МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Г.Номин: Залуу нас бол хүлээх шалтгаан б...

Г.Номин: Залуу нас бол хүлээх шалтгаан биш, хийх боломж

Үеийнхнээ төлөөлөн улс төрд салхи зүсэж яваа залуусын нэг Ганбаатарын Номинг энэ дугаарынхаа “Залуу лидер” буланд онцолж байна.

Үнэн
Админ

Үеийнхнээ төлөөлөн улс төрд салхи зүсэж яваа залуусын нэг Ганбаатарын Номинг энэ дугаарынхаа “Залуу лидер” буланд онцолж байна. Монгол Улсын Ерөнхий сайд дэргэдээ Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Г.Номинг томилоод удаагүй байна. Залуу нас, туршлага хоёр заавал урвуу хамааралтай байдаггүйг хийж бүтээсэн, эхлүүлсэн ажлуудаараа харуулж яваа түүнийг урьж, ажил амьдралын замнал, залуу үеийн оролцоо, эрүүл мэндийн салбарын шинэчлэл болон цаашдын зорилгынх нь талаар ярилцлаа.Түүний ярианаас шинэ зүйл эхлүүлэх зориг, суралцах эрмэлзэл, хариуцлага, нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргах хандлага, хамтдаа өөрчлөлт бүтээх хүсэл нь тодхон мэдрэгдэнэ.

-Таныг Эрүүл мэндийн Дэд сайд болоход эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан ажлын талаар шуугисан нь нэг хэсэгтээ намдаагүй. Одоо та нийтийн сонирхсон асуултад хариулж болох уу?

– Мэргэжлээ сонгож байсан үеэс яривал таны асуултад илүү тодорхой хариулт болох байх. Хүүхдүүд ерөнхийдөө арав, арваннэгдүгээр ангиасаа ямар сургуульд элсэж, ямар мэргэжил сонгохоо илүү тодорхой болгож, түүндээ тууштай бэлдэж эхэлдэг. Би ч мөн адил арваннэгдүгээр ангид орж, ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар ярилцаж эхлэх үедээ “Би эмч болно” гэсэн шийдвэрээ гэрийнхэндээ хэлж байлаа.

Тэр үед манай гэрийнхэн “Чиний бодлыг хүндэтгэж байна. Гэхдээ эмч нар цаг наргүй ажилладаг. Өөр мэргэжил сонгох талаар бодож үзсэн үү?” гэж асуусан. Гэхдээ би анхны шийдвэрээсээ буцаагүй. Хүссэн мэргэжлээ сонгосноос хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн салбартай холбоотой ажиллаж байна.

АШУҮИС-д суралцаж байхдаа нэлээд идэвхтэй оюутнуудын нэг байсан гэж боддог. Өөрийн хүсэж зорьж орсон сургууль учраас хичээлдээ шамдан суралцахын зэрэгцээ мэргэжлээсээ гадна олон зүйлд өөрийгөө сорихыг хичээсэн. Их сургуульд суралцах хугацаандаа АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр хоёр жилийн хугацаанд сонгогдон ажиллаж, бодлогын түвшинд ямар асуудал яригддаг, шийдвэр хэрхэн гардаг талаар тодорхой ойлголттой болсон.

Мөн ажил хийдэг оюутнуудын нэг байлаа. Амралтын өдөр бүр багшийнхаа эмнэлэгт үзлэг хийж, сувилагчаар ажилладаг байсан. Үүний зэрэгцээ Монгол Улс болон Харвардын их сургуулийн хамтарсан сүрьеэгийн төслийн туслах судлаачаар ажлын гараагаа эхлэх боломж надад олдсон.

Тэр үе миний мэргэжлийн хандлагад ихээхэн суурь болсон. Судалгааг ямар арга зүйгээр хийх, аливаа асуудлыг зөвхөн таамаг, сэтгэгдлээр бус судалгаа, нотолгоонд тулгуурлан авч үзэхийн ач холбогдлыг ойлгож эхэлсэн. Мөн багаар ажиллах, судалгааны ёс зүйг баримтлах, хийж буй ажлынхаа хариуцлагыг ухамсарлах зэрэг олон зүйлийг сурсан. Тухайн үед анхны цалингаа аваад хэчнээн их баярлаж байснаа одоо ч санаж байна.

–Оюутан байх үеэсээ эрдэм шинжилгээ­ний ажилд идэвхтэй оролцож, судалгаа хийж эхэлсэн гэсэн. Анхны судалгаагаа ямар асуудлаас эхэлж байв?

-Би багаасаа ном унших дуртай хүүхэд байсан. Ном уншихдаа нэг өгүүлбэрийг ойлголгүй өнгөрөөчихвөл дараа нь түүнтэй холбоотой агуулга гарахад ойлгохгүй байх вий гэж боддог байлаа. Тиймээс уншиж байгаа зүйлээ аль болох ойлгож, учир шалтгааныг нь мэдэхийг хичээдэг байсан. Магадгүй энэ зан чанар маань судалгааны ажилд сонирхолтой болоход нөлөөлсөн байх. АШУҮИС-д суралцаж байхдаа оюутны эрдэм шинжилгээний хуралд удаа дараа оролцож, судалгааныхаа үр дүнг танилцуулдаг байсан. Тэр үеийн өргөмжлөл, дурсгалын зүйлс одоо ч манай гэрт бий. Сургуулиа улаан дипломтой төгсөж байлаа.

Миний анхны судалгааны ажлын нэг нь “Анагаахын оюутнуудын мэргэжил сонголтын өнөөгийн байдал” гэсэн сэдэвтэй байсан. Оюутан байхдаа өөрийнхөө эргэн тойронд байгаа хүүхдүүдийг ажиглахад зарим нь анагаахын мэргэжлийг өөрийн хүсэл сонирхлоор бус гэр бүлийнхнийхээ хүсэлт, шахалтаар сонгосон байдаг нь анзаарагдсан. Үүнийгээ дагаад хичээлдээ сонирхолгүй болох, таслах, өөрийгөө хүчилж суралцах зэрэг асуудал гарч байгааг харж байсан. “Мэргэжил сонголтыг оноо, шалгалтын дүнгээр шийдэхээс гадна тухайн хүүхэд үнэхээр энэ мэргэжлийг сонгох хүсэл, хандлагатай байна уу гэдгийг нь мэдэх шаардлагатай юм биш үү?” гэсэн асуулт өөртөө тавьсан. Үүнээс үндэслээд анагаахын сургуулийн элсэлтийн үйл явцад ярилцлагын хэлбэрийг оруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Судалгааныхаа үр дүнг оюутны эрдэм шинжилгээний хурлуудад танилцуулж, тухайн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар санал дэвшүүлж байсан. Тэр үеэс судалгаа гэдэг зөвхөн өгүүлэл бичиж, хуралд илтгэл тавихын нэр биш, харин бодит асуудлыг олж хараад, түүний шалтгааныг ойлгож, шийдэл санал болгох үйл явц юм байна гэдгийг илүү ойлгосон.

–Оюутан байхдаа хийсэн судалгаа, ажил тань танд хамгийн чухал ямар чадварыг өгсөн гэж боддог вэ?

–Хамгийн гол нь аливаа асуудлыг шууд дүгнэхээсээ өмнө “Яагаад?” гэж асууж сурах дадал өгсөн. Мөн нэг хүний туршлага, хувийн бодлоор асуудлыг бүхэлд нь дүгнэж болохгүй, баримт, судалгаа, нотолгоог харж байж шийдвэр гаргах ёстой гэдгийг ойлгосон юм.

Үүнээс гадна багаар ажиллах, бусдын санал бодлыг сонсох, өөрийн санааг ойлгомжтой тайлбарлах, хийсэн ажлынхаа үр дүнг хүлээн зөвшөөрч, алдаа байвал засаж сурах зэрэг олон чадвар суусан. Өнөөдөр бодлогын ажил хийхэд ч энэ хандлага маань их хэрэг болдог.

Харин ямар ч шийдвэр судалгаа, нотолгоонд суурилсан байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй. Эмч хүн өдөр тутмынхаа практикт ч энэ зарчмыг баримтлах хэрэгтэй. Өнөөдөр нэг өвчтөнд гаргаж байгаа шийдвэрээс эхлээд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх бодлого хүртэл боломжтой бол нотолгоонд тулгуурлах нь зөв гэж боддог.

–Их сургуулиа төгсөөд өнөөдрийн бодлогын түвшний ажил хүртэлх таны мэргэжлийн замнал хэрхэн өрнөсөн бэ?

–Их сургуулиа онцгойлох диплом­той төгсөөд дараагийн алхмаа хэрхэн хийх талаар бодож байлаа. Тэр үед миний замыг зөв чиглүүлж өгсөн хүн бол багш маань. Нэг өдөр намайг дуудаад “Цаашид ямар чиглэлээр ажиллах гэж байна, одоо юу хийх вэ?” гэж асуусан юм.

Би тухайн үед нарийн мэргэжлээ хараахан сонгож чадаагүй байсан. Тэгэхэд багш маань намайг тэнхимдээ багшаар үлдэх санал тавьсан. Ингээд АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуульд багшаар ажиллах болсон. Сурч мэдсэн зүйлээ өөрийнхөө хэмжээнд олон хүнд хүргэж, дараагийн үеийнхэндээ дамжуулах нь багшийн ажлын нэг үнэ цэн гэдгийг тэр үед илүү ойлгосон. Энэ нь миний хүсэл, зорилготой ч нийцэж байсан учраас багшилж байхдаа их баяртай байсан.

Зургаан жил багшлах хугацаандаа зөвхөн сургалтын ажлаар хязгаарлагдаагүй. Үүний хажуугаар гэрээгээр эмч хийж, үзлэгээ үргэлжлүүлж байсан. Тэр дундаа хүүхдийн эмчээр ажилласан үе миний амьдралд том байр суурь эзэлдэг.

Хүүхэдтэй ажиллах явцад мэргэжлээсээ гадна хүнтэй хэрхэн харилцах, чин сэтгэлээсээ хандах ямар чухал болохыг ойлгосон. Хүүхэд хэлье гэснээ шууд хэлдэг. Баярлавал чин сэтгэлээсээ инээдэг. Харин худлаа хэлбэл зөнгөөрөө мэдэрчихнэ. Шууд л дургүйцнэ. Чин сэтгэлээсээ хандахад мөн л түүнийгээ нуухгүй, инээж баярладаг.

Тиймээс хүүхэдтэй ажилласан жилүүд надад хүнтэй харилцахын үнэ цэн, итгэлцэл гэдэг ямар чухал болохыг маш энгийнээр ойлгуулсан. Өнөөдөр ч хүүхэдтэй холбоотой асуудалд анхаарч ажиллахдаа тэр үеийн туршлага надад их нөлөөлдөг.

Тэгвэл эмч, багшийн ажлаас бодлогын түвшний ажил руу шилжихэд юу нөлөөлсөн бэ?

–Багшилж байх үедээ Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газарт мэргэжилтнээр ажиллах боломж надад олдсон. Тэр үе миний мэргэжлийн замналын бас нэг шинэ үеийг эхлүүлсэн.

Туслах судлаачаар ажлын гараагаа эхэлж, дадлагажигч багш, багш, гэрээт эмчээр ажиллаж, дараа нь харьяа яамандаа мэргэжилтнээр ажилласан нь миний хувьд нэг ажлаас нөгөөд шилжсэн гэхээс илүү өмнөх сурсан зүйлсээ дараагийн түвшинд ашиглах боломж байсан.

Эмч байхдаа нэг өвчтөнтэй ажиллаж, багш байхдаа олон оюутанд мэдлэг хүргэж байсан бол бодлогын ажилд орсноор гаргаж байгаа нэг шийдвэр олон хүнд хүрч, Монгол Улсын хэмжээнд нөлөөлөх боломжтойг ойлгосон. Энэ нь надад их сайхан мэдрэмж төрүүлсэн.

Тэр үеэс “Аль болох салбаруудыг уялдуулж, илүү олон хүнд хүртээмжтэй байдлаар ажиллах юмсан” гэсэн бодол маань улам бат суусан. Өнөөдөр ч энэ үзэл баримтлалаа хадгалж, мэддэг зүйлээ улам гүнзгийрүүлж, чаддаг зүйлээ илүү өргөжүүлэн дараагийн шат руу ахиж явахыг хичээж байна.

 

Бодлогын түвшинд ажилласнаар салбарын хэмжээнд нөлөөлөх шийдэлд оролцох боломжтой юм байна гэж харсан

 

–Мэргэжлээрээ ажиллаж, карьерынхаа замналаар цааш явах боломж танд байсан. Тэгвэл яагаад бодлого, улс төрийн салбарт ажиллах сонголт хийсэн юм бэ?

–Би нийгмийн идэвхтэй талдаа хүн. Гэхдээ улс төрд оръё гэж шууд шийдэхээсээ өмнө өөртөө нэлээд олон асуулт тавьж байсан. Тухайн үед гадаад руу явах уу, Монголдоо үлдэх үү гэсэн хоёр сонголтын өмнө зогсож байлаа. Хэрэв гадаад руу явбал мэргэжлээрээ ажиллаж, тэндээ амьдрах боломж байсан. Харин Монголдоо үлдвэл өөрийн сурч мэдсэн зүйлээрээ энд хэрхэн илүү үр дүнтэй ажиллаж болох вэ гэдгээ бодох хэрэгтэй болсон.

Тэгээд өөрөөсөө “Том зүйлийн төлөө зорьж, олон жил суралцсан хүн эцэст нь өөрийнхөө төлөө л яваад өнгөрөх үү?” гэж асуусан. Ингээд Монголдоо үлдэх шийдвэр гаргасан. Харин энэ удаа өмнөхөөсөө өөр түвшинд, илүү олон хүнд хүрч, нийгэмд бодитой нөлөөлж чадах ажил хийхийг хүссэн.

Эмч хүн өдөр тутамдаа өвчтөндөө шууд тусалж, багш хүн оюутнууддаа мэдлэг, чадвараа өгч, судлаач хүн тодорхой асуудлыг судалж, түүнд өөрчлөлт авчрах боломжтой. Харин бодлогын түвшинд ажиллаж, зөв шийдвэр гаргаж чадвал тэр өөрчлөлтийг илүү өргөн хүрээнд, олон хүнд хүргэх боломжтой.

Миний хувьд энэ боломжийг олж харсан. Өмнө нь хийж ирсэн мэргэжлийн ажил маань надад нэг хүн, нэг бүлэг, нэг асуудлын хүрээнд бодит өөрчлөлт хийх боломж өгдөг байсан бол бодлогын түвшинд ажилласнаар салбарын хэмжээнд нөлөөлөх шийдэлд оролцох боломжтой юм байна гэж харсан. Тиймээс мэргэжлээсээ холдох гэж биш, харин сурч мэдсэн зүйлээ илүү өргөн хүрээнд ашиглахын тулд бодлогын түвшинд ажиллах сонголт хийсэн.

Манай эрүүл мэндийн салбар өдөр ирэх тусам хөгжиж, олон зүйл сайжирч байгаа ч шийдвэрлэх шаардлагатай асуудал цөөнгүй хэвээр байна. Тэдгээрийг хараад “Энэ асуудлыг өөр хүн шийдээсэй” гэж хүлээхээс илүү өөрөө оролцоод үзье гэж бодсон.

Манай үеийнхэн улс төрийг бохир, заваан зүйл мэтээр хөндлөнгөөс сонсож өссөн тал бий. Гэхдээ бидний амьдарч байгаа нийгмийн асуудлыг бид өөрсдөө оролцож, дуу хоолойгоо хүргэж байж шийдэхгүй бол хүссэн үр дүндээ хүрэхэд хэцүү. Өөрсдөө оролцохгүй, санал бодлоо хэлэхгүй байж “Бүх зүйл болохгүй байна” гээд суухыг би хүсээгүй.

Манай гэр бүл, ойрын хүрээллийн хүмүүсээс улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүн байгаагүй. Миний хувьд улс төрийн салбарт оролцох шийдвэрийг өөрийн сонирхол, үзэл бодол, нийгэмд илүү өргөн хүрээнд ажиллах хүсэлтэйгээ уялдуулан гаргасан. Намын үйл ажиллагаанд оролцож байгаа нь ч мөн энэ сонголтын нэг хэсэг.

Улс төрийн оролцоог зөвхөн албан тушаалтай холбож харахаас илүү нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйл явцад өөрийн мэдлэг, туршлага, дуу хоолойгоороо оролцох боломж гэж хардаг. Тиймээс эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагаа бодлого боловсруулах түвшинд ашиглахын зэрэгцээ өөрийн боломж, хариуцлагын хүрээнд нийгэмд хэрэгтэй зүйлд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Миний хувьд энэ бол өмнөх мэргэжлийн замналаа орхисон шийдвэр биш. Харин сурч мэдсэн зүйлээ илүү өргөн хүрээнд ашиглаж, салбарынхаа шийдвэрлэх шаардлагатай асуудалд өөрийн хувь нэмрийг оруулахыг зорьсон дараагийн алхам юм.

–Олон үеийн төлөөлөлтэй, өргөн хүрээний намын үйл ажиллагаанд оролцож ажиллахад ямар байдаг вэ. Ялангуяа өөрөөс тань ахмад үеийнхэнтэй хамтран ажиллахдаа юуг илүү чухалчилдаг вэ?

–Нам бол тодорхой үзэл баримтлалын дор нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Тэр дундаа Ардын намын хувьд гурван үеийн залгамж, хэлхээ холбоо чухал байр суурь эзэлдэг гэж ойлгодог. Тиймээс өөр өөр нас, өөр өөр туршлагатай хүмүүстэй хамтран ажиллах нь миний хувьд бэрхшээлээс илүү суралцах боломж байдаг.

Залуус бидэнд эрч хүч, шинэ санаа, өөр өнцөг бий. Харин ахмад, туршлагатай хүмүүст олон жилийн хуримтлуулсан мэдлэг, амьдралын туршлага, аливаа асуудлыг олон талаас нь харж ирсэн давуу тал байдаг. Энэ хоёрын аль нэгийг нь үгүйсгэх биш, харин зөв хослуулах нь илүү үр дүнтэй гэж боддог.

Миний хувьд залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ эрүүл мэндийн чиглэлээр төсөл, ажил санаачлан хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ хийсэн бүхнээ заавал өөрийгөө сурталчлах байдлаар харуулахыг зорьж байгаагүй. Өөрийн хариуцсан ажлаа сайн хийх, хэрэгжүүлж байгаа зүйл маань хүмүүст бодитой хүрэх нь илүү чухал санагддаг байсан.

Дэд сайдад нэр дэвших үед залуучуудын байгууллагаас хийж хэрэгжүүлсэн ажил, гаргасан санал санаачилга, оролцоог тодорхой шалгуураар үнэлж, санал болгох үйл явц явагдсан. Манай холбоо оноожуулалтын системээр ажилладаг бөгөөд хэн ямар ажилд оролцсон, ямар санаачилга гаргасан, тухайн ажил нь хэр хүрсэн зэргийг тодорхой хэмжээнд үнэлдэг. Тэр үнэлгээгээр эмэгтэйчүүдийн төлөөллийн дунд тэргүүлж, залуучуудын байгууллагаас олгосон квотын хүрээнд нэр дэвших боломж надад олдсон. Мөн хэнийг дэвшүүлэх талаар нээлттэй санал асуулга явуулж, залуучуудын саналыг тусгасан.

Миний хувьд тэр үе хүртэл хийж ирсэн ажил, оролцоо маань үнэлэгдэж, дараагийн алхмаа хийх боломж болсон гэж ойлгодог. Энэ боломжийг өөрийгөө харуулах гэж бус, залуучуудынхаа итгэлийг хүлээсэн хариуцлага гэж хүлээж авсан. Тиймээс надад хамгийн чухал нь хэн намайг дэмжсэн бэ гэдгээс илүү, хүлээсэн итгэлээ хэрхэн ажил хэрэг болгож харуулах вэ гэдэг байсан.

Мэдээж өөр өөр нас, туршлагатай хүмүүсийн дунд ажиллахад үзэл бодлын ялгаа гарна. Гэхдээ тэр ялгааг зөрчил гэж харахаас илүү бие биенээсээ суралцах боломж гэж хардаг. Өөрийнхөө үеийнхний шинэ санаа, эрч хүчийг авчрахын зэрэгцээ ахмад үеийнхний туршлагаас суралцах нь бидний хийх ёстой зүйл. Эцсийн дүндээ насны ялгаанаас илүү нэг зорилгын төлөө хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг нь чухал. Гурван үеийн залгамж, хэлхээ холбоо хамтдаа байвал илүү бүтээмжтэй гэж боддог.

–Таныг Эрүүл мэндийн дэд сайдаар томилогдох үед олон нийтийн зүгээс янз бүрийн байр суурь, шүүмжлэл гарч байсан. Тэр үеийг та хэрхэн давсан бэ?

-Үнэнийг хэлэхэд, Дэд сайд болно гэсэн бүрэн итгэл надад ч тухайн үед байгаагүй. Тиймээс томилгоо олон нийтэд хүрэхэд янз бүрийн хүлээлт, байр суурь үүссэн. Тэр үед сошиал орчин ямар их нөлөөтэй байдгийг ч илүү ойлгосон юм.

Би фэйсбүүкийг нэг их ашигладаггүй. Харин ажлын шаардлагаар орж үзэхэд сайн, муу янз бүрийн мэдээлэл байсан. Сөрөг байр суурь, шүүмжлэл ч нэлээд байсан. Гэхдээ хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй учраас би хэнийг ч буруутгаагүй. Харин тэр бүхнийг байнга уншиж, өөрийгөө сэтгэлзүйн хувьд ядраах шаардлагагүй гэж бодоод хэсэг хугацаанд сошиал мэдээллээс холдож, ажилдаа төвлөрсөн. Тэр үед миний хувьд “Хүмүүс юу гэж хэлж байна вэ?” гэдгээс илүү “Би энэ ажил дээр юу хийж чадах вэ. Ямар үр дүн гаргаж чадах вэ?” гэдэг асуулт чухал байсан.

Тэр үе надад хүмүүс аливаа зүйлийг өөр өөрийн өнцгөөс харж, заримдаа хүний нас, төрх, өмнөх туршлага, хүрээллээр нь дүгнэх тохиолдол байдгийг ойлгуулсан. Харин миний хувьд аливаа ажлын цаана ямар асуудлыг шийдэх гэж байна, ямар үр дүн гаргах вэ гэдэг нь илүү чухал санагддаг. Тиймээс тэр үеийг би зөвхөн шүүмжлэлтэй тулгарсан үе гэж хардаггүй. Харин өөрийн сонголтод итгэж, бусдын үнэлгээнд хэт авталгүй, хийж байгаа ажлаараа хариулах хэрэгтэйг ойлгосон чухал үе байсан.

Заримдаа зөв гэж итгэсэн зүйлээ хийхэд бусдын хүлээлттэй зөрөх үе гарна. Тэр үед өөрийн зорилго, зарчмаа алдахгүй байх нь чухал. Миний хувьд хийсэн ажил маань бодит үр дүнтэй байж, хүмүүст хэрэгтэй өөрчлөлт авчирч чадвал тэр нь хамгийн зөв хариулт болно.

-Таныг “Хүн зорилготой, зарчим, хууль эрхзүйн хүрээнд амьдрах ёстой” гэсэн хүмүүжлээр өссөн гэж ярьдаг. Энэ зарчим өнөөдрийн ажилд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

–Хүн ямар ч нөхцөлд өөрийн гэсэн зарчимтай байх ёстой гэж боддог. Албан тушаал, нас, орчин нөхцөл өөрчлөгдөж болно. Харин хүн юуг зөв гэж үзэж байна, ямар хариуцлага хүлээж байна гэдэг нь илүү чухал.

Би зорилготой байж, хууль эрхзүйн хүрээнд, өөрийн зарчимдаа үнэнч амьдрах ёстой гэсэн хүмүүжлээр өссөн. Өнөөдөр ямар нэгэн шийдвэр гаргахдаа ч энэ хандлагаа баримтлахыг хичээдэг.

Миний хувьд бусдын үнэлгээнээс илүү өөрийн хийсэн ажилдаа хариуцлага хүлээж, итгэлийг зүтгэлээр хариулах нь чухал болохыг эрхэмлэн дээдэлдэг.

Хүн зорилготой, зарчим, хууль эрхзүйн хүрээнд амьдрах ёстой гэдэг хүмүүжлээр өссөн

 

-Өөрөөсөө ах хүмүүсийн дунд, заримынх нь үгийг зөрж, үзэл бодлыг нь няцаахын тулд зоригтой байх шаардлагатай. Үүнд тохирох сэтгэл зүйгээ  хэрхэн бэлдэж байв?

-Ерөөсөө  л зарчим. Хаана, хэдэн настай хүнтэй харилцахаас үл хамааран үр дүндээ хүргэх зарчмыг баримталсан учраас ахархах юм уу эсвэл өөр асуудал үүсээгүй. Эзэмшсэн мэргэжил маань намайг зарчимтай болгосон. Дээр нь би Монгол-Оросын хамтарсан сургуулийг төгссөн. Манай сургууль нэлээд шаардлага өндөртэй. Манай өвөө малчин хүн, Архангай аймагт аж төрдөг. Өвөө маань ч нэлээд зарчимч талдаа. Тэгэхээр гэр бүлийн суурь хүмүүжил, сайн багш нартай учирч байсны ачаар хүн зорилготой, хүрэх үр дүнтэй байх ёстой, тэр нь зарчим, хууль эрхзүйн хүрээнд байх ёстой гэдэг хүмүүжлээр өссөн.

Дэд сайд боллоо гээд өрөөндөө суухыг хүсээгүй. Ажлаа хийж яваа эмч, эмнэлгийн ажилтан, иргэдтэй биечлэн уулзаж, тэдний өдөр тутамд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь харах нь бодлого боловсруулахад чухал гэж боддог.

Эрүүл мэндийн дэд сайдаар дөрвөн сар ажиллах хугацаандаа найман аймагт ажилласан. Улаанбаатарт байхдаа ч томоохон эмнэлгүүдээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдээр орж, иргэдэд ямар асуудал хамгийн түгээмэл тулгарч байгааг, амбулаторийн ачаалал хаана үүсэж байгааг биечлэн харахыг хичээсэн. Явж ажилласан бүхнээ тухай бүр олон нийтэд мэдээлээд байхыг чухалчлаагүй. Харин харсан, сонссон зүйлээсээ ямар асуудлыг бодлогоор шийдвэрлэх боломжтой вэ гэдэгт илүү анхаарсан.

Үүний нэг нь амбулаторийн цаг авах асуудал байсан. Иргэн эмчид үзүүлэхээсээ өмнө цаг авах, эмнэлэгт хүрэх, дотогшоо орж үйлчилгээ авах хүртэл олон шат дамжлагатай тулгарч байна. Цаг авах боломж хэд хэдэн эх үүсвэрээр бий болсон ч хүртээмж, уялдаа нь хангалтгүй байгааг анзаарсан. Тиймээс зөвхөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг ярихаас гадна иргэн эмнэлэгт хандах бүх үйл явцыг зураглаж, хаана нь цаг хугацаа алдаж байгааг тодорхойлох хэрэгтэй гэж үзсэн.

Энд цахим технологийг зөв ашиглах боломж их байна. Иргэн эмчдээ хандахаас өмнө цаг алдах нь нэг талаас иргэдэд чирэгдэл болж, нөгөө талаас эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалалд нөлөөлдөг. Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэчлэл менежментийн шинэчлэлтэйгээ хамт явах ёстой гэж боддог.

Мөн зарим эмнэлгийн барилга, зохион байгуулалт олон хэсэгтэй учраас тухайн эмнэлгийн ажилтан биш иргэн аль тасаг, кабинет хаана байгааг олоход нэлээд хугацаа зарцуулдаг. Үүнийг шийдэхийн тулд эмнэлгийн мэдээлэл, чиглүүлэх зураглалыг угтах танхимд байрлуулах зэрэг энгийн боловч иргэдийн цагийг хэмнэсэн менежментийн шийдлүүд хэрэгтэй. Энэ мэтээр заавал их хэмжээний хөрөнгө, санхүү шаардахгүйгээр хийж болох өөрчлөлт олон байгааг газар дээр нь ажиллахдаа илүү тодорхой харсан.

– Таны ажилласан хугацаанд хүүхдийн эрт илрүүлэгт онцгой анхаарсан гэж ойлгож болох уу?

– Тийм. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг эрт үед нь илрүүлж, шаардлагатай тусламжид нь цаг алдалгүй холбох нь миний хувьд онцгой чухал асуудал.

2024 онд Эрүүл мэндийн яаманд ажиллаж байхдаа зургаан настай хүүхдийн эрт илрүүлгийн ажлын багт орж байсан. Тухайн үед улсын хэмжээнд нэгдүгээр ангийн 70 мянга гаруй хүүхдэд шүд, нүд, зүрхний үзлэг хийхэд хамрагдсан хүүхдүүдийн 20–30 хувьд нь зүрхний өөрчлөлт, мөн 20–30 хувьд нь хараатай холбоотой асуудал илэрсэн. Харин шүдний хувьд нийт хүүхдийн 90 орчим хувьд өвчлөл илэрсэн нь биднийг үнэхээр эмзэглүүлсэн. Ийм үр дүнг харсан хүний хувьд эрт илрүүлгийн ажлыг завсардуулахгүй үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Цаашлаад цэцэрлэгийн насны хүүхдүүдийн эрт илрүүлгийг эхлүүлэх нь зөв гэж дуугарсан. Хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлыг эрт илрүүлж, эрсдэл үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх боломжийг аль болох бага насанд нь бүрдүүлэх хэрэгтэй.

Одоо энэ санаа ажил хэрэг болж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилга, дэмжлэгтэйгээр улс орон даяар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 36 сартай буюу цэцэрлэгийн дунд анги, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр анги, 11 болон 15 настай хүүхэд гэсэн дөрвөн насны ангиллаар эрт илрүүлэг хийх зорилт тавьж байгаа.

Эрт илрүүлэг гэдэг нь зөвхөн өвчин оношлоод, эм бичиж өгөх тухай ойлголт биш. Хүүхдийн өсөлт, хөгжил, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж болох эрсдэл, хөгжлийн хоцрогдол, буруу дадал хэвшлийг аль болох эрт илрүүлж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын тусламж үйлчилгээтэй холбох тогтолцоо юм.

Хүүхдийн бага насанд амьдралынх нь хамгийн чухал дадал хэвшил төлөвшдөг. Тиймээс энэ үед үүссэн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулбал цаашдаа насан туршийн асуудал болох эрсдэлтэй. Харин эрт илрүүлж чадвал хүүхдийн өсөлт, хөгжил, амьдралын чанарт эергээр нөлөөлөх боломжтой.

Та зөвхөн эмнэлгийн байгууллагын асуудлыг харахаас гадна иргэдийн саналыг сонсохыг чухалчилж ажилласан байна. Энэ нь бодлогын ажилд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

– Эрүүл мэндийн бодлого эцсийн дүндээ иргэдийн амьдралд хүрч хэрэгжих ёстой. Тиймээс нэг талаас салбарынхаа эмч, эмнэлгийн ажилтнуудын бодит нөхцөл, тулгамдсан асуудлыг газар дээр нь сонсох, нөгөө талаас иргэд ямар үйлчилгээ, ямар өөрчлөлтийг хүсэж байгааг шууд сонсохыг хичээсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд орон нутагт ажиллахдаа олон санал сонсож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн УИХ-ын даргын иргэдтэй хийсэн нээлттэй уулзалтуудад Эрүүл мэндийн яамны төлөөлөл болж оролцон, иргэдийн санал хүсэлтийг сонссон.

Тэр уулзалтуудаас иргэд эрүүл мэндийн салбараас юу хүсэж байгаа, ямар бодлого, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох шаардлагатай гэж үзэж байгааг шууд сонсох боломжтой байсан. Миний хувьд энэ бүхэн нэг зүйлийг улам тодорхой ойлгуулсан. Бодлого гэдэг зөвхөн кабинетад боловсруулдаг баримт бичиг биш. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд тулгарч байгаа асуудлыг сонсож, газар дээр нь харж, түүнийг шийдэл болгон буулгах үйл явц юм.

– Тэгвэл одоо та юунд төвлөрч ажиллаж байна вэ?

– Одоо миний хувьд эрүүл мэндийн салбарын цахимжилт, анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмж, эмийн хүртээмж болон стандартын уялдаа зэрэг хэд хэдэн асуудалд анхаарч ажиллаж байна.

Цахимжилтын асуудлыг зөв шийдэж чадвал манай салбарын томоохон хөшүүрэг болно гэж харж байгаа. Яагаад гэвэл эрүүл мэндийн мэдээллийг оновчтой, бүрэн цуглуулах, тусламж үйлчилгээг бүртгэх, хянах, тандалт хийх, цаашлаад бодлого боловсруулахад цахим системийн зөв шийдэл маш чухал.

Гэтэл өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эмнэлэг, лавлагаа шатлалын эмнэлгүүд хоорондоо мэдээллээ бүрэн солилцох нэгдсэн интеграц хангалтгүй, ялгаатай 20 орчим цахим систем ашиглаж байна. Суурь системүүдийн уялдааг зөв шийдээгүйгээс эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын ачаалал нэмэгдэхийн зэрэгцээ иргэдэд ч чирэгдэл үүсэж байна.

Тиймээс ЗГХЭГ-ын түвшинд эрүүл мэндийн цахимжилтыг сайжруулах чиглэлээр Ажлын хэсэг байгуулагдаж, ажлаа эхлүүлсэн. Энэ ажилд салбарын болон холбогдох чиглэлийн тал талын төлөөллийг оролцуулж, асуудлыг зөв тодорхойлж, шийдэлд хүрэхийг зорьж байна.

Нөгөө талаас анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжид анхаарах шаардлагатай. Анхан шатны тусламж үйлчилгээ иргэдэд хамгийн ойр байх ёстой ч өнөөдөр иргэдийн олонх нь шууд лавлагаа шатлалын эмнэлэгт хандах хандлага байна. Анхан шатны эмнэлгийн байршлыг бүсчилсэн байдлаар харахад төвлөрөл ихтэй, захын гэр хороолол болон зарим дүүргийн иргэдэд хүртээмжийн асуудал байгааг 2025 оны статистик мэдээллээс харж болно.

Мөн хөдөө, орон нутагт амьдарч байгаа иргэдийн хувьд хөнгөлөлттэй үнээр эм авах хүртээмжийн асуудал бий. Энд эмийн сангийн хүрэлцээ төдийгүй стандартын асуудал ч хөндөгдөнө. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангаас аймгийн төвийн эмийн сантай ижил түвшний стандарт шаардах нь бодит нөхцөлтэйгөө нийцэхгүй тохиолдол байж болно. Тиймээс орон нутгийн нөхцөлд нийцсэн, хэрэгжих боломжтой стандарт шаардлагатай.

Нэлээд удаан хугацаанд шинэчлэгдээгүй стандартууд ч байна. Энэ мэт уялдаа холбоо шаардсан асуудлыг салбарын бодлого, менежменттэй  хамтад нь авч үзэх хэрэгтэй. Миний хувьд асуудлыг зөв тодорхойлж, хэрэгжих боломжтой шийдэл гаргаж, түүнийгээ тууштай ажил хэрэг болгоход анхаарч байна.

 

Томчууд хүүхдийн өмнөөс бодлого тодорхойлох ёсгүй

 

–Ерөнхий сайдын дэргэд зөвлөлүүд ажиллаж байна. Та ямар зөвлөлүүдийг хариуцан ажиллаж байгаа вэ?

-Ерөнхий сайд дэргэдээ олон зөвлөлтэй. Миний хувьд  Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөлийг хариуцан ажиллаж байна.

Хүүхдийн асуудал бол зөвхөн нэг яам, нэг салбарын асуудал биш. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал гээд олон асуудал хоорондоо уялдаатай. Тиймээс Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хүрээнд салбар бүрийн ажлыг уялдуулж, хүүхдийн эрх ашиг, ирээдүйд чиглэсэн бодит шийдлүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хэд хэдэн удаа хуралдсан. Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд ч олон ажил эрчимжиж байна. Аль нэг яамны чиг үүргээр хязгаарлахгүйгээр хүүхдийн төлөө хийх ажлуудыг салбар хоорондын уялдаатайгаар авч үзэж байгаа гэсэн үг. Энэ хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нөгөө талаас хүүхэд бүрт суралцах, хөгжих, өөрийн авьяас сонирхлоо нээх боломжийг тэгш олгох асуудлыг чухалчилж байна.

Тухайлбал, хүүхдийн эрт илрүүлгийг бага наснаас нь эхлүүлж, өсөлт хөгжилд нь нөлөөлж болох эрсдэлийг цаг алдалгүй илрүүлэн шаардлагатай тусламж үйлчилгээнд холбох нь чухал. Хүүхэд эрүүл байх нь зөвхөн өвчин эмгэггүй байх тухай биш, сурч хөгжих боломжтой байх үндэс гэж хардаг.

Мөн Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн парк байгуулах ажлыг хүүхдүүдийн суралцах, бүтээлчээр сэтгэх, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх нэг чухал алхам гэж харж байна. Хүүхэд бүрийн амьдарч байгаа газар, гэр бүлийн нөхцөл, боломж өөр байж болно. Харин суралцах, хөгжих боломж нь аль болох тэгш байх ёстой.

Хүүхдүүдийн дунд шинжлэх ухаан, технологи, шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ сонирхдог маш олон хүүхэд бий. Тэдний зарим нь боломжтой орчинд өсөж, нэмэлт сургалт, технологид хүрч чаддаг бол зарим нь тэр боломжийг авч чаддаггүй. Тиймээс хүүхэд хаана төрж өссөнөөс үл хамааран өөрийн сонирхол, авьяасаа хөгжүүлэх боломжтой орчин бүрдүүлэх нь чухал.

Гэхдээ бид хүүхдүүдийн өмнөөс “Тэдэнд энэ хэрэгтэй” гэж бүхнийг шийдэхээс илүү өөрсдийнх нь дуу хоолойг сонсож байж бодлого тодорхойлох ёстой гэж үздэг. Тиймээс 21 аймаг, есөн дүүргээс 500 хүүхдийг хамруулсан майхант цугларалт зохион байгуулж, хүүхдүүдийн өөрсдийнх нь санал, хүсэл, тулгамдаж байгаа асуудлыг сонссон.

Миний хувьд хүүхдийг зөвхөн хамгаалуулах, тусламж авах ёстой нэг хэсэг гэж харахаас илүү өөрийнхөө ирээдүйг бүтээхэд оролцдог иргэн гэж харах нь чухал. Бидний хийх ажил бол тэдний өмнөөс бүхнийг шийдэх биш, харин эрүүл өсөж, сайн суралцаж, өөрийн хүссэн зүйлээ хөгжүүлж, нийгэмдээ оролцох боломжийг нь бүрдүүлэх явдал гэж боддог.

-Хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоог хөгжүүлэхэд бүх насныхны оролцоо чухал?

-Би ч гэсэн аливаа салбарын хөгжилд гурван үеийн залгамж, хэлхээ холбоо маш чухал гэж боддог. Залуучуудын хувьд шинэ зүйл туршиж үзэх эрч хүч, шинэ санаа, өөрчлөлтийг хурдан хүлээж авах давуу тал бий. Харин идэр насныхан, ахмад үеийнхэнд хуримтлуулсан мэдлэг, туршлага, туулж ирсэн замаасаа олж авсан сургамж байна. Энэ хоёрын аль нэгийг нь нөгөөгөөр нь солих биш, харин бие биеэ нөхөж ажиллах нь хамгийн зөв.

Нэг зорилгын төлөө хүн бүр өөрийн чаддаг зүйлээ хийж, дутуугаа нөхөж чадвал ажил илүү урагшилна. Тиймээс үе хоорондын ялгааг өрсөлдөөн гэж харахаас илүү хамтын давуу тал гэж харах хэрэгтэй.

Нөгөө талаар салбарын хэмжээнд бидний анхаарах нэг зүйл бол эв нэгдэл, дуу хоолойн нэгдэл гэж боддог. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт олон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо ажилладаг. Зарим нэг өвчин, асуудлын чиглэлээр арав гаруй холбоо зэрэгцэн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдол ч бий. Нэг чиглэлээр ажиллаж байгаа байгууллага, холбоод зорилгоо нэгтгэж, үйл ажиллагаагаа уялдуулж чадвал бодлогод нөлөөлөх, үйл ажиллагаагаа бэхжүүлэх, зорилтот үр дүндээ хүрэх боломж нь илүү нэмэгдэнэ.

Би эрүүл мэндийн салбараа илүү нэгдмэл, нэг зорилгын төлөө хамтран ажилладаг салбар байгаасай гэж хүсдэг. Өөр өөр байр суурь байх нь хэвийн. Харин эцсийн зорилго нь иргэдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж гэдэг дээр бид нэгдэж чаддаг байх нь чухал.

Мөн залуучуудыг зөвхөн “залуу” гэдэг өнцгөөс нь харж, дүгнэхгүй байгаасай гэж боддог. Хүний нас бүр өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Залуу хүн гэдэг шинэ санаа, эрч хүчийг авчирдаг бол ахмад хүн туршлага, алсын хараа, амьдралын сургамжаа хуваалцаж чадна.

Тиймээс хүнийг хэдэн настай вэ гэдгээс илүү юу хийж бүтээж байна, ямар чадвартай вэ, ямар санаа гаргаж байна, хариуцсан ажлаа хэрхэн хийж байна вэ гэдгээр нь үнэлэх нь зөв гэж боддог. Би өөрөө ч залуу хүн, эмэгтэй хүн гэдэг талаасаа тодорхой хүлээлт, үнэлэмжтэй тулгарч байсан учраас энэ асуудлыг илүү мэдэрдэг.

Хүн бүрийн ялгаатай онцлогийг сул тал гэж харахаас илүү давуу тал болгон ашиглаж чадвал бид илүү ихийг бүтээнэ. Өөрөөр хэлбэл, үе бүрийн сайн талыг олж харж, хоорондоо суралцаж, хамтдаа урагшлах нь илүү чухал. Би ажил дээрээ ч энэ зарчмыг баримталж ажиллахыг хичээдэг.

-Тиймээс та холбоо байгуулсан юм уу?

-Би Монголын эрүүл мэнд, нийгмийн дэвшил холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ холбоог байгуулах болсон гол санаа маань эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг нэг зорилгын дор нэгтгэж, асуудлаа хамтдаа ярилцаж, шийдэл эрэлхийлэхэд оршиж байгаа.

Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд өдөр тутамдаа иргэдтэй хамгийн ойр ажиллаж, бодит асуудлыг газар дээр нь мэдэрдэг. Гэхдээ тэдний хуримтлуулсан туршлага, санал бодол бодлого боловсруулж байгаа түвшинд тэр бүр хүрч чаддаггүй тохиолдол бий. Тиймээс мэргэжлийн хүмүүсийнхээ дуу хоолойг нэгтгэж, салбарынхаа асуудлыг хамтдаа ярилцаж, боломжит шийдлүүдийг санал болгох хэрэгтэй гэж үзсэн.

Миний хувьд энэ холбоо хэн нэгнийг шүүмжлэх, аль нэг талын эсрэг байр суурь илэрхийлэхээс илүү шийдэл хайдаг, мэдлэг туршлагаа хуваалцдаг, хамтран ажилладаг мэргэжлийн орчин байгаасай гэж хүсдэг.

Эрүүл мэндийн салбарт олон байгууллага, холбоо, мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Бүгд өөр өөрийн хүрээнд маш олон сайн ажил хийдэг. Харин эдгээр хүч, туршлага, санаачилгыг нэг зорилгын төлөө уялдуулж чадвал салбарынхаа хөгжилд илүү бодитой хувь нэмэр оруулж чадна.

Эцсийн дүндээ бидний зорилго нэг — иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү чанартай, хүртээмжтэй болох. Тиймээс дуу хоолойгоо нэгтгэж, бие биеэсээ суралцаж, асуудлаа хамтдаа шийдэх соёлыг бий болгохыг энэ холбоогоороо зорьж байна.

 

Хийхгүй хүнд муулуулж байснаас юм хийж байгаад хүнд зэмлүүлэх нь дээр юм байна

 

-Холбооныхоо үйл ажиллагааг олон талаар идэвхжүүлж байгааг харж байна. Гэхдээ бусад нь хэрхэн хүлээж авч байгаа бол?

– Шинэ зүйл эхлүүлж, хүмүүсийг нэг зорилгын дор нэгтгэн ажиллахад эхний үед ойлголцох, итгэлцэл бий болгох шаардлагатай байдаг. Янз бүрийн байр суурь, хүлээлт байх нь мэдээж хэвийн. Миний хувьд үүнийг саад гэхээсээ илүү хийж эхэлсэн ажлаа ойлгуулж, үр дүнгээр нь харуулах боломж гэж хардаг.

Би нэг зүйлийг ойлгосон. Аливаа ажлыг хийхгүй байхад шүүмжлэл байхгүй мэт боловч хийж эхлэх үед санал бодол, байр суурь заавал гарч ирдэг. Тиймээс бусдын үнэлгээнээс илүү хийж байгаа ажлынхаа зорилго, үр дүнд анхаарах нь чухал.

Одоогоор манай холбоо харилцан адилгүй тооны гишүүнтэй 30-аад төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаар өглөөний уулзалт зохион байгуулж, эхний ажлуудаа эхлүүлээд байна. Энэ бол зөвхөн нэг холбооны үйл ажиллагаа биш, эрүүл мэндийн салбарын өөр өөр чиглэлд ажиллаж байгаа хүмүүс, байгууллагуудын туршлага, боломжийг нэгтгэх эхлэл гэж харж байгаа.

Эв нэгдэлтэй, нэг зорилготой байж чадвал олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Харин нэг асуудал дээр олон өөр байр суурьтай, хоёр, гурван тийшээ харж ажиллавал салбарынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, бодит өөрчлөлт хийхэд хүндрэлтэй.

Манай эрүүл мэндийн салбар хүчээ нэгтгэж, нэг зорилгын төлөө хамтдаа ажилласан үедээ ямар их өөрчлөлт хийж чаддагаа өнгөрсөн хугацаанд олон удаа харуулсан. Тиймээс цаашдаа ч хүн бүр өөрийн хүрээндээ сайн ажиллахаас гадна хүчээ нэгтгэж, дуу хоолойгоо нэгтгэн, шийдэл дээр хамтарч ажиллах нь хамгийн чухал гэж боддог.

-Та өнгөрсөн хэдэн сарын хугацаанд олон нийтийн янз бүрийн байр суурь, магтаал, зэмлэлийг зэрэгцүүлэн хүлээж авч, өөрийн байр сууриа улам тодорхой болгож байх шиг байна. Тэгвэл таны цаашдын хамгийн том зорилго юу вэ?

-Одоогоор миний хамгийн том зорилго бол өнөөдөр хийж байгаа ажилдаа хариуцлагатай байж, эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэх. Улс төрийн нөхцөл боломж цаашид хэрхэн бүрдэхийг би урьдчилан хэлж мэдэхгүй. Энэ нь зөвхөн нэг хүний шийдвэрээр тодорхойлогддог зүйл ч биш.

Хүний амьдралд өөрийн гэсэн зам, цаг хугацаа байдаг гэж би боддог. Тэр зам намайг хааш нь хөтлөхийг бүгдийг нь урьдчилан мэдэх боломжгүй. Харин хаашаа явж байгаагаас үл хамааран тухайн цаг үед хийж байгаа ажилдаа эзэн болж, хариуцлагатай ажиллах нь миний хувьд хамгийн чухал.

Ер нь ирээдүй их хийсвэр. Өнгөрсөн ч эргээд өөрчлөх боломжгүй утгаараа хийсвэр. Харин бидэнд бодитоор байгаа зүйл бол өнөөдөр. Тиймээс одоо эхлүүлж байгаа ажлуудынхаа үр дүнг өөрийн нүдээр харахын төлөө ажиллахыг хүсдэг.

Мэдээж улс төрийн хувьд миний хүрэхийг хүсдэг цэг, хэрэгжүүлэхийг хүсдэг зүйлс бий. Тийшээ хүрэх зам хэр урт байх вэ, ямар нөхцөлөөр явах вэ гэдэг нь зөвхөн миний шийдэх асуудал биш. Амьдралын замд юу тохиолдохыг би бүгдийг нь мэдэхгүй.

Харин нэг зүйл дээр би тодорхой байгаа. Бодсон, төлөвлөсөн зүйл  бий. Тэр бүхнийг хэрэгжүүлэхийн тулд суралцаж, ажиллаж, боломж бүрдсэн үед нь хариуцлага хүлээхэд би бэлэн байна. Миний хувьд өнөөдөр хийх ёстой зүйлээ сайн хийх нь маргаашийн алхмыг бий болгоно гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд таныг дуртай ажлаа хийж чадаж байгаа эсэхийг тодруулъя. Хамгийн сүүлд хэзээ хүүхдүүдтэй ажиллаж үзлэг, эмчилгээгээ хийсэн бэ?

– “Дуртай ажлаа хийж байна уу?” гэж асуухаар эмчийн ажил, өнөөдөр хийж байгаа бодлогын ажлаа хоёр тусдаа зүйл гэж харах хэрэггүй юм шиг санагддаг. Хүүхдийн эмчээр ажиллаж байсан үе маань өнөөдрийн ажилтай минь олон талаар холбогддог. Харин өмнөх үеэ бодвол одоо хүүхдүүдтэй шууд ажиллаж, үзлэг, эмчилгээ хийх цаг харьцангуй бага болсон.

Гэхдээ Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд аль болох хүүхдүүд рүүгээ чиглэсэн ажилд анхаарч байна. Хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хамгаалалд зөвхөн нэг байгууллага биш, иргэн бүр хариуцлагатай оролцдог байх нь чухал гэж боддог.

Хаана хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл үүсэж байна, түүнийг хараад дуугүй өнгөрөхгүй, мэдээлдэг, хамгаалдаг, шаардлагатай үед нь тусламж дэмжлэг үзүүлдэг хандлагыг бий болгохыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд хамгаалал гэдэг зөвхөн мэргэжлийн хүмүүсийн хийх ажил биш, хүн бүрийн оролцоо шаарддаг зүйл.

Тиймээс хүүхдүүдтэй шууд ажиллах хугацаа багассан ч тэдний төлөө ажиллах зорилго өөрчлөгдөөгүй. Боломж гарвал хүүхдүүдтэй уулзаж, тэдний яриаг сонсож, юу хүсэж байгааг нь ойлгохыг хичээдэг.

Ер нь миний хувьд “Итгэлийг зүтгэлээр” гэдэг үг их чухал. Өнөөдөр надад итгэж хариуцсан ажлыг зүгээр нэг албан тушаал гэж харахгүй байна. Хариуцлагатай хамтарч ажиллах, илүү ихийг судалж суралцах, хурдтай ажиллаж, хийсэн ажлаасаа бодит үр дүн гаргахын төлөө хичээж явна.

Хийж байгаа ажил маань хүүхдүүдийн амьдралд, иргэдийн эрүүл мэндэд бага ч гэсэн бодит өөрчлөлт авчирч байвал тэр миний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн сонин"-ы №034/24709/ дахь дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.