МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Илгээлтийн эздийн босгосон Эрдэнэт хот 5...

Илгээлтийн эздийн босгосон Эрдэнэт хот 50 жилийн ойгоо тэмдэглэнэ

ХХ зууны Монголын хөгжил дэвшлийг Эрдэнэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. 1970-аад оны эхээр Монгол, Зөвлөлтийн хамтарсан геологийн судалгаагаар Орхон аймгийн нутаг дахь Эрдэнэтийн-Овооны зэс, молибдений асар их нөөц тогтоогдож, улмаар дэлхийн хэмжээний уул уурхайн үйлдвэр байгуулах шийдвэр гарсан нь тухайн үеийн Монгол Улсын хөгжилд шинэ эрин үеийг эхлүүлсэн түүхтэй.

Үнэн
Админ

ХХ зууны Монголын хөгжил дэвшлийг Эрдэнэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. 1970-аад оны эхээр Монгол, Зөвлөлтийн хамтарсан геологийн судалгаагаар Орхон аймгийн нутаг дахь Эрдэнэтийн-Овооны зэс, молибдений асар их нөөц тогтоогдож, улмаар дэлхийн хэмжээний уул уурхайн үйлдвэр байгуулах шийдвэр гарсан нь тухайн үеийн Монгол Улсын хөгжилд шинэ эрин үеийг эхлүүлсэн түүхтэй. 

1973 онд Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, “Эрдэнэт үйлдвэр” хэмээх их бүтээн байгуулалтын шав тавигдав. Тэр үеэс Монгол орны өнцөг булан бүрээс залуус илгээлт өвөрлөн Эрдэнэтэд ирж, уул уурхайн үйлдвэр, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын төв, зам гүүр зэрэг шинэ хотын өнгө төрхийг бий болгохын төлөө мөр зэрэгцэн ажилласан байдаг. Ийнхүү хүн ам цөөн, дэд бүтэц сул, тал хээр бүхий энэ нутагт орчин үеийн үйлдвэр, шинэ хот цогцлон байгуулах их ажил өрнөж, XX зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот 1976 оны нэгдүгээр сарын нэгэнд байгуулагдаж Монгол Улсын гурав дахь том хот болсон түүхтэй.

Тус хот 1994 онд нутаг дэвсгэр, засаг, захиргааны нэгжийн өөрчлөлтөөр Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай болсон. Өдгөө 100 гаруй мянган хүн амтай. 24 багт 28 мянга гаруй өрх айл амьдарч байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь буюу нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлж байна. Эрдэнэт хот зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо, дэд бүтэц сайтай аймгуудын нэг бөгөөд ОХУ,  БНХАУ-тай төмөр замаар холбогдсон.  Мөн нийслэл Улаанбаатар, аж үйлдвэрийн томоохон  Дархан хоттой  төмөр зам болон авто замаар холбогдсон. Нийслэлээс Булган, Хөвсгөл чиглэлд мянганы замаар дамжин өнгөрдөг  дэд бүтэцжсэн газар юм.

Мөн жилдээ 26 сая тонн зэс, молибдений баяжмал, уурхайн тэсэлгээний бодис үйлдвэрлэх болон зэсийн хүдэр бутлах ган бөмбөлгийн үйлдвэр, өнгөт металл болон хүнсний, мод боловсруулах, хивсний зэрэг хөнгөн үйлдвэрүүдтэй, соёл урлаг, боловсрол, эмнэлэг, үйлчилгээний газруудтай томоохон хэмжээний аж үйлдвэрүүд төвлөрсөн. Орхон аймаг нь эрүүл мэндийн салбарын хувьд төвийн бүсийн аймгуудыг хамарсан Бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй Булган, Дархан, Сэлэнгэ, Архангай, Хөвсгөл зэрэг аймгийн иргэдэд эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрдэнэт сувилал, Баян-Өндөр мед, Эрдэнэт медикал  зэрэг томоохон эмнэлгүүд үйл ажиллагаа явуулахаас гадна 60 гаруй эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна.

Мөн “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь олон улсын стандартын дагуу баригдсан 6800 м.кв 7 давхар эмнэлгийн барилгатай сүүлийн үеийн оношилгоо эмчилгээний дэвшилтэт тоног төхөөрөмжөөр дэлхийн жишигт нийцсэн оношилгооны цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх гадаад дотоодын хяналтад бүрэн хамрагдсан лаборатори, бүрэн автомат ариутгалын тасаг бүхий эмнэлэгтэй.

Тус аймагт ШУТИС-ийн харьяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит технологийн сургууль, Монгол Улсын Их Сургууль, Улс төрийн академи, “Маргад” дээд сургууль зэрэг их, дээд сургууль ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 23 ерөнхий боловсролын сургууль болон хувийн хэвшлийн Эрдмийн сан, Цайхун,Билигт Ѳргѳѳ, Орхон Эмпати сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэхэд чиглэсэн  Хүүхэд Залуучуудын Ордон, Гэр бүлийн Ордон, Хангарьд спорт Ордон, Уурхайчин Соёлын Ордон, Хүүхэд залуучуудын театр, Номын сан, кино театрууд, Эрдэнэт Хотын түүхэн хөгжил, соёлыг илтгэсэн 20 гаруй  хөшөө дурсгал, гурван одтой хоёр зочид буудал, нэг одтой нэг зочид  буудал, хоёр цэцэгийн зэрэгтэй нэг амралтын бааз, орчин үеийн ресторан зоогийн газар, кофе шоп шинээр нээгдэж үйл ажиллагаа явуулж байна.

 

“Бидний залуу нас Эрдэнэт хотын хөгжилд”

Эрин зууны бахархал болсон Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан анхдагчид, ахмад үеийнхний гавьяа зүтгэлийг алдаршуулах “Бидний залуу нас Эрдэнэт хотын хөгжилд” хүндэтгэлийн цуврал үйл ажиллагааны анхны уулзалт дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс зохион байгуулагдаж эхэлжээ.

Анхны арга хэмжээг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Ахмадын хороо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ахмадын нэгдсэн зөвлөл, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Ахмадын зөвлөл, Барилгын цэргийн 110 дугаар ангийн Ахмадын зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд Эрдэнэт хотын анхдагч илгээлтийн эзэд, ХХ зууны манлай бүтээн байгуулалтыг гардан босгосон ахмадууд өргөнөөр оролцсон байна.

Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Ахмадын хорооны дарга Л.Бадамхорлоо хэлсэн үгэндээ, “Тэртээ 50 жилийн өмнө залуу насны эрч хүч, хөдөлмөр бүтээлээрээ Эрдэнэт хэмээх их айлын үүдийг нээж, өнөөгийн хөгжил цэцэглэлтийн эхлэлийг тавьсан анхдагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний бүтээсэн түүх, байгуулсан гавьяа үеийн үед бахархал болон үлдэнэ” хэмээн онцолсон юм.

“Бидний залуу нас Эрдэнэт хотын хөгжилд” цуврал уулзалтын эхний зочноор Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн ахмад, “Эрдэнэт анхдагч барилгачин дайчид” ТББ-ын гишүүн А.Лхагвасүрэн, С.Эрхээбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Гавьяат эдийн засагч С.Лхажав, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Б.Мажинбуу, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ахмад А.Батаа, Д.Цэцгээ нарын нэр хүндтэй ахмадуудыг урьж, тэдний хөдөлмөр бүтээл, залуу насны дурсамж, Эрдэнэт хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг алдаршуулан хүндэтгэл үзүүлжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан 1974 онд хөдөлмөрийн гараагаа мужаанаар эхэлж, улмаар 1975 онд тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсын Оренбург мужийн Гай хотод өрмийн машинчийн мэргэжлээр суралцан төгсжээ. Тэр цагаас хойш Эрдэнэт үйлдвэртээ тасралтгүй 34 жил үр бүтээлтэй ажиллаж, уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

Харин Гавьяат эдийн засагч С.Лхажавын амьдрал Эрдэнэт хоттой салшгүй холбогдож, эдүгээ хагас зууны түүхийг хамт бүтээжээ. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехийн анхны монгол даргаар ажиллаж, илгээлтийн эзэд, ажилчдын нийгэм ахуй, соёлын асуудлыг хариуцан ажиллаж байсан нь тухайн үеийн бүтээн байгуулалтын чухал хэсэг байв.

Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ахмад ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор Б.Мажинбуу 1976 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны томилолтоор Эрдэнэтэд ирж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх Сургалтын төвд багшаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрт 35 жил ажиллахдаа олон зуун чадварлаг мэргэжилтэн бэлтгэн сургаж, Монгол-Оросын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан бөгөөд өнөөдөр ч Эрдэнэт цогцолбор дээд сургуульдаа гэрээт багшаар ажиллан мэдлэг туршлагаа залуу үед өвлүүлсээр байна.

Энэхүү хүндэтгэлийн уулзалт нь Эрдэнэт хотын хөгжил дэвшлийн ард байсан анхдагчдын хөдөлмөр зүтгэлийг эргэн сануулж, залуу үед бүтээн байгуулалтын үнэ цэн, эх оронч хөдөлмөрийн үлгэр дуурайллыг түгээн дэлгэрүүлсэн онцгой арга хэмжээ болон үргэлжилж байна.

 М.Одгэрэл

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №021/24696/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.