МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулга...

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг

Үнэн
Админ

Хүндэт ард иргэд ээ,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол улсын Ерөнхий сайд аа,

Одоогоос яг 7 хоногийн өмнө улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн.

Төсвийн тодотголоор улсын төсвийн зардлыг танах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхлээд байна.

Төсвийн тодотголын тооцооллыг сайтар нягтлан үзэх, хийдэл дутагдлыг нь засаж залруулах зүйл байхыг үгүйсгэхгүй. Үүнийг ирц, оролцоо, идэвх санаачилгатай байж, эрүүл мэтгэлцээний зарчмаар оновчтой шийдэл, хувилбар дэвшүүлэн урагш ахиулах ёстой болохоос улдан чангааж хойш сууснаар асуудал шийдэхгүй. Өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон түлш, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байна.

Эрхэм гишүүд ээ

Ард түмэн та биднийг цалин тэтгэврээ нэмэх, түлш шатахууны дутагдал, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг хэрхэн шийдэхийг нүд цавчилгүй харж байгаа бөгөөд асуудлыг шийдэхгүй алдсан цаг хугацааны төлөөс монгол айл өрх бүрд орлогын хомсдол, аж ахуйн нэгж бүрд санхүүгийн дарамт нэмж байгаа гэдгийг эрхэм гишүүд ойлгож байгаа байх аа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу есдүгээр сарын 15-нд Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхтэй холбогдуулан ээлжит бус чуулганыг хуульд заасны дагуу ийнхүү өндөрлүүлж байна.

Намрын ээлжит чуулганаар төсвийн тодотгол болон улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа тул нийт гишүүдээ хуралдаандаа идэвхтэй оролцож зөв мэргэн шийдвэр гаргахыг хүсье.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.


Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.