Оюуны хязгаарыг эвдэгчид
Оргүй зүйлийг бодолдоо бий болгон өөрт хамгийн ойлгомжтой хийгээд ойр зүйлээр төсөөлөн сэтгэж нүдэлдэг газрын талаар одоогоос хэдэн жилийн өмнө сонсож билээ.
Оргүй зүйлийг бодолдоо бий болгон өөрт хамгийн ойлгомжтой хийгээд ойр зүйлээр төсөөлөн сэтгэж нүдэлдэг газрын талаар одоогоос хэдэн жилийн өмнө сонсож билээ. Сонирхол төрөөд Арслантай гүүрний ойролцоох салбарт нь очиход нам гүм орчин угтсан. Жижигхэн өрөөнд хэдэн хүүхэд суух агаад өмнө нь их сургуулийн оюутан болов уу гэмээр залуу багшилж байсан нь өнөөдөр оюуны спортын олон улсын шүүгч, дасгалжуулагч болж, хүүхэд залуус хэдэн мянгаараа хичээллэж байна. Ой тогтоолоор хичээллэж байгаа хүүхэд заавал тамирчин болох шаардлагагүй. Тогтоох, санах аргачлалд суралцан өдөр бүр давтсанаар бусад зүйлд ч тустай. Тоо бодох, гадаад хэл сурах, ном зохиолыг түргэн хугацаанд үр дүнтэй унших дадал суулгадаг. Үүнийг ажигласан эцэг эхчүүд Монголын оюун ухааны академийн үйл ажиллагааны тухай мэддэг болж хүүхдээ энэ хамт олны нэг болгоод зогсохгүй олон улсын тэмцээнд өрсөлдөх түвшинд хүртэл тэднийг дэмждэг болжээ. Хүүхэд залуус ч анхандаа сонирхлын түвшинд ой тогтоолтоор хичээллэж байсан бол амтанд нь орж, ач холбогдлыг ойлгодог болсноор тамирчин болтлоо ур чадвараа хөгжүүлж олон улсад өрсөлдөж байна. Ой тогтоолтын 10 төрөл болон бусад бодолтоор дэлхийн хэмжээний өрсөлдөгч болж чансаагаараа эхний байруудад эрэмбэлэгдэж байна. Энэ нь Монголын оюун ухааны академийн 16 жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд өнөөдөр нас насны ангилалд дотооддоо өрсөлдөөнтэй болжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээн оюуны наадам болтлоо өргөжин оролцогчдын хамрах хүрээ өргөжөөд байна. Эдгээр өдрүүдэд Монголын ой тогтоолтын улсын аваргуудыг тодруулах 16 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Ой тогтоолтын 10 төрлөөс гадна түргэн бодолтын аваргууд энэ тэмцээнээр тодорхой болно. Энэ удаагийн улсын аваргад Монгол Улсад чансаагаараа эхний 30 байрт шалгарсан клубийн 240 орчим тамирчин өрсөлдөж байна. Мөн олон улсын цол хүртэж, медаль зүүсэн монгол тамирчид тэмцээнийг зорин иржээ. Ой тогтоолтын спортод олон улсын их мастер, их мастер, олон улсын мастер, Азийн мастер цолтой. Эдгээрийг зөвхөн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тохиолдолд л олгодог бөгөөд Монголоос олон улсын цолтой 78 тамирчин тодрон гараад байна. Тэдгээрээс энэ удаагийн улсын аваргад дэлхийн аварга хоёр, олон улсын цолтой 17 тамирчин оролцож байна.
“ШАРГУУ ХӨДӨЛМӨРЛӨ. АМЖИЛТ ЧИНЬ ЧИНИЙ ӨМНӨӨС ЯРИНА”
Ой тогтоолтын тамирчдаас энэ дугаартаа Оросын “Россия-1” телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийн оролцогч, олон улсын их мастер Э.Пүрэвжавыг онцолж байна. Түүний эхлэл бусдын адил. Ерөнхий боловсролын сургуульд байхаасаа ой тогтоолтын спортыг сонирхон хичээллэжээ. Бусдаас ялгаатай нь чөлөөт цаг гарвал л ой тогтоолтын бодолтуудаа давтдаг. Илүү сууж, илүү цаг хугацаа зарцуулж, илүү хичээл зүтгэл гаргасан учраас амжилтад хүрчээ. Монголын оюун ухааны академийн тамирчин болохдоо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтын эзэн болно хэмээн зорьсон байна. Ой тогтоолтоор хичээллээд удаагүй БНХАУ-ын Хайнаньд зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөзөр цээжлэх төрөлд түрүүлсэн нь зорилгодоо хүрэх эхний алхам байж. Хичээнгүйгээр давтсан өдрүүдийн үр дүн гарч улсын аварга болжээ. Э.Пүрэвжав “Чимээгүй хэрнээ, шаргуу хөдөлмөрлө. Амжилт чинь чиний өмнөөс ярих болно” гэж хэлдэг. Яг энэ зарчмаараа зорилгынхоо төлөө тууштай явж олон амжилтын эзэн болжээ. Ой тогтоолтын спорт дөрвөн жилд нэг удаа болдог олимптой. АНУ-ын Лас Вегаст болсон тэмцээний үеэр Э.Пүрэвжав алтан медалиас атгаад алдсан байдаг. Тэмцээний тооны марафон төрөлд гаргасан багахан алдаа нь дэд байр руу татаж, тэрбээр тухайн үед дэлхийд чансаагаараа тэргүүлж байсан Америкийн тамирчны ард жагссан юм. Одоо тэрбээр Австрали улсад Монголын оюун ухааны академийн Сидней дэх салбарыг хариуцан ой тогтоолтын багш, дасгалжуулагчаар ажиллаж байна.
БАГШИЙН ЭРДЭМ ШАВЬД...
Австрали дахь монголчууд олуулаа. Тэндхийн монгол гэр бүлүүд хүүхдүүдээ ой тогтоолтын спортоор хичээллүүлэх хүсэлтэйг мэдэж Монголын оюун ухааны академийн гадаад дахь анхны салбарыг байгуулсан нь олон хүүхдийн зорин очдог, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болжээ. Олон улсын их мастер тэргүүтэй багш дасгалжуулагчид голдуу монгол хүүхэд залууст хичээл заадаг. Тэндхийн салбар хүнтэй зүйрлэвэл дөнгөж алхаж сурч байгаа ч аль хэдийнэ олон улсад танигдаж хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцоод байна. 34 дэх удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаараа оролцож дэд байрт шалгарсан нь өнгөрсөн жилийн амжилт. Тэмцээнээс тэд нийт 10 медаль авсны хоёр нь алт байв. Австрали дахь салбарын монгол тамирчдаас О.Марал, Б.Өнөрболд нар олон улсын мастер цолны болзлоо биелүүлж багш дасгалжуулагчаа баярлуулсан юм. Хэдийгээр тэнд байгаа тамирчид Австралийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа ч монгол хүний оюуны чадамжийг дэлхийд харуулж байна. Ой тогтоолтын дасгалжуулагч Э.Пүрэвжавын хэлснээр ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Австрали улсын тамирчид сүүлийн 60 жилийн хугацаанд эхний гурван байрт шалгараагүй бөгөөд амжилтыг монгол хүүхдүүд гаргасан нь онцлохгүй байхын аргагүй үйл явдал юм. Үүнээс гадна Сидней дэх монгол тамирчид Хонконгийн ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнээс 34, Энэтхэгт болсон Ази тивийн аваргаас 19 медаль хүртсэн. Франц, Германд улсад зохион байгуулсан олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож ой тогтоолтын мэргэжлийн тамирчдыг бэлдэж байна. Олон улсын их мастер Э.Пүрэвжавын хэлсэнчлэн монгол хүүхдийн аливаа зүйлийг хүлээн авах чадвар хурдан. Энэ онцлог ой тогтоолтоос гадна олон салбарт тодорч амжилтын буухиа үргэлжилсээр байна.
ГИННЕСИЙН РЕКОРД ЭЗЭМШИГЧ
Ой тогтоолтын улсын аварга, олон улсын их мастер Э.Пүрэвжавын өнгөрсөн онд тогтоосон өөр нэг амжилт нь Гиннесийн рекорд эзэмшигч хэмээх хүндтэй алдар. Ой тогтоолтын спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа зорьсон зорилгуудын нэг нь бөгөөд Австрали улсад очоод удаагүй бэлтгэлээ хийсэн тухайгаа тэрбээр ярьж байв. Э.Пүрэвжав сонин содон хөзөр цуглуулах хоббитой. Ой тогтоолтын спортын төрөлд өргөн ашигладаг хөзөр түүний амжилтын нэг хэсэг. Юу гэвэл, тэрбээр өнгөрсөн оны хавар усан доор нэг багц хөзрийг дарааллаар нь 49 секундэд тогтоож алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоосон юм. Өмнөх рекордыг Америкийн ой тогтоолтын таван удаагийн аварга, олон улсын их мастер Нелсон Деллис хоёр минут 22 секундэд цээжилсэн амжилтаар эзэмшиж байв. Оюуны спорт зөвхөн их гүрнүүдэд хамаатай биш. Тууштай хичээллэж, үр дүнд хүрэхэд нь дэмжиж чадвал амжилт ойрхон байдгийг тэр бодитоор харуулсан тамирчдын нэг. Олон улсад өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтаж яваа ой тогтоолтын тамирчин дасгалжуулагч юм.
Б.Сэлэнгэ
"Монголын үнэн" сонин