Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг нуруулаг тамирчдаар эгнээгээ өргөжүүлжээ
-АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УРЬДЧИЛСАН ШАТНЫ ТОГЛОЛТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ-
Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт өнөөдөр “М банк арена”-д эхэлнэ. Монголын багийн ерөнхий дасгалжуулагчаар Фрагкиас Василиос, туслах дасгалжуулагчаар Б.Тамжид, Ц.Азбаяр, Б.Ганхөлөг нар ажиллах юм. Шигшээ багийнхан өнөөдөр 19:00 цагаас Вьетнам, энэ сарын 30-ны 16:00 цагт Фижи, дараагийн өдөр нь Тайландын багтай тоглох хуваарьтай байна. Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцох багаас хамгийн сүүлд Тайландын шигшээ багийнхан ирлээ.
Энэ удаагийн тоглолтын Монголын багаас онцлох тамирчид бий. Мөн гарааны тамирчнаар хэн, хэнийг нэрлэх нь сонирхол татаж байгаа юм. Японд болсон нөхөрсөг тоглолтод Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од ямар бэлтгэлтэй байгаагаа харуулсан. Энэ удаагийн тоглолтод тэрбээр шигшээ багийн өмсгөлтэй хоёр дахь тэмцээндээ оролцох нь.
Япон улсын шигшээ багийн эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтуудад Д.Баясгалан боломжийн тоглолт харуулсан. Энэ удаагийн тэмцээн түүний хувьд Монгол Улсын шигшээ багийн өмсгөлтэй тоглох анхны тоглолт болох юм. Харин А.Азбаярын хувьд өмнөх тоглолтууд оролцоогүй. Энэ удаад Японы багаасаа зөвшөөрөл авч, тоглохоор Монголд ирээд байгаа нь энэ юм.
Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод тоглох багийн бүрэлдэхүүнд:
- О.Эрдэнэцогт (184см)
- Ш.Энхийн-Од (206см)
- Б.Барсболд (184см)
- А.Азбаяр (205см)
- Г.Болор-Эрдэнэ (184см)
- Т.Ууганбаяр (183см)
- Д.Баясгалан (181см)
- Э.Саруул-Эрдэнэ (187см)
- А.Энхбаясгалан (193см)
- С.Биндэръяа (200см)
- Э.Сугар-Очир (200см)
- Х.Оргил (204см) нар багтжээ.
Б.СИЙЛЭН
"Монголын үнэн" сонин