БОХХААБХ-ны дарга М.Мандхай мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй санал солилцов
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсголын хүрээнд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай салбар бүрийн төлөөллүүдтэй уулзаж, санал солилцож байгаа билээ.
Энэ удаагийн уулзалт “Ноос ноолуур, мал аж ахуй, мах, сүүний чиглэлээр олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, бусад зээл тусламж” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.19/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болсон.
Уулзалтад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай болон Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, М.Ганхүлэг болон салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг нийт 20 гаруй хүн оролцлоо.
Байнгын хорооны дарга М.Мандхай санал солилцох уулзалт арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, есдүгээр сарын 28, 29-нд болох Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн 11 гишүүн өнгөрсөн тавдугаар сараас эхлэн тасралтгүй ажиллаж байгааг дурдаад энэ хүрээнд өчигдөр газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, шилжүүлэг, зээл, тусламжийн бодлого, хэрэгжилтийн бодит нөхцөл байдал, хүртээмж, үр нөлөө, тулгамдсан асуудлын талаар салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан гэлээ.
Мөн тэрбээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлж буй бодлогын дэмжлэг, татаас, урамшуулал нь үр дүнтэй байгаа эсэхийг үнэлж, дүгнэхэд зөвхөн төрийн байгууллагуудаас гаргасан тайлан мэдээлэл, аудитын дүгнэлтэд тулгуурлах нь өрөөсгөл тул бизнес эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын байр суурь суурийг сонсох шаардлагатай гэж үзсэнийг онцлон тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, асуудлыг цогцоор нь харахыг чухалчилж байна гэлээ.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүд, оролцогчид санал солилцож, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж сүүлийн гурван жилийн хугацаанд 35 хүртэлх насны найман мянган залуу малчин хот суурин газарт суурьшсан байгаагийн цаана хөдөө орон нутаг эзгүйрч, үйлдвэрлэгчдийн тоо энэ хэмжээгээр цөөрч байна гэсэн үг. Үүнтэй холбогдуулан өөрийн санаачлан боловсруулсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ач холбогдлыг товч танилцуулахын зэрэгцээ Монгол Улсын тусгаар тогтнол, соёл, зан заншил, уламжлалыг нуруун дээрээ үүрч яваа мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг төрийн бодлогоор дэмжиж, арьс шир, сүү, ноос, ноолуур зэрэгт урамшуулал, татаас, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгож буй нь төрийн хар хайрцагны бодлого хэрэгжиж байгаагийн илрэл гэдгийг онцлов. Цаашид энэ бодлогыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн.
Харин Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Ерөнхий хяналтын сонсголоор хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын татаас урамшуулал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаар олгож буй хөнгөлөлттэй зээлийн асуудалд дүгнэлт хийх цаг болж, энэ чиглэлийн мэдээллийг ил тод болгож, нэгдсэн ойлголттой болох нь зүйтэй гэв. Мөн хөдөө аж ахуйн салбарт гарсан үр дүн, сайн талуудыг таниулаад цаашид баримтлах, бодлого чиглэлдээ тодорхой шийдлүүдийг гаргахыг зорьж байгаа гээд эл салбарт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг бодитоор ойлгуулахад илүүтэй анхаарч, ажиллана гэж байлаа.
Уулзалтад оролцогчид Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх, хоршоодын талаар явуулж буй төрийн бодлогыг тогтвортой үргэлжлүүлэх, сүүний урамшууллыг нэмүү өртгийн хэлхээг бүтэн зургаар нь харж чиглүүлэх, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллах мэргэжилтэй ажиллах хүчнийг бодлогоор бэлтгэхэд анхаарах шаардлагатай гэлээ.
Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрийн дэмжлэг, урамшуулал, татаасыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгтэй байсны зэрэгцээ Сангийн яамнаас зарим татаас, урамшууллыг царцаах тухай асуудлыг тавьж байгаад анхаарах нь чухал хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл “Цагаан алт”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд олгогдсон хөнгөлөлттэй зээл, сүү, ноос, ноолуурын урамшуулал хамгийн үр дүнтэй байгааг жишээ татан тодотгов. Ерөнхий хяналтын сонсгол хийхдээ татвар төлөгчдийн хөрөнгийг хөдөө аж ахуйн салбарт татаас, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр зарцуулсан ч үр дүнд хүрээгүй гэх зэргээр өрөөсгөл ойлголт нийгэмд төрүүлж, үйлдвэрлэгч, хоршоод, малчдынхаа хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэж, татаас дэмжлэгийг зогсооход хүрэх вий гэдгийг болгоомжлуулж байлаа.
Харин Ерөнхий хяналтын сонсголыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт төрөөс үзүүлж буй бодлогыг нэгдсэн том зургаар харж, өнгөрсөнд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаанд гарсан алдаа зөрчлийг засах, цаашдаа энэ салбарт баримтлах бодлого, төлөвлөлтөө сайжруулан нэгтгэж, үр дүнд хүргэхэд чиглүүлэхэд илүүтэй анхаарч ажиллахыг хүсэв.
Уулзалтад оролцогчдоос дэвшүүлсэн саналуудыг Ерөнхий хяналтын сонсголын хэлэлцэх асуудалд тусгахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.