МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Н.Учрал: Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж...

Н.Учрал: Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал наймдугаар сарын 20-нд Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийх багц хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ.

Үнэн
Админ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал наймдугаар сарын 20-нд Монгол Улсын 2026 оны төсөвт тодотгол хийх багц хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ.
Тодруулбал, Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан­гийн 2026 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах төслүүд болон тэдгээрийг дагалдах бусад хуулийн төслийг өргөн барив.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах, үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байд­лын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д хүргүүллээ.
Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотголын гол зорилгыг төрийн үр ашиггүй зардлыг танаж, үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны эрсдэлийн үед иргэдийн бодит орлогыг хамгаалах, стратегийн нөөцийг нэмэгдүүлэхэд чиглүүлж байгааг онцолсон юм.

“Төр бүсээ чангалж, 1.4 их наядын зардлыг хэмнэж, үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, бага орлоготой иргэдээ инфляцаас үүдэлтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалах, стратегийн нөөцүүдийг тодорхой түвшинд тогтворжуулах зорилгоор төсвийн тодотголыг өргөн мэдүүлж байна” хэмээн Ерөнхий сайд мэдэгдэв.

Орон нутагт хуримтлагдсан 2.8 их наяд төгрөгийн үлдэгдлээс 998 тэрбумыг ашиглана

Төсвийн тодотголын нэг томоохон өөрчлөлт нь орон нутгийн төсөвт хуримтлагдсан өмнөх оны үлдэгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал юм.
Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилийн хугацаанд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 онд 2.8 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс 998 тэрбум төгрөгийг 2026 онд зарцуулах эрхийг нээхээр төсвийн тодотголд тусгасан байна.
Ингэснээр төсвийн нийт зардал болон алдагдлын хэмжээ 998 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд үүнтэй холбоотой зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “2026 оны улсын төсөвт тодотгол хийх хууль зүйн үндэслэл бий болсон гэж Засгийн газар өргөн мэдүүлж байна. Зохих хууль журмын дагуу хэлэлцээд явна” гэв.

Төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрчээ

2026 оны долдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь батлагдсан хэмжээнээс хоёр дахин өссөн үзүүлэлт аж.
Үүний зэрэгцээ төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрчээ.
Нүүрсний экспорт болон уул уурхайн салбарын өсөлт хадгалагдаж байгаа боловч инфляц өсөлтийн үр өгөөжийг бууруулж, худалдаа, үйлчилгээний идэвх саарч, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого багассан нөхцөл үүссэнийг Ерөнхий сайд онцоллоо.
Түүний хэлснээр түлш шатахууны доголдол, цахилгаан эрчим хүчний тасалдал, үнийн өсөлт нь айл өрхийн худалдан авах чадвараас эхлээд бизнесийн өртөг хүртэл эдийн засгийн бараг бүх түвшинд дарамт болж байна.

Томилолт, форум, машин техникээс эхлээд 1.4 их наяд төгрөгийн зардал танана

Засгийн газар төсвийн тодотголоор шинэ эх үүсвэр хайхаас гадна төр өөрийн зардлаа бууруулах зарчим баримталж байгааг Ерөнхий сайд онцлов.
Томилолт, сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, зарим тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр болон шатахууны зардлыг танаж, нийт 1.4 их наяд гаруй төгрөг хэмнэхээр тооцжээ.
Хэмнэлтийг:
сайд нарын багц болон урсгал зардлаас 433.4 тэрбум төгрөг,
нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг,
хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг буюу нийт нэг их наяд 440.9 тэрбум төгрөгөөр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Хэмнэсэн мөнгийг цалин, тэтгэвэр, түлш, хүнсний нөөцөд зарцуулна

Төсвийн таналтаас бий болох эх үүсвэрийг иргэдийн орлого болон стратегийн ач холбогдолтой салбаруудад шилжүүлнэ.Тухайл­бал, боловсролын сал­барт дутагдаж буй цалингийн санхүүжилтэд 674.5 тэрбум төгрөг нөхөн олгохоор тооцжээ.
Эрүүл мэндийн салбарын цалинг 2026 оны арваннэгдүгээр сараас 20 хувиар нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг, соёл, спорт болон төрийн үйлчилгээний бусад салбарын цалинг 50 хувь, шинжлэх ухааны салбарын цалинг 35 хувиар нэмэгдүүлэхэд 80.1 тэрбум төгрөг зарцуулна.
Мөн ахмадуудад арваннэгдүгээр сараас суурь тэтгэвэр олгоход 196.3 тэрбум төгрөг тусгажээ.
Үүнээс гадна улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны стратегийн нөөцийг нэмэгдүүлэхэд 150 тэрбум, эрчим хүчний үнийн өсөлтөөс иргэдийг хамгаалах дэмжлэгт 107.3 тэрбум, эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилготой “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг нэмж тусгахаар болжээ.

Худалдан авах ажиллагаа эхлээгүй 252.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг зогсооно

Төсвийн сахилга батыг сайжруулах хүрээнд Засгийн газар 2026 онд хуульд заасан хугацаанд худалдан авах ажиллагаагаа явуулаагүй нийт 252.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоож байна.
Үүнд гэрээ байгуулаагүй 32 төслийн 118.6 тэрбум төгрөг, төсвийн багцад хуваарилсан боловч гэрээгүй үлдсэн 103.3 тэрбум төгрөг багтаж байгаа бол худалдан авах ажиллагаанаас 29.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.Мөн шүүхийн маргаантай дөрвөн төслийн 21.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зогсоохоор болсон байна.
Нөгөө талд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 1.6 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөжээ. Түүнчлэн төрийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын сан байгуулж, төрийн өмчит компаниудын хувьцааны 20 хувийг тус санд төвлөрүүлэх замаар төрийн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр байна.

Шатахууны эрсдэлийг зөвхөн импортоор бус, үйлдвэр, нөөц, олон эх үүсвэрээр шийднэ

Төсвийн тодотголын цаана шатахуун, эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл томоохон шалтгаан болж байгааг Засгийн газар онцолж байна.
Түлш шатахууны хомсдол, тасалдлыг бууруулах зорилгоор Засгийн газрын 327 дугаар тогтоолоор бензин, керосин болон газрын тосны үйлдвэрлэлийн зарим дайвар бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 2027 оны хоёрдугаар сарын 5 хүртэл тэглэсэн.
Үүний зэрэгцээ ОХУ, БНХАУ, БНСУ-тай шатахууны нийлүүлэлт, эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр хэлэлцээ хийж байгаа бөгөөд Монгол Улс өөрийн шатахууны нөөцийн савтай болох олон жил яригдсан асуудлыг бодитоор шийдвэрлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд мэдэгдэв.
Засгийн газар шатахууны асуудлыг зөвхөн өнөөдрийн импорт, ШТС-ын дарааллын хүрээнд бус, дотоодын үйлдвэрлэл, стратегийн нөөц, импортын олон эх үүсвэр гэсэн гурван чиглэлээр зэрэг шийдвэрлэх байр суурь баримталж байна.
Энэ хүрээнд хоёр жилийн турш 20 орчим хувийн гүйцэтгэл дээр удаашраад байсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Ерөнхий сайдын шууд хяналтад авснаар гүйцэтгэл 60 хувьд хүрч, үндсэн тоног төхөөрөмжүүдийн угсралт эхэлснийг Н.Учрал онцоллоо.
Орос-Украины дайны үр дагавар, Ормузын хоолой орчмын хурцадмал байдал зэрэг гадаад хүчин зүйл манай түлш шатахууны нийлүүлэлтэд нөлөөлж байгаа ч Монгол Улс өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авах ёстой гэж Засгийн газар үзэж байна.
Ингэснээр 2026 оны төсвийн тодотгол нь зүгээр нэг төсвийн орлого, зарлагын тоон өөрчлөлт бус, төрийн үр ашиггүй хэрэглээг танаж, хэмнэсэн эх үүсвэрээ иргэдийн цалин, тэтгэвэр, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, хүнс болон шатахууны аюулгүй байдалд шилжүүлэх бодлогын өөрчлөлт болж байна.
Өөрөөр хэлбэл, төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарч, инфляц иргэдийн бодит орлогыг бууруулж буй үед Засгийн газар төрийн хэрэглээг нэмэгдүүлэх бус, өөрийн зардлаа танах замаар иргэдийн худалдан авах чадвар болон улсын стратегийн нөөцийг хамгаалах саналыг УИХ-д өргөн барилаа.
Төсвийн тодотголыг УИХ хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.


М.ГАЛ

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.