МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм С.Ганболд: "Амгалан" амаржих газар Монго...

С.Ганболд: "Амгалан" амаржих газар Монгол Улсын хүн ам зүйн бодлогод томоохон хувь нэмэр оруулсан

Эх хүүхдийн энхийн манаанд зогсож нэгэн жарнаар тоологдох түүхийг бүтээж яваа хамт олны баяраас хуваалцаж, амжилтыг нь сонсохоор “Дугаарын зочин”-оо урилаа.

Үнэн
Админ

Эх хүүхдийн энхийн манаанд зогсож нэгэн жарнаар тоологдох түүхийг бүтээж яваа хамт олны баяраас хуваалцаж, амжилтыг нь сонсохоор “Дугаарын зочин”-оо урилаа. Хүүхдийн дуу цангинаж, хүний хөл үл тасрах амаржих газрын хүлээлгийн танхимд зочноо хүлээх зуур тухалсан нь цагаа олж, энэ хамт олны ажил, амжилтыг гэрэл зургийн дуранд буулгасныг үзэж сонирхов. Энэ зуур ярилцлагын зочин болох Нийслэлийн “Амгалан” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, профессор С.ГАНБОЛДЫН хуваарьт үзлэг ч дуусжээ. 


-Ярилцах саналыг маань хүлээн авч цаг гаргасан танд баярлалаа. Таныг хүлээх зуур эмнэлгийн уур амьсгал, шинэ хүнээ хүлээж буй эмэгтэйчүүдээс гадна танай хамт олны онцлох гэрэл зургуудыг харж зогсохдоо хамгийн түрүүнд танаас яагаад эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэнийг асууя гэж бодлоо? 


-Асуултад хариулахын тулд эхлээд багахан түүх ярих нь ээ. Би Анагаахын дээдийн Цэргийн эмчилгээний ангийг 1988 онд төгссөн. Сургуулиа төгсөөд цэргийн ангид ажиллаж байгаад Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хуваарилагдсан юм. 1991 онд эмнэлгийн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахаар Улаанбаатарт ирэхэд миний сонирхож байсан мэс заслын анги байгаагүй. Түүний оронд өөр сонголт байсан  нь эх барих эмэгтэйчүүдийн анги байв. Ингэж тухайн үед хувь тавилангаар юм уу эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байна.   

-Таныг эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэнийхээ дараа Өвөрхангай аймаг руугаа буцаж ажлаа тэндээс эхлүүлсэн гэж сонссон. Мэргэшээд удаагүй залуу эмчид мэдэхгүй, чадахгүй зүйл бишгүй л тулгарсан байх? 


-Би чинь социализмын үеийн төгсөгч шүү дээ. Тухайн үеийн бидэнд Монголын анагаах ухааны нэр цуутай эрдэмтэн, багш нар хичээл заадаг байсан. Багш нар бүх хичээлээ орос хэлээр, стандарт нормын дагуу заадаг байв. Энэ нь ч хожим надад тус болсон, сургуулиа төгсөөд орон нутагт ажиллахад хэдэн ном маань л дэм болсон доо. Тэр үед одоогийнх шиг харилцаа холбоо хөгжөөгүй байсан учраас ямар ч шийдвэр гаргасан өөртөө итгэлтэй байх нь хамгийн зөв сонголт байсан юм. Дээр нь би сургуулиа төгсөхдөө нэлээд чамбай сурлагатай хүүхэд төгссөн. Түүнийхээ хүчинд өсөж төрсөн газартаа арваад жил мэргэжлээрээ ажилласан. 


-Анхны хүүхдээ Хайрхандулаан сумандаа эх барьж авч байсан уу?


-Тийм ээ. 1992 онд сумандаа анхны хүүхдээ эх барьж авахад охин байсан. Дараа нь тэр охиноо ээж болоход нь мөн хүүхдийг нь эх барьж авсан юм. Тасралтгүй үргэлжлэх хүний амьдралын дахин давтагдашгүй агшны нэг хэсэг болдог мэргэжлийг сонгосондоо би баярлаж явдаг.  

ХҮНИЙ ГАРЫН МЭДРЭМЖ, ОЮУНЫ ЧАДАМЖ ШУУД НӨЛӨӨЛДӨГ МЭРГЭЖИЛ БОЛ ЭХ БАРИХЫН ЭМЧ ЮМ

-Аймагтаа мэргэжлээрээ ажилласан он жилүүд танд эх барих эмчийн хувьд өөртөө итгэх итгэлийг өгсөн байх. Харин та хэдэн онд Улаанбаатар явах шийдвэрээ гаргаж байв?


-Нийслэлийн Гуравдугаар амаржих газар татан буугдсаны дараа дахин шинэчлэн байгуулагдахад нь би Улаанбаатарт ирж ажиллах болсон юм. Эхний жилүүддээ эх барихын эмчээр, 2005 оноос үндсэн ажлаасаа гадна Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Эх барихын салбарын ажил хүнд хүчир, энд ажиллаж байгаа эмч ажилтнууд богино хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай тулгардаг. Хүний гарын мэдрэмж, оюуны чадамж шууд нөлөөлдөг мэргэжил юм. Гуравдугаар амаржих газар нэрээр ажиллаж байх үед манай эмч ажилтнуудад хүнд хэцүү үеүд байсан. Зориулалтын бус байртай, цөөн тооны эмч ажилчинтай. Эх барихын наймхан эмчтэй байлаа шүү дээ. Гэтэл тухайн үед 5-6 мянган хүн төрдөг, мөн ч хэцүү байсан даа. 2015 онд өнөөдрийн эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа шинэ байрандаа орж ирснээр ажиллах орчин нөхцөл сайжирч, орон тоо ч нэмэгдсэн. Бас хэвтэн эмчлүүлэгчдийн орны тоо ч нэмэгдсэн юм. Одоо бол боловсон хүчнүүдийн ур чадвар дээшилж, хөгжсөн сайхан цаг үед бид ажиллаж байна. 


-“Амгалан” амаржих газрыг шинэчлэн байгуулсан 2000 он гэхээр бүгд нэг гараанаас эхэлсэн үе болж таарч байна. Тал талаас ирсэн эмч ажилтнууд хамт олон болоход цаг хугацаа шаардсан байх?


-Ер нь аливаа баг, хамт олон бүрдэхэд тодорхой цаг хугацаа шаардлагатай байдаг. Манай эмнэлэг 2000 оны наймдугаар сарын 14-нд байгуулагдаж байсан нь санаанд тодхон байна. Тухайн үед эмнэлгийн даргаар ажиллаж байсан Т.Доржпүрэв гуай аймаг бүрийн шилдэг мэргэжилтнийг  эмнэлэгтээ авчирсан. Тухайлбал, Ховд аймгаас Ш.Пүрэвдорж, Өвөрхангай аймгаас Ц.Төмөрбаатар, Дорнодоос С.Баясгалан, Төв аймгаас Ү.Сагараажав, Өмнөговь аймгаас Д.Мөнхчулуун зэрэг 50 гаруй насны архаг туршлагатай хүмүүсээр багаа бүрдүүлж байв. Би тэдний дунд насаар залуу нь. Хөдөө орон нутагт олон жил ажилласан тэдгээр хүмүүсийн арвин туршлагаас суралцах аз завшаан надад тохиосон. Арван жилийн хугацаанд тэр баг, хамт олноороо гар нийлэн ажиллахдаа би мэргэжлийн тал дээр мөн ч их зүйл сурсан. Бас хүний хэлсэн үгийг даах хэмжээний болсон юм. 


-Үндэсний боловсон хүчнүүддээ суурилж үйл ажиллагаагаа жигдрүүлсэн. Өмнө нь дурдсан хөдөөнөөс хотод шилжин ирсэн эмч нар багадаа 20 жил мэргэжлээрээ ажиллачихсан  хүмүүс. Тал талын мэдлэгтэй. Кесар мэс засал хийчихээд дараа нь олгой авчихдаг хэмжээний туршлагатай гэсэн үг. Ганц эмч аймаг, сумыг дангаараа хариуцан ажиллахдаа үзэж харахгүй зүйл ховор учраас тэд дадлагажаад арвин туршлагатай болсон байдаг. Дээр нь тухайн үед одоогийнх шиг юм хөгжөөгүй байсан үе. Эмчид зөвхөн гар, толгой хоёр л байлаа шүү дээ. Тэр үед одоогийнхоор бол хамгийн бүдүүлэг ЭХО  аппараттай. Ургийн бичлэг хийдэггүй. Модон чагнууртай, гарын мэдрэмж, толгой дахь  мэдлэг, ур чадвараараа хүнд үеийг туулсан. 

МАНАЙ ЭМНЭЛЭГ 2012 ОНООС ХОЙШ ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙГ БЭЛДЭХЭД АНХААРЧ ЭХЭЛСЭН

-Өнөөдрийн боловсон хүчнийг бүрдүүлэхэд хэдий цаг хугацаа зарцуулсан бэ. Олон жил ажилласан та бүхэн ч цаг үеэ дагаад мэдлэгээ баяжуулан туршлага судлахад анхаарал хандуулдаг байх?


-Эмч хүн байнга суралцаж явдаг. Тэр тусмаа эх барихын эмч бол тасралтгүй суралцах шаардлагатай. Нэг сар амраад ирэхэд л гар төсөөрчихсөн байдаг болохоор байнгын ажиллагаа шаарддаг, гарын мэдрэмжээ сулруулж болдоггүй онцлогтой. Эмнэлэгт төрөхөөр ирж байгаа эмэгтэй хүн бүрийн биеийн байдал харилцан адилгүй. Энэ хүн төрнө гэдгийг гаднаас нь хараад мэдэхийн аргагүй байдаг. Тийм үед гарынхаа мэдрэмжээр тухайн хүний онцлогт тохируулсан эмчилгээ үйлчилгээ хийдэг. Эх барихын эмч бид энэ арга барилыг олж авахын тулд насан туршдаа суралцдаг. Би ч гэсэн залуу үеийнхэнтэйгээ одоо ч гэсэн суралцсаар байна. Олон жил ажиллаж, судалсан ч сурах зүйлд хязгаар байдаггүй. 


Манай эмнэлэг 2012 оноос хойш залуу боловсон хүчнүүдийг бэлдэхэд анхаарч эхэлсэн. 2015 онд байгууллагын маань хүн хүчний тоо нэмэгдсэнээр сүүлийн 10 жилд нэлээд чамбай бэлдсэн баг, хамт олныг бүрдүүлээд байна. Амаржих газар хүүхдийн дуу цангинаж, эерэг энерги бүрдүүлсэн байдаг. Эх барихын эмч ажилтнууд бид олон цагийн ажлын дараа ядарсан байсан ч хүүхдийн дуу,  эхчүүдийн “Баярлалаа” гэж хэлэхийг сонсоод энергиэр цэнэглэгдэх шиг л болдог юм.  


-Хүн хүч нэмэгдэхийн хэрээр эмчилгээ үйлчилгээндээ анхаарал хандуулсан байх. Шинэ тасгуудаасаа танилцуулж болох уу?


-2015 оноос хойш тусламж үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулсаар ирсэн. Эмэгтэйчүүд судлалын болон Нярайн эмгэг судлалын тасгийг нээлээ. Мөн Дутуу төрөх судлалын тасагтай болж хэвтэн эмчлүүлэгчдийг хүлээн авч байна. Үүний зэрэгцээ амбулаторийн тусламж үйлчилгээнд анхаарал хандуулж, өсвөр үеийнхэнд зориулсан кабинеттай боллоо. Бэлгийн замын болон Дотоод шүүрлийн кабинет байгуулж тусламж үйлчилгээгээ өргөжүүлээд байна. 
Хүмүүс амаржих газар гэхээр зөвхөн жирэмсэн хүмүүс л ханддаг гэж ойлгодог. Гэтэл тэднээс гадна охид эмэгтэйчүүд, хөвгүүд эрчүүд маань ч гэсэн манай эмнэлэгт хандан тусламж үйлчилгээ авах боломжтой. Эрт илрүүлэгтээ хамрагдаж Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлж болно. Эндээс рентгенд харуулах, ходоод, бүдүүн гэдсээ дурандуулах, зүрхний бичлэг хийлгэх гэх мэт олон үйлчилгээг авах боломжтой. Эхний үед хүмүүс амаржих газар өөр бусад хүнд үйлчилнэ гэхээр төсөөлөхгүй байсан.  Харин одоо гэр бүлээрээ хамтдаа манай эмнэлгийг зорин ирж  тусламж үйлчилгээ авдаг болоод байна. 

ӨНГӨРСӨН 60 ЖИЛИЙН ХУГАЦААНД МАНАЙ “АМГАЛАН” АМАРЖИХ ГАЗАРТ 264360 ХҮҮХЭД ТӨРСӨН

-Цаг минуттай уралдан ажилладаг та бүхний хувьд 60 жил гэдэг их хугацаа. Эдгээр он жилүүдэд гаргасан амжилтаасаа уншигчдад маань хуваалцахгүй юу?


-Бид хамтдаа нэгэн жарнаар ярих түүхийг бүтээсэн байна. Энэ жарны хугацаанд хүч хөдөлмөрөө зориулсан ахмад үеийнхэндээ “Баярлалаа” гэж хэлэх нь зүйтэй. Мөн 60 жилийг бүтээлцэж, ид ажиллаж байгаа хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлье. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд манай “Амгалан” амаржих газарт 264360 хүүхэд төрсөн гэсэн статистик тоо гарсан. Энэ нь дундаж хүн амтай гурван аймгийн хүнийг, сумаар авч үзвэл 20-оод сумын хүнийг эсэн мэнд амаржуулсан дүн гарч байгаа юм. Тэгэхээр манай амаржих газар Монгол Улсын хөгжил дэвшил, хүн амзүйн бодлогод томоохон хувь нэмэр, тодорхой байр сууриа эзэлсэн байгууллага юм. 


-Амаржих газрын эмч ажилтнуудыг сэтгэлзүйчид гээд хэлчихэд буруудахгүй байх. Ааш авир, биеийн байдал зэрэг бүх зүйл нь ондоо харилцан адилгүй хүмүүстэй ойлголцож үг, үйлдлээр ятгах амар хялбар ажил биш?


-Эх барихын салбар их эмзэг. Яагаад гэвэл бусад салбарынхан нэг хүнтэйгээ л тулж ажилладаг. Харин эх барихын салбар нэг бус нэлээд хэдэн хүнтэй уулздагаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, тээгээд явж байгаа үртэй нь, ар гэрийнхэнтэй нь, аав ээжтэй нь хүртэл харилцдаг учир өргөн хүрээг хамардаг гэсэн үг. Үүнд их ур ухаан шаарддаг. Учир нь, жирэмсэн болохоор хүмүүсийн сэтгэлзүй өөрчлөгдөнө. Дааврын нөлөөгөөр энэ өөрчлөлт бий болдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Мөн төрөлт хоорондын зай ойрхон, анхны юм уу хожуу үеийн төрөлт байх зэргээс шалтгаалах тохиолдол бий. Хүний л амьдрал учраас өмнө нь янз бүрийн зүйл тохиолдсон бол түүнээс жигшсэн, айж сандарсан хүмүүст тухайн цаг үед нь тааруулж, хүний онцлогт тохируулан харилцахаас өөр арга байхгүй. Манай залуу эмч төрөхөөр ирсэн аль ч насны эмэгтэйг “Миний охин” гэж хэлдэг. Тэгэхээр зарим ахимаг настай хүмүүс нь гайхаад байдаг. Зарим уур уцаартай үйлчлүүлэгч эгдүүцэх тал ч бий. Бидний хувьд “Миний охин” гэж дуудаж байгаа нь төрөхөөр ирсэн эмэгтэйчүүдээ хүндэлж буйн илэрхийлэл, мэргэжлийн онцлог юм. 


-Ямар ч нөхцөлд хүүхэд уйлахад хүмүүс төдийлөн дуртай биш. Харин та бүхэн хүүхэд уйлахад эрүүл энх байна хэмээн баярлаж хүлээн авдаг нь мэргэжлийн онцлог юм даа?


-Ер нь эрүүл хүүхдээс цангинасан сайхан дуу гарч байх ёстой. Уг нь та жижүүрлэж байгаа эмчтэй хамт байж үзвэл хүүхдүүд үүрийн таван жингээр нэгэн зэрэг уйлцгаадаг. Гадаад орчинд гарсан хариу урвал нь тэгж илэрч байгаа хэрэг л дээ. Хэдийгээр амаржих газар ч гэсэн хүүхдийн уйлах чимээ өдөржингөө сонсогдохгүй. Гэтэл үүрээр, дөрвөн цаг өнгөөрөөгөөд хоороороо уйлж гарна шүү дээ. Үүнээс л эх барихын эмч нар энерги авдаг. Хөлсөө арчаад ядраад сууж байсан ч хүүхдийн цангинасан дууг сонсоод ядарснаа тэрхэн зуур мартах шиг болдог. Ер нь эрүүл хүүхэд эхийн хэвлийгээсээ гараад заавал уйлах ёстой. Халуун бүлээн усан дотор байсан юм чинь гадаад орчныг мэдрэхээр хариу үйлдэл үзүүлнэ. Анхны амьсгалаа авч, хүйгээ таслуулна, өөрийнх нь цусны эргэлт бий болж байгаа учраас орчиндоо дасан зохицоход гаргаж буй үйлдлүүд юм даа. 


-Жаран жилийн хугацаанд “Амгалан” амаржихад ихэрлэсэн тохиолдол хэр олон бол. Ялангуяа гурав, дөрвөн ихэр хүүхдийг эх барьж авч байсан удаа бий юү?


-Гурав, дөрвөн ихэр тохиолдоогүй. Сүүлийн үед аймгуудад гурван ихэр хүүхэд төрөөд байна. Ер нь хоёроос дээш ихрийг Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/292 дугаар тушаалын дагуу Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрүүлэх журамтай. Хоёроос дээш ихэр хүүхэд дандаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд төрөөд байгаагийн учир нь энэ юм. 


-Өмнөх жилүүдэд, ялангуяа гахай жил төрөлтийн тоо нэмэгдсэн. Харин сүүлийн жилүүдэд төрөлт буураад байгаа шалтгааныг та юу гэж тайлбарлах бол?


-Сүүлийн таван жилд төрөлтийн тоо огцом буурсан. Гэхдээ энэ нь зөвхөн Монгол Улсад гарч байгаа өөрчлөлт биш. Төрөх насны эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх нас оройтох нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Азийн улс орнуудаас БНХАУ, БНСУ, Япон улсын төрөлтийн коэффциент нэлээд буурсан. Монгол Улс 2025 онд хүн амзүйн судалгаа явуулсан. Энэ судалгаагаар төрөлтийн цэвэр коэффциент 2.2 гэж гарсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр үзүүлэлт үүнээс багасвал аюултай бүс рүү орж байна гэсэн үг. Ер нь алтан гахай жилээс 2016 оныг хүртэл төрөлт жигд сайн байсан. Энэ үед хамгийн дээд тал нь 82 мянган хүн төрсөн байдаг. Түүнээс Улаанбаатар хотод 40 гаруй мянган хүн төрж байв. Тэр үед одоогийн Яармагийн эмнэлэг байгаагүй. “Хүрээ” амаржих газар үйлчлүүлэгч хүлээн авах цөөн ортой. Манайх ч гэсэн цөөн ортой ч бүх төрөхүүдэд үзүүлэлтийн тоо буураагүй. 


Төрөлт багасаад байгаа нь дэлхийн улс орнуудтай адилхан шалтгаантай. Түүнчлэн 1990-2000 оны үед хүн төрүүлэхэд маш хүнд үе байлаа. Учир нь, энэ үед эдийн засгийн хямралтай, картын бараанд орсон. Тухайн үеийн төрөх насныхан цөөн хүүхэдтэй байдаг нь цаанаа ийм шалтгаантай. Тэгэхээр сэтгэл санааны хувьд, тэжээж хүн шиг хүн болгож өсгөхөд хоёр хүүхдээс илүүг өсгөх боломжгүй үе байсан. Тухайн үеийн буюу 1990 оны хүүхдүүд өдийд ид төрж байх ёстой. 2000 оныхон 26 настай ид төрж байх ёстой. Гэтэл тэр үеийн төрөлт бага байсантай холбоотойгоор өнөөдөр үзүүлэлт буурсан. Дараагийн асуудал бол монгол эмэгтэйчүүдийн анхны төрөлт, гэрлэх дундаж наслалт хойшилсон. 2025 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн анхны төрөлт 30  насанд нь түгээмэл байна. Дээхнэ үед 16 настайдаа хүүхэд төрүүлсэн эмэгтэй ч байсан. Бас 5-8 хүүхэд төрүүлэх жирийн үзэгдэл байсан. Одоо найм төрж байгаа эмэгтэй тун цөөн. Энэ жилийн хувьд манай эмнэлэг найм дахь хүүхдээ төрүүлэх нэг л эмэгтэйг хүлээн авсан. Тэгэхээр гэрлэлтийн дундаж наслалт хойшилсонтой холбоотойгоор, эмэгтэйчүүдийн боловсрол, ажил мэргэжилдээ зарцуулах хугацаа уртассан байна. Дээр нь эдийн засгийн хувьд хүүхэд өсгөх хэмжээний болж байж төрдөг болсон учраас төрөлт буурсан үзүүлэлт гарч байна.
 
МАНАЙ ЭМНЭЛЭГ 2025 ОНООС ХОЙШ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ЧИГЛЭСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

-Нөгөө талаараа өнөөдрийн нөхцөлд, ийм нийгэмд эрүүл хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн хувьд амаргүй зүйл болсон. Агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал зэргээс шалтгаалах эрсдэл олон байна шүү дээ? 


-Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрнө. Үүний тулд эмэгтэйчүүд өсвөр наснаасаа эрүүл мэнддээ анхаарч, эрүүлжих ёстой. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шүд, зүрхний эрүүл байдалд анхаарч эрт илрүүлэгт хамруулж байна. Энэ бол ирээдүй хойчоо бэлдэж байгаа зөв алхам, маш сайн ажил.  Гэхдээ энэ нь зөвхөн охидод хамаатай асуудал биш. Өсвөр насны хөвгүүдэд ч хамаатай асуудал болохыг ойлгох хэрэгтэй. Хүйсээс үл хамааран өсвөр насныхан эрүүл байх нь хөгжлийн тулгуур болно. Тэднийг эрүүл аж төрөхөд хүрээлэн буй орчны нөлөөллүүд байгаа нь үнэн. Хүнсний аюулгүй байдал, хөрсний аюулгүй байдал, агаарын бохирдол, дээрээс нь сэтгэл санааны хувьд маш их стресстэй байх нь  сүүлийн үед асуудал дагуулж байна. Юм хомсдож, үнэ нэмэгдсэн ч цалин хэвээрээ байгаа нь хүмүүсийг стрессдүүлж байна. Гэртээ хүүхдээ харж байгаа ээж нөхрийнх нь цалин нэмэгдэхгүй болохоор стресстдэг. Энэ бүх нөлөөллөөс болж тодорхой хэмжээгээр эх, нярайн салбарт өөрчлөлт өгдөг нь ойлгомжтой. Жишээлбэл, бидний ярьдгаар амьгүй төрөлт буюу өсөлтгүй жирэмслэлтийн тоо тууштай буурахгүй байна. Үүнд өмнө дурдсан хүчин зүйл нөлөөлнө. Дээрээс нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал мөн сайжрахгүй байна. Төрөх насны эмэгтэйчүүдийн дунд даралт ихсэх, чихрийн шижин илэрч байна. Үүн дээр нэмээд сүүлийн үед эмэгтэйчүүд жингийн илүүдэлтэй байх нь түгээмэл болсон. Таргалалт бүх өвчлөлийн эх суурь болдог учраас жирэмслэлтэд нөлөөлөх шалтгаануудын нэг болдог. Тийм учраас эх, нярайд эрсдэл үүсэх, эндэх асуудал болоход эдгээр нөхцөлдүүлэгч хүчин зүйл шууд хамааралтай байна. 


Бид үүнд анхаарал хандуулж 2025 оноос өсвөр үеийнхэндээ чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн. Тэдний эрүүл мэндэд анхаарал хандуулж мэдээлэл өгөх, эрүүл мэндийн мэдлэг олгох нь бидний нэг үүрэг нь. Заавал хөрөнгө мөнгө шаардагдахгүйгээр эрүүл мэндийн мэдлэг өгөх боломжтой гэж үзсэн. Энэ нь зөвхөн бидний итгэл сэтгэлээс шалтгаалах юм байна гэдгийг ойлгож ойр орчмынхоо сургуулиудтай хамтран ажилласан. Нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулаад байна. 
Манай амаржих газар ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн засан хүмүүжүүлэх газрын эмэгтэйчүүдийг жил болгон үзлэг шинжилгээнд хамруулдаг. Тэндэхийн эх, нярайтай холбогдох бүх үйл ажиллагааг манайх хариуцаж ажилладаг. Тэндээс жил бүр 10 гаруй хүн төрж байна. Мөн тусламж хүсэхэд цаг алдалгүй үзүүлсээр ирсэн. Хэдийгээр эрхээ хасуулсан ч тэнд эмэгтэйчүүд байгаа учраас илүү их анхаарч, тэдний эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар ирсэн. 


-Эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг олширч, охид эмэгтэйчүүд үр хөндүүлэх тохиолдол нэмэгдсэн талаар дараагийн асуулт үргэлжилж байна. Охидын өсвөр насандаа хийсэн алдаа ирээдүйд ээж болох боломжийг үгүй хийж байгааг та ч гэсэн мэргэжлийн хүний хувьд анхаарч, тодорхой дүгнэлтэд хүрсэн байх?


-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 20-35 насанд дөрвөөс таван удаа төрөхийг зөвлөдөг. Энэ хооронд жирэмслэлтээс хамгаалах арга олон байгаа. Дээр нь Улаанбаатар хотод төрөхийн таван эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмнэлэг төрөлжсөн учраас үр хөндөлтийг даатгал, өөрсдийн хүсэлт, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр үнэ төлбөргүй хийх бүрэн боломжтой. Гэтэл үүнийг мэддэг ч сошиалын янз бүрийн группээс авсан мэдээллээр буруу үйлдэл хийж охид эмэгтэйчүүд маань эрүүл мэндээрээ хохирч байна. Баталгаажаагүй мэдээлэл авч эм тариа хэрэглэх тохиолдол буурахгүй байна. Үүний хүндрэл нь эцэс сүүлд нь улсын байгууллагуудад ирдэг. Аюултай үр хөндөлтөөс сэргийлэх ажлыг бид цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулдаг ч эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байсаар байна.   Жилд үр хөндөлт, түүний дараах хор уршгаас болж нэгээс хоёр эх харамсалтайгаар эндэж байна. Үр хөндөлтийг хэн, ямар нөхцөлд, яаж хийснээс хамааран үргүйдэлд хүргэх болсон нь тулгамдсан асуудал болдог. Хүн бүр үр хүүхэдтэй болохыг хүсдэг. Харин энэ нь боломжгүй болсон тохиолдолд орчин цагт бололцоонууд нээгдсэн. Жишээлбэл, үр шилжүүлэн суулгах олон төвтэй болсон. Үргүйдлийг эмэгтэйчүүд ганцхан өөрөөсөө биш, гэр бүлээрээ шалтгааныг хайх ёстой. Тиймээс хоёулаа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Үнэхээр хоёулаа болох боломжгүй бол үр шилжүүлэн суулгуулж болно. Янз бүрийн шалтгаанаар эмэгтэй хүн хүүхэд тээх боломжтой бол тээгч эхийн тусламжийг авч болно. Энэ бол Донорын хуулиар зохицуулагдсан асуудал. Өөр нэг анхаарах зүйл бол өсвөр насныхан жирэмслэх болсон. Өсвөр нас бол аав ээждээ эрхэлж, эрдэм номдоо шамдах нас болохоос жирэмслэх цаг хугацаа биш. Биологийн насанд хүрээд жирэмслэх учраас эрүүл байх ёстой гэдгийг л хэлж анхааруулмаар байна. 

40 ГАРУЙ НАСНЫ ЗАЛУУЧУУД ЦАГААН ӨРСӨЛДӨӨД УР ЧАДВАРАА ЖИГДХЭН ХӨГЖҮҮЛЭЭД ЯВЖ БАЙНА

-Таны шавь, залуу эмч нараас бүрдсэн баг ажиллаж байгаа болохоор та одоо шалтгаантай бүлэгт анхаарал хандуулан ажиллаж байна уу?


-Манай “Амгалан” амаржих газар 70 гаруй эмчтэй. Тэднээс 30 гаруй нь эх барихын эмч байна. Тийм болохоор одоо би  хүндэрсэн, ноцтой, эрхтэн системийн хувьд өргөссөн хагалгаанд ихэвчлэн орж байна. Бусад тохиолдолд манайхан “толгой өвдөхгүй” болсон. 40 гаруй насны залуучууд цагаан өрсөлдөөд ур чадвараа жигдхэн хөгжүүлээд явж байна. Эх барихын болон эмэгтэйчүүд, нярайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд манайхан ямар нэг байдлаар туршлагагүйтэх, гаднаас хүн хүч дуудах зүйл үгүй болсон. 


-Эрүүл мэндийн салбарт бараг хагас зууныг зориулж байгаа таны үр хүүхдээс мэргэжлийг тань өвлөж байгаа юу?


-Эмчийн хүүхэд эмч байдаг. Багшийн хүүхэд багш байдаг. Энэ бол өвлөгдөх нь зүй ёсны юм. Би хоёр хүүхэдтэй. Бага хүү маань дадлагажигч эмч. Аавынхаа мэргэжлийг өвлөж байгаа хүүдээ баярладаг юм. 


-Төгсгөлийн асуултыг танд үлдээе.


-Нийслэлийн “Амгалан” амаржих газрын жаран жилийн түүхийг бүтээлцсэн, хамтдаа бүтээж байгаа үе үеийн эмч, сувилагч, тухайн үеийн удирдлага, одоо ажиллаж байгаа хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэндийг хүргэе. Бүгдэд нь ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.     


Б.СЭЛЭНГЭ


"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.