Н.Лхагвабаяр: SDCAMP бол залуусын асуудлыг сонсдог, шийдэл болгодог оролцооны платформ
Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Н.ЛХАГВАБАЯРТАЙ ярилцлаа.
Социал демократ Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Н.ЛХАГВАБАЯРТАЙ ярилцлаа.
-Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөн 105 жилийн ойн өдөр Социал демократ Монголын оюутны холбооноос зохион байгуулж буй бүсчилсэн ажлын талаар ярилцаж байгаа нь бэлгэшээлтэй юм. Арван жилийн өмнө SDCAMP-ийг эхлүүлэхдээ юуны төлөө зорьж байсан бэ?
-Юуны өмнө эрхэм уншигчдадаа Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ой, “Монголын залуучуудын өдөр”-ийн мэнд дэвшүүлье. Арван жилийн өмнө холбооны зургадугаар үеийн ах эгч нар маань “Summer Camp” буюу зуны майхант цугларалт нэрээр энэхүү арга хэмжээг эхлүүлж байсан. Үүнийг бид 2022 онд Social Democratic Camp буюу SDCAMP зуны цугларалт болгон нэршлийг өөрчилсөн юм. SDCAMP бол зуны нэг удаагийн арга хэмжээ гэхээс илүү залуусын асуудлыг сонсдог, шийдэл болгодог оролцооны платформ юм.
SDCAMP-ийн үнэ цэн нь тайз, тоглолт, тэмцээндээ биш. Зуны цугларалтад оролцсон залуу хүн “Би асуудлын нэг хэсэг биш, шийдлийн нэг хэсэг байж болно” гэдэг ойлголттой буцдаг байх ёстой гэж бид үздэг. Мөн танилын хүрээллээ тэлж хоёр өдрийн турш хоорондоо нөхөрсөг байдлаар өрсөлдөж, хөгжих боломжийг олгодог. Тиймээс анхнаасаа оролцоо, манлайлал, хэлэлцүүлэг, хамтын шийдэл гэсэн дөрвөн зарчим дээр явж ирсэн.
Өнөөдөр 10 жилийн дараа бид форматаа бүсчилсэн болгож шинэчилж байгаа ч анхны зорилго өөрчлөгдөөгүй. Харин илүү олон залууд, илүү ойроос хүрч, орон нутгийн бодит асуудлыг тухайн бүсийн залуусаар нь тодорхойлуулдаг болсон нь дараагийн шатны хөгжил юм.
-Оюутнууд зуны цугларалт бүрдээ нэг уриа, нэг зорилготойгоор нэгдэж тодорхой үр дүнд хүрдэг байсан. Тэдгээрээс одоо эргээд онцлох нь ямар сэдэв байв?
-SDCAMP жил бүр тухайн цаг үеийн залуусын анхаарах ёстой нэг том сэдвийг уриа болгож ирсэн. Сүүлийн жилүүдээс жишээ авахад 2022 онд “Ногоон давлагаа” буюу уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг, 2023 онд “Peace Wave” буюу энх тайван, ойлголцол, нийгмийн эв нэгдлийг, 2024 онд “Culture Wave” буюу соёл, өв, үнэт зүйл, үндэсний дархлааг, 2025 онд “Impact Wave” буюу асуудлыг зөвхөн ярихаас илүү бодит нөлөө, шийдэл болгохыг онцолсон. Энэ жилийн уриа “Unlock” буюу бүс, орон нутгийн оюутнуудад тулгамдаж буй асуудлыг чөлөөлөх гол зорилготой юм. Ялангуяа “Impact Wave”-ийн үеэр залуус өөрсдөө тулгамдсан асуудлуудаа баг болгон задлан ярилцаж, 10 асуудалд 10 шийдэл боловсруулсан. Шилдэг шийдлүүдийг цааш нь дэмжиж хэрэгжүүлэх хэлбэрт шилжүүлсэн нь SDCAMP-ийн “Ярианаас ажил руу” гэсэн зарчмыг илүү тод харуулсан. Нэг үгээр хэлбэл, уриа бүр зүгээр нэг гоё нэр байгаагүй. Тухайн жилийнхээ ажлын агуулга, залуусын ярих сэдэв, дараагийн нэг жилийн зорилтыг чиглүүлдэг байсан.
-Монгол Улсад энэ цаг үед үргэлжилж байгаа Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын сэдэв болсон зарим асуудлыг танай холбоо одоогоос хэдэн жилийн өмнө онцлон өөрсдийн хэмжээнд, залуучуудынхаа дунд эерэг давлагаа өрнүүлж өөрчлөлтийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байсан. Урьтаж сануулсан тэдгээр ажлын зарим нь одоо ч үргэлжилж байгаа юу?
-Тийм ээ. 2022 оны SDCAMP-ийг “Ногоон давлагаа” уриан дор зохион байгуулж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин, хариуцлагатай хэрэглээ, залуусын ногоон оролцооны талаар ярилцсан. Тухайн үед бидний хэлж байсан нэг санаа бол “Байгаль орчны асуудал бол зөвхөн экологийн салбарын асуудал биш, залуусын ирээдүйн амьдралын чанарын асуудал” гэдэг байр суурь байсан юм. Өнөөдөр Монгол Улс UNCCD COP17 бага хурлыг хүлээн авч, газрын доройтол, цөлжилт, нөхөн сэргээлтийн асуудлыг дэлхийн түвшинд хэлэлцэж байна. Манай холбооны хувьд “Green SDS” мод тарих хөтөлбөрийг тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж оюутан залуус цөлжилтийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр байгаа юм. Мөн оюутан залуусын байгаль орчны боловсрол, сайн дурын оролцоо, ногоон дадал, олон нийтийн кампанит ажлыг дэмжиж ирсэн. Энэ жил COP17-д ч SDS-ийн оюутнууд сайн дурын ажилтнаар оролцож байна.
-SDCAMP-д нэгдсэн залуус дуулж хуурдаад өнгөрдөггүй. Тулгамдаж байгаа асуудлуудаа тодорхойлж шийдвэрлэхэд санал бодлоо дэвшүүлж төр, засгийн удирдлагад дуу хоолойгоор хүргэхэд анхаарч ирсэн. Тэдгээрээс цаасан дээр үлдэлгүй ажил хэрэг болсон нь хэдэн хувийг эзлэх бол?
-Энд би заавал нэг хувь цохож хэлэхээс зайлсхиймээр байна. Учир нь, SDCAMP-ээс гардаг саналуудын зарим нь тухайн байгууллагын хүрээнд шууд шийдэгдэх боломжтой, зарим нь хууль, журам, төсөв шаарддаг. Бас зарим нь хэдэн жилийн дараа бодит үр дүнд хүрдэг. Тиймээс “хэдэн хувь” гэдгээс илүү аль асуудал ямар шатанд явж байгааг хянах нь зөв. Гэхдээ цаасан дээр үлдээгүй бодит жишээнүүд бий. SDCAMP болон SDS-ийн үйл ажиллагаа, хэлэлцүүлгүүдээр тогтмол хөндөгдөж ирсэн оюутны хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа Нийгмийн даатгалын багц шинэчлэлийн хүрээнд 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс оюутнууд НДШ-ээс бүрэн чөлөөлөгдөх болсон явдал юм. Энэ жилийн зорилго бол бүс бүрээс гарсан санал бүрийг асуудал, үндэслэл, шийдэл, хариуцах байгууллага, хэрэгжих хугацаа гэсэн бүтэцтэй бүртгэж, дараа нь эргэн хянадаг механизмтай болгох зорилготой. Ингэснээр дараагийн жил “Юу ярьсан бэ?” гэхээс илүү “Юуг хэрэгжүүлсэн бэ?” гэж тайлагнадаг болно.

-Арван жилийн хугацаанд цөөнгүй ажлын ард танай холбооны хамт олон гарчээ. Тэгш ойтой энэ жилийн SDCAMP-ээ ямар онцлогтойгоор эхлүүлээд байна вэ?
-Өмнө нь нэг газар олон зуун залууг төвлөрүүлдэг байсан бол 2026 онд SDCAMP-ийг хойд, зүүн, баруун, говь, төв, хангай, нийслэл гэсэн долоон бүсийн форматаар зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, SDCAMP өөрөө залуус дээр очдог болсон.
Энэ формат хоёр давуу талтай. Нэгдүгээрт, орон нутгийн оюутан залуусын оролцооны зардал, зай, боломжийн саадыг багасгана. Хоёрдугаарт, Улаанбаатараас харахад ижил мэт боловч бүс бүрд байдаг ялгаатай асуудлыг тухайн газрын залуусаар нь тодорхойлуулна. Орон нутгийн их сургуулийн чанар, дотуур байр, дадлага, ажлын байр, чөлөөт цагийн орчин, хот руу шилжих дарамт гээд асуудал өөр өөр байдаг.
Мөн энэ жил хэлэлцүүлгийн форматыг шинэчилж нийгмийн бодлогын тоглоом, жүжиглэсэн тоглолтуудаар асуудлыг тодорхойлж багууд шийдэл дэвшүүлж байна. Багууд асуудлаа тодорхойлж, шалтгааныг нь задлаад, богино хугацаанд шийдлээ танилцуулдаг. Тиймээс “SDCAMP-2026”-г бид 10 жилийн ойн баяраас гадна дараагийн 10 жилийн залуучуудын оролцооны шинэ загварын эхлэл гэж харж байна.
-Хоймор нутгаас эхлүүлсэн залуучуудын уулзалтаас юуг нь онцлох вэ. Мэдээж хуваалцах сонин олонтой байгаа болов уу?
-Хойд бүсийн SDCAMP-д Хөвсгөл, Орхон, Булганы залуус нэг дор цугласан. Надад хамгийн тод үлдсэн зүйл нь залуусын идэвх, асуудал ярих арга барил өөрчлөгдөж байгаа явдал. Өмнө нь “Ямар асуудал байна вэ?” гэж асуухад жагсааж хэлээд өнгөрдөг байсан бол одоо “Яагаад ийм болсон, хэн шийдэх ёстой, бид өөрсдөө юу хийж болох вэ?” гэж ярьдаг болсон.

Хэлэлцүүлэг, багийн ажиллагааны хажуугаар уламжлалт бэсрэг наадам, урлаг, спортын хөтөлбөрүүд орсон. Энэ нь залуусыг зөвхөн индэр дээр бус, багийн харилцаа, нөхөрлөл, хамтын ажиллагаагаар нь холбодог SDCAMP-ийн нэг онцлог. “Гурван эв нэгдэл” баг шилдгээр шалгарсан нь ч нэрнээсээ эхлээд энэ уур амьсгалыг илэрхийлсэн сайхан мөч байсан.
Харин бодлогын хувьд бид нэг зүйлийг улам тод харсан нь орон нутгийн залуус боломж хүсэж байна, заавал Улаанбаатарт ирэхийг хүсэж байгаа биш. Чанартай боловсрол, дадлага, ажил, хөгжих орчин нь нутагтаа байвал тэндээ үлдэж, хөгжүүлэх хүсэлтэй залуус олон байна. Энэ бол төр, орон нутгийн бодлогод анхаарах ёстой маш чухал мессеж.

-Бүсчилсэн уулзалтын дараагийн зогсоол хаана байх вэ?
-Бид өнгөрсөн сард хойд бүс, энэ сарын 07-10-ны өдрүүдэд нийслэл, зүүн бүс, мөн энэ сарын 21-23- нд говийн бүсэд SDCAMP-ээ амжилттай зохион байгуулсан. Одоо төв, хангай, баруун бүсэд есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Нийтдээ 1400 орчим оюутан залуус оролцож байна.
-SDCAMP-ээ бүсүүдэд зохион байгуулсны дараа залуучуудад тулгамдсан асуудлуудыг нэгтгэн гаргаснаа төр, засаг болон намын удирдлагад хүргүүлдэг. Энэ жил уламжлалын дагуу явах уу?

-Тийм. Гэхдээ энэ жил зөвхөн саналын жагсаалт хүргүүлэхээс нэг алхам ахина. Долоон бүсээс гарсан асуудлуудыг нэгтгээд “SDCAMP-2026 залуучуудын бодлогын санал” хэлбэрээр ангилна. Асуудал бүрийн ард үндэслэл, залуусын санал болгосон шийдэл, хариуцах боломжтой байгууллага, хэрэгжүүлэх шатлалыг тодорхой болгоно. Дараа нь Засгийн газар, холбогдох яамд, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлага, намын бодлого боловсруулах түвшинд хүргүүлнэ. Харин хүргүүлээд мартдаг биш, ямар санал хаана очсон, ямар хариу ирсэн, аль нь хэрэгжсэн гэдгийг эргэн хянаж, залууст тайлагнахыг зорьж байна. Бидний энэ жилийн гол зарчим бол “Camp дуусаж болно, асуудлын араас явах ажил дуусахгүй.” SDCAMP-ийн жинхэнэ үр дүн нь хаалтын арга хэмжээнд биш, дараагийн саруудад гарч ирэх бодит өөрчлөлтөөр хэмжигдэх ёстой.
Б.СЭЛЭНГЭ
"Монголын үнэн" сонин