МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Н.Хангай: Байгаль эхээ дээдлэн шүтэх, ха...

Н.Хангай: Байгаль эхээ дээдлэн шүтэх, хайрлан хамгаалах үзэл санаа бол монголчуудын ухамсар, сэтгэлгээний дээд илэрхийлэл

“Богда” язгуурын монгол шүтээн брэндийн санаачлагч Н.ХАНГАЙТАЙ түүний бүтээсэн “Шүтээн урлал”-ын талаар ярилцлаа.

Үнэн
Админ

“Богда” язгуурын монгол шүтээн брэндийн санаачлагч Н.ХАНГАЙТАЙ түүний бүтээсэн “Шүтээн урлал”-ын талаар ярилцлаа.

-Та өөрийгөө болон удам судар, ажил мэргэжлээ танилцуулна уу? 


-Намайг Намжилдоржийн Хангай гэдэг. Та нэгэнт удам судар гэсэн учраас ааваасаа эхлээд танилцуулах нь зөв байх. Аав маань Завхан, Говь-Алтай нутгийн хүн. Миний аав 45 жил сум, нэгдлийн дарга хийж, 90 жилийн амьдралынхаа ухамсарт 60 жилийг Монголын хөдөө аж ахуй, монгол хүн, монгол мал,  төр, нийгмийн төлөө зориулсан, шударга, хөдөлмөрч хүн байсан. Харин би эрхзүйч мэргэжилтэй. Хуулийн салбарт ажилладаг.  Мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай хүмүүстэй өдөр тутам уулзаж сонсох, бодох, боловсруулах их ажлынхаа хажуугаар монголчуудын өнө эртний уул овоо тахих зан үйлийн хосгүй өвөрмөц соёлыг олон нийт, орчин цагийн залууст таниулах замаар монгол хүний ухамсар сэрэхүйг эрж хайж яваа эгэл жирийн залуу байна. 

МОНГОЛ ХҮНИЙ ОМОГ СҮРИЙГ БАДРААЖ, ОЮУН САНААГ ТЭТГЭХ ОНЬСЫГ ТАЙЛАВ

-Таны “Монгол хүний ухамсар, сэрэхүйг эрж хайж яваа” гэдэг үг их сонирхолтой санагдлаа. Жаахан дэлгэрүүлж болох уу? 


-Хүн гэдэг бодгал ээжээсээ мэндэлж эх дэлхийтэйгээ учран золгохоос эхлээд л үлэмж цэнгэг агаараар амьсгалж, хөрсөн дээр нь хөрвөөж, рашаан усаар нь ундаалж, амьдрахуй, аж төрөхүйн бүхий л хэрэгцээгээ насан туршдаа байгаль дэлхийгээс хүртэж, эцэст нь эх дэлхийдээ уусан шингэж, мөнхөрдөг. 
Үүнийг мэддэг монголчууд нэн эртнээс эцэг тэнгэрээ сүсэлж, эх байгалиа хамгаалж, мянга мянган жилээр орчлон ертөнц, орон дэлхийтэйгээ зохицон амьдарсаар өнөө цаг үетэй золгож байна. Харин өнөөгийн энэ цаг үед бидний өв соёл, уламжлал, итгэл бишрэл бүдгэрч, үүнийгээ дагаад ухамсар, оюун санааны босго намссан юм биш байгаа гэдэг эмзэглэл төрөх болсон юм. Мэдээж эмзэглэл төрсөн учраас шийдэл хайх нь ойлгомжтой. Ингээд гарц шийдлийнхээ эрэл хайгуулд гараад, энэ эрэл хайгуулдаа өөрөө дурлаад 5-6 жил болж байна. Бүр уг сурвалж нь өндөр настай аавын минь оюун тархинд минь захиж, зааж, өдийд л гарч ирэхээр бэлдсэн үзэл санааны өв гэж боддог. Ингээд нарийн яривал аавын тухай яриа болчих болов уу. 

 


-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ тэр эрхэм хүмүүний тухай ярих цаг, боломж гарна гэдэгт итгэж байна. Тэгэхээр таны санаачилсан “Богда” язгуурын монгол шүтээн хэмээн нэрийдсэн бүтээлийн талаар яриагаа үргэлжлүүлэх үү? 


-За тэгье. Би төрийн тахилгат 13 хайрхан уулыг монгол хүн бүр, айл өрх, албан байгууллага бүр  хоймортоо залж, нүдэндээ харж, эх байгалиа бурханчлан шүтэх боломжтой байдлаар загварчлан бүтээх санаачилгыг гаргаж, авьяаслаг уран бүтээлч, барималчдаар гүйцэтгүүлэн, оюуны өмч, бүтээгдэхүүний загвараар баталгаажуулаад байгаа юм. Шинэ зүйл хийхэд маш их цаг хугацаа, хичээл зүтгэл ордог юм байна. Санаж, санаачлах нэг хэрэг, бодит ажил болгох гэдэг бол бүр өөр түвшний асуудал. Нэгэнт эхлүүлсэн учраас ухарч няцах эрхгүй гэдэг их хүсэл эрмэлзлээр ард нь гарах дөхөж байна. 

ТӨРИЙН ТАХИЛГАТ ХАЙРХАН УУЛСЫН “НАНДИН ШҮТЭЭН” МОНГОЛ ГЭР МУЗЕЙ БАЙГУУЛНА

-Миний харсан “Огторгуйн чимэг Отгонтэнгэр шүтээн" мөн үү. Маш сайхан бүтээл болжээ гэж бодож суусан шүү. Ганц Отгонтэнгэр хайрхнаар шүтээн урлал бүтээгээд зогсчих юм уу, цаашид хийж хэрэгжүүлэх өөр төлөвлөгөө байна уу? 


-Тийм ээ, баярлалаа. Монгол төрийн шүтээн, монгол түмнийг даасан хэмээгддэг Отгонтэнгэр хайрхнаар эхэлсэн. Цаашид төрийн тахилгат 13 хайрхны цуврал бүтээгдэхүүн маань гарна. Мөн хэд хэдэн давхар ажлууд хийж байна. Тухайлбал, тахилгат хайрхдыг бүгдийг багтаасан “Залбирлын дуу”-г эрхэм нэр хүндтэй уран бүтээлчдээр хийлгэсэн. Төрийн тахилгат хайрхан уулсын “Нандин шүтээн” монгол гэр музей байгуулъя гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Яагаад музей байгуулах ёстой юм гэж та бодож магадгүй. Музей бол өвийг хадгалах газар төдийгүй үндэстний ой санамжийг хамгаалах дэд бүтэц гэж ойлгож болно. Музей хуучны эд өлгийн зүйл хадгалдаг газар биш. Нийгэм өөрийнхөө ой санамжийг хадгалж, өнөө үеэ ойлгож, ирээдүйгээ төсөөлөхөд ашигладаг оюуны сан. Музейгээс мэдлэг, мэдээллийг цэгцтэй авах, хүмүүжил, оюун санааг төлөвшүүлэх маш гайхамшигтай байгууламж учраас би музей гэж онцолж байгаа юм. Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн 490,000 орчим хүүхэд байна. Тэр хүүхдүүдэд хөгжилтэй, бүтээлч, чөлөөтэй байдлаар монгол үндэстэн байгаль дэлхийгээ хамгаалах  ямар өнө эртний бөгөөд өргөн гүн гүнзгий үзэл санаа агуулсан философитой ард түмэн байсан юм бэ. Яагаад урд байгаа Богдхан уулаа, Эзэн богд Чингис хааныхаа захиж үлдээсэн Бурхан Халдун уулаа, эртний шилийн сайн эрс, шилмэл сайн морьдын нутаг Алтан овоо хайрхнаа хүндлэн дээдэлж, хайрлан хамгаалах ёстой юм бэ. Эдгээр нутгийн, байгаль дэлхийн тогтоц, ан амьтан, хөрс шороо, ус ургамал нь ямар онцлогтой юм бэ. Хүн ард нь яаж амьдардаг, соёл, уламжлалын ялгаа нь юу юм бэ гэдгийг тайлбарлах замаар байгальд хайртай хойч үеэ бэлдэх нэлээд өргөн хүрээтэй том зорилго тавьчихаад ажиллаж байна.  


-Цаашдаа төрийн тахилгат уулсыг бүтээгээд явах юм байна. Төрийн тахилгагүй боловч нутаг нутгийн шүтээн уул, хайрхад байдаг шүү дээ, тэдгээрийг бас ажлынхаа нэг хэсэг болгох уу?


-Тэгнэ. “Талын чимэг Алтан овоо шүтээн”, “Уулсын чимэг Бурхан Халдун шүтээн”, “Улсын чимэг Богдхан шүтээн”, “Хангайн чимэг Суварга хайрхан шүтээн”, “Түүхийн чимэг Ноён уул шүтээн”, Их говийн гайхамшиг “Говийн чимэг Их тахилгат шүтээн” гээд явна. Тахилгат хайрхдад өгсөн эдгээр нэр тухайн уулын онцгой шинж бүрдэл, газар орны тогтоц, үүх түүхтэй холбогдон гаргаж ирсэн миний судалгаа, сэтгэлгээний хослол гэж ойлгож болно. Товчхондоо эх сайхан орныхоо чимэг, эрхэм шүтээн гэсэн утгатай. 
Төрийн тахилгат болоогүй хайрхдыг тухайн орон нутгийн иргэд, нутгийн захиргааны байгууллага, хамт олон нь хийлгэнэ гэвэл бидэнд арга санаа, аргачлал, боломж нь бүрэн бий.

Гэхдээ эхний удаад төрийн тахилгат хайрхдаа түмэн олон, хүүхэд залуустаа таниулах, сурталчлах, түүгээрээ дамжуулж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ухамсар сэрэхүйгээ сэргээн мандуулах том зорилго бий. Ер нь өвөлжөөнийхөө хойд овоог хүндлэн дээдэлж, аргадан баясгадаг ард түмний энэ их агуу өв соёлыг бүгдийг зурж, баримал болговол маш их цаг, хүч хөдөлмөр орно. Надад Чойрын богд, Булган уул, Зоргол хайрхан, Мандал хайрхан, Хүслийн уулыг гаргаад өгөөч гэсэн хүсэлт маш их ирдэг. Тэр бүрд агуулга, бэлгэдэл боловсруулж, зураг хөрөг гаргуулж, бодит бүтээл болгоход нэг хүний хувьд амаргүй юм шиг санагддаг. 

-Агуулга, бэлгэдэл гэдэгтэй холбогдуулж эдгээр хайрхдын шүтээн бүтээлийн агуулга, мөн чанарыг тайлбарлаж болох уу? 


-Хүмүүс надаас “Чи шүтээн бүтээж байгаа юм уу” гэж их асуух болсон. Ер нь цаагуураа “Шүтээн бүтээдэг чи хэн юм бэ” гэсэн утга яваад байх шиг санагдсан. Би оргүй зүйлийг шүтээн гэж нэрлээгүй. Харин эх сайхан орныхоо баруунаас зүүн, урдаас хойш бүхий л нутагт бие биеэ бараалж, хараалж тогтсон өнө эртнээс өвөг дээдэс маань шүтээнчлэн тахиж ирсэн, уул усны эзэн сахиус нь буусан шүтээн хайрхдыг, байгаль дээрх тогтцоор нь буулгасан. Өвөг дээдсээсээ дээдлэн шүтэж ирсэн шүтээн нь учраас тэр нэр, агуулгыг нь бүтээлдээ хайрласан. Би шүтээн болгоогүй, өнө эртнээс шүтээн байсаар ирсэн, хойч үед ч шүтээн болж уламжлагдах үйл хэргийг орчин цагийн амьдралын хэв маяг, технологи, хэрэгцээ шаардлага, суурьшмал соёлтой нь уялдуулж нэгтгэсэн л хэрэг. Гэхдээ энэ нь өнгөрсөн хэдэн зуун жилд гараагүй, шинэ, оновчтой санаа учраас бүтээгдэхүүний загвар, оюуны өмчийн гэрчилгээ олгосон юм. Би хүн бүхнийг эх орондоо хэрэгтэй шинэ санаа, шилдэг бүтээл гаргах гэж тархиа гашилгаж байгаасай гэж хүсдэг. Хүсэж, мөрөөдөж, зураглаж, төсөөлж чадвал тэр бүхэн чинь нэг л өдөр бодит санаа болон биеллээ олж, уйгагүй хичээл зүтгэлээр улс,  нийгэмдээ хэрэгтээ бүтээлч ажил болно. Бид өнөөдөр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн, эд материал, хөгжил дэвшилтэй улс орон, тэдний барьж байгуулсан өндөр барилга, технологийг шүтэх болжээ. Үгүй шүү дээ, бидэнд шүтдэг шүтээн, дээдэлдэг үнэт зүйл байгаа. Түүнийг олж, нээж чадвал Монгол түмний хийморь сүр бадарч, ухамсар оюуны санааны түгжээ тайлагдана гэж боддог. “Огторгуйн чимэг Отгонтэнгэр шүтээн” бол орчин цагийн монголчуудын биетэй, бодитой, язгуурын шүтээн болсон гэж итгэж байгаа. Гэхдээ шүтээн гэх үү, сувинер гэх үү тухайн хүний өөрийн итгэл үнэмшлийн л асуудал. Би заахгүй. Хүсвэл хоргойд боосон чулууг хоймортоо бурхан болж гэрэлттэл шүтэж чаддаг итгэл, хүндэтгэлтэй ард түмэн шүү дээ. Би бол гагцхүү нүдний өмнө, гэрийнх нь хойморт л байршуулж өгч байгаа юм. Өглөө гарахдаа, хол замд хөдлөхдөө, хэн нэгэнтээ арга эвээ олох, холын хүсэл, ойрын зорилгоо биелүүлэхдээ мөргөөд, сүсэглээд, даатгаж залбираад гарвал Отгонтэнгэр хайрхны цагаан орой, Очирваань сахиусны шидийн хүч, өсөж төрсөн нутаг, өвөг дээдсийн тань ариун голомт таныг аварч, өршөөж, түшиж, тулах нь гарцаагүй л гэж итгэдэг. Монголчууд ч тэгж итгэсээр ирсэн.

 


 
УУЛ УС, ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛАХ СЭТГЭЛТЭЙ ОЛОН НИЙТ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГ БАГА Ч БОЛОВ ГАРЧ ИРВЭЛ ХИЙХЭД ХЭЦҮҮ АЖИЛ БИШ

-Энэ жилийн Отгонтэнгэр хайрхны  тахилгад маш олон хүн оролцож, гишгэх газаргүй автомашин сүлжилдэж харагдсан. Таны эмзэглэлийг төрүүлж байв уу?


 -Тахилгат уулсын шүтээн бүтээх ажлаа Отгонтэнгэр хайрхнаар эхлүүлсэн учраас дээжээс нь нутгийн уул ус, газар шороо, хүн ардад танилцуулъя гэж зорьж очсон. Тахилгын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уул овооны төрийн тахилгын талаар гайхалтай үг хэлж, “Отгонтэнгэр хайрхны тахилгын шүтээн цогцолбор”-ын ажлыг эхлүүлэх тухай санаачилга гаргасан. Миний сүүлийн таван жил бүх зүйлээ зориулан зүтгэж яваа ажил учраас чихэнд тод, ойрхон сонсогдож, төр иргэний хүсэл, зорилго нэгэн чигт яваа юм байна гэж баярласан. Нөгөө талаар хайрхны тахилгад очих, буцах замд уул, тал, хөндийгөөр дур мэдэн давхилдах  олон зуун машиныг хараад ингэж газар орноо талхалж холыг туулж, усны эхийг гатлан явах шаардлага бий юу гэх мэт олон зүйл бодогддог юм билээ. Тэгээд айл бүрийн хойморт хайрхан уулыг шүтээн болгон тавьж буй ажил маань энэ бүхнийг шийдэх учраас олон нийтэд хүргэе гэдэг зорилгоо илүү бататгаж авсан. Би Төрийн тахилгат хайрхан уулсын Монгол гэр музейн төсөл санаачлаад явж байна. Үүнийг хийх юм шүү гэсэн хүчтэй эрмэлзэл байгаа болохоос бүтээн босгох боломж, нөөц надад хомс. Тиймээс уул ус, эх дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлтэй олон нийт, төрийн дэмжлэг бага ч болов гарч ирвэл хийхэд хэцүү ажил биш. Бүтээн байгуулвал байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах монгол туургатны үзэл санаа илүү бодитой, өргөн хүрээтэй ажил болно. Энэ бол өнөөдөр ид өрнөж буй СОР17-ийн хувьд анхаарах ёстой чухал сэдвүүдийн нэг.


-Агуулга, бэлгэдлийн хувьд ямар утга санаа илэрхийлж байгаа юм бэ?


-Агуулгын хувьд бид байгаль эх дэлхийгээ бүрэн цогцоор нь өргөө гэр, албан байгууллагынхаа хойморт залж байна гэж ойлгож болно. Явж явж монгол хүн гэдэг чинь эх байгалиа дээдлэн шүтэж, түүнийхээ ач хүчээр амьдардаг юм байна гэдгээ ойлговол сая бидний хийморь сүлд сэргэж, ухамсар,  оюун санаа минь сэрэх юм шиг надад санагдах болсон. Ийм учраас хайрхан уулсынхаа үндсэн дүр төрхийг байгалийн үндсэн өнгө, хэв төрхөөр нь буулган, хайрхан уулын хормой бэлийг өргөн, алтан шармал өнгөөр тодотгож, эх дэлхийг бэлгэдсэн дугариг ногоон өнгийн дэвсгэр дээр байрлуулж, сүсэг бишрэл, итгэл хүндэтгэлийн агуулга бүхий үелсэн, өргөн дугариг сууринд дээдлэн залж нэгэн цул биет байхаар бүтээсэн бөгөөд их биеийн дотоод хэсгийг хөндий байхаар тооцож, хөндий хэсэгт бор сахарт шингээсэн хайрхан уулын усны эх, рашаан, өвөр бэлийн хөрс шороо, арц, ургамал, есөн эрдэнэ тэргүүтнийг шигтгэн доод хэсгийг битүүлэх боломжтой байдлаар бүтээсэн. Цаашлаад бүтээлийн үелсэн, өргөн дугариг суурийн гадна талыг ариун цагаан, ашид дэвшихийн бэлгэдэл бадамлянхуа хээ, амьдралыг тэтгэгч усан долгио хээг үүлэн хээтэй хослуулан, байгалийн сүр хүч, сүлд хийморийг илэрхийлсэн салхийг зохиомжлон дүрсэлж, хүрээлж, суурийн нүүр хэсэгт дээр дурдсан “ШҮТЭЭН” гэх ёслол хүндэтгэлийн нэрийг кирил цагаан толгойн үсгээр очир дүрслэл бүхий гуулин наамалд сийлбэрлэн бичиж “МОНГОЛ ҮНДЭСТЭН”-д зориулан бүтээсэн. Ярих, тайлбарлах зүйл их байгаа ч бидэнд цаг бага байгаа байх гэж бодоод олон зүйлээ ярихгүй алгасаж байна. 

БОГД ГЭДЭГ НЬ  БУДДА ГЭСЭН УТГА БҮХИЙ АРИУН ДЭЭД ШҮТЭЭН, ӨНДӨР ДЭЭД ШҮТЛЭГТ ХАЙРХНЫГ НЭРЛЭДЭГ 

 

 

-“Богда” язгуурын монгол шүтээн гэсэн брэндийн агуулга яригдахгүй үлдээд байна уу? 


-Тийм байна. Би төрийн тахилгат 13 хайрхныг шүтээн болгон бүтээх энэхүү ажлаа үндсэндээ хийж дуусаад бүгдийг нь нэг нэрэн дор багтаах ёстой гэж бодож эхлээд маш удаан гацсан. Агуулга, зорилго, бэлгэдэл гээд бүгдийг нэгтгэсэн нэр өгөх гэж номын санд сууж, хуучин монгол үг, нэр судалж эхэлсэн. Ингээд “Богда” гэсэн нэрийг олсон. Хүн хүсэж, тэмүүлж, бодож, бясалгаад, хүсэж буй зүйлийнхээ тухай цаг үргэлж бодох аваас үр дүн гардаг юм билээ. Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт  хайрхныг нэрлэдэг. Мөн богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Ингээд хуучин монгол үгийн дуудлагаар нь "Богда" гэж нэрлээд монгол үндэстний язгуурын шүтээн болох уул хайрхдыг бүх монголчуудын өргөө хойморт залах зорилготой маань нийцсэн учраас шууд л сонгосон. Би энэ нэрний утга бэлгэдлийг олоод өөрийнхөө зорилго ажилтай нийцэж байсан учраас нийтийн номын санд баярласандаа бараг орилсон байх аа. 


-Төрийн тахилгат хайрхдын шүтээн бүтээлүүдийг яг хэнд зориулсан юм бэ? 


-Нэгдсэн Үндэстний Байгуул­лагын ЮНЕСКО-оос “Уул овоо тахих Монгол зан үйл”-ийг Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн. Монголчуудын уул ус, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах энэхүү үзэл санаа цэнхэр гаргийн хүн төрөлхтний дунд цор ганцхан юм. Төрийн тахилгат хайрхан уулсын шүтээн нь байгаль дэлхийг нэгэн агуулгад иж бүрэн цогцлоож, бэлэг дурсгал, ёслол хүндэтгэл, шүтэн барилдлагыг хослуулан бүтээсэн биет бүтээл учир бүх монголчуудад зориулагдсан, бүх талын зориулалттай бүтээл гэж хэлж болно. Түүний дотор гадаадад амьдран суугаа монголчууддаа эх орон, хөрвөөж тоглож өссөн  төрсөн нутаг, өвөг дээдсийнх нь ариун голомтыг зургаар, дижиталаар биш бодитоор, биетээр хүргэх боломжтой болгосондоо би бага ч гэсэн өөрийнхөө энэ санаа, урт хугацааны сэтгэл чилээсэн ажлаараа бахархаж байна. 


-Тэгвэл энэ бахархал дүүрэн сэтгэлээр ярилцлагаа өндөрлөх үү. Танд нэмж хэлэх үг байна уу? 


-Юуны өмнө 106 жилийн түүхтэй “Монголын үнэн” сонины хамт олонд миний хийж байгаа өчүүхэн ажлыг сонирхон сурвалжилж, монгол түмэнд түгээх боломж олгосонд туйлын их баярлалаа. Нийт монголчууд та бүхэн монгол түмний язгуурын шүтээн, үе уламжилсан итгэл үнэмшил болсон эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл санааг түгээх “Богда” язгуурын монгол шүтээн брэндийг  дэмжиж, 60689070 утсаар болон "Bogda" брэнд пэйж хуудсаар захиалга өгөхийг хүсье. Монгол түмнийг минь цаст Отгонтэнгэр, цагаан оройт Сутай хан, буян заяаны өлгий Суварга хайрхан, Буяны өлгий Богдхан хайрхан, Өндөр Хималайн өртөө Алтай Таван богд, өргөн говийн гайхамшиг Говь гурван сайхан, домог түүхт Ноён уул, дорнын талын хийморь Алтан овоо, суу билгийн өлгий Хан хөхүй, Алтанхөхүй, байгаль дэлхийн үзэсгэлэн Баянхонгорын Их богд, Бурхан саатсан Бурхан буудай хайрхан, хөх цэнхэр Далай ээж, Хорьдол сарьдагийн өндөр уулс, өндөр төрийн минь сүлд, өвөг дээдсийн буян хишиг ивээж, түшиж, хийморь нь өөдөө байж, ажил үйлс нь өргөжин дэлгэрэх болтугай гэсэн ерөөл өргөе.  


-Ярилцсанд баярлалаа.

ТРАМП ТӨМӨРӨӨ 

"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.