төгрөгтэй, сайхан амьдарч байж болно. Гэхдээ таны эргэн тойронд байгаа хүмүүс тав, арван төгрөгийн төлөө зовж байхад “Би аз жаргалтай байна” гэж хэлэхэд учир дутагдалтай. Яагаад гэвэл бид нэг нийгмийн эд эсүүд.
Хүний сайн сайхан амьдрал гэдэг ойлголт зөвхөн социализмын үзэл санаа биш. Капиталист ч бай, социалист ч бай, аль ч нийгмийн гол зорилго нь хүнээ сайн сайхан амьдруулах явдал байдаг. Харин үүнд хүрэхийн тулд хүмүүсийн хоорондын хариуцлага, ёс суртахуун, бусдын төлөө гэсэн ухамсар зайлшгүй хэрэгтэй. Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудыг харахад, хүний амьдралын чанарыг зөвхөн мөнгөөр хэмждэггүй Швед зэрэг улсад нийгмийн асуудлуудыг хууль, дүрэм, институцийн тогтолцоогоор шийдэж, хүн бүр түүнийгээ дагаж мөрддөг учраас цэгцтэй байдаг. Хууль гаргах нэг хэрэг. Харин тэр хуулиа амьдрал дээр хэрэгжүүлдэг ухамсар, хариуцлагатай тогтолцоо байх нь хамгийн чухал. Бид заримдаа хуулиа цаасан дээр сайхан биччихээд, хэрэгжүүлэхдээ өөрсдөө уландаа гишгэдэг. Энэ л бидний хамгийн том асуудал.
-Таны нийгмийн сүлжээнд илэрхийлдэг байр суурийг олон хүн дэмждэг. Ийм дуу хоолой нийгэмд илүү олон байгаасай гэж боддог уу?
-Энд бас нэг аюул бий. Нийгэмд зөв зүйлийг дэмждэг хүмүүсийн хажуугаар буруу ойлголтыг өөгшүүлдэг хандлага ч бас хүчтэй байна. Жишээ нь, зөвхөн тансаг хэрэглээ, баян чинээлэг байдал, хувийн амжилтыг амьдралын гол зорилго мэт ойлгох, “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн үзэл газар авах нь нийгмийн хувьд аюултай. Ийм ойлголтууд ихэвчлэн хэвлэл мэдээлэл, олон нийтэд нөлөөлөх сувгуудаар дамжин түгдэг. Тиймээс мэдээлэл түгээгчид нийгмийн оюун санаанд ямар нөлөө үзүүлж байгаагаа бодох хэрэгтэй. Хүн болгон АНУ, Япон, Франц шиг өндөр хөгжилтэй, баян нийгэмд амьдарч чадахгүй. Тэр орнууд өнөөдрийн түвшинд хүрэхийн тулд хэдэн арван, бүр хэдэн зуун жилийн хөдөлмөр, тэмцэл, бүтээн байгуулалтын замыг туулсан.
Бид ч гэсэн нийгмийнхээ баялгийг бүтээж, хүнд үеэ хамтдаа даван туулж, зөв бодлого, зөв менежментээр хөгжих ёстой. Гэтэл бэлэн болсон үр дүнг нь хараад, ард нь ямар их хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсныг ойлголгүй шууд харьцуулах нь буруу. Жишээ нь, өндөр хөгжилтэй орнуудад эмч, багш нар яагаад өндөр цалинтай байдаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр нь зүгээр нэг мөнгө биш. Тэр нийгэм олон жилийн турш боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөлмөрийн үнэлэмжээ бий болгосны үр дүн. Харин бид өнөөдөр байгалийн баялгийнхаа орлогоор амьдралаа залгуулж байгаа тал бий. Гэтэл жинхэнэ хөгжил гэдэг бол хүний мэдлэг, хөдөлмөр, сахилга бат, хариуцлага дээр бий болдог.
-Эцэст нь асуухад, та яг энэ нийгмийн өөрчлөлтийн эхний он жилүүдэд эрэн сурвалжилга хийж явсан сэтгүүлч. Өнөөдрийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиг хандлагын талаар ямар бодолтой байдаг вэ?
-1995-1998 оны үед бид эрэн сурвалжлах олон нэвтрүүлэг хийсэн. Тэр үед найруулагч Го.Бадарч маань надад их түшиг болсон. Удирдлагууд ч ажлыг минь дэмжиж, хамгаалдаг байлаа. “Шөнийн сурвалжилга”, “Шөнийн сэтгүүл зүй” зэрэг нэвтрүүлгүүдийг хийж байхдаа шөнө дунд гараад өглөө болтол ажиллах үе олон байсан. Бид гэмт хэрэг, дарамт сүрдүүлэг, зохион байгуулалттай зөрчилтэй холбоотой олон асуудлын араас явдаг байлаа. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс, бусдыг айлгаж мөнгө нэхдэг бүлэглэлүүдийн араас мөрдөж, баримт цуглуулна. Зарим үед хөөгдөнө, дарамтлуулна, бүр эрсдэлтэй нөхцөл байдалд орно. Тэр үед телевизийн ажил ганцаарчилсан зүйл биш байлаа. Багаараа ажиллана. Нэг өдөр сурвалжилга дээрээ сөргөлдөж явсан хүнтэйгээ маргааш нь амьдрал дээр уулзаад мэнд мэдэх үе ч байна. Сэтгүүлч хүн үнэнийг хайж явдаг болохоос хүнийг дайсан болгох гэж явдаггүй. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гол утга нь хэн нэгнийг буруутгахдаа биш, нийгэмд нуугдаж байгаа асуудлыг ил гаргаж, хүмүүсийн өмнө үнэнийг тавихад оршдог.
Одоо бол эрэн сурвалжлах сэтгүүлч, манай байгууллага эрэн сурвалжилж байна гэж өөрсдийгөө зарладаг. Би үүнийг ойлгодоггүй. Сэтгүүлч хүн эрэн сурвалжлах ажил хийж байгаа бол өөрийгөө олон нийтэд тэгж зарлаад явдаггүй. Биднийг залуу байх үед эрэн сурвалжлах гэдэг чинь яг л амьдрал дунд нь орж, хүмүүсийн дунд уусаж байж үнэнийг олж харах ажил байсан. Чи хэн ч биш, энгийн нэг жолооч, тасалбар түгээгч, ажилтан шиг явж байгаад бодит байдлыг олж мэднэ. Түүнээс биш “Би эрэн сурвалжлагч” гэж зарлаад, баатар шиг дүр бүтээх. Нийгэм тэр хүнийг киноны баатар шиг төсөөлдөг тийм үзэгдлийг хараад үнэндээ инээд хүрдэг. Бодит амьдрал дээр энэ бол маш их тэвчээр, эр зориг, багийн ажиллагаа шаардсан хүнд ажил. Эрэн сурвалжлагч хэзээ ч өөрийгөө ил зарладаггүй.
Д.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №029/24704/