Европ дэлхийн гурав дахь туйл болж чадах уу?
XXI зууны дэлхийн геополитикийг АНУ, Хятадын өрсөлдөөн тодорхойлох нь улам тодорхой болж байна.
XXI зууны дэлхийн геополитикийг АНУ, Хятадын өрсөлдөөн тодорхойлох нь улам тодорхой болж байна. Нэг талд дэлхийн хамгийн хүчирхэг цэрэг, санхүү, технологийн гүрэн АНУ, нөгөө талд үйлдвэрлэлийн асар том хүчин чадалтай Хятад бий.Харин Европын стратегийн байрлал ямар байх вэ? Европын Холбоо эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийн том төвүүдийн нэг гэж тооцогддог. 450 сая орчим хэрэглэгчтэй нэгдсэн зах зээл, евро хэмээх дэлхийн гол валютын нэг, өндөр технологи, хүчирхэг аж үйлдвэрийн суурьтай. Франц цөмийн зэвсэгтэй, Европын орнууд НАТО-гийн цэргийн хүчин чадлын томоохон хэсгийг бүрдүүлдэг.
Өөрөөр хэлбэл, Европт их гүрэн болох бараг бүх нөхцөл бий. Гэвч Европын гол сул тал нь эдийн засгийн хүчин чадлаа геополитикийн нэгдмэл хүч болгон хувиргаж чаддаггүйд оршдог.27 улсын ашиг сонирхол, гадаад бодлогын уламжлал өөр. Франц “стратегийн бие даасан байдал”-ыг илүү хүчтэй ярьдаг бол Зүүн Европын олон улс аюулгүй байдлын хувьд АНУ-ыг орлох хүч Европт одоогоор байхгүй гэж үздэг.Гэсэн хэдий ч Дональд Трампын үеийн Америкийн бодлогын өөрчлөлт Европыг өөрийн байр сууриа дахин тодорхойлоход түлхэж байна.“Chatham House” 2026 оны судалгаандаа АНУ болон Хятадаас тусдаа, зах зээлийн зарчим болон олон улсын дүрэмд тулгуурласан орнуудын “гурав дахь туйл” байгуулах боломжийг дэвшүүлжээ. Үүнд, Европ гол хөдөлгөгч хүч болох боломжтой.Гэхдээ “гурав дахь туйл” гэдэг нь заавал АНУ-ын эсрэг эвсэл гэсэн үг биш.
Харин Вашингтон, Бээжингийн аль алинаас хэт хамаарахгүйгээр худалдаа, технологи, санхүү, эрчим хүчний бодлогоо хамгаалах чадвартай эдийн засгийн том орон зай бий болгох тухай ойлголт юм. Европт үүнийг хийх нэг том давуу тал бий. Тэр бол зах зээлийн хэмжээ. Европын холбоо дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээлүүдийн нэг учраас Европын стандарт олон улсын компаниудын үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг. Өгөгдөл хамгаалалт, технологийн зохицуулалт, өрсөлдөөний дүрэм, нүүрстөрөгчийн бодлогоор Брюссель дэлхийн хэмжээнд стандарт тогтоох чадвартайгаа аль хэдийнэ харуулсан. Харин технологийн талбарт асуудал илүү хүнд.
AI, үүлэн тооцоолол, хагас дамжуулагч болон том технологийн платформуудын хувьд АНУ, Хятад Европоос түрүүлж байна. Chatham House-ийн судалгаанд ч технологи нь “гурав дахь туйл” бий болгоход шийдвэрлэх асуудлын нэг болохыг онцолжээ. Цэргийн хүчин чадал бүр том сорилт. Европ АНУ-аас стратегийн хувьд бие даахыг хүсвэл өөрийн батлан хамгаалах үйлдвэрлэл, пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах хүчин чадал, тагнуул, хиймэл дагуул болон цэргийн логистикт асар их хөрөнгө оруулах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, Европын өмнө хоёр зам байна.
Нэг нь, АНУ-ын аюулгүй байдлын хамгаалалтад хэвээр үлдэж, Хятадын зах зээлтэй худалдаагаа үргэлжлүүлэх.Нөгөө нь эдийн засгийн асар их хүчин чадлаа технологи, батлан хамгаалах болон нэгдсэн гадаад бодлоготой холбож, бие даасан хүчний төв болон хувирах явдал юм.
Хоёр дахь зам нь хамаагүй үнэтэй, улс төрийн хувьд хэцүү.Гэхдээ АНУ–Хятадын өрсөлдөөн улам ширүүсэх тусам Европ сонголтоо хойшлуулах боломж улам багасна. Тиймээс XXI зууны дэлхийн дэг журам зөвхөн АНУ ба Хятад гэсэн хоёр туйлтай байх уу, эсвэл Европ гурав дахь том хүч болон гарч ирэх үү гэдэг нь ирэх арван жилийн геополитикийн хамгийн сонирхолтой асуултуудын нэг болж байна.
М.АЛТАННАР
"Монголын үнэн" сонин