МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Х...

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзан, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

Үнэн
Админ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр /2026.08.27/ тус улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт томоохон хувь нэмрээ оруулж буй Зүрх судасны төв байгуулах төслийн хэрэгжүүлэгч Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернестэй уулзлаа.

Ерөнхий захирал Жеоржес Тернес, энэ удаагийн УИХ-ын даргын Люксембургт хийж буй айлчлал хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах ач холбогдолтойг тодотгов.

Тэрбээр хэдийнэ хэрэгжүүлж эхлээд үр дүнгээ өгөөд буй эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаас гадна банк санхүүгийн салбар, сансрын болон хиймэл дагуулын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломжууд бийг тэмдэглэсэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Эрүүл мэндийн салбар Монгол, Люксембургийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болохыг УИХ-ын дарга тодотгоод, өнгөрсөн 25 жилийн хугацаанд Люксембург Улс эмнэлгийн дэд бүтэц, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж, телемедициний тогтолцоог сайжруулах болон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд хөрөнгө оруулснаар нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан зүрх судасны өвчлөл тав дахин буурч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

2001 оноос хойш Люксембург Улсаас Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр 45 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, техникийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Зүрх судасны үндэсний төв байгуулахад зориулж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэрхүү буцалтгүй тусламжийн хүрээнд байгуулах 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавих болсныг УИХ-ын дарга уламжилсан.

Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, давхар татвар давхар ноогдуулахгүй байх Сангийн яамд хооронд харилцан ойлголцол санамж бичгүүдийн талаар тэмдэглээд, парламентын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй дэмжин  ажиллана гэдгээ илэрхийлэв. Мөн Монгол Улс хиймэл дагуул хөөргөж ашиглах бодлого барьж буйг мэдээлж, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий хэмээлээ.

Уулзалтын үеэр Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн Ерөнхий захирал Жеоржес Тернес, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэж, Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах санд 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж өөрсдийн бодитой хувь нэмрийг оруулахаар шийдвэрлэсэн талаар дуулгасан юм.

Люксембургийн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа

Дараа нь УИХ-ын дарга Люксембургийн санхүүгийн дүүрэгт орших Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцлаа.

Люксембургийн хөрөнгийн бирж 10 жилийн өмнө “Ногоон бирж” нэртэй шинэ платформыг нээж, хувийн хэвшлийн хөрөнгийг тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдтэй холбох ажлыг эхлүүлсэн хэмээн тус биржийн удирдлагууд УИХ-ын даргад танилцуулсан. 1960-аад оны эхээр ам.долларын бонд босгох ажлаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус бирж Солонгос, Малайз, Солонгосын компаниудтай бондын үнэт цаасыг гаргаснаар дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулах болжээ.

Люксембургийн хөрөнгийн бирж дэлхийн хэмжээнд хамгийн том, хамгийн аюулгүй бондыг арилжаалдаг бөгөөд дэлхий дээрх 3 ам.доллар тутмын нэг нь, буюу 100 ам.долларын 30 нь тус хөрөнгийн биржид  бүртгэлтэй гэсэн мэдээллийг өгсөн. Эдүгээ тус бирж 8.5 их наяд ам.доллар, еврогийн бонд босгосон ажээ.

Уулзалтын үеэр тус биржийн удирдлагууд Монголын нэр бүхий банкуудаас бондын арилжаанд “Голомт” банк амжилттай оролцсон талаар дурдаад, цаашид дэд бүтэц, эрүүл мэнд, ой, усны нөөцийг хамгаалах чиглэлээр нэг тэрбум хүртэлх ам.доллар, еврогийн хөрөнгө оруулалт босгох боломж бий гэсэн мэдээллийг өгсөн.

Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн айлчлалын төгсгөлд Европын хөрөнгө оруулалтын банкны Ерөнхий захирал Андрю МакДауэлтай уулзсан юм.

Ерөнхий захирал Андрю МакДауэл УИХ-ын даргатай уулзаж байгаадаа баяртай байна гээд, Монгол Улсын 2050 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг дэмжиж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дуулгав.

Он жил өнгөрөх тусам харилцан ашигтай хамтын ажиллагаа бодитой төсөл хөтөлбөрүүдээр баяжиж эхэлж байгааг тэрбээр тэмдэглээд, дахин төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил зэргээс гадна 100 сая ам.долларын санхүүжилттэй ойн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт Европын хөрөнгө оруулалтын банктай Монгол Улс 2011 оноос хамтын ажиллагаа эхэлсэн ч Монгол Улсад төсөл хөтөлбөрүүдээрээ дамжуулан амьдралд тулгамдсан асуудлуудыг шийдэж байгаад иргэд талархаж буйг уламжилсан.

Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл хэрэгжин, утааны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг шийдэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсныг онцолсон юм. Азийн хөгжлийн банктай төслийг хамтран хэрэгжүүлснээр төслүүд нь олон талын хяналттай, илүү үр өгөөжтэй байсныг УИХ-ын дарга онцолж байлаа.

Тэрбээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж, улс оронд нүүрлээд буй бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдлын асуудлыг олон улсын оролцоотойгоор шийдвэрлэн шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгааг тэмдэглэсэн. УИХ хаврын ээлжит чуулганаараа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг хаврын чуулганаар баталсан бөгөөд цаашид Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай зэрэг байгаль орчныг хамгаалах, сэргээхэд чиглэсэн чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд буйг тодотгосон юм.

Уулзалтын үеэр Монгол Улсад оруулахаар төлөвлөж буй нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудал, эрчим хүчний хангамжийн найдваргүй байдал, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов.

Үүгээр УИХ-ын даргын Люксембургийн Их Гүнт Улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөж, Бельгийн Хаант Улсад хийх айлчлал эхэлж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.