МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн Хангайн бүсээс эхэллээ
МАН-ын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн Хангайн бүсээс эхэлж, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн намын байгууллагын төлөөлөл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо чуулж байна.
МАН-ын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн Хангайн бүсээс эхэлж, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн намын байгууллагын төлөөлөл Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо чуулж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр МАН-ын мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжлийн бодлого, стратегийн хэрэгжилт, явцын талаар хэлэлцэж, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм.
Мөн намын дунд болон анхан шатны байгууллагын сонгуульт албан тушаалтнуудын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нам, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар нэгдсэн мэдээлэл өгөхөд зөвлөгөөний нэг зорилго чиглэж байна.
Зөвлөгөөнд оролцогчдын гаргасан санал, санаачилга, орон нутагт тулгамдаж буй асуудлыг нэгтгэн МАН цаашдын бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллахаар төлөвлөжээ.
Удирдах ажилтны зөвлөгөөний хүрээнд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороод салбар хэлэлцүүлэг зохион байгуулна. Тухайлбал, “Гишүүн төвтэй нам – E-4 стратегийг хөгжүүлэх” бодлогын хороо, Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах бодлогын хороо, Нийгмийн хамгааллын бодлогын хороо тус тусын чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын санал, байр суурийг сонсохоор хөтөлбөрт тусгасан байна.
Хангайн бүсээс эхэлсэн МАН-ын Удирдах ажилтны бүсийн зөвлөгөөн цааш үргэлжилж, Хойд болон Төвийн бүсийн зөвлөгөөн ирэх аравдугаар сарын 10-нд болно.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №035/24710/