МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Иргэдээ бодсон Ерөнхий сайдын есөн шийд...

Иргэдээ бодсон Ерөнхий сайдын есөн шийдвэр

“Төсвийн тоо, мөр бүрийн ар дахь амин чухал утга агуулга бол Монголынхоо баялгийг монголчууддаа хүргэх. Эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө бодитоор хүртэх үндсэн зорилготой" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төслийн гол үзэл санааг ийнхүү тодорхойлсон юм.

Үнэн
Админ

“Төсвийн тоо, мөр бүрийн ар дахь амин чухал утга агуулга бол Монголынхоо баялгийг монголчууддаа хүргэх. Эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө бодитоор хүртэх үндсэн зорилготой" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн төслийн гол үзэл санааг ийнхүү тодорхойлсон юм. Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн уг төсөл нь Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш танхимынхаа бодлогыг бүрэн тусган боловсруулсан анхны төсөв болж байна.

Төсвийн төсөлд 2027 оны тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр тооцож, тэнцвэржүүлсэн тэнцлийг хоёр их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгажээ. Гэхдээ энэ удаагийн төсвийг зөвхөн орлого, зарлага, алдагдлын нийлбэрээр дүгнэх боломжгүй. Учир нь төсвийн шинэчлэлийн гол агуулга нь төрийн урсгал зардлыг хумиж, хэмнэсэн хөрөнгийг иргэдийн орлого, нийгмийн хамгаалал, орон сууц, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарт чиглүүлэхэд оршиж байна.“2027 оны төсвийн төсөл бол сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, иргэндээ зориулах төсвийн тодотгол хийх шийдвэрийн шууд үргэлжлэл юм.

Энэ бол үнийн өсөлтийн ачааны хүндийг төр өөртөө авч, айл өрх болон ард иргэддээ төсвөө өгөх шийдвэр” хэмээн Ерөнхий сайд онцолсон. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагын зардлыг нэмэгдүүлэхээс илүүтэй иргэдийн бодит орлогыг хамгаалах, байгалийн баялгийн өгөөжийг өрх бүрд хүргэх, амьдралын чанарт шууд нөлөөлөх салбаруудын хөрөнгө оруулалтыг дэмжихийг Засгийн газар зорьжээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал төсвийн шинэчлэлийн есөн гол шийдвэрийг танилцуулсан юм.

Нэгдүгээрт, Оюутолгойн ногдол ашгийг Монгол Улсад анх удаа авчирна.

Монголын ард түмний өмч болох стратегийн ордын өгөөжийг иргэд бодитоор хүртэх ёстой гэсэн зарчмыг төсвийн бодлогод тусгажээ. Оюутолгой төслөөс Монголын талд ногдох ногдол ашгийг эх орондоо авчирч, эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, боловсрол зэрэг урт хугацааны хөгжилд онцгой ач холбогдолтой салбаруудад зарцуулахаар төлөвлөж байна.

Тухайлбал, нийслэлийн эрчим хүчний найдвартай ажиллагаанд чухал үүрэгтэй Дулааны IV цахилгаан станц, үндэсний боловсруулах үйлдвэр болон боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд энэхүү орлогыг чиглүүлэхээр төсөлд тусгажээ. Ногдол ашгийн зарцуулалтыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь баялгийн эзэд өөрсдөө өгөөжийнхөө чиглэлийг тодорхойлох шинэ хандлага болох юм.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эдийн засгийн бодит эргэлтэд оруулна.

Монгол Улсын иргэн бүрд эзэмшүүлсэн 1072 хувьцаа өнөөг хүртэл өмчийн бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байлаа. Харин шинэ зохицуулалтаар иргэд хувьцаагаа өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхтэй болохоор төлөвлөжээ.

Ингэснээр 1072 хувьцаа зөвхөн ногдол ашиг хүлээдэг бүртгэл төдий бус, иргэний мэдэлд байгаа бодит хөрөнгө болон хувирна. Хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлэх, гэр бүлийнхэндээ бэлэглэх, шаардлагатай үед хуульд нийцүүлэн арилжих боломж бүрдэх нь иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулах чухал алхам болно.

Гуравдугаарт, сарын 792 мянган төгрөг хүртэлх цалинг татвараас чөлөөлнө.

Иргэдийн бодит орлогод шууд нөлөөлөх шийдвэрийн нэг нь хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт юм. Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалинд татвар ногдуулахгүй болсноор бага болон дунд орлоготой иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.

Уг зохицуулалтын үр дүнд нийтдээ 840 тэрбум төгрөг иргэдийн гарт үлдэх тооцоо гарчээ. Энэ нь төр татварын орлогоо нэмэгдүүлэхээс илүүтэй хөдөлмөр эрхэлж буй иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж, өрхийн өдөр тутмын санхүүгийн дарамтыг бууруулахыг зорьж буйн илэрхийлэл юм.

Дөрөвдүгээрт, тэтгэврийг нэмэгдүүлж, ажиллаж буй ахмад настан болон оюутны шимтгэлийн дарамтыг бууруулна.

2027 онд тэтгэврийн хэмжээг 380 мянга 300 төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг нэг сая 335 мянга 400 төгрөгт хүргэхээр төсвийн төсөлд тусгасан байна. Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөж буй үед ахмад настнуудын бодит орлогыг хамгаалах нь энэхүү шийдвэрийн гол зорилго юм.

Үүний зэрэгцээ ажил хөдөлмөр эрхэлж буй ахмад настныг 2027 оноос нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр төлөвлөжээ. Харин суралцахын зэрэгцээ ажиллаж буй оюутныг 2028 оноос шимтгэлээс чөлөөлнө. Ингэснээр ахмад настны туршлага, хөдөлмөрийн оролцоог дэмжихийн зэрэгцээ залуус ажил хөдөлмөрөөр дамжуулан орлого олох боломжийг өргөжүүлэх юм.

Тавдугаарт, 16 мянган өрхийг орон сууцтай болгох бодлого хэрэгжүүлнэ.

Орон сууцны хүртээмж, урьдчилгаа төлбөрийн өндөр босго нь олон өрхийн өмнө тулгардаг хамгийн том асуудлын нэг хэвээр байна. Засгийн газар 16 мянган орон сууцыг зургаан хувийн хүүтэй зээл болон түрээслээд өмчлөх нөхцөлөөр иргэдэд санал болгохоор төлөвлөжээ.

Төрийн өмчийн 4000 орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулна. Ингэснээр тогтмол орлоготой хэдий ч өндөр урьдчилгаа төлөх боломжгүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, багш, эмч болон бусад иргэд орон сууцтай болох боломж нэмэгдэнэ. Энэ нь зөвхөн барилгын салбарыг дэмжих бус, өрхийн амьдралын баталгааг сайжруулах бодлого юм.

Зургадугаарт, эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулж, орон нутгийн дулааны станцуудыг ашиглалтад оруулна.

Эрчим хүчний хомсдол, хуучирсан тоног төхөөрөмж, өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй томоохон хүчин зүйл болсон. Иймээс “ДЦС-3”-ын дэргэд 300 мегаваттын хүчин чадалтай “ДЦС-6” дулааны цахилгаан станцыг шинээр барихаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ “ДЦС-3”-ыг засварлан шинэчилж, олон жил саатсан 10 аймгийн дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулна. Ингэснээр нийслэл төдийгүй орон нутгийн эрчим хүч, дулаан хангамжийн найдвартай байдал сайжирч, аймаг бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих суурь нөхцөл бүрдэх юм.

Долдугаарт, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлнэ.

Боловсролын салбарт технологи, ногоон орчин, олон улсын сургалтын хөтөлбөрийг хослуулсан шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан 100 мянган “Google Chromebook” компьютер нийлүүлж, цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Мөн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй 100 “ногоон сургууль” байгуулна. Бүс бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар тусгасан нь чанартай боловсролыг зөвхөн нийслэлд төвлөрүүлэхгүй байх зорилготой. Ингэснээр орон нутгийн хүүхдүүд гэр бүл, нутаг орноосоо холдохгүйгээр олон улсын түвшний болон төрөлжсөн боловсрол эзэмших боломжтой болно.

Наймдугаарт, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, архаг өвчний эмийг үнэ төлбөргүй олгоно.

Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр баригдаж буй 39 эмнэлгийн ажлыг үргэлжлүүлж, шинээр 34 эмнэлэг байгуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Эрүүл мэндийн барилга, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь иргэдийн оношилгоо, эмчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглэнэ.

Түүнчлэн ахмад настнууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг түгээмэл архаг өвчний эмээ үнэ төлбөргүй авдаг болохоор төлөвлөсөн байна. Тогтмол эм хэрэглэх шаардлагатай ахмадуудын хувьд эмийн зардал өрхийн төсөвт багагүй дарамт учруулдаг. Тиймээс энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн тусламжийг бодитоор хүртээмжтэй болгох нийгмийн хамгааллын чухал арга хэмжээ юм.

Есдүгээрт, ногоон тээвэр, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг бодлогоор дэмжинэ.

Улсын хэмжээнд цахилгаан автомашин цэнэглэх 500 “Ногоон өртөө” байгуулахаар төлөвлөжээ. Цэнэглэх дэд бүтэц хангалтгүй байгаа нь цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. Шинэ өртөөнүүд байгуулагдсанаар нийслэл болон орон нутагт цахилгаан автомашинаар зорчих боломж өргөжнө.

Мөн сэргээгдэх эрчим хүчний техник, тоног төхөөрөмж болон цахилгаан автомашиныг гаалийн болон онцгой албан татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгажээ. Энэ нь байгальд ээлтэй хэрэглээг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг өргөжүүлэхэд чиглэсэн эдийн засгийн бодит хөшүүрэг болно.

Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан эдгээр есөн шийдвэрийн төвд иргэн, өрх гэрийн амьдрал, бодит орлого, нийгмийн суурь хэрэгцээ багтаж байна. Цалингийн татварыг бууруулах, тэтгэвэр нэмэх, орон сууцны урьдчилгааг багасгах, архаг өвчний эмийг үнэ төлбөргүй болгох зэрэг нь иргэдийн өдөр тутмын амьдралд шууд мэдрэгдэх шийдвэрүүд юм.

Харин эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн дэд бүтэц, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх зорилготой.

2027 оны төсвийн төсөл Улсын Их Хурлын хэлэлцүүлгээр орж, бодлого бүрийн санхүүжилт, хэрэгжих хугацаа, үр өгөөжийг нарийвчлан хэлэлцэнэ. Төсөв батлагдсанаар эдгээр зорилт бодит ажил болох учиртай. Хамгийн гол нь төсвийн тоо бүрийн ард иргэний амьдрал, өрхийн орлого, хүүхдийн боловсрол, ахмадын эрүүл мэнд, улс орны хөгжлийн ирээдүй байдгийг мартахгүй хэрэгжүүлэх шаардлагатай.

Монголын баялгийн өгөөжийг монгол хүнд хүргэх, төрийн зардлыг иргэний төлөө чиглүүлэх гэсэн Ерөнхий сайдын зарчим бодит үр дүнд хүрч чадвал 2027 оны төсөв зөвхөн Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын анхны төсөв бус, иргэдийн амьдралд хүрсэн шинэ бодлогын эхлэл болж чадна.

М.Гал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №035/24710/

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.