МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариал...

БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа

Үнэн
Админ



Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай өнөөдөр /2026.08.18/ газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, шилжүүлэг, зээл, тусламжийн бодлого, хэрэгжилтийн бодит нөхцөл байдал, хүртээмж, үр нөлөө, тулгамдсан асуудлын талаар салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.


Тус Байнгын хорооноос 2026 оны есдүгээр сарын 28-29-ний өдөр зохион байгуулах “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдвийн хүрээнд болох ерөнхий хяналтын сонсголын хэлэлцэх асуудалд уг уулзалтад оролцогчдын саналыг тусгах аж.


Уулзалтад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай болон Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Л.Мөнхбаясгалан  болон  Жимс, жимсгэний үндэсний холбоо, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Сав баглаа боодлын нэгдсэн холбоо, Талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо, Мөөгний холбоо, Аграномчдын холбоог төлөөлж нийт 28 хүн оролцлоо.


Байнгын хорооны дарга М.Мандхай уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ эл салбарт олгож буй төрийн дэмжлэг, татаас, урамшууллыг зогсоох бус, илүү зөв, хүртээмжтэй, үр дүнтэй болгох нь чухал гэдгийг дурдаад хамгийн гол нь энэхүү урамшуулал, дэмжлэг эзэндээ хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Ялангуяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эл мэдээллийг бүрэн гүйцэт өгөхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа тул бодит нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцаж, санал солилцохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.


Мөн тэрбээр цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшууллын бодлогыг шударга, оновчтой, хүртээмжтэй болгохын тулд төсөвлөсөн болон бодитоор олгосон урамшууллын хэмжээ, үүнд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн тоо, үр дүнгийн талаар бодит, нэгдсэн мэдээлэлтэй болох нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.



Уулзалтын  үеэр Улсын Их Хурлын гишүүд, оролцогчид санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гурилын үйлдвэрт олгосон дэмжлэгийн үр ашиг, зориулалтыг шалгах шаардлагатай гээд зарим дэмжлэгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй байгаа тул газар дээр нь шалгах нь чухал. Мөн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны тариалалт, сүү сүүн бүтээгдэхүүн гэсэн зайлшгүй төрийн дэмжлэг шаардлагатай салбаруудад анхаарал хандуулах  нь зүйтэй гэсэн саналтай байлаа.


Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан “Ерөнхий хяналтын сонсгол хэн нэгнийг буруутгах зорилгогүй бөгөөд сэдвийн хүрээнд өнгөрсөнд хэрэгжүүлсэн төрийн бодлого, үйл ажиллагааны үр дүнтэй танилцаад цаашид хэрхэн, яаж хүртээмжтэй болгох вэ гэдэгт л чиглэдэг. Өөрөөр хэлбэл, монгол төрийн бодлого хоорондоо уялдаатай байх ёстой гэж байлаа.


Түүнчлэн уулзалтад оролцогчид газар тариалангийн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг бөгөөд зээлийн өндөр хүү, үндсэн төлбөрийн дарамт нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулж байгааг дурдахын зэрэгцээ ногоон болон хөнгөлөлттэй зээлийг урт хугацаатай болгож, тодорхой хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Мөн жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй, мөөг зэрэг харьцангуй жижиг боловч хөгжих боломжтой салбарууд төрийн урамшуулал, дэмжлэгийн гадна үлдэж буйг тодотгоод агро ойн аж ахуйг эрх зүйн зохицуулалтад тусгах саналтай байлаа.


Сүүний урамшуулал нь фермерүүдэд бодитой дэмжлэг болсон тул үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг уулзалтад оролцогчид дурдаад ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрт  шингэн сүү нийлүүлэх зэрэг бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн төрийн дэмжлэгийн хяналт, шалгаруулалтад мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх, төр бүх чиг үүргийг дангаараа хэрэгжүүлэхээс илүү салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоог ашиглах нь зүйтэй гэж байлаа.


Уулзалтад оролцогчид эл салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, татаас, урамшууллыг бууруулах бус, бодит үйлдвэрлэгчдэдээ хүргэх, хэрэгжилтийг бодит тоо, баримтаар дүгнэн шалгах нь зүйтэй гэхийн зэрэгцээ энэ талаарх Ерөнхий хяналтын сонсголд салбарынхныг бүрэн оролцуулахын тулд ургац хураах цагтай давхцуулалгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.


Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд болж буй уг цуврал уулзалт маргааш “Жижиг дунд үйлдвэрлэл, ноос ноолуур, мал аж ахуй, мах, сүүний чиглэлээр олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, бусад зээл тусламж” сэдвийн хүрээнд болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.