МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр УИХ-ын дарга С.Бямбацогт Европын парламе...

УИХ-ын дарга С.Бямбацогт Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро-той уулзав

Үнэн
Админ

Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Энэ удаагийн айлчлал Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд тохиож буйгаараа түүхэн ач холбогдолтой болж байгааг дурдаад, УИХ-ын даргын хувиар хийж буй анхны гадаад айлчлалаа тус улсаас эхлүүлсэн нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.  

Европын парламентын гишүүн Хана Жалу Муро хоёр жилийн өмнө Монгол Улсад айлчилж байснаа дурсаад, дэлхийг байлдан дагуулж байсан Чингис хааны түүхийг унших дуртайгаа илэрхийлсэн.

Тэрбээр хоёр том гүрний дунд байдаг Монгол Улсын хоёр хөрштэйгөө хэрэгжүүлж буй гадаад харилцааны ололт амжилтыг сонирхон суралцдаг гэлээ.

Европын парламентын гишүүн Хана Жалу Муро, Европын Холбооны хувьд стратегийн тэнцвэртэй байдлыг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг олон орнуудтай өрнүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээрийг Латин Америкийн тодорхой улсуудтай байгуулж байгаагаас гадна Азийн орнуудтай хэрэгжүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж байна гэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улс Европын парламентаар дамжуулан улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр монголд үйлдвэрлэсэн 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улс орнууд руу экспортлоход татвараас чөлөөлөх тухай худалдааны хэлэлцээрийг байгуулсан ч хэлэлцээр төдийлөн сайн хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, Азийн улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсаар дамжуулан Хятад Улсын зах зээл рүү гаргах боломж бий гэдгийг уламжлав.

УИХ-ын дарга Европын холбооны улсуудын иргэд Монгол Улсад сарын хугацаанд визгүй зорчих боломжтой болсон хэмээгээд, монгол иргэдэд үзүүлэх визийн үйлчилгээг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахыг хүсэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга 2026 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д хүрэлцэн ирж оролцохыг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.