“Дасан зохицохуйн зам” хөтөлбөр тал хээрийн ба ноолуурын экосистемийг хамгаалах чиглэлээр бодит ажил өрнүүлж байна
LVMH группийн харьяа тансаг зэрэглэлийн “Лоро Пиана” брэнд нь ган, цөлжилт, газрын доройтол, хуурайшилтай холбоотой сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн, хоёр жил тутам зохион байгуулдаг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцлоо. Энэхүү конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь газрын нөхөн сэргээх, үүнтэй холбоотой бусад менежментийн асуудлыг олон улсын анхаарлын төвд авчирч, хуурай бүс нутгийн хүн амын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, экосистемийг хамгаалах бодит чухал шийдлүүдийг хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн юм.
LVMH группийн харьяа тансаг зэрэглэлийн “Лоро Пиана” брэнд нь ган, цөлжилт, газрын доройтол, хуурайшилтай холбоотой сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн, хоёр жил тутам зохион байгуулдаг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцлоо. Энэхүү конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь газрын нөхөн сэргээх, үүнтэй холбоотой бусад менежментийн асуудлыг олон улсын анхаарлын төвд авчирч, хуурай бүс нутгийн хүн амын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, экосистемийг хамгаалах бодит чухал шийдлүүдийг хэлэлцэх боломжийг бүрдүүлсэн юм. Энэхүү бага хуралд LVMH оролцохдоо “Лоро Пиана” брэндийн 2025 онд санаачлан, хэрэгжүүлж эхэлсэн “Дасан зохицохуйн зам: Малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төслөө танилцуулсан юм. Уг төсөл нь Монголын ноолуурын хоршоод, малчин өрхүүд болон тал хээрийн экосистемийг дэмжих зорилготой бөгөөд Сүхбаатар аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй газар нутгийн дасан зохицох чадавхийг бэхжүүлэхийн зэрэгцээ биологийн олон янз байдал болон ноос, ноолуурын экосистемийн тогтвортой байдлыг хамгаалахад чиглэж буй. Уур амьсгалын өөрчлөлт болон байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өсөн нэмэгдэж буй нөлөөллийг харгалзан боловсруулсан энэхүү хөтөлбөр нь “Нэг эрүүл мэнд”-ийн цогц хандлагыг баримталж, хүн, мал, зэрлэг амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэндийг харилцан уялдаатай гэж үздэг. Төсөл хэрэгжилтийн эхний жилдээ Нэг эрүүл мэндийн үйл ажиллагаа, Биологийн олон янз байдлыг хамгаалах мэдээллийн төв байгуулах, Зудын нөлөөллийн үнэлгээ боловсруулах, Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг нөхөн сэргээх дэд хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж байна.
Нэг эрүүл мэндийн чиглэлд
Төслийн эхний жилд олон талын үйлчилгээ үзүүлэх “Нэг эрүүл мэнд”-ийн сүлжээг аймгийн түвшинд байгуулав. Үүний зэрэгцээ “Нэг эрүүл мэнд”-ийн сургагч багш бэлдэх чиглэлээр 18 салбарын 30 гаруй мэргэжилтнийг хамруулсан олон улсын сургалт зохион байгуулж, 10 сар гаруй үргэлжилсэн сургалтын үр дүнд суралцагчдад Их Британийн Хааны мал эмнэлгийн коллеж болон Бельгийн Льежийн Их Сургуулийн хос сертификат гардуулав. Мөн энэ онд Сүхбаатар суманд “Нэг эрүүл мэнд”-ийн явуулын танхимыг туршилтаар ажиллуулж, гурван өдрийн хугацаанд 75 орчим малчид, иргэдэд үйлчилгээ үзүүлжээ. Энэхүү үйл ажиллагаанд олон салбарын мэргэжилтнүүд оролцож, хүний эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, эмчилгээ, мал эмнэлгийн үйлчилгээ, лабораторийн шинжилгээ, цахилгаан хайчаар ноос хяргах сургалтыг нэг дор зохион байгуулсан нь онцлогтой.
Эдгээрээс гадна Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Их Британийн Хааны мал эмнэлгийн коллеж, Бельгийн Льежийн Их сургуультай хамтран “Нэг эрүүл мэнд”-ийн магистрын түвшинд заах хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, энэ намраас туршилтаар зааж эхлэхээр төлөвлөжээ. Тус хичээлийн хөтөлбөр нь салбар дамнасан, онол аргазүйн хүрээнд биологийн олон янз байдал, хүн, мал амьтны эрүүл мэнд, экосистемийн харилцан шүтэлцээт цогц мэдлэгийг ирээдүйн мэргэжилтнүүдэд олгоход чиглэж байна.

Биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлд
2026 онд Мөнххаан суманд Биологийн олон янз байдлын мэдээллийн төв үүсгэн байгуулах ажил өрнөж, цаашид энэ нь Сүхбаатар аймаг дахь биологийн олон янз байдал, бэлчээрийн нөхөн сэргээлтийн мэдээлэл сургалтын төв цэг болж ажиллах юм. Тус төвөөр дамжуулан байгалийн нөөц баялаг болон бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд нөлөөлөх практик сургалт, үрийн сан, үр суулгац худалдаалж орлогын эх үүсвэр бий болгох, уламжлалт байгаль хамгаалах мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа хэрэгжинэ.
Зудын нөлөөллийг үнэлэх чиглэлд
Зуд бол мал, амьтан, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж, экосистемийн тогтвортой байдлыг алдагдуулдаг. 2025 онд зудын нөлөөллийг анх удаа “Нэг эрүүл мэнд”-ийн өнцгөөс цогцоор нь үнэлж, судалгааны үр дүн, зөвлөмжүүдийг бүс нутгийн болон үндэсний хэмжээнд уур амьсгалын эрсдэлийн бодлогод тусгасан. Зудын нөлөөллийн үнэлгээ нь малчин өрхүүдийг эрүүл мэнд, уур амьсгалын эрсдэлийг даван туулах мэдлэг, дадлаар хангах шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Үүнд тогтмол вакцинжуулалт, шимэгчийн эсрэг эмчилгээ хийх, малын хашаа хороо, эрсдэлийн үеийн байраа сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээнд тогтмол хамрагдах, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн сургалт, бэлчээрийн даацад тохируулан мал сүргийн эргэлт ба улирлын нүүдэл хийх зэрэг нь зүйтэйг тусгасан.
Баяндэлгэрийн улаан ямааны цөм сүргийг нөхөн сэргээх чиглэлд
Баяндэлгэрийн улаан ямаа нь Монголын зүүн бүсийн ноолуурын чиглэлийн нутгийн үүлдэр бөгөөд тэсвэрт чанар, байгалийн цайвар шаргал өнгө бүхий нарийн ноолуураараа алдаршсан. 2023–2024 оны зудын улмаас Баяндэлгэр сумын нийт ямааны 45 орчим хувь нь хорогдож, үүний 80 орчим хувийг Баяндэлгэрийн улаан ямаа эзэлсэн нь үүлдрийн оршин тогтнох байдал болон түүнээс хамааралтай 1.000 гаруй сумын малчин өрхийн амьжиргаанд ноцтой эрсдэл учруулсан байдаг. Дэд төслийн зорилго нь зохиомол хээлтүүлгийн аргаар цөм сүргийг сэргээн, бэхжүүлэхийн зэрэгцээ ноолуурын чанар, гарцыг сайжруулж, малчдын орлого болон дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэхэд оршино. Малчдад мал сүргийн үржлийн менежмент, малын эрүүл мэнд, дасан зохицох чадварыг бэхжүүлэх үйл ажиллагаа хэрэгүүлж байна. Эхний жилийн үр дүнд цөм сүргийг бүрдүүлэх зорилгоор оролцсон өрхүүд нийт 650 гаруй ишиг хүлээн авсан нь цаашид амжилттай явах суурь бүрдэж байна.
“Лоро Пиана”-гийн хувьд чанартай түүхий эдийг зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээ бус, мөн стратегийн тэргүүлэх зорилт хэмээн үздэг. Иймээс тус брэнд хамтран ажилладаг бүс нутаг, орон нутгийн иргэдэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, чадавхийг нь бэхжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг. Перу, Монгол, Шинэ Зеланд зэрэг түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нартайгаа хамтран ажилласнаар өндөр чанартай ширхэгтийн нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангаж, орон нутгийн хөгжлийг дэмжсээр ирлээ. Мал аж ахуй эрхлэгчдийн тогтвортой байдал “Лоро Пиана”-гийн амжилтын үндэс бөгөөд нь нэн чухалд тооцогддог. “Дасан зохицохуйн зам: малчин, мал амьтан, тал хээрийн нэг эрүүл мэнд” төсөл нь LVMH группийн LIFE 360 байгаль орчны бодлогын хүрээнд хэрэгжиж, тогтвортой түүхий эдийн нийлүүлэлт, экосистемийн хамгаалал, 2030 он гэхэд дэлхий даяар таван сая га байгалийн амьдрах орчныг нөхөн сэргээх зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

“Лоро Пиана” ба Монгол Улс
Лоро Пиана компани 40 гаруй жилийн турш чанартай бэлдсэн Монголын нарийн ноолуурыг худалдан авч, Монголын ноолуурын салбарын хөгжлийг тогтвортой дэмжиж ирсэн. Бидний түүх ээрсэн утас, сүлжиж нэхсэн даавуу бүрд шингэсэн сониуч зан болон чин сэтгэлийн түүх байсан юм. Уламжлал, шинэчлэлийг хослуулан урласан ноолууран бүтээгдэхүүн нь чанарын төлөөх тасралтгүй эрэл хайгуулыг илэрхийлээд зогсохгүй, хөвсгөр үүл мэт сүлжмэл бүр нь алс хол тал нутгийн түүхийг өгүүлэх мэт санагддаг. Олон арван жилийн турш “Лоро Пиана” хамгийн нарийн ширхэгт, чанартай ноолуурыг хайсаар ирсэн бөгөөд энэ нь өв уламжлал тээсэн аялал болон хувирчээ. Зүйрлэн хэлбэл, энэхүү аялал нь хүндэтгэл, сониуч зан, хүсэл тэмүүллээр хөтлөгдсөн өв соёл, тансаг мэдрэмж болон үнэт зүйлсийн нээлт болжээ. Салбартаа анхдагчид болох Сержио болон Пьер Луижи Лоро Пиана нар 1980-аад онд энэхүү аяллынхаа үр дүнд чанартай түүхий эд, ноолуур гэдэг бол түүнийг бэлтгэн нийлүүлэгч малчид болон тухайн орон нутгийнхантай бий болгосон урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагаа, түншлэл гэдгийг ойлгожээ. “Лоро Пиана” Италийн гадна байрлах цорын ганц ноолуур боловсруулах үйлдвэрээ Улаанбаатар хотод ажиллуулж, орон нутгийн хоршоод, малчидтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэн, ноолуур бэлтгэх уламжлалт мэдлэгийг хадгалан өвлүүлэхэд анхаарч байна. 2019 оноос хойш “Лоро Пиана” нь ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд хариуцлагатай хандах, зохистой дадлыг тодорхойлоход идэвхтэй оролцож байна. Олон улсын мал, амьтны хамгаалах хамтын хороо (ICCAW) болон Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-тэй хамтран стандарт боловсруулж, зургаан туршилтын төслийн нэгийг хэрэгжүүлсэн ба 2021 оноос ноолуурын баталгаажилт хийгдэж эхлэв. 2024 онд “Лоро Пиана”-гийн зүгээс Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-ийн санаачилсан хандивын аянд нэгдэж, зудад мал сүргээ алдаж, мал аж ахуй эрхлэх боломжгүй болсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, амьжиргааны гол эх үүсвэр болсон мал сүргийг сэргээхэд тус дэм болсон билээ.