Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путин, Ши Жиньпин нартай юу ярив?
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар оролцов. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсын хувьд зөвхөн ШХАБ-ын индэрт байр сууриа илэрхийлсэн үйл явдал байсангүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай тус тус уулзсан нь Монголын гадаад бодлого, эдийн засгийн ашиг сонирхлын үүднээс анхаарал татсан гол үйл явдал байлаа.
Бишкект болсон уулзалтаар Евразийн бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, тээвэр, эрчим хүч, харилцан холболтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч өргөтгөсөн хуралдаанд хэлсэн үгэндээ ШХАБ цаашид зөвхөн асуудал хэлэлцдэг байгууллага байхаас илүүтэй бодит төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны механизм болон хөгжих шаардлагатайг онцоллоо.
Энэ байр суурь Монголын хувьд тодорхой учир шалтгаантай. Далайд гарцгүй, Орос, Хятад гэсэн хоёр том эдийн засгийн дунд оршдог манай улсын хувьд бүс нутгийн интеграц, тээвэр логистикийн шинэ коридор, эрчим хүч, худалдааны хамтын ажиллагаа нь эдийн засгийн өсөлтийн бодит боломж юм.Тиймээс Бишкект болсон олон талт уулзалтуудаас Монголын хувьд хамгийн чухал нь хоёр хөршийн Төрийн тэргүүнтэй хийсэн яриа хэлэлцээ байв.
Ши Жиньпин: Монголтой хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгоно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наймдугаар сарын 31-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.Ши Жиньпин уулзалтын үеэр Монгол, Хятад хоёр уул усаар холбогдсон ойрын хөршүүд бөгөөд энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан дэмжих, хамтран хөгжих нь хоёр улсын харилцааны үндсэн чиг шугам байсаар ирснийг онцолжээ.Тэрбээр Хятад улс Монголтой харилцах харилцааг хөрш орнуудтай явуулах гадаад бодлогынхоо чухал байр сууринд үргэлжлүүлэн тавьж, стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Эндээс эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэл илүү тодорхой харагдана.
Ши Жиньпин хоёр улсын хөгжлийн стратегийг уялдуулах, худалдаа, дэд бүтцийн харилцан холболт, эрчим хүч, ашигт малтмал зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ ногоон хөгжил, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарт хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх санал дэвшүүлжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол, Хятадын эдийн засгийн харилцааг зөвхөн нүүрс, зэс болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортоор хязгаарлахгүй, технологи болон шинэ эдийн засгийн салбар руу тэлэх тухай яриа Бишкект өрнөв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Монгол Улсын гадаад бодлогод БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь тэргүүлэх чиглэл болохыг илэрхийлээд, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, ногоон эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн байна. Хятадын талын албан мэдээлэлд бас нэг анхаарал татах зүйл бий. Ши Жиньпин Монголын талд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг үр дүнтэй хамгаалахыг хүссэн байна. Энэ нь хоёр улсын эдийн засгийн харилцаанд зөвхөн худалдааны хэмжээ бус хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн баталгаа ч улам чухал болж байгааг харуулна. Уулзалтын улс төрийн хэсэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг тууштай баримталдгийг дахин нотолжээ. Мөн Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн хэмжээний санаачилгуудын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Ингэснээр У.Хүрэлсүх, Ши Жиньпин нарын Бишкект хийсэн уулзалтыг улс төрийн харилцан итгэлцлээ баталгаажуулахын зэрэгцээ эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ салбаруудаар өргөжүүлэх чиглэлээ тодорхойлсон уулзалт гэж дүгнэж болохоор байна.
Путин: Монгол, Оросын харилцаа урт хугацааны найрамдалд тулгуурладаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бишкект хийсэн дараагийн чухал уулзалт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийсэн яриа хэлэлцээ байв. В.Путин уулзалтын эхэнд Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа нь олон жилийн сайн хөршийн харилцаа, найрамдал, бие биеийнхээ ашиг сонирхлыг харилцан ойлгож ирсэн уламжлалд тулгуурладаг болохыг онцолсон юм. Энэ бол зүгээр нэг дипломат ёслолын үг биш. Монгол, Оросын харилцааны өнөөгийн бодит суурийг илэрхийлсэн байр суурь юм. Хоёр улсын харилцаанд эрчим хүч, шатахуун, төмөр зам, худалдаа зэрэг Монголын эдийн засагт шууд нөлөөлдөг салбарууд онцгой байр суурь эзэлдэг. Тиймээс У.Хүрэлсүх, В.Путин нарын уулзалтаар ч эдгээр асуудал гол сэдэв болов.Монголын хувьд ОХУ бол түлш, шатахууны үндсэн нийлүүлэгч, “Улаанбаатар төмөр зам”-ын хамтарсан эзэмшигч төдийгүй хойд чиглэлийн худалдаа, тээврийн гол гарц. Харин Оросын хувьд Монгол Улс Хятад болон Азийн зах зээл рүү чиглэх газарзүйн чухал коридорын нэг юм.
Иймээс хоёр улсын эдийн засгийн харилцааг цаашид зөвхөн уламжлалт худалдаагаар хязгаарлахгүй, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээврийн томоохон төслүүдээр өргөжүүлэх боломж хоёр талын ашиг сонирхолтой давхцаж байна. В.Путин уулзалтын үеэр хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж буйг тэмдэглээд, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломж байгааг онцолжээ.
Хоёр уулзалтын огтлолцол нь Монголын эдийн засгийн ашиг сонирхол
У.Хүрэлсүхийн Ши Жиньпин, В.Путин нартай хийсэн уулзалтуудыг тус тусад нь харахаас илүүтэй нэг бүхэл болгон харвал ач холбогдол нь илүү тодорхой болно. Монголын өмнөд талд дэлхийн хоёр дахь том эдийн засаг, манай экспортын хамгийн том зах зээл БНХАУ бий. Хойд талд эрчим хүч, шатахуун, төмөр замын салбарт стратегийн хамааралтай ОХУ оршдог. Монгол Улс энэ хоёр том эдийн засгийн яг дунд байрладаг.Энэ газарзүйн байрлал нэг талаас хамаарал үүсгэдэг боловч нөгөө талаас асар том боломж юм.
Оросын эрчим хүч, түүхий эдийг Монголын нутгаар дамжуулан Хятадын зах зээлд хүргэх, Монголын экспортын төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридорыг бодитоор ажиллуулах, авто болон төмөр замын шинэ гарцуудыг нээх боломж бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хоёр хөршийнхөө дунд зүгээр нэг хавчуулагдсан газарзүйн байрлалтай улс биш, харин Европ, Оросыг Хятад болон Зүүн Азийн зах зээлтэй холбох дамжин өнгөрөх зангилаа болох боломжтой. Чухам энэ боломжийг бодит эдийн засгийн өгөөж болгох нь Монголын гадаад бодлогын том сорилт хэвээр байна. Бишкект болсон уулзалтуудын ач холбогдол ч энд оршино.
Нэг талд Ши Жиньпин Монголтой худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээс гадна ногоон хөгжил, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарт хамтрах санал дэвшүүлэв. Нөгөө талд В.Путин Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг уламжлалт найрамдал, харилцан ашиг сонирхлын үндсэн дээр цаашид хөгжүүлэхээ илэрхийллээ.
Эндээс Монголын хийх ажил тодорхой харагдана.Хоёр хөршийн улс төрийн сайн харилцааг эдийн засгийн бодит үр ашиг болгон хувиргах хэрэгтэй. Уулзалт бүрийн дараа яригддаг төмөр зам, эрчим хүч, боомт, дамжин өнгөрөх тээвэр, үйлдвэржилтийн төслүүдийг бодит бүтээн байгуулалт болгох нь хамгийн чухал.Тиймээс Бишкект болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт Монгол Улсын хувьд нэгэн олон улсын хуралд ажиглагчаар оролцоод өнгөрсөн үйл явдал байсангүй.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч нэг дор Орос, Хятадын төрийн тэргүүнтэй уулзаж, хоёр хөрштэй харилцах улс төрийн итгэлцлээ баталгаажуулан, эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн чиглэлийг ярилцсан дипломат чухал талбар болов.Одоо хамгийн чухал нь Бишкект ярьсан зүйлс дараагийн уулзалтаар дахин яригдах биш, гэрээ, хөрөнгө оруулалт, төмөр зам, эрчим хүч, үйлдвэр, худалдааны бодит төсөл болж Монголын эдийн засагт үлдэх явдал юм.
М.ГАЛ
"Монголын үнэн" сонин