Рейганы засаг захиргаа яагаад Иранд нууцаар зэвсэг зарсан бэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1980-аад онд терроризмын эсрэг хатуу байр сууриараа алдартай байв. Түүний засаг захиргаа террористуудтай наймаалцахгүй, барьцаалагдсан америкчуудыг суллуулахын тулд буулт хийхгүй гэдгээ олон нийтэд удаа дараа мэдэгддэг байлаа.Гэвч хөшигний цаана үүний яг эсрэг зүйл болж байв.
АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган 1980-аад онд терроризмын эсрэг хатуу байр сууриараа алдартай байв. Түүний засаг захиргаа террористуудтай наймаалцахгүй, барьцаалагдсан америкчуудыг суллуулахын тулд буулт хийхгүй гэдгээ олон нийтэд удаа дараа мэдэгддэг байлаа.Гэвч хөшигний цаана үүний яг эсрэг зүйл болж байв.
АНУ тухайн үедээ хамгийн дайсагнасан харилцаатай орнуудын нэг болох Иранд нууцаар зэвсэг нийлүүлжээ. Үүгээр ч зогсохгүй зэвсгийн борлуулалтаас орж ирсэн мөнгөний тодорхой хэсгийг хэдэн мянган километрийн цаана, Никарагуагийн Засгийн газрын эсрэг байлдаж байсан босогчдод шилжүүлсэн байна. Нэг талд нь Иран, нөгөө талд нь Никарагуа. Хоорондоо бараг ямар ч холбоогүй мэт энэ хоёр улсыг Цагаан ордноос удирдсан нууц ажиллагаа холбосон юм.
Хожим энэ хэрэг Рейганы Ерөнхийлөгчийн найман жилийн хамгийн том улс төрийн дуулиан болж, түүхэнд “Иран-Контрагийн хэрэг” нэрээр улс төрийн түүхэнд үлджээ.
БҮХ ЗҮЙЛ ЛИВАНД БАРЬЦААЛАГДСАН АМЕРИКЧУУДААС ЭХЛЭВ
Ливанд 1980-аад оны эхээр иргэний дайн болж байлаа. АНУ-ын Элчин сайдын яам халдлагад өртөж, 1983 оны аравдугаар сард Бейрут дахь Америкийн тэнгисийн явган цэргийн байр руу амиа золиослогч халдсанаар АНУ-ын 241 цэргийн алба хаагч амиа алджээ.
Үүний зэрэгцээ Ливанд ажиллаж байсан америк иргэдийг барьцаалах явдал удаа дараа гарав.
АНУ-ын хувьд асуудал тун ээдрээтэй байлаа. Ливан дахь барьцаалагч бүлэглэлүүдэд Иран нөлөөтэй гэж Вашингтон үзэж байсан учраас америкчуудыг суллуулахад Тегераны оролцоо хэрэгтэй байв. Гэтэл АНУ, Ираны харилцаа аль хэдийнэ дайсагналын хэмжээнд хүрчихсэн байлаа.1979 онд Иранд Исламын хувьсгал гарч, АНУ-ын ойрын холбоотон шах Мохаммад Реза Пехлевийн дэглэм нуран унав. Удалгүй Тегеран дахь АНУ-ын Элчин сайдын яамыг эзлэн авч, 52 америк хүнийг 444 хоног барьцаалсан нь хоёр орны харилцааг үндсээр нь өөрчилсөн юм. Рейганы засаг захиргаа терроризмын эсрэг хатуу бодлого баримталж, террористуудтай наймаалцахгүй гэдгээ зарладаг байсан ч барьцаалагдсан иргэдээ суллуулах өөр гарц хайж эхэлжээ. Ингээд Ирантай нууц суваг нээх санаа Цагаан ордонд бий болов.
ИРАНТАЙ НУУЦ ХАРИЛЦАА ТОГТООХ ОРОЛДЛОГО
Тухайн үед Иран, Иракийн дайн үргэлжилж байлаа. 1980 онд эхэлсэн энэ дайн хэдэн зуун мянган хүний аминд хүрсэн, Ойрхи Дорнодын хамгийн цуст мөргөлдөөнүүдийн нэг болсон юм. Вашингтоны зарим албан тушаалтан Ираны удирдлагын дотор барууны орнуудтай харилцаагаа сэргээх сонирхолтой, харьцангуй прагматик хүмүүс байгаа гэж үзэж байв. Энэ нь АНУ-д стратегийн боломж мэт харагджээ.
Иран бол Персийн булангийн газрын тосны бүс нутагт орших, тухайн үеийн ЗХУ-тай хил залгаа стратегийн чухал улс байв. Хэрэв Тегераны удирдлагын тодорхой хэсэгтэй нууц харилцаа тогтоож чадвал ирээдүйд АНУ, Ираны харилцааг сэргээх боломж гарна гэж тооцжээ. Нөгөө талаар Иран Ливан дахь зэвсэгт бүлэглэлүүдэд нөлөөлж, барьцаалагдсан америкчуудыг суллуулахад тусалж болох байв. Гэвч Тегеран хариуд нь нэг зүйл хүсжээ. Энэ нь зэвсэг байлаа.
ДАЙСАНДАА ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛСЭН НЬ
Иран, Иракийн дайны үед Тегеранд Америкт үйлдвэрлэсэн зэвсэг, сэлбэг хэрэгсэл нэн шаардлагатай байв. Учир нь, 1979 оны хувьсгалаас өмнө шахын Иран АНУ-ын гол холбоотнуудын нэг байсан бөгөөд Ираны зэвсэгт хүчний техник хэрэгслийн томоохон хэсгийг Америкт үйлдвэрлэсэн бараа бүрдүүлж байжээ.
Хувьсгал гарснаар АНУ зэвсгийн нийлүүлэлтээ зогсоосон ч Ираны армид хуучин америк техникүүд үлдсэн байв. Тэдгээрийг ажиллуулахын тулд сэлбэг хэрэгсэл, сум, пуужин шаардлагатай болсон юм. Ингээд нууц тохиролцоо эхэлжээ.
АНУ Иранд зэвсэг нийлүүлнэ. Харин Иран Ливан дахь холбоотнууддаа нөлөөлж, барьцаалагдсан америкчуудыг суллуулахад тусална.
Эхний нийлүүлэлтүүдийг Израилиар дамжин хийсэн бөгөөд хожим АНУ өөрөө шууд оролцох болов. Иранд танк эсэргүүцэгч ТОУ пуужин, агаарын довтолгооноос хамгаалах ХОК системийн пуужин зэрэг зэвсэг нийлүүлжээ. Гэтэл энэ ажиллагаа Рейганы засаг захиргааны олон нийтэд зарлаж байсан бодлоготой шууд зөрчилдөж байлаа. Нэг талаас Вашингтон “Террористуудтай наймаалцахгүй” гэж мэдэгдэнэ.
Нөгөө талаас Иранд зэвсэг өгч, барьцаалагдсан америкчуудыг суллуулахад туслалцаа авч байв.
Хожим Рейган өөрөө Ирантай стратегийн харилцаа тогтоох зорилготой эхэлсэн ажиллагаа бодит байдал дээр зэвсгийг барьцаалагдсан хүмүүсээр солих хэлцэл болон хувирсныг хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ хэрэг үүгээр дууссангүй.
НИКАРАГУА ХЭРХЭН ХОЛБОГДОВ?
Иран-Контрагийн хэргийг Америкийн улс төрийн томоохон дуулиан болгосон гол шалтгаан нь зөвхөн Иранд зэвсэг нийлүүлсэн явдал биш байлаа.Үүнтэй зэрэгцэн Төв Америкийн Никарагуад өөр нэг нууц ажиллагаа өрнөж байв.
1979 онд Никарагуад хувьсгал гарч, олон арван жил засагласан Сомосагийн дэглэмийг зүүний үзэлтэй Сандинистууд түлхэн унагав. Хүйтэн дайны оргил үе байсан тул Рейганы засаг захиргаа Сандинистуудыг ЗХУ болон Кубын нөлөө Төв Америкт тэлж буйн илрэл гэж үзэж байлаа.
Иймээс Сандинистын Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэл явуулж байсан Контра хэмээх бүлэглэлүүдийг АНУ дэмжиж эхэлжээ. Рейган тэднийг коммунизмын эсрэг тэмцэгчид гэж үздэг байв.
Гэвч АНУ-ын Конгресс Контраг дэмжихэд хязгаарлалт тогтоож, Америкийн төрийн байгууллагууд Никарагуагийн Засгийн газрыг түлхэн унагах зорилгоор тэдэнд тусламж үзүүлэх боломжийг хумьсан юм.
Рейганы засаг захиргааны зарим албан тушаалтан харин Контраг үргэлжлүүлэн дэмжихийг хүсэж байлаа. Энэ үеэс Иран дахь нууц ажиллагаа Никарагуа дахь нууц дайнтай холбогджээ.
ОЛИВЕР НОРТ БА НУУЦ МӨНГӨ
Энэ ажиллагааны гол оролцогчдын нэг нь АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан, тэнгисийн явган цэргийн дэд хурандаа Оливер Норт байв.
Норт болон түүний хамтрагчид Контраг Конгрессын хязгаарлалтыг тойрон санхүүжүүлэх арга зам эрэлхийлжээ. Улмаар Иранд нийлүүлсэн зэвсгийн төлбөрөөс орж ирсэн мөнгөний тодорхой хэсгийг Контрад шилжүүлэх схем бий болов. Өөрөөр хэлбэл, Иран зэвсгийн төлбөр төлнө. Түүний тодорхой хэсгийг Никарагуа дахь босогчдыг дэмжихэд ашиглана. Ингэснээр хоорондоо ямар ч холбоогүй мэт хоёр ажиллагаа нэг сүлжээнд оржээ.
Ойрхи Дорнодод Иранд зэвсэг нийлүүлж, барьцаалагдсан америкчуудыг суллуулахыг оролдоно.
Харин Төв Америкт зэвсгийн наймаанаас гарсан мөнгөөр коммунист Засгийн газрын эсрэг тэмцэж буй Контраг дэмжинэ.
Хамгийн ноцтой нь энэ бүхэн Конгресс болон Америкийн олон нийтээс нууцаар явагдаж байв.
НУУЦ АЖИЛЛАГАА ИЛЭРСЭН НЬ
1986 оны намар ажиллагааны нууц задарч эхлэв. Никарагуа дээгүүр Контрад зориулсан хангамж тээвэрлэж явсан онгоцыг буудан унагаж, амьд үлдсэн америк иргэн Южин Хазенфус Никарагуагийн эрх баригчдад баригдав.
Энэ явдал Контраг хэн, хэрхэн нууцаар хангаж байсан талаарх асуулт тавихад хүргэсэн байна.
Удалгүй Ливаны нэгэн хэвлэл АНУ Иранд нууцаар зэвсэг нийлүүлж байсан талаар мэдээллээ.
Хоёр өөр нууц ажиллагааны мөр зэрэг ил гарч эхэлсэн юм.
Вашингтонд улс төрийн томоохон дуулиан дэгдэв.
1986 оны арваннэгдүгээр сарын 13-нд Рейган телевизээр ард түмэндээ хандан Ирантай нууц харилцаа тогтоох оролдлого хийсэн, мөн тодорхой хэмжээний зэвсэг шилжүүлэхийг зөвшөөрснөө хүлээн зөвшөөрөв. Гэхдээ тэр зэвсгийг барьцаалагдсан хүмүүсээр сольсон гэх тайлбарыг няцааж байлаа. Мөрдөн шалгалт үргэлжлэх тусам нөхцөл байдал өөрчлөгдөв.
РЕЙГАН БАЙР СУУРИА ӨӨРЧЛӨВ
1987 оны гуравдугаар сард Рейган Америкийн ард түмэнд дахин хандав. Энэ удаад тэр өмнөх тайлбараа хэвээр хамгаалсангүй.
Рейган өөрийн зорилго хэзээ ч зэвсгийг барьцаалагдсан хүмүүсээр солих явдал байгаагүй гэж хэлсэн ч бодит баримт, үйл явдлын өрнөл ажиллагаа эцэстээ ийм хэлбэрт орсныг хүлээн зөвшөөрсөн юм.
Харин Иранд нийлүүлсэн зэвсгийн мөнгийг Контрад шилжүүлэх ажиллагааны талаар өөрөө мэдээгүй гэж мэдэгдэв.
Энэ нь Рейганы Ерөнхийлөгчийн найман жилийн хамгийн хүнд улс төрийн хямралын нэг болсон юм.
РЕЙГАН БҮХНИЙГ МЭДЭЖ БАЙСАН УУ
Иран-Контрагийн хэргийн хамгийн маргаантай асуулт өнөөдөр ч энэ хэвээр.
Рейган Иранд зэвсэг нийлүүлэх нууц ажиллагааг зөвшөөрсөн нь тогтоогдсон. Харин зэвсгийн борлуулалтын орлогыг Контрад шилжүүлэх төлөвлөгөөг урьдчилан мэдэж байсан эсэх нь нотлогдоогүй. Рейган энэ талаар мэдээгүй гэж мэдэгдсэн. Хэргийг шалгасан Тауэрын комисс ч Ерөнхийлөгч мөнгө шилжүүлсэн ажиллагааг мэдэж байсан гэдгийг баттай тогтоож чадаагүй юм. Гэхдээ мөрдөн шалгалтаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын тогтолцоонд ноцтой доголдол байсныг тогтоожээ.
Нууц ажиллагаа цөөн хүний хүрээнд явагдаж, хяналт сулран, чухал шийдвэрүүд Ерөнхийлөгчийн засаг захиргааны хэвийн тогтолцоог тойрон гарах боломж бүрдсэн байв. Тиймээс Рейган мөнгө Контрад шилжүүлсэн нарийн ажиллагааг мэдээгүй байсан ч өөрийн засаг захиргаанд болсон үйл явдлын улс төрийн хариуцлагаас бүрэн ангид үлдэх боломжгүй байлаа.
РЕЙГАНЫ ЗАСАГ ЗАХИРГАА ЯАГААД ИЙМ ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙВ?
Иран-Контрагийн хэргийг ойлгохын тулд Рейганы засаг захиргааны өмнө байсан гурван зорилгыг хамтад нь харах шаардлагатай.
Нэгдүгээрт, Ливанд барьцаалагдсан америк иргэдийг суллуулахыг Рейган хүсэж байв.
Хоёрдугаарт, Ираны удирдлагын доторх прагматик хүчнүүдтэй нууц холбоо тогтоож, 1979 оны хувьсгалаас хойш тасарсан АНУ, Ираны харилцааг ирээдүйд сэргээх боломж хайж байлаа.
Гуравдугаарт, Рейганы засаг захиргааны нөлөө бүхий хүмүүс Никарагуагийн Контраг үргэлжлүүлэн дэмжиж, ЗХУ, Кубын нөлөө Төв Америкт бэхжихээс сэргийлэхийг зорьж байв.
Эдгээр зорилго тус тусдаа эхэлсэн боловч эцэстээ хоорондоо холбогджээ.
Ирантай нууц харилцаа тогтоох ажиллагаа зэвсэг нийлүүлэх хэлцэл болж, зэвсгийн борлуулалтын орлогын нэг хэсгийг Никарагуагийн Контраг санхүүжүүлэхэд ашигласан нь Рейганы засаг захиргааны хамгийн том дуулианыг бий болгосон юм.
Уотергейтийн хэрэг Ричард Никсоныг Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцроход хүргэсэн бол Иран-Контрагийн хэрэг Рейганы засаглалыг унагааж чадсангүй. Гэхдээ энэ дуулиан АНУ-ын улс төрд нэг чухал асуудлыг хурцаар тавьсан юм.
Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зорилго нэрийн дор Конгрессын тогтоосон хязгаарлалтыг хэрхэн тойрч болох вэ?
Иран-Контрагийн хэрэг түүхэнд үлдсэний учир нь, Иранд хэдэн зуун пуужин нууцаар нийлүүлсэндээ биш.
Харин Цагаан ордны цөөн тооны албан тушаалтан гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Конгрессын хяналтыг тойрон, хоорондоо огт өөр хоёр нууц ажиллагааг нэг сүлжээнд холбож чадсан явдал байлаа. Ингэж барьцаалагдсан хэдэн америк хүнийг суллуулах гэсэн оролдлого Рональд Рейганы засаг захиргааны түүхэн дэх хамгийн том улс төрийн дуулиан болон үлдсэн билээ.
Н.СОНОР
"Монголын үнэн" сонин