МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Н.Эрдэнэ: Олон улсад тодорч байгаа "Алта...

Н.Эрдэнэ: Олон улсад тодорч байгаа "Алтан охид"-оороо бахархаж байна

Дэлхийн циркийн урлагт монгол нэрээ тодоор бичүүлж өдгөө олон улсад алдраа цуурайтуулж яваа жүжигчдээс энэ дугаартаа Монгол циркийн хөгжлийн төвийнхнийг онцолж байна.

Үнэн
Админ

Дэлхийн циркийн урлагт монгол нэрээ тодоор бичүүлж өдгөө олон улсад алдраа цуурайтуулж яваа жүжигчдээс энэ дугаартаа Монгол циркийн хөгжлийн төвийнхнийг онцолж байна. Казахстан улсад зохион байгуулсан олон улсын циркийн тэмцээнд тус төвийн залуу жүжигчид амжилттай оролцож “Алтан цом” өргөсөн нь саяхан. Дараагийн тэмцээнийхээ урилгыг хүлээн авч бэлтгэлдээ шамдан буй энэ үед Монгол циркийн хөгжлийн төвийн захирал Н.ЭРДЭНЭТЭЙ ярилцсанаа хүргэе. 


-Та Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчдээ “Алтан охид” хэмээн тодотгосон нь тэднээр бахархаж буйн илрэл байх. Хэдийгээр багаасаа бэлтгэл сургуулилалт хийсэн ч үргэлж эрсдэл дагаж явдаг циркийн урлагтай охид хэдий үеэс нөхөрлөсөн бэ?


-Казахстанд болсон тэмцээнд оролцсон жүжигчин охид маань 14-17 насныхан. Монголын циркийн урлагийг олон улсад сурталчлан таниулахдаа их ачаалал авч тэмцээнд оролцсон. 2026 он гарснаас хойш оролцсон олон улсын гурван тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртээд байгаа жүжигчдээрээ бахархаж тэднийгээ “Алтан охид” гэсэн юм. Циркийн урлагийг сонгосон хүүхдүүд багаасаа дасгал сургуулилалт хийдэг. Тэр дундаа уран нугаралтаар хичээллэхээр сонирхож байгаа багачууд зургаан наснаасаа эхлэх нь түгээмэл. Зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр бэлтгэлээ тасралтгүй хийсэн нь амжилтад хүрдгийг тэд харууллаа.   


-Нугараач охид ямар үзүүлбэрүүдийг тусгайлан бэлддэг вэ?


-Уран нугаралтын үзүүлбэр циркийн бусад төрлөөс илүү жүжигчнээс тэсвэр тэвчээр, хатуужил, олон цагийн бэлтгэл шаарддаг. Мөн сургаж байгаа багш нь ямархуу түвшний уран бүтээл гаргахаас хамаарч тэдний бэлтгэлийн ачаалал харилцан адилгүй. Манай төвийн жүжигчид ачаалал ихтэй байдаг болохоор өдөрт багадаа гурван цагийг бэлтгэл сургуулилалтдаа зарцуулж байна. Уран нугараач болохоор дөнгөж хичээллэж эхэлж байгаа хүүхдүүд биеийн хүчний болон сунгалтын дасгалаас эхэлдэг. Ингэж эхлэлээ хэдий чинээ зөв тавина, төдий чинээ тухайн жүжигчнээс сайн, чанартай уран бүтээл гарах боломжтой. 


-“Багшийн эрдэм шавьд” гэдэг. Тэднийг авьяасаа хөгжүүлж, өнөөдрийн ур чадварыг эзэмшихэд үнэтэй хувь нэмэр оруулсан багш нарыг нь танилцуулж болох уу? 


-“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ байгуулагдаад 14 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд манай байгууллагын уран бүтээлчид нийтдээ давхардсан тоогоор олон улсын 45 тэмцээнд оролцжээ. Циркийн урлагийн төрөл болгон өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг. Тиймээс ямар үзүүлбэрээр олон улсын тэмцээнд оролцох нь чухал. Дээр нь монгол хүний биеийн онцлогт тохирсон үзүүлбэрүүдийг сонгож хийх нь олон улсын тавцанд амжилт гаргахад голлох үүрэг гүйцэтгэдэг юм. Миний “Алтан охид” хэмээн нэрлэж буй жүжигчид зургаан наснаасаа бэлтгэл сургуулилалт хийж энэ цаг үед хөдөлмөрлөсний үр дүн нь илэрч байна. Эдгээр охидын багшаар манай ээж Ц.Сэлэнгэ ажилладаг. Хүүхэд ахуйгаасаа өнөөдрийг хүртэл циркийн урлагт зүтгэж олон жилийг зориулж байгаа хүн бий. Циркийн урлагт багш нь хэдий чинээ мэргэжлийн байна, төдий чинээгээрээ сайн уран бүтээл гарна. Энэ нь мөн жүжигчидтэй салшгүй холбоотой. Тэд багшийн хэлсэн даалгаврыг хэрхэн биелүүлэхээс үр дүн ямар байх нь шалтгаалдаг. Мэдээж энд хүүхдийн онцлог их чухал. Тэгэхээр циркийн сайн уран бүтээл төрөх нь багш, хүүхдийн хамтын хөдөлмөрөөс ихээхэн шалтгаална.  

ЦИРК БОЛ АМЬД УРЛАГ

-Циркийн үзүүлбэрт багаараа нэг хүн шиг сэтгэж байж үзүүлбэрээ амжилттай хийнэ. Ийм хамтач чадварыг суулгахын тулд хэрхэн бэлддэг вэ?


-Циркийн урлаг магадгүй дэлхий дээрх цорын ганц амьд урлаг байх. Яагаад гэвэл, хүнд хэцүү үзүүлбэрийн ард гарахын тулд маш удаан хугацааны бэлтгэл шаарддаг. Тэр тусмаа зургуулаа нийлээд яг нэг хүн шиг сэтгэн бодож, нэг хүн шиг хөдөлж хүнд гүйцэтгэлүүдийг хийхэд урт удаан хугацаа шаардагдана. Дээр нь эдгээр охид хамгийн багадаа найман жил хамтдаа бэлтгэл хийсэн. Тэгэхээр энэ бүхэн тэднийг нэгнээ мэдэрдэг, нэг хүн шиг болгосон байх.   


-Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид он гарсаар хэчнээн тэмцээнд оролцоод байна вэ?


-Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид маань он гарснаас хойш нийтдээ олон улсын таван тэмцээнд оролцоод байна. Үүнээс гуравт нь уран нугаралтын охид маань оролцож хоёр алт, нэг хүрэл медаль авчээ. Акробат үсрэлтийн төрлөөр “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээр Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид хоёр тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медалийн эзэн болсон. Энэ бол бидний жилийн эхний хагаст гаргасан амжилт. 


-Казахстанд болсон олон улсын циркийн тэмцээний шүүгчид манай жүжигчдийг өндрөөр үнэлсэн гэсэн. Энэ талаар тодруулж болох уу?


-Казахстан улсын Алма-Ата хотод болсон олон улсын циркийн тэмцээнд нийтдээ 20 орны 190 орчим уран бүтээлч оролцсон. Улс орнуудын хамгийн шилдэг үзүүлбэрүүд багтсан энэ удаагийн тэмцээнээс Монголын жүжигчид “Алтан цом” авсныг бахархахгүй байхын аргагүй. Энэ үеэр тэмцээний шүүгчид сэтгэлд дулаахан үг хэлсэн нь санаанд тод үлджээ. Монголын цирк, тэр тусмаа уран нугаралтын төрөл өмнөх түүхэн цаг хугацаандаа ч хамгийн шилдэг нь байсан. Өнөөдөр ч шилдэг нь байна. Ирээдүйд ч Монголын циркийн урлаг дэлхийд шилдэг хэвээр байхыг онцлон хэлж байсан юм.   
Сонгосон мэргэжилдээ эзэн болж дэлхийн улс орнуудад “Монгол” хэмээн зарлуулаад явж байгаа циркийн жүжигчин олон. Насны хязгаар заахгүй,  гадаад хэлний мэдлэг шаардахгүй, үзээд бүрэн дүүрэн мэдрэмж авдаг урлаг бол циркийн урлаг. Олон улсын жүжигчидтэй хамтарсан тоглолт хийгээд явж байгаа жүжигчдээрээ үргэлж бахархаж явдаг.


-Та Монголоос анх удаа алиалагч гаднын байгууллагад урилгаар ажиллаж байна гэсэн. Танай төвийн жүжигчин үү?  


-Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургууль гэж байсан. Ийм ундаргатай Монголын циркийн жүжигчид уран нугаралт, акробат үсрэлтийн төрлөөр олон улсад эхний таван байрт эрэмбэлэгдсээр ирсэн. Энэ амжилтыг бид уламжилж одоо ч байр сууриа хадгалж байна. Монгол циркийн хөгжлийн төв маань 2013 онд байгуулагдан циркийн урлагт нэгэн үеийн түүхийг бичилцэж байгаа юм. Циркийн урлагт тоглолтын 60-аас илүү хувийг дангаараа үүрч явдаг нэг хүн байдаг нь алиалагч.

Алиалагч ганцхан Монголд ч биш, дэлхийд ховор. Ази тивийг төлөөлдөг алиалагч одоо хэр нь байдаггүй. Гэтэл олон улсын тэмцээн, циркийн  тоглолтод Америк, Европын улс орнуудын алиалагч тодрон гарч дэлхийд алдар цуутай болоод байна. Тиймээс одоогоос зургаан жилийн өмнө Монгол гэлтгүй Ази тивийг төлөөлөх шилдэг алиалагчийг бэлдэж гаргах нь миний мөрөөдөл болсон. Ийм  хүсэл тэмүүллээр эхлүүлсэн ажил маань өнөөдөр биеллээ олж байна. Тайзны нэр нь Babi Cool буюу Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчин, алиалагч Н.Баянбилэг өнгөрсөн хугацаанд олон улсын хоёр тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль авсан. Өдгөө Перу улсад болж байгаа олон улсын циркийн аялан тоглолтод Ази тивээ төлөөлөн ажиллаж байна. Алиалагч болоход жүжигчнээс маш их ур чадвар шаарддаг. Олон мянган үзэгчийн өмнө гарч ямарваа нэгэн үг хэлж, авиа гаргахгүйгээр инээлгэх амаргүй. Тоглолтын 60 хувийг ганцаараа үүрч гарна гэдэг хамгийн өндөр хариуцлага, ур чадвар шаарддаг юм.   

ДЭЛХИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ МАНЕЖИД МОНГОЛЫН ЖҮЖИГЧИД ОРОЛЦОН ТОГЛОЖ БАЙНА

-Монголын циркийн жүжигчдээс гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа уран бүтээлч цөөнгүй. Энэ цаг үед авьяас, ур чадвараа олон оронд таниулж яваа монгол циркийн жүжигчдийн талаар гаднын улс оронд хэрхэн үнэлдэг вэ?    


-Цирк бол нүүдлийн урлаг. Дэлхийд үүссэн цагаасаа үргэлж нүүдэл хийж буюу аялан тоглолтоор явж ирсэн. Энэ цаг үед циркийн урлаг суурин, нүүдлийн, арена болон  кабаре диннер шоу гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хөгжиж байна. Кабаре диннер шоу нь зочид буудлын цөөн тооны үзэгчийн хүрээнд циркийн тоглолт хүргэдэг. Эдгээр чиглэл тус бүрд Монголын уран бүтээлчид тоглож байгаа нь таны асуултын хариулт болох байх. 
Мөн дэлхийн хамгийн шилдэг манежид Монголын циркийн жүжигчид оролцон тоглож байна. Дээр нь олон улсын тэмцээнд амжилттай оролцсоноор  улс орнуудаас урилга авч, ажлын санал тавьж байгаа нь Монголын циркийн жүжигчдийн чанар чансааг нэмэлт тайлбаргүйгээр харуулж буй хэрэг юм.


-Төгсгөлд нь ирэх саруудад оролцохоор товлосон тэмцээн, зохион байгуулахаар төлөвлөсөн тоглолтын мэдээллээсээ хүргэх үү? 


-Ирэх ес, аравдугаар сард уран нугаралтын жүжигчид маань Москва хотод болох алдарт алиалагч Юрий Никулиний нэрэмжит циркийн тэмцээнд оролцоно. Мөн ОХУ-ын Саратов хотод зохион байгуулах олон улсын эмэгтэй циркийн жүжигчдийн тэмцээнд оролцохоор бэлдэж байна. Түүнчлэн Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид маань ирэх арванхоёрдугаар сард дэлхийн циркийн шилдэг жүжигчид оролцдог шинэ жилийн гала тоглолтод оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. 


-Ярилцсанд баярлалаа.     

Б.Сэлэнгэ


Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.