МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Б.Батхишиг: Урьдчилан сэргийлэх чадамжий...

Б.Батхишиг: Урьдчилан сэргийлэх чадамжийг хөгжүүлэх нь “Дасан зохицохуйн зам” төслийн үндсэн зорилго

Монгол Улсад дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид цуглан, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцэж буй энэ цаг үед “Нэг эрүүл мэнд” буюу хүн, мал амьтан, хүрээлэн буй орчин харилцан шүтэлцээтэй гэсэн үзэл баримтлалд тулгуурлан манай орны зүүн бүс нутагт хэрэгжүүлж эхлээд буй “Дасан зохицохуйн зам” төслийн удирдагч, доктор Б.БАТХИШИГТЭЙ ярилцлаа.

Үнэн
Админ

Монгол Улсад дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид цуглан, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцэж буй энэ цаг үед  “Нэг эрүүл мэнд” буюу хүн, мал амьтан, хүрээлэн буй орчин харилцан шүтэлцээтэй гэсэн үзэл баримтлалд тулгуурлан  манай орны зүүн бүс нутагт хэрэгжүүлж эхлээд буй “Дасан зохицохуйн  зам” төслийн удирдагч, доктор Б.БАТХИШИГТЭЙ ярилцлаа.

-Манай улсад болж буй СОР 17 талуудын бага хурлын “Цэнхэр бүс”-д  та бүхэн үйл ажиллагаагаа танилцууллаа.  “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлал бүхий “Дасан зохицохуйн зам” төслийн талаарх ойлголтыг та эхлээд манай уншигчдад өгнө үү. Хэнд зориулсан, ямар зорилготойгоор хэрэгжүүлж буй төсөл вэ?


-“Дасан зохицохуйн  зам” төслийн  бүхий л үйл ажиллагаа “Нэг эрүүл мэнд” буюу хүн, мал амьтан, хүрээлэн буй орчин харилцан шүтэлцээтэй гэсэн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгждэг. Тиймээс бид хүрээлэн буй орчин, тэр дундаа цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хадгалахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Бид одоогоор Сүхбаатар аймгийн таван суманд  төслөө хэрэгжүүлж байна. Малчдад аж ахуйгаа эрхлэхэд  шаардлагатай мэдлэг, боловсролыг олгохын зэрэгцээ тэдний өрхийн үйлдвэрлэлийн процессыг сайжруулахад зайлшгүй анхаарах ёстой асуудал руу хандсан төсөл байгаа юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхэлсэн энэ төсөл маань дөрвөн жилийн хугацаанд Монгол орны зүүн бүс нутагт хэрэгжинэ.  Олон улсын хувийн хэвшлийн Лоро Пьана санхүүжилттэйгээр ”Тогтвортой ноос ноолуурын эвсэл”-ээс Монгол оронд хэрэгжүүлж байна. Олон улсын зөвлөх байгууллага нь НҮБ-ын Цөлжилтийн конвенц болон “Одиссей консервэшн траст” гэдэг олон улсын байгууллагаар ажиллаж буй. Эдгээр байгууллагын зөвлөх болон мэргэжилтнүүдийн хамтын бүтээлээр энэ төслийн санал боловсруулагдаж  бүтсэн гэж ойлгож болно. Орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан байдлаар аймгийн Засаг даргын санамжтайгаар хэрэгжүүлж байгаа юм. Төслийн үндсэн үзэл баримтлал нь “Нэг эрүүл мэнд”. Үүнийг бид хэрхэн ойлгох вэ гэхээр ерөөсөө л хүн эрүүл байхын тулд хүнс эрүүл байх ёстой. Хүнс хаанаас, хэрхэн үүсэж боловсруулагдаж байна гэхээр хөрс шорооноос төдийгүй Монгол орны ургамлын баялаг нөөцөөс бүрдэнэ. Тиймээс хүнсний эрүүл ахуй нэгдүгээрт. Үүний тулд суурь буюу хөрс, ус, ургамал, бэлчээр эрүүл байх учиртай. Бэлчээр, ус, ургамлыг эрүүл байлгахын тулд хувь хүний түвшинд ямар хариуцлага хүлээх юм, аж ахуйн нэгжүүд хэрхэн, яаж энэ арга туршлагыг нэвтрүүлэх вэ гэдэгт  манай төсөл тэр чигтээ чиглэдэг. “Нэг эрүүл мэнд” гэдэг бол бие биеэсээ харилцан шүтэлцээтэй цогц ойлголт. Малыг эрдэс, тэжээлээр  дутааж болохгүйтэй адил  хөрс, ургамлаа хүний нүдэнд харагдахгүй үйлчилгээгээр дутааж болохгүй л гэсэн санаа. Хөрс, ургамал амьтай гэж үзвэл үндсээ төлжүүлэхийн тулд эрсдээ нэхэж таарна. Яг үүнийг бодож, мэдэж, энэ талаар үнэн зөв мэдээлэл авч байж мал аж ахуй болон үйлдвэрлэлээ эрхлэх үүрэг хүмүүст оногдож байгаа юм. 


-Хүн, мал, байгалийн тэнцвэрт харилцаа хамгийн чухал. Ингэж байж бидний хүссэн үр дүн гарна гэж ойлголоо.  Энэ тухайд төсөл хэрэгжүүлж буй зүүн бүсийн иргэд, малчид хөдөлмөрчид ямар түвшний ойлголттой байна вэ?


-Мэдлэг, ойлголтын түвшинд хүн амын бүлэг тус бүрд ялгаатай байдаг. Ялангуяа дунд сургуулийн хүүхдүүдийн хүрээнд ямар ойлголтын үндсийг тавих ёстой юм. Орчноо эрүүл байлгахын тулд эхлээд өөрөө эрүүл байх ёстой гэдгийг ерөнхий боловсролын түвшинд хүүхдүүдэд өөрт нь илүү дөхөм аргаар зааж өгч байна. Цаашлаад мал аж ахуй эрхэлж буй малчид маань бүх талын мэдээллийг олон сувгаар олж авч байна. Харин тэр мэдээлэл нь өөрсдөд нь хэрэгтэй бөгөөд оновчтой мэдээлэл байж чадаж байна уу гэдэг хамгийн чухал. Тиймээс баталгаатай эх сурвалжаас үнэн зөв бөгөөд мэргэжлийн үндэслэл бүхий мэдээ мэдээллийг, боловсрол, сургалтыг үе шаттайгаар олгох нь чухал гэж бид үзэж байгаа юм. Жишээлбэл, малын эрүүл мэндийг хамгаалах нь малын эмч нарын хамгийн чухал, үндсэн үүрэг ч гэлээ мал сүргээ эрүүл байлгах нь малчин хүний ч мөн үүрэг мөн.

 

Харин малчин энэ үүргээ биелүүлэхийн тулд малчин маань үнэн зөв мэдээ мэдээлэл, мэдлэгтэй  байх нь хариуцлага болж байгаа юм л даа.  Тухайлбал, малын тарилга туулгыг хийхэд тодорхой хэмжээний горим журам бий  шүү дээ. Тиймээс малын мэргэжлийн хүнтэйгээ маш сайн ярилцдаг, түүнийхээ дагуу хууль журамд заасны дагуух заавраа дагаж, үнэн зөв эм тарилга, туулгыг малдаа хийдэг байх  ёстой. Гэтэл ингэлгүйгээр өөрөө дур мэдэж малдаа элдэв эм туулга тариа хийж болохгүй. Үүний оронд ач холбогдол өгөөд, цаг гаргаад буюу хэдэн сарын өмнөөс бэлтгэлээ хангаж байж малдаа тарилга туулгыг нь хийх учиртай. Хавар хонио хяргаж ноосолсны дараа тарилга туулгыг нь хийх буюу улирал бүрд тохирсон үйлчилгээг малдаа үзүүлж баймаар байгаа юм. Тэртэй тэргүй аливаа эмчилгээ үйлчилгээг малдаа үзүүлэхэд тохиромжтой цаг хугацаа ирэх нь тодорхой учраас урьтаад бэлтгэлээ хангаад малаа хэрхэн, арчилж хамгаалах вэ гэдгээ мэддэг байх мэдлэг чухал. Туршлагатай малчин бол энэ бүхний цагийг нь тулгах бус урьдчилаад малынхаа тарилга туулга, өвс тэжээл зэргийг бэлдэхэд шаардлагатай, өөрийн малд хүрэлцэхүйц хэмжээний төсөв санхүүгээ  хүртэл бүрдүүлээд төлөвлөчихдөг. Энэ болгоныг малчид маань мэддэг хэрнээ заримдаа цаг хугацаагаа тооцоолоогүй буюу санхүү болон боловсролын мэдлэгээ чанаржуулах хэрэгтэй гэж бид үзэж байгаа юм.  Ерөөсөө урьдчилан сэргийлэх чадамжийг хөгжүүлэх нь “Дасан зохицохуйн зам” төслийн үндсэн зорилго.


-Орон нутгаар явж ажиллахад малчдад тулгамдсан асуудал нь юу байна вэ. Төслийн багийнхан хамтын гарц, шийдлийг нь хэрхэн тодорхойлж байна вэ?


-Мал аж ахуй эрхэлж буй  малчид маань хэзээ ч дан ганцаар оршин тогтнодоггүй. Тухайн бүс нутагт сум, орон нутгийн мэргэжлийн байгууллагынхан бий. Хүн болон мал эмнэлэг, байгаль орчин болон газрын бүхий л мэргэжлийнхэн заавар зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байдаг. Тэдгээр байгууллага харин малчдад үнэн зөв бөгөөд хэрэгцээтэй шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр өгч байх нь чухал. Малчид маань ч үнэн зөв мэдээлэл авах тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Мөн сум орон нутгийн зүгээс аливаа хурал уулзалтаар малчид маань өөрт хэрэгцээтэй үнэн зөв мэдэээл авах хүсэлтээ холбогдох хүмүүст илэрхийлж баймаар байгаа юм. Ингээд энэ төрлийн мэдээллийг албаныхан өгөх  үед идэвхтэй оролцоод, бодитой мэдээллийг авч байх хэрэгтэй. Иймэрхүү энгийн бөгөөд ойлгомжтой хамтын ажиллагааны үр дүн маш сайн гардаг. Шинэ зүйл гаргаж ирээд, шинэ хүн ирээд, шинэ технологи нэвтрүүлэх гээд асуудлыг хүндрүүлэхгүйгээр байгаа боломждоо менежмент хийгээд сурчих хэрэгтэй шүү дээ. Сургаар бус судалгаатай, үр дүнтэй мэргэжлийн эх сурвалжаас авдаг өгдөг суралцдаг, түүнээ эргээд ажил хэрэг болгодог байх нь чухал байгаа юм.


-Төсөл хэрэгжүүлэх бүс нутгаар Сүхбаатар аймгийг сонгосон нь ямар шалтгаантай байв. Төслийг эхлүүлсэн цагаас хэчнээн хүнд хүрч ажиллав?


-Төсөл хэрэгжээд жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Орон нутгийн удирдлага, мэргэжлийн  байгууллагуудтай хамтран ажилласаар энэ хүрлээ. Малчдын хүрээнд “Нэг эрүүл мэнд”-ийн баг идэвжүүлэгч сүлжээг Сүхбаатар аймагтаа үүсгэн ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэхээр Сүхбаатар аймгийг сонгосон  гол  үндэслэл нь эхлээд нэг бүс нутагт үр дүнгээ үзэх зорилготой. Сүхбаатар аймгийн хувьд тал хээрийн зонхилох бүс нутаг. Урагшаа цөлөрхөг хээрийн хэв шинжийг агуулсан байдаг учраас экосистемийн хувьд маш сонирхолтой бөгөөд өв уламжлал баялаг гэдэг утгаар сонгосон. Монгол Улсын бүхий л бүс нутагт мал ахуй эрхэлж байгаа хэдий ч бид  тармаг байдлаар бус нэг бүс нутагт төвлөрч ажиллаад үр дүнгээ үзэх нь чухал юм гэж үзсэн. Мөн зүүн бүс нутгийн хувьд тал хээрийн  бөгөөд цагаан зээрийн болон бусад  зэрлэг амьтны өлгий нутаг шүү дээ.

 

Зэрлэг амьтан эрүүл байхын тулд бэлчээр, хөрс нь эрүүл  байх учиртай. Хүмүүс ярихдаа  малын болон зэрлэг амьтны өвчин гэж ялгаад байдаг. Гэтэл  үнэндээ ижил бэлчээр, ижил ус, хужир мараан дээр идээшилж байгаа шүү дээ. Энэ тохиолдолд ялгаж ойлгох ямар ч боломжгүй. Тиймээс таван хошуу мал маань эрүүл байвал зэрлэг амьтдын сүрэг эрүүл байна гэсэн үг байгаа биз. Зэрлэг амьтан өөрөө экосистемийн зохицуулагч хүчин зүйл байдаг. Өөрөөр хэлбэл, ургамлын баялаг нөөц, төрөл зүйл нь цөөрөөд ирвэл эмт чанар нь буурдаг. Үүнийг дагаад зэрлэг амьтдыг хүн очоод эдгээх боломжгүй учраас олон төрлийн сөөг сөөгөнцөр, буурцагтан, алаг өвс, үетнээсээ шим тэжээл аваад өөрийгөө эрүүлжүүлж байдаг экосистемийн зохилдлоготой. Тиймээс ургамал, бэлчээрийн даацыг хэтрүүлбэл зэрлэг амьтныхаа эрүүл мэндэд нөлөөлөх нь байна шүү дээ. Ингээд үзэхээр энэ бол зөвхөн нэг өрх, айл саахалтын асуудал биш болчихож байгаа юм. Цаашлаад тив дамнасан асуудал болчихвий. Үүний тулд “Нэг эрүүл мэнд” төсөл хэрэгжиж байгаа юм гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.  Энэ төслийн хүрээнд бид  ХААИС-д “Нэг эрүүл мэнд”-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх магистр, докторын хичээлийн хөтөлбөрийг хамтран боловсруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх зүйл харилцан шүтэлцээ, зохилдлоготой юм  гэдгийг таниулан мэдүүлэх буюу энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх цаг нь ирчихжээ. Дарааагийн 5-20 жилд “Нэг эрүүл мэнд” бол чухал сэдэв болно. Өмнө нь бид зоонозын асуудлыг хүн болон мал эмнэлэг гэж ярьж байсан бол одоо энэ үзэл баримтлал хөгжөөд энэ бол хөгжлийн нэг арга зүй юм байна, орон нутгийг хөгжүүлэх арга зүй юм байна, тиймээс зөвхөн мал, хүнээ ярихгүйгээр хүнс, ус, цэвдгийг хүртэл анхаарч харах цаг болчихжээ гэдгийг хүлээн зөвшөөрч эхлээд байна. Цаашлаад уур амьсгал, дэлхийн дулааралд хүртэл бид дасан зохицох шаардлагатай болж байна. Цаанаасаа бороо орохгүй бол хэрхэх вэ. Ургамлын төрөл зүйл цөөрч эхэлнэ биз дээ. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бэлчээрийн менежмент маш чухал болж байна. 


-Төслийн үр дүн хэзээ, хэрхэн гарна гэж үзэж байна вэ. Цаашид өргөжүүлэх, бусад аймаг орон нутагт хэрэгжүүлэх тухайд ямар төлөвлөгөө байна вэ?


-Энэ бол олон салбар дамнасан буюу хөрвөж хэрэгжүүлэх үзэл баримтлал шүү дээ. Тиймээс “Явуулын нэг эрүүл мэндийн танхим” гэж явуулж үзэж байна. Энэ нь  зарим тохиолдод эрүүл мэндийн чиглэлээр явж байсан арга хэмжээ л дээ. Харин одоо нэгтгээд явчихаар маш чухал ач холбогдолтой болчихож байгаа юм. Жишээлбэл, айл саахалтын хаяанд буугаад тэнд байгаа 10 өрхийн 50 хүн хүрч ирээд өөрсдийгөө болон малаа үзүүлээд сургалт, мэдээлэл зөвлөгөөгөө нэг дороос авах боломж бүрдэнэ. Цаашлаад аливааг түрүүлж харах, тооцоолох тухайд мэдлэгээ олоод авчих боломжийг  “Явуулын эрүүл мэндийн танхим”-аар олгож байна. Цаашид  бид заавар гаргаад бусад сум, орон нутагт хэрэгжүүлж болох аргачлал, арга зүйг санал болгохоор бэлтгэж байна. “Нэг эрүүл мэнд”-ийн идэвхтэн, арга зүйч буюу тодорхой тооны малчид дунд нэг идэвхжүүлэгчийг дунд нь бэлтгэж байна. Ингэж малчид, тариаланчид, ногоочид  маань амжьргаандаа хэрэгтэй мэдээлэл, мэдлэгийг бие биедээ дамжуулна гэсэн үг. Эдийн засгийн үр өгөөжөө хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт шаардлагатай мэдээллээ олж чадаж  байвал бидний ажлын үр дүн, ач холбогдол гарч байна л гэсэн үг. Үүний тулд л бидний хамтын ажиллагаа оршиж байгааг хаана хаанаа ойлгох нь чухал. Цаашлаад өв соёлоо хадгалахын тулд бэлчээрийн мал аж ахуйн тухайд өвлөгдөж ирсэн маш олон төрлийн мэдлэг бий. Түүнийг нөхөн сэргээх, өдөр тутамдаа үйл хэрэг болгох тухай ойлголт ч бий. Ингэж орчин үеийн болон уламжлалт  өв соёлоо хослуулснаар бэлчээрийн мал аж ахуй урт удаан хугацаанд,  ач холбогдол бүхий хэвээр оршин тогтнох нөхцөл нь бүрдэх юм. 


-Малчид, тариаланчдад  маань цаг үеийн шинжтэй ямар сорилтууд тулгарч байна вэ, түүнийг даван туулах тухайд танай төслийн багийн зүгээс ямар мэдлэг, мэдээлэл түгээж байна вэ?


-Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэдэг сорилт нэн тулгамдах боллоо. Цаашлаад зах зээлийн либералчлал, үнийн өсөлт зэрэг  хам шинж үүсээд ирэхээр ойлгомжгүй, давагдашгүй хүчин зүйлс болоод явчихаж байгаа юм. 2-3 жилийн өмнөх зуд зүүн аймгийнханд болон улсын хэмжээнд ямар их хор хохирол учруулсан билээ. Тэгэхээр өвөл болохоор зуд болох нь гарцаагүй болчихлоо. Манай зудын нөлөөний судалгаагаар зуд өөрөө системлэг болчихлоо. Гэтэл энэ нь нэг яам, нэг Засгийн газар бүү хэл, нэг улс шийдэж чадах асуудал биш болчихлоо. Дандаа нэг нь нөгөөгөөс харилцан шүтэлцээтэй болчихсон. Энд байгаа шувуу тэнд нисэж очоод өвчин тархаах магадлалтай. Тиймээс ийм дам нөлөөг нь бодолцож байж анхан шатны түвшинд яаж өөрийгөө, өөрсдийгөө урьдчилан сэргийлэх вэ буюу хүнд ээлтэй боловсрол олгох  нь манай төслийн гол зорилго.

 

Хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд хүнсий эрүүл мэндийг хамгаалах ёстой. Хүнс үйлдвэрлэж буй малчин, тариаланчийнхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх ёстой. Тэдгээрт үйлчилж буй мал эмнэлэг зэрэг үйлчилгээний салбаруудын хоорондын уялдааг хангах, бүтээгдэхүүнтэй нь уяж өгсөн цагт “Нэг эрүүл мэнд”-ийн үзэл баримтлал хангагдана. Ерөөсөө бэлчээрийнхээ даацад таарсан, чанартай мал аж ахуй эрхлээд гарсан бүтээгдэхүүнээ үнэ цэнтэйгээр хэрэглэгчид нийлүүлдэг байхыг л чухалчлаад байгаа юм. Тоондоо бус чанарт анхаарна гэсэн үг шүү дээ. Салбар дамнаж хөрвөсөн ойлголтыг хүнд ойлгомжтой болгох үүднээс энэ төсөл хэрэгжиж байна гэж хүлээж авбал зохилтой.  Дэлхийн эрдэмтэн, судлаачдын арга, хандлагыг  Монголынхоо хөрсөнд буулгаад, Монгол онолыг бий болгож  байна гэж ойлгож болно. Товчхондоо, аливааг шийдэл болон асуудал гэж ялгадаг. Харин тухайн асуудалд таарсан шийдэл байх учиртай.  Хэрвээ өрхийн, айл саахалтын түвшинд шийдэл шаардаад байвал түүнд таарсан асуудал байна л гэсэн үг. Тэгвэл асуудалдаа таараагүй, тохироогүй шийдлийг санал болгож болохгүй. Сумын түвшинд үндэсний хэмжээний шийдлийг санал болгоод байж болохгүй биз дээ. Мэддэг хэл, мэддэг аргаар нь заагаад зөвлөөд өгчихвөл арга, ажиллагаандаа нэвтрүүлээд үр дүнг нь хүртэх боломжтой  гэдэг үзэл санааг дэлгэрүүлэхээр  төслийн багийнхан маань ажиллаж байна.  

М.ӨНӨРЖАРГАЛ

"Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.