МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Хуур цэнгүүлсэн соёлын даяанч

Хуур цэнгүүлсэн соёлын даяанч

Яруу эгшиглэнгээрээ хүмүүний таван мэдрэхүйг сэрээж сэтгэлийнх нь гүнд хүрч чаддаг морин хуур, уг хөгжмийн зэмсгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийн нэг нь Д.Шинэцог-Гени юм.

Үнэн
Админ

Яруу эгшиглэнгээрээ хүмүүний таван мэдрэхүйг сэрээж сэтгэлийнх нь гүнд хүрч чаддаг морин хуур, уг хөгжмийн зэмсгийг гарамгай эзэмшсэн уран бүтээлчдийн нэг нь Д.Шинэцог-Гени юм. Хөгжмийн зэмсгүүд дундаас хөг аялгуугаараа цойлж бодлын гүн дэх ярууслыг тодруулж чаддаг болохоор морин хуурыг өргөмжлөн магтсан нь олон байдаг. Монгол хүний хийморийг бадрааж, бодолд хургасан жаврыг үргээдэг учраас хуур юугаа
“Унаган хүлгээ дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа 
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай...”  хэмээн тодорхойлсон биз.  
Цагийн салхинд хуурын хөг аялгуу гээгдээгүй нь өвлөн уламжлагчдын гавьяа юм.

 

Монгол үндэсний соёл урлагийн тод илэрхийлэл болсон энэ хөгжмийн зэмсгийг өдгөө олон оронд эгшиглүүлж байна. Билиг авьяаст багш нараасаа уламжилсан эрдмээ Монголын морин хуурчид харуулсаар, сонсгосоор яваа юм. Энэ өдрөөс хэдхэн хоногийн дараа арлын Японд морин хуурын тоглолттой.Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч Д.Шинэцог-Гени “Harmony in My Heart” бие даасан тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Тоглоочоос ур чадвар шаардсан бүтээлүүдийг амлан авч морин хуур хэмээх хөгжмийн зэмсэг хаахна цойлж буйг харуулах нь түүний зорилго. 

Д.Шинэцог-Генийн хуурын анхны багш нь Ц.Амаржаргал. Долоон жил эрхэм багшаараа хичээл заалгаж морин хуурч болох үндэс сууриа тавьж байсан тухай тэр олонтаа ярьсан. Харин удирдаач Н.Буянбаатар,  Морин хуурын чуулгыг үндэслэгч Ц.Батчулуун багшаасаа номын дуу сонссон нь түүнд хорвоо дэлхийг таньж мэдэх, уудам хязгааргүйг биечлэн харах боломжийг нээн өгчээ. Багаасаа хөгжим, хөгжмийн зэмсэгтэй ойр өссөн нь түүний гэр бүлтэй холбоотой. Энэ хорвоод түүнд хамгийн түрүүнд дуу хөгжим сонсгосон хүн ээж нь. Хуучир хөгжимчнөөр хот, хөдөөгийн байгууллагуудад олон ажил ажилласан. Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театр, “Сэлэнгийн долгио” чуулга, сүүлд Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад ажилласан ээжийн авьяас хүүд  өвлөгджээ. Д.Шинэцог-Гени  “Намайг хөгжимд дурлуулсан хүн бол яахын аргагүй миний ээж. Хуучир хөгжмийг тоглогч хэвлий рүүгээ шахаж тоглодог. Ээж минь намайг төрөн төрүүлтлээ хуучир тоглосон гэсэн. Магадгүй тэр ген надад нөлөөлсөн юм болов уу. Үүнийг бэлгэдэж аав маань надад ийм нэр өгсөн байх. Намайг төрснөөс хойш ээж маань пянз тоглуулагчаар дэлхийн сонгодог хөгжмүүдийг сонсгодог байсан гэсэн. Тэгээд ч манай гэр бүлийнхэн урлагийн хүмүүс болохоор дуу хөгжимгүй үе ховорхон" гэж ярьсан юм. 


Д.Шинэцог-Гени “Миний зүрхний аялгуу” нэртэй анхны тоглолтоо одоогоос 19 жилийн өмнө хийж байв. Тухайн үед тоглолтоо Ардын жүжигчин Ц.Батчулуун багшийнхаа удирдлага дор Монгол Улсын Морин хуурын их найралтай хамтран үзэгчдэд толилуулж байсан нь уран бүтээлийн замналын дурсамжтай мөчүүдийн нэг байсныг дурсан хэлсэн. Үүний нэгэн адил удахгүй болох тоглолтоо тэрбээр догдлол дүүрэн хүлээж байна. Д.Шинэцог-Гени Японд олон ч удаа тоглосон л доо. Сүүлд гэхэд л өнгөрсөн тавдугаар сард  “Асар-11” тоглолтоо арлын оронд амжилттай зохион байгуулсан юм. Энэ тоглолтыг хийхэд Япон улсад 30-аад жил ажиллаж амьдарч байгаа морин хуурч А.Бат-Эрдэнэ тусалж. Мөн нэрт хуурч, удирдаач Н.Жигжиддоржтой анх удаа хамтран, орчин цагийн шилдэг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын III концертыг эгшиглүүлсэн нь Японд болж таарсан юм. Энэ цагийн шилдэг морин хуурчид нэгэн тайзнаа гарахыг харах хувь тохиол гэмээр. Болдог бол тэдний хамтралыг Монгол орондоо харах сан, шунал л байх даа.      


“Уран бүтээлч хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Зүйрлэвэл орой нь үл үзэгдэх ноён оргил гэж хэлж болох байх. Уулын хаана хүрч зогсохыг тааварлашгүй. Хөгжим хүний хувьд морин хуурыг дэлхийн тавцанд гаргамаар байна. Эзэн Чингис хаан хүлэг морьтойгоо дэлхийн талыг эзэлж байсан бол морин хууртайгаа бүх дэлхийг эзэлмээр байна” гэж  Д.Шинэцог-Гени хэлсэн. Тэрбээр дэлхий даяаршиж, дайн самуунтай, ороо бусгаа, хүндхэн энэ цаг үед монголчууд бидний Монголоороо оршин тогтнох хамгийн чухал дархлаа нь хүн, хэл, соёл урлаг хэмээн хэлж байв. Түүний энэ үгийг сонссон мэт онцлогтой үйл явдал болсон нь “Authentic Mongolia” тоглолт. Монголын энэ цагийн шилдгүүдийг нэг дор цуглуулсан энэхүү тоглолтын баг дэлхийн сонгодог хөгжмийн өлгий нутаг болох Австри улсыг зорин уран бүтээлээ толилуулаад ирсэн нь саяхан мэт. Тус улсын суут хөгжмийн зохиолчид болох Г.Хайдн, В.А.Моцарт, И.Штраус, Ф.Шуберт нарын төрж өссөн өлгий нутгийн нэр хүндтэй, А зэрэглэлийн дөрвөн тайзнаа тоглолтоо амжилттай зохион байгуулсныг дурдахгүй байхын аргагүй. Энэ багийн бүрэлдэхүүнд Д.Шинэцог-Гени багтаж морин хуурын хөг аялгуу Монголоор хязгаарлагдахгүй, дэлхийн сонгодог бүтээлийг тоглох боломжтойг харуулсан. 


Монголын үндэсний өв соёл болох морин хуур, хөөмий, хэл хуур, биелгээ, ятга, лимбэ, дуу хуурын уламжлалт язгуур урлагийг толилуулж, мөн Монголын нэрт хөгжмийн зохиолчид болох Н.Жанцанноров, Б.Шарав, Б.Мөнхболд, Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл нарын томоохон хэлбэрийн бүтээлүүд, морин хуур III концерт, ятгын I концерт, морин хуурын дөрвөлд зориулсан зохиолууд түүнчлэн дэлхийн сонгодог хөгжмийн суут бүтээлүүдээс эгшиглүүлж, Австрийн үзэгчдээс нижигнэсэн алга ташилт, сэтгэлийн халуун урам зоригийг хүлээн авснаа гүн сэтгэгдэлтэйгээр дурдсан байв. 


Харин “Harmony in My Heart” тоглолтод Д.Шинэцог-Гени том зорилго тавьжээ. Монголын өв соёлын өнгө аяс, морин хуурын олон төрөл зүйлийг үзэгчдэд хүргэхээр зорьж байна. Баруун Монголын уламжлалт икэл хуур, Төв халхын боржигон хуур буюу арьсан цартай уламжлалт хуур, мөн орчин цагийн модон цартай мэргэжлийн морин хуураар эгшиг өргөхөө ярилаа. Өөр нэг онцолсон зүйл нь Монгол ардын уртын дуу, ардын татлага болон Монгол, Японы хөгжмийн зохиолчдын бүтээлүүд нэгэн тайзнаа эгшиглэх юм. Энэ нь Д.Шинэцог-Гений хувьд анхных бус. Тэрбээр 2016 онд Японы домогт дуучин, “Энкагийн хатан хаан” хэмээн алдаршсан Яширо Акигийн дуулсан “Жамаас” дуунд Японы найрал болон хуураар хамтран, Японы нэртэй студид бичлэг хийж байв. Мөн тус онд  Японы улсын эрхэмсэг Хатан хаан Мичикотой хамтран тоглох ховор хувь завшаан түүнд тохиожээ. Хатан хаантай төгөлдөр хуур хөгжмөөр хоршин дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүд болох Францын нэрт хөгжмийн зохиолч Камиль Сен-Сансын “Хун”, Австрийн нэрт хөгжмийн зохиолч Франц Шубертын “Үдшийн серенада” бүтээлийг хамтран тоглосон байна. Тэрбээр энэ тухайгаа “Дэлхийд алдартай эдгээр бүтээлийг морин хуураар эгшиглүүлж, Японы Эзэн хааны гэр бүл болон Япон, Монголын хүндэт зочдын өмнө тоглоно гэдэг хөгжимчин хүний хувьд ховор тохиох нэр төрийн хэрэг, мартагдашгүй нандин мөч байсан. Удахгүй Япон улсын нийслэл Токио хотод “Harmony in My Heart” тоглолтоо толилуулах гэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэхүү тоглолтыг Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр, нэрт морин хуурч А.Бат-Эрдэнийн санаачилгаар, Японы A/B Group-ийн ерөнхий ивээн тэтгэлэг, зохион байгуулалт дор толилуулна” хэмээн дурдлаа. Түүний Япон дахь өдрүүд ингээд өндөрлөхгүй. Тоглолтын дараагийн өдрөө Д.Шинэцог-Гени мастер класс орно. Морин хуурын дасгалыг богино хугацаанд зөв, үр дүнтэй хэрхэн давтах, вибрато техникийг яавал зөв хийх, сонгосон бүтээлээрээ хэрхэн ажиллах зэрэг сэдвийн хүрээнд  хуур шамдан суралцаж байгаа, сонирхон судалдаг хүмүүстэй уулзаж сонирхолтой сургалт, уулзалтаар аяллаа үргэлжлүүлэх юм.  

Б.СЭЛЭНГЭ

"Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.