Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэр барих ажлыг бүрэн хяналтдаа авч, ажлыг нь эрчимжүүллээ
Монгол Улсын шатахууны импортын хараат байдлыг бууруулж, үндэсний аюулгүй байдлын нэг чухал баталгаа болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт шийдвэрлэх шатандаа орж байна.
Монгол Улсын шатахууны импортын хараат байдлыг бууруулж, үндэсний аюулгүй байдлын нэг чухал баталгаа болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт шийдвэрлэх шатандаа орж байна. Санхүүжилт, эрх зүйн зохицуулалт, зураг төсөл, зөвшөөрөл зэрэг олон асуудлаас шалтгаалан хэсэг гацсан энэ төслийг Ерөнхий сайд Н.Учрал бүрэн хяналтдаа авч, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсан эхний 100 хоногтоо 20 орчим хувийн гүйцэтгэл дээр хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг гацаанаас гаргаж, өнөөдөр бүтээн байгуулалт 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Гэхдээ үйлдвэрийг барьж дуусгах хүртэл шийдвэрлэх асуудал цөөнгүй байгааг Ерөнхий сайд газар дээр нь ажиллах үеэрээ сонслоо.Тодруулбал, тэрбээр энэ сарын 10-нд Дорноговь аймгийн Алтанширээ суманд ажиллаж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцан, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг болон төслийн багийнхны өмнө тулгарч буй асуудлыг нэг бүрчлэн сонссон юм.
Д.Алтанцэцэгийн танилцуулснаар үйлдвэрийг барих инженер, техникийн ажил урагшилж байгаа ч Монголын талд шийдвэрлэх түүхий тосны хангамж, татвар, зөвшөөрөл, зураг төслийн магадлал, хүний нөөц, эрчим хүч, санхүүжилт зэрэг асуудал төслийн хурдыг сааруулж байжээ. Тухайлбал, ашиглалтад ороогүй үйлдвэрийн барилга байгууламжид зөвхөн энэ онд 1.237 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулсан, Үйлдвэрлэл, технологийн паркийн гэрчилгээний асуудал шийдэгдээгүй, зарим зураг төслийн магадлал хоёр жил хүртэл хугацаагаар саатсан байна. Ерөнхий сайд Н.Учрал асуудлуудыг сонсоод өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэн, хариуцах эзэд болон хугацааг нь тодорхой болгов.
Үйлдвэрийн санхүүгийн дарамтыг бууруулж, Аж үйлдвэрийн парк хэлбэрээр хөгжүүлэх асуудлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Сангийн сайд болон холбогдох төрийн өмчит компанийн удирдлагад, түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэхийг салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, орон нутгийн удирдлагад үүрэг болголоо.
Мөн барилгын материалын хангамжийг шийдвэрлэх, зураг төслийн магадлалыг шуурхайлах, эрчим хүчний найдвартай хангамж бүрдүүлэх, нарийн мэргэшсэн инженер, боловсон хүчнээ бэлдэх, ажилчдын хотхон болон дэд бүтцийн санхүүжилтийг шийдвэрлэх, төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэх, дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байх зэрэг үүргийг хариуцсан албан тушаалтнуудад өгсөн юм.
Ингээд газар дээр нь тавьсан асуудлууд хоёрхон хоногийн дараа Засгийн газрын хуралдааны түвшинд орж ирэв.
Наймдугаар сарын 12-ны Засгийн газрын хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тэдгээрийн хэрэгжилтийг долоо хоног бүр хянахаар болсон байна.
Тухайлбал, үйлдвэрийн татвар, өр төлбөртэй холбоотой харилцааг шийдвэрлэх, зээлийн шугам болон хэмжээг нэмэгдүүлэх, төслийг Үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр хөгжүүлэх, үйлдвэрийн бүтээн байгуулалт болон талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах, үйлдвэрийн боловсон хүчнийг мэргэшүүлэх, сургах төлөвлөгөө боловсруулах, иргэдэд төслийн явцыг үнэн зөв, нээлттэй мэдээлэх, үйлдвэрээс төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвшөөрөл болон бусад албан бичгийн хариуг яаралтай өгөх зэрэг асуудлыг шийдвэрлэжээ.
Энэ удаагийн шийдвэрийн хамгийн чухал хэсэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авсан явдал юм.
Ерөнхий сайд Н.Учрал энэ тухай “Монгол Улс газрын тосны салбарт эрэл хайгуул, олборлолтоо эрчимжүүлнэ. Импортын хараат байдлыг бууруулах бодлогын хүрээнд Газрын тосны үйлдвэрийг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч, сар бүр тулгарсан асуудлыг би өөрөө шийдвэрлэж ажиллана. 2028 онд ашиглалтад оруулахын төлөө хамтраад ажиллацгаая” хэмээн мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, төслийн асуудлыг нэг яамнаас нөгөө яам руу, нэг байгууллагаас нөгөө рүү шилжүүлсээр хугацаа алддаг байдлыг зогсоож, Засгийн газрын тэргүүн өөрөө хяналт тавьж, саад, тэг гарахад тухай бүрд нь шийдвэрлэх тогтолцоонд шилжүүлэхээр болж байна.
Энэ нь Газрын тос боловсруулах үйлдвэрт яг одоо хамгийн их хэрэгтэй байсан шийдвэр байж мэднэ. Учир нь, Алтанширээ дэх үйлдвэрийн талбай дээр бүтээн байгуулалт зогсоогүй. Харин ч асар эрчимтэй өрнөж байна.
Одоогоор үйлдвэрийн талбайд инженер, техникийн 4500 орчим ажилтан гурван ээлжээр, 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд үндсэн тоног төхөөрөмжүүдийн угсралт эхэлжээ.
Түүхий тос, завсрын болон эцсийн бүтээгдэхүүн хадгалах нийт 276,430 шоо метр багтаамжтай агуулах савнууд баригдаж байна. Үйлдвэр нийт 263 км ил, 26 км далд шугам хоолойтой байх бөгөөд 190 км шугам хоолойн материалыг татан авч, гагнах, угсрах, суурилуулах ажил үргэлжилж буй.
Үйлдвэрийн хамгийн чухал байгууламжуудын нэг болох Энэтхэгт үйлдвэрлэсэн атмосферийн нэрлэгийн цамхгийг 2026 оны тавдугаар сард, вакуум нэрлэгийн цамхгуудыг долдугаар сард Монголд тээвэрлэн авчирч, үйлдвэрийн талбайд угсарч байна.
Эдгээр байгууламжийг Монголд авчрах нь өөрөө инженер, логистикийн томоохон ажиллагаа байжээ. Хэдэн зуун тонн жинтэй тоног төхөөрөмжүүдийг Энэтхэгийн боомтоос далайгаар Тяньжин хүргэж, тэндээс Хятадын нутгаар дамжуулан Монголд оруулж ирсэн. Тухайлбал, хоёр том цамхгийн нэг нь 246 тонн, нөгөө нь 233 тонн жинтэй бөгөөд тэдгээрийг өргөхийн тулд 1250 тоннын даацтай краныг тусгайлан авчирсан байна.
Үйлдвэрийн гуравдугаар багцад өөрийн цахилгаан станц багтаж байгаа юм. Тус станц нь зөвхөн цахилгаан, дулаанаар хангах бус үйлдвэрийн технологийн процесст шаардлагатай уурыг үйлдвэрлэнэ. Турбин генераторуудыг Германы Siemens-д, бусад томоохон тоног төхөөрөмжийг Европ болон Энэтхэгийн үйлдвэрлэгчдэд захиалан хийлгэж байна.
Үүнтэй зэрэгцэн үйлдвэрийг түүхий тосоор тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах магистраль хоолойн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй болжээ.
Энэ бол Монгол Улсын газрын тосыг хол зайд тээвэрлэх анхны магистраль шугам хоолой. Дорнод аймгийн Матад сумын газрын тосны 19 дүгээр талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэр хүртэл түүхий тос дамжуулах бөгөөд үндсэн хоолойн угсралт, туршилтын ажлууд төгсгөлийн шатандаа орсон байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа.
Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мянган тонн дизель түлш, 396 мянган тонн АИ-95 бензин, 80 мянган тонн онгоцны түлш, 17 мянган тонн зуухны түлш, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Ингэснээр Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой болно.
Энэ бол зүгээр нэг үйлдвэр барих тухай асуудал биш.
Монгол Улс шатахууныхаа дийлэнхийг импортоор авдаг өнөөгийн нөхцөлд Газрын тос боловсруулах үйлдвэр нь эдийн засаг төдийгүй үндэсний аюулгүй байдлын стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Олон улсын зах зээл, хил гааль, тээвэр логистик, геополитикийн аливаа савлагаа Монголын шатахууны нийлүүлэлтэд шууд нөлөөлдөг эмзэг байдлыг бууруулах бодит боломж нь энэ үйлдвэр.
Харамсалтай нь ийм хэмжээний стратегийн бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд зөвхөн том санхүүжилт, нарийн технологийн асуудлаас бус Монголын төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, зөвшөөрөл, татвар, зураг төслийн магадлал зэрэг дотооддоо шийдвэрлэж болох асуудлаас болж хүртэл хугацаа алджээ.
Тиймээс Н.Учралын Засгийн газрын авч буй арга хэмжээний гол ач холбогдол нь зөвхөн нэг удаагийн үүрэг чиглэл өгсөнд бус, төслийн хариуцлагыг Ерөнхий сайдын түвшинд төвлөрүүлсэнд байна.
Н.Учрал өөрөө ч “Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая” гэсэн зорилтыг тавьсан.
Одоо Алтанширээ дэх бүтээн байгуулалтын талбайд ажил 24 цагийн турш үргэлжилж байна. Хэдэн зуун тонн жинтэй тоног төхөөрөмжүүд босож, олон зуун километр шугам хоолой холбогдож, цахилгаан станц, агуулах, технологийн байгууламжууд ээлж дараалан баригдаж байна.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн инженер, техникийн бүтээн байгуулалт хөдөлчихсөн. Харин одоо төрийн байгууллагуудын шийдвэрийн хурд үйлдвэрийн талбай дээрх 4500 хүний ажлын хурдаас хоцрох ёсгүй.
Тиймээс Ерөнхий сайд Н.Учрал Газрын тос боловсруулах үйлдвэрийг өөр бүрэн хяналтдаа авч, тулгарсан асуудлыг сар бүр өөрөө шийдвэрлэж, Засгийн газар 14 асуудлын хэрэгжилтийг долоо хоног бүр хянахаар болсон нь энэ мега төслийг 2028 онд ашиглалтад оруулахын төлөө хийж буй шийдвэртэй алхам болж байна.
Олон жил монголчуудын хувьд “Хэзээ ашиглалтад орох вэ” гэсэн асуулт дагуулсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд одоо ярих бус, барьж дуусгах үе иржээ.
Алдсан хоёр жилийг нөхөхийн тулд үйлдвэрт ажиллаж буй хүмүүс 24 цаг, гурван ээлжээр ажиллаж байна. Харин тэдний ажлыг гацаахгүй байх үүргийг энэ удаад Ерөнхий сайд Н.Учрал өөр дээрээ авлаа.
М.ГАЛ
“Монголын үнэн” сонины 24705 дахь дугаар